| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/05962/И |
| Дугаар | 102/ШШ2024/00952 |
| Огноо | 2024-02-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2024/00952
2024 оны 02 сарын 23 өдөр Дугаар 102/ШШ2024/00952 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн **** хаягт оршин суух, Т овогт М Н,
Хариуцагч: Баянгол дүүргийн ******* байрлах, ********* зөвлөл,
Нэхэмжлэлийн шаардлага: **** зөвлөлийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А /ШТЭД: 0667/, хариуцагчийн төлөөлөгч Н.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Д /ШТЭД: 0345/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс М.Наас олгогдсон итгэмжлэлийн дагуу түүнийг төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбар.
1.1. Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд: М.Н нь ********* эд 1996 онд дагалдан нэвтрүүлэгчээр ажиллан ажлын гараагаа эхэлснээс хойш тус байгууллагад нийт 19 жил тасралтгүй ажилласан. Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. 2015 онд Ерөнхий захирлын ажлаа хүлээлгэн өгч, 2020 оны 12 дугаар сард ********* ********* ********* ********* зөвлөлийн гишүүнээр томилогдон, 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Үндэсний зөвлөлийн хурлын нийт гишүүдийн олонхийн саналаар ********* -ийн Үндэсний зөвлөлийн даргаар 3 жилийн хугацаатай сонгогдсон ба ажиллах хугацаандаа хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж, ямар нэгэн зөрчил гаргалгүйгээр ажиллаж байсан. Гэтэл Үндэсний зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тогтоолоор “үүрэгт ажилдаа хариуцлага алдаж, удаа дараа ёс зүйн алдаа гаргасан гэх үндэслэлээр Үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаас нэхэмжлэгчийг чөлөөлсөн. Үндэсний олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 23.5-д зааснаар Зөвлөлийн дарга нь зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Үндэсний зөвлөлийн хуралдааныг хуралдуулж, тодорхой асуудал хэлэлцэн шийдвэрлэж, түүнд хяналт тавих зэргээр өөрийн үүрэгт ажлыг гүйцэтгэсээр байхад үүрэгт ажилдаа хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэл бүхий биш байна. Мөн тогтоолын үндэслэлд “удаа дараа ёс зүйн алдаа гаргасан” гэжээ. Ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй, энэ талаар албан ёсны ямар нэгэн дүгнэлт, шийдвэр байхгүй байхад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, ам дамжсан цуу яриагаар дүгнэж ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, явцуу шийдвэр болжээ. Дээрхээс үзэхэд ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь тогтоогдохгүй, ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдээгүй байхад даргын албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэхээр байна.
********* -ийн дүрмийн 4.3.4.1-д Хяналтын зөвлөлийн эгүүлэн татах зөвлөмж гарсны дараа уг зөвлөмжийг үндэслэн эгүүлэн татах эсэх асуудал шийдвэрлэгдэхээр заажээ. Энэ талаар мөн Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан эгүүлэн татах үндэслэл бий болсон бол Хяналтын зөвлөл зөвлөмж гарган, уг гишүүнийг сонгосон байгууллагад мэдэгдэнэ” гэж заасан байна. Гэтэл Үндэсний зөвлөлийн даргыг эгүүлэн татах тухай Хяналтын зөвлөлийн зөвлөмж гараагүй байхад ажлаас чөлөөлөх 30 дугаар тогтоолыг эцэслэн гаргасан нь хуульд заасан журмыг зөрчсөн байна. Мөн маргаан бүхий тогтоолын үндэслэлд ********* -ийн дүрмийн 4.2.6, 4.2.6.2 дахь заалтуудыг үндэслэл болгосон байх ба дүрмийн 4.2.6.2-т “Олон нийтийн радио телевизийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлийн хувьд нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн, олон нийтийн радио телевизийн үндсэн зорилт, стратеги төлөвлөгөө, тухайн жилийн төсвийг хурлаар хэлэлцэж, улсын төсөвт тусгуулан, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Гэтэл хариуцагч нь хуульд заасан журмыг зөрчиж, хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр Үндэсний зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” 30 дугаар тогтоол нь үндэслэл бүхий биш байх тул М.Ныг урьд эрхэлж байсан Үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж өгнө үү...гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаа хэрхэн хийж байсан талаар 1 дүгээр хавтаст хэргийн 49-78 дугаар хуудаст авагдсан нотлох баримтуудаас харагдана. Удаа дараа ёс зүйн алдаа гаргасан гэдгийг хэн тогтоогоод байгаа нь ойлгомжгүй байна. Ёс зүйн алдаа гаргасан талаар албан ёсны дүгнэлт шийдвэр байдаггүй. Ам дамжсан цуу яриагаар л ёс зүйн алдаа гаргасан гэж дүгнэсэн байдаг. Хариуцагч тал нэхэмжлэгчийг хүчингийн гэмт хэрэг үйлдэж ёс зүйн алдаа гаргасан гэдэг. Олон нийтийн өмнө сайн муугаар юу гэж ч яригдаж болно. Хэрэгт шалгагдаж байгаа гэх яриа гарч мэдээлэл цацагдахад үүнийг үндэслээд үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа шийдвэр хууль зөрчсөн гэж үзэж байна. Холбогдсон гэх эрүүгийн хэрэг нь шалгагдаад Баянзүрх дүүргийн прокурорын тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлүүд хэрхэн яаж шалгагдсан гэдэг нь тодорхойгүй. Иймд хууль зүйн үндэслэлгүй, бодит нөхцөлд тохироогүй шийдвэр гарсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тавьж байгаа. Даргын ажилд эгүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан...гэв.
