| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/06134/И |
| Дугаар | 102/ШШ2024/00909 |
| Огноо | 2024-02-22 |
| Маргааны төрөл | Ноогдол ашигын хувиргалтын маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2024/00909
2024 оны 02 сарын 22 өдөр Дугаар 102/ШШ2024/00909 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ******** хаягт оршин суух, Ч овогт Т Ц,
Хариуцагч: Баянгол дүүргийн ******* хаягт байрлах “ТС” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: 30,000,000 /гучин сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, гэрч С.О, Ц.Г нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Намуун тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
1.1. Т.Ц миний бие 2020 онд өөрийн найз Б.Стой хамтран бизнес эрхлэх саналыг хүлээн авч “ТС” ХХК-ийг байгуулахаар тохиролцож 2020 оны 7 дугаар сарын 10-нд компанийн дүрмийг байгуулж албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Б.Стой тохиролцож, түүний багын найз гэх С.Оийг нэмж, 33, 33, 34 хувиар гурван хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчтайгаар бүртгүүлж, үйл ажиллагаагаа бичиг баримтжуулсан. Бид бизнесээ эхлүүлэхдээ тус бүр тэнцүү хөрөнгө оруулалт хийж, барааны таталт бүрээс ашгийг нийт 3 тэнцүү хувааж авахаар тохиролцож, үүний дагуу ч үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажилласаар ирсэн. Бизнес сайжирч, эргэлт хурдсаж, ашиг ч үүний адилаар нэмэгдсээр ирсэн. Б.С барааны таталт бүрээс орох ёстой ашгийн 1/3 хувийг надад шилжүүлэхдээ хэл ам хийж, маргаан үүсгэж доромжилж эхэлсэн. Би найзууд учир ойлголцох байх гээд тэвчиж байсан. Сүүлд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уулзалдаж, сүүлийн таталт 20 хоногт дуусаж баяртайгаар ашгаа авцгаах тухай ярилцсан. Тухайн таталтын ашиг 30,000,000 төгрөгийг шилжүүлэх тухай ярилцсан ч өнөөдрийг хүртэл сүүлийн таталтаас олсон ашгийг надад шилжүүлэхгүй байгаагаас би маш их хэмжээний зээлийн хүү төлөх, алдагдал хүлээж байна. Энэ тохиолдол анхных биш бөгөөд хоёр дахь удаагаа давтагдаж байна. Ашиг хуваарилах бүрт доромж үг хэрэглэн намайг доромжилсоор би сэтгэл санааны хүнд байдалд орсон. Иймд Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, “ТС” ХХК-ийн дүрэм, үүсгэн байгуулагч нарын хийсэн аман хэлцлийн дагуу барааны татаас бүрээс оногдох ашгийн тэнцүү хуваасан хувь болох сүүлийн 10 дугаар сарын 17-нд хуваарилсан 30,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
1.2. Компанийн дүрэм дээр Б.С, Т.Ц, С.О нар компанийн үйл ажиллагааг хамтран хийхээр амаар тохирсон хэлцлээр олсон бусад зарлагаа хуваагаад түүнээс олсон ашгаа сар болгон хувь тэнцүүлэн хувааж авах тухай тохирсны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Компанийн тухай хуульд зааснаар биш хэлцэл буюу Иргэний хуульд заасан хэлцлийн дагуу нэхэмжлэл гаргаж байгаа. Шаардлага тавьсны улмаас 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ашгаа авч чадахгүй байгаа. Нээлттэй болгож, хуралдаанаа хийгээд дундын данстай болоод ашиглая гэхээр гүйцэтгэх захирал Б.С гэж хүн эрх хэмжээнийхээ хүрээнд өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн хүрээнд энэ ашгийг өгөхгүй байгаа. Өнөөдөр нэхэмжилж байгаа үнийн дүнтэй холбоотой асуудал бол компанийн хууль дүрмийн дагуу явагдаагүй. Найз нөхдийн холбоотой энэ хүмүүс харилцан тохиролцсон. ТС ХХК-ийн дансаар энэ гүйлгээнүүд ордоггүй. Дандаа хувь хүний дансаар буюу С.О, Б.С нарын дансаар орж гардаг учир харилцан тохиролцоод орсон орлого болгоноосоо ашгаа хуваарилна гэж аман хэлцэл хийсэн байдаг. Энэ аман хэлцлийнхээ дагуу сар болгон ашиг хуваарилж байсан. Ашиг хуваарилж байсан талаар С.О гэрчилсэн. Эхний гэрч би энэ компанид зүгээр туслаач гэхээр тусалдаг гэсэн. Юунд тусалж байгаагаа мэдэхгүй хэр нь 2021 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ ашгийг хуваарилсан гүйлгээнүүдийг удаа дараа хийсэн байдаг. Мөн дараагийн гэрч Ц.Г менежер өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Б.С-гын хамаарал бүхий энэ хүн С.О гэж хүнийг ТС ХХК-ийн нярваар ажилладаг гэж хэлж байгаа. С.О гэж хүн хэт нэг талын барьсан худал мэдүүлэг өгч байгаагаас өнөөдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бодитой байна гэж харж байна. Хэргийн материал дээр байгаа 10 дугаар сарын 24-ний өдрийн нэхэмжлэл дээр өнөөдрийн гэрчээр асуугдсан С.О гэж хүн ашиг хуваарилсан байдаг. Энэ хүн нэг удаа ажилд нь туслаад явж байсан бол ингээд сар болгоны ашиг гээд дээрээс нь хуваарилалт хийгээд явахгүй. Дансны хуулганы циклийг харвал 10-20 хоногт олсон орлогоо ашиг гээд хуваасан байдаг. Харилцан тохиролцож байсан нь гүйцэтгэх захирал Баярсайханы Солонгын хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд байгаа гүйлгээний утгаар давхар нотлогдож байна гэж үзэж байна...гэж тайлбарлав.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Т.Цын тавьсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно.
2.2. Компанийн тухай хуульд ногдол ашиг хуваарилах журмыг “хувьцаа эзэмшигчид компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг хуваарилах тухай шийдвэрийг гаргана” гэж тогтоосон байдаг. Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд ногдол ашиг хуваарилах тухай асуудал яригдана. Үүнээс үзвэл компанийн тухай хуульд нийцүүлж үйл ажиллагаа явуулж байгаа компани ногдол ашиг хуваарилах гэж байгаа бол компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаж, “ТС” ХХК-д төлөөлөн удирдах зөвлөл байхгүй тул хурлын тогтоол гарах бөгөөд тогтоол дээр ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрс, хэдэн төгрөгийн ногдол ашиг авах зэргийг тусгана. Ногдол ашгийг мөнгөөр болоод бараа бүтээгдэхүүн, өөр орлуулж болох зүйлээр хуваарилж болно гэж хуульд мөн заасан. Хариуцагч “ТС” ХХК-ийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээгүй. Нэхэмжлэгч татан авалт гэж яриад байгаа боловч ямар циклээр яаж явагддаг, бизнес төлөвлөгөө юу болох нь нотлох баримтаар нотлогддоггүй. Мөн нэхэмжилж буй 30,000,000 төгрөгийг яаж гаргаж ирээд байгаа талаар нэхэмжлэгч нотолж чадахгүй байгаа. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 дахь хэсэгт зааснаар цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна. Тэгэхээр цэвэр ашиг нь хэдэн төгрөг болсон, тэрнээс 33 хувийн хувьцаа эзэмшигч Т.Ц 30,000,000 төгрөг авна гэдэг нь яаж тогтоогдсон болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байна. Хэрэв хувьцааны ногдол ашиг хуваарилагдахыг шаардаж байвал Компанийн тухай хуульд нийцүүлэн хурлаа хийгээд, хурлын тогтоол дээр заагдсан мөнгөн дүнгээ нэхэмжлэх боломжтой байх. Өнөөдрийн хувьд энэ 30,000,000 төгрөгийн тооцоолол, эх үүсвэрийн хувьд тодорхойгүй байна. Гэрчүүдийн мэдүүлгээс харахад нэг нь нярав, нөгөө нь санхүүд нь тусалдаг бөгөөд тушаал шийдвэр байдаггүй. Аман хэлбэрээр хийсэн хэлцлийн хувьд Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байдалд нөлөөлөөгүй хүчин төгөлдөр хэлцэл байснаар биднээс мөн хуулийн 186 дугаар зүйлд заасан гэрээний үүргийг шаардана. Талуудын хооронд аман хэлцэл байсан гэж байгаа боловч энэ талаар баримт хэрэгт байхгүй...гэв.