1.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Маргаан бүхий 30 дугаар тогтоолоор үндэслэл болгосон зүйлийн эхнийх нь ёс зүйн алдаа гаргасан гэдэг. Цахим хуудсаар бичигдсэнийг ёс зүйн алдаа гаргасан гэж үзэхгүй. Ёс зүйн алдаа гаргаснаар хариуцлага хүлээлгэх нь хариуцлага ногдуулж байгаа нэг хэлбэр болдог. Юуг ёс зүй гэдгийг тодорхойлсон бэ, ямар шалгуураар ёс зүйн зөрчил гаргасан бэ гэдгийг тогтоох зайлшгүй хэрэгцээ шаардлага бий. Нотлох баримтуудаас ёс зүйн зөрчилд тооцсон ямар нэгэн шийдвэр байхгүй. Зөвлөлийн гишүүд бүгд цаанаа олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн цахим хуудастай. Хэн нэгнийх нь вэбсайт дээр өмгөөлөгч намайг тавилаа гэхэд би ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж болохгүй. Эрүүгийн хэрэгт холбогдсон учраас ********* -ийн нэр хүндэд халдаад байна гэж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй гээд эрх бүхий байгууллагын шийдвэр гарчихаад байхад энэ тогтоолыг эсрэгээр нь ашиглаж ёс зүйн хариуцлага хүлээлгэж болохгүй. Тухайн мэдээллүүд нь прокурорын тогтоол гарснаас хойш цацагдсан байна. Удаа дараа үүрэгт ажлаа гүйцэтгээгүй гэдэг боловч нэхэмжлэгч Үндэсний зөвлөлийн даргаар сонгогдсоноос хойш 2021 онд 25 шийдвэр гаргасан байгааг 3-4 хурал хийсэн гэж тайлбарлаж байна. Нийт 18 удаагийн хурлын 16-г нь М.Н өөрөө удирдаж шийдвэрлээд байна. 2021 оны 4-7 дугаар сард хурал зарлаагүй гэдэг. Энэ хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас олон нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм зарласан гэдгийг бүгд мэдэж байгаа. М.Н өөрөө болон хүүхэд нь тус тус ковидын халдвар авсан байдаг. Тогтоолд заасан үндэслэлүүд бүрэн тогтоогдохгүй байна. Дүрмийн 4.2.6-д хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэдэг ба Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “удирдан зохион байгуулах, хяналт тавих” үүрэгтэй талаар заасан. Нэхэмжлэгч энэ чиг үүргийг бүрэн хэрэгжүүлсэн. Хуралдуулаагүйгээс хохирол учирсан гэх байдал тогтоогдохгүй байна. Зөвлөлийн бүрэн эрхийн асуудлыг зайлшгүй ярих ёстой. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар зөвлөлийн даргыг чөлөөлөх бүрэн эрх хуулиар олгогдоогүй. ********* -ийн дүрмийн 4.1.5-д зөвлөлийн бүрэн эрхийг тодорхойлсон ба 4.1.5.15-д зөвлөлийн даргыг чөлөөлөх талаар оруулсан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Д.Батсүх шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгч Н.М өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбар.