3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтуудыг гаргасан. Үүнд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Т.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, Т.Цын “Төрийн банк” ХК дахь харилцах дансны хуулга /хх-5-59/, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн төлбөрийн Нэхэмжлэх /хх-70/ зэрэг болно.
4. Хариуцагч талаас дараах нотлох баримтуудыг гаргасан. Үүнд: “ТС” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-80/, компанийн дүрмийн хуулбар /хх-93-95/ зэрэг болно.
5. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 03384 дүгээр захирамжаар гэрч оролцуулахаар шийдвэрлэж /хх-86/, шүүх хуралдаанд С.О, Ц.Г нарыг гэрчээр асуусан.
6. Гэрчүүдийн мэдүүлэг:
6.1. Гэрч С.О: “2021 оноос ТС ХХК-ийн захирлын гуйлтаар ажилд нь тусалж байгаа. Албан ёсоор тайлан балансыг нь гаргадаггүй. Компаниас урамшуулал болгож мөнгө авдаг. Т.Цын данс руу би хувийн данснаасаа мөнгө шилжүүлж байсан. Би ашиг хуваарилж байгаагүй. Манай захирлууд “энэ данс руу мөнгө шилжүүлээрэй, гүйлгээ хийхдээ ашиг гэж хийвэл банкны дансны хуулганд хэрэгтэй” гээд мөнгөө ашиг гэж хийлгэдэг. Энийг ашиг гэж хуваарилж байсан үгүйг би мэдэхгүй байна. Тооцоо гэдэг зөндөө групп чат байгаа. ТС ХХК-тай холбоотой групп чат байсан үгүйг би мэдэхгүй байна. Би тийм групп чатад байгаагүй. Миний данс руу хувь хүмүүсээс мөнгө орж ирэхэд тийшээ шилжүүлээрэй гэж утсаар хэлдэг. Б.С адилхан миний дансаар тэгэж хийлгэдэг. Манай хэд миний дансанд мөнгө оруулж өгөөд энэ данс руу хэдэн төгрөг шилжүүл гээд эсвэл өөрсдийнх нь данс руу хэдэн төгрөг шилжүүлээрэй гэж хэлдэг. Гэхдээ дараа нь зээл авахад хэрэгтэй байдаг учраас гүйлгээний утгаа ашиг гэж хийгээрэй гэдэг. Сард нилээн олон гүйлгээ хийж байгаа. Хийсэн гүйлгээ болгоныг ашиг гэж хийгээрэй гэдэг. Намайг гурвуулаа санхүү тооцооны ажилд туслалцаач гэсэн. Энэ компанитай байгуулсан ямар нэгэн гэрээ контракт байхгүй. Би угаалтуурыг хүлээж авах, зарж борлуулах үүрэг хүлээдэггүй. Миний данс руу мөнгө хийгээд, тэр мөнгийг хэлсэн данс руу гаргадаг. Би дансаа ашиглуулдаг. Хэдэн төгрөг орж ирсэн байна хэдэн төгрөг шилжүүллээ гээд шилжүүлгийг нь хийж өгдөг. Б.С, Т.Ц, С.О нар өөрсдөө утсаар ярьж надад хэлдэг. Эсвэл чатаар дансаа явуулдаг. Г.Б гэдэг хүн ажилладаггүй” гэж мэдүүлэв.