2.1. Хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбарт: Олон нийтийн радио, телевизийн тухай Монгол улсын хууль, ********* -ийн дүрэмд зааснаар Үндэсний зөвлөл нь Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага бөгөөд тус зөвлөлийн гишүүнийг Улсын их хурлаас томилж, чөлөөлдөг. Үндэсний зөвлөл нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ба үйл ажиллагаагаа хуралдааны хэлбэрээр явуулж, асуудлыг хамтын зарчмын үндсэн дээр шийдвэрлэдэг. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, ********* -ийн дүрмийн 4.2.1-т тус тус зааснаар Үндэсний зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар сонгон ажиллуулдаг. Үндэсний зөвлөлийн дарга нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг, ********* -ийн дүрмийн 4.2.5-д зааснаар Үндэсний зөвлөлийн ажлыг удирдан зохион байгуулж, түүний шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд дарга нь Үндэсний зөвлөлийн гишүүдээс илүү эрх дарх эдэлдэггүй, харин илүү үүрэг хариуцлага хүлээн ажиллах ёстой. Үндэсний зөвлөлийн гишүүдийн дотроос сонгогдож ажилладгийн хувьд ********* -ийн дүрмийн 4.2.6-д заасан үндэслэлээр Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар зөвлөлийн даргыг хэдийд ч чөлөөлөх бүрэн эрхтэй бөгөөд М.Ныг чөлөөлөх шийдвэр нь хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар гарсан болно. ********* -ийн дүрмийн 4.2.6-д заасан бүрэн эрхийн хүрээнд М.Ныг зөвлөлийн даргаас чөлөөлсөн тул түүнийг эгүүлэн томилох үндэслэлгүй.
Үндэсний зөвлөлийн дарга нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 23.5, ********* -ийн дүрмийн 4.2.5-д заасан зөвлөлийн ажлыг удирдан зохион байгуулах чиг үүргийн хүрээнд хуулийн 25.3, дүрмийн 4.1.6.2-т тус тус зааснаар Үндэсний зөвлөлийн хуралдааныг зарлан хуралдуулдаг. М.Н нь 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш зөвлөлийн хуралдааныг зарлан хуралдуулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс гишүүд удаа дараа шаардсаны дагуу 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулсан. Энэ хуралдаанаар хойшлогдсон зарим асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байсан боловч М.Н хуралдааныг зарлахгүй байсан тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 25.3, дүрмийн 4.1.6.2-т тус тус зааснаар үндэсний зөвлөлийн гишүүдийн гуравны нэгийн санаачилгаар 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зарлан хуралдуулахаар болсон боловч ирц хүрээгүй шалтгаанаар хойшилж, улмаар 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр мөн гишүүдийн санаачилгаар хуралдааныг зарлан хуралдуулсан. Эдгээр хуралдаанд ч М.Н хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. М.Н Үндэсний зөвлөлийн ажлыг удирдан зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан зэрэг нь үүрэгт ажилдаа хариуцлага алдсан гэж үзэх үндэслэл болсон. Мөн М.Н даргаар сонгогдсон өдрөөсөө эхлэн ёс зүйн зөрчил гаргасан талаар олон нийтийн мэдээллийн сүлжээгээр цацагдаж байсан. Тухайлбал: зөвлөлийн даргаар сонгогдсон өдрөө ********* -ийн байранд архидан согтуурч, бусадтай зодолдсон; ********* -ийн захирлаар томилогдсон А.Бүрэнбаатарт нөлөөлж, тус байгууллагын тамгын газрын даргаар Б.Даваажав гэх хүнийг томилуулсан; Бусдад бэлгийн дарамт үзүүлж, эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэх мэт олон мэдээлэл цацагдсан. Дээрх мэдээллүүд нь олон нийтийн сүлжээгээр цацагдаж, энэ нь ********* -ийн үндэсний зөвлөлийн төдийгүй ********* -ийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөн, ********* , түүний үндэсний зөвлөлийн хараат бус байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахад хүргэсэн. Энэ нөхцөл байдал нь түүнийг үндэсний зөвлөлийн даргаас чөлөөлөх үндэслэл болсон.
Үндэсний зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаан дээр М.Нын ёс зүйгүй үйлдэл болон ажлын хариуцлагатай холбоотой асуудлыг үндэсний зөвлөлийн гишүүд ил тод, баримттайгаар хэлж байсан бөгөөд энэхүү алдаа дутагдлаа засаж ажиллахаа хүртэл илэрхийлсэн боловч дутагдлаа огт засаагүй. Энэ хурлаас хойш хурал зарлан хуралдуулахгүй байх дутагдлаа засаагүй, ёс зүйгүй үйлдэл дахин гаргасан нь баримтаар тогтоогдсон. М.Ныг чөлөөлсөн шийдвэр нь үндэсний зөвлөлийн бүрэн эрхэд хамаарч байгаа...гэжээ.