6.2. Гэрч Ц.Г “Би ТС ХХК анх байгуулагдсан үеэс 2020 оноос хойш менежер хийж байсан. Сүүлийн 3 жил ажиллаж байгаа. Нялх хүүхэдтэй. Хүүхдээ харангаа захиалга авдаг. Би зөвхөн захиалга авч дамжуулдаг. Б.С, Т.Ц, С.О гурвыг танина. С.О ТС ХХК-д нярав хийдэг. Би энэ компаниас урамшуулал авдаг. Урамшууллыг өөрөө захиалгын тоогоор тоолдог. Урамшууллыг ямар дансаар шилжүүлдгийг мэдэхгүй, янз янз байдаг. Би орж ирсэн захиалгыг аваад дамжуулж өгдөг. Т.Цтай компаниар дамжиж танилцсан. Т.Ц, Б.С хоёр найзууд. Тэр шугамаар танилцсан” гэж мэдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Т.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндсэлэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Т.Ц нь хариуцагч “ТС” ХХК-иас Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, мөн компанийн дүрэм болон үүсгэн байгуулагч нарын байгуулсан аман хэлцлийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуваарилагдах барааны татаасаас оногдох ашгийн тэнцүү хуваасан хувь 30,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ: “ТС ХХК-ийн гурван хувьцаа эзэмшигч Т.Ц, Б.С, С.О нарын хоорондоо харилцан тохиролцож байгуулсан аман хэлцлээр тус компанийн худалдан борлуулсан угаалтуурын ашгийг эзэмших хувьцааны хэмжээгээр хувьцаа эзэмшигчид сар бүр ашиг авахаар тохиролцсоны дагуу тогтмол ашиг авдаг байсан. Хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаанаас болж 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгогдох байсан 30,000,000 төгрөгийн ашгийг олгоогүй, аман хэлцэл Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд нийцсэн тул уг мөнгийг гаргуулахаар ТС ХХК-иас шаардана” гэж тодорхойлсон.
4. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “ТС ХХК нь Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар хувьцаа эзэмшигчид ногдох ашгийг шийдвэрлээгүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээгүй, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, 30,000,000 төгрөгийн тооцоолол тодорхой бус, хувьцааны ногдол ашиг шаардаж байгаа эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж тайлбарлан маргаж байна.
5. Хэрэгт цугларсан баримтууд, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.1. Т.Ц нь Б.С, С.О нарын хамт “ТС” ХХК-ийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 3 гишүүнтэйгээр, худалдааны зуучлал, барааны дэлгүүр, аялал жуулчлал, менежментийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааны чиглэлтэй үүсгэн байгуулж, мөн өдрөөс Б.С гүйцэтгэх захирлаар томилсон байна.
5.2. “ТС” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 4,000 төгрөг, нэг бүр нь 40 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг энгийн хувьцаатай. Хувьцаа эзэмшигч Б.С 34, С.О 33, Т.Ц 33 хувийг тус тус эзэмшихээр компанийн дүрмийн 5-д тусгажээ.
5.3. Нэхэмжлэгч Т.Цын “Төрийн банк” ХК дахь MN430034991180719999 дугаар дансанд 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхтөмөр О гэх MN620005005020846930 тоот данснаас 18 удаагийн гүйлгээгээр нийт 81,744,180 төгрөгийг “Ц ашиг, Ц угаалтуур ашиг” зэрэг гүйлгээний утгаар шилжүүлсэн байна.