2.2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: М.Ныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, даргыг эгүүлэн татах нь хоёр өөр ойлголт юм...гэв.
2.3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Маргаан бүхий 30 дугаар тогтоолоор М.Ныг Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар түүнийг эгүүлэн татах шийдвэр гараагүй. Харин түүнийг ********* -ийн дүрмийн 4.2.6.2 дахь хэсэгт заасны дагуу хуульд заасан үүрэгт ажлаа хангалттай биелүүлэхгүй байна гэдэг үндэслэлээр Үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Эгүүлэн татах асуудал тавигдаагүй, эгүүлэн татагдаагүй байгаа. Ёс зүйн алдаа гаргасан гэдгийг олон нийтийн сүлжээн дээр цацагдсан мэдээлэл дээр үндэслэж шийдвэрлэсэн. Гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэдэг нь ч эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон гэж үзэж ийм шийдвэр гарсан. Үүрэгт ажлаа хийгээгүй хариуцлага алдсан, хамгийн сүүлд 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан гэдэг нь хэрэгт байгаа тогтоолуудаар тогтоогдсон. 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш үндэсний зөвлөлийн хуралдаан болоогүй, гишүүд маш олон удаа хуралдаанаа зарлахыг хүсэж асуудал тавьж байсан. Хурлыг хурлын дарга зарлан хуралдуулах эрх зүйн зохицуулалттай. Дарга хурал зарлахгүй байсан учир энэ эрхийн хүрээнд гишүүд хурлаа хуралдуулсан. Хурал зарлая гэдэг асуудлыг М.Нт маш олон удаа тавьсан. Ээлжит хурал бол улиралд нэг удаа хийх зохицуулалттай. Үүгээр бол жилд 4 удаа л хуралдахаар байна. Гэтэл Үндэсний зөвлөлөөр шийдвэрлэх маш их асуудал байдаг. 2024 оны 2 дугаар сарын байдлаар 16 удаа хуралдсан байх жишээтэй. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал бүр дээр тогтоол гардаг. Нийтдээ 3-4 удаа л хуралдсан байсан. Хорин хэдэн удаа хуралдаагүй. Одоо зөвлөлийн даргаар Н.М ажиллаж байгаа.
Хоёр ялгаатай хууль зүйн ойлголтыг хольж яриад, “Үндэсний зөвлөлийн даргыг томилох эрх л зөвлөлд байгаа, чөлөөлөх эрх хуульд байхгүй” гэж байна. Томилсон эрх бүхий байгууллага нь буцаагаад чөлөөлж болдог. Энэ бүрэн эрх үндэсний зөвлөлд байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэж, ерөнхий харьяаллын дагуу тайлбарлаад байна. Ингэж тайлбарлаж байгаа бол 30 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шаардлага гаргах ёстой. Гэтэл ийм шаардлага гаргаагүй. Нэхэмжлэлийн “эгүүлэн томилуулъя” гэдэг шаардлага нь хөдөлмөрийн эрх зүйн зохицуулалтад хамаарахаар харагдаж байна. Тухайн үед хуучин Хөдөлмөрийн тухай хууль мөрдөгдөж байсан. Энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн маргааныг 1 сарын дотор шүүхэд хандаж шийдвэрлүүлэх зохицуулалттай. Аливаа хууль зүйн асуудалд хөөн хэлэлцэх хугацаа гэж байгаа. Нэхэмжлэгч өөрийнхөө эрх ашгийг хамгаалж захиргааны хэргийн шүүхэд хандсан юм байна. Тус шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож, уг шүүгчийн захирамжийг нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн магадлалаар хэвээр үлдээсэн байна. Улмаар иргэний шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 07-нд гаргасныг хүлээж авсан байна. Харьяаллын хувьд биш байна гэдгийг мэдсэнээс хойш 32 хоногийн дараа иргэний шүүхэд хандсан байна. Иймд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжтой. Хохирогч М.Батжаргалын гаргасан гомдлыг шалгахад М.Н нь уг хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэдэг нь прокурорын тогтоолоор тогтоогдож байна. Гэр бүлээс гадуурх харилцааг ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үзэхгүй. Үндэсний зөвлөлийн хурлыг 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш хийгээгүй шалтгааныг Ковид-19 цар тахалтай холбож тайлбарлаж байгаа ч энэ үед хурлуудыг онлайнаар хийдэг байсан. Шүүх ч онлайнаар хуралдаж байсан. Тиймээс үндэсний зөвлөлийн хурлыг онлайнаар явуулах бүрэн эрх нь байсан. М.Н одоо өөрөө үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа...гэв.