5.4. “ТС” ХХК-иас “Тайшир” ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1 ширхэг ус халаагчтай угаалтуурын 260,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх үйлдсэн байх бөгөөд уг баримтад нэхэмжлэгч байгууллагын тэмдэг дарагдаагүй, дарга Б.С, нягтлан бодогч С.О гэж бичигдсэн байна.
6. Т.Ц “ТС” ХХК-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд “ТС” ХХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах талаар аливаа шийдвэр гаргаагүй, тус компанид төлөөлөн удирдах зөвлөл байхгүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хийдэггүй талаар зохигчид тайлбарлаж, энэ асуудлаар маргаагүй. Харин “ТС” ХХК-иас Т.Цд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн бараа таталтаас 30,000,000 төгрөгийн ашиг олгох үүрэг хүлээсэн эсэх, нэхэмжлэгчийн шаардаж буй 30,000,000 төгрөгийн тооцооллын талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан.
7. Нэхэмжлэлд дурдсанаар Т.Ц нь 30,000,000 төгрөгийг Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар ногдол ашгийг гаргуулах, мөн “ТС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд аман хэлбэрээр байгуулагдсан хэлцлээр тохиролцсоны дагуу ногдол ашгийг гаргуулна гэж тодорхойлсон байна.
8. Харин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар “ТС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Т.Ц, Б.С, С.О нарын анх компанийг үүсгэн байгуулахдаа аман хэлбэрээр хийсэн хэлцлийн дагуу барааны татаас бүрээс оногдох хувь болох 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуваарилсан 30,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардана гэж тайлбарласан.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд “ТС” ХХК-ийг Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэр гараагүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хийгдээгүй, ногдол ашгийг хэрхэн хуваарилах талаар дүрэмд тусгаагүй ба нэхэмжлэгч нь Компанийн тухай хуульд заасны дагуу ногдол ашиг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, нэхэмжилж буй 30,000,000 төгрөгийн тооцоолол тодорхойгүй, нэхэмжлэлээ нотлоогүй гэж тайлбарлан нэхэмжлэлийг үгүйсгэн маргаж байна.
10. Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ” гэж заасан.
11. Т.Цын бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбар зэргийг дүгнэвэл нэхэмжлэгч нь хариуцагч “ТС” ХХК-иас 30,000,000 төгрөг гаргуулахаар шаардахдаа тус компанийн хувьцаа эзэмшигч Б.С, С.О нартай аман хэлбэрээр байгуулсан хэлцлийн дагуу буюу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу шаардаж байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.
12. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэх ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.
13. Гэвч Т.Ц нь Б.С, С.О нартай байгуулсан гэх аман хэлцэлтэй холбоотой үүргийг хэлцлийн бусад оролцогчдоос бус, харин “ТС” ХХК-иас шаардаж байгаа нь үндэслэлгүй, тухайн хэлцэлтэй холбоотой үүргийг “ТС” ХХК хариуцахгүй ба уг хэлцлийн оролцогч тал биш байна.
14. Мөн аман хэлцлээр “ТС” ХХК-ийн бараа борлуулсны орлогоос буюу ашгийг тэнцүү хуваахаар тохиролцсон, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тухайн сарын ашиг 30,000,000 төгрөгийг Т.Цд олгогдох ёстой гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс фейсбүүк чатад үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 02039 дүгээр захирамжаар хүсэлт тодорхой бус гэх үндэслэлээр хангахаас татгалзсан, уг хүсэлтээ дахин тодруулж гаргаагүй байх тул нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэв.
15. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар амаар хийх хэлцлийн хувьд хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон, хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх саналд хариу өгөөгүй бөгөөд хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн зэрэг тохиолдолд амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ. Иймд Т.Цын Б.С, С.О нартай байгуулсан аман хэлцэлтэй холбоотой үүргийг “ТС” ХХК-иас шаардсан нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
16. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ТС” ХХК-иас 30,000,000 төгрөг гаргуулах тухай Т.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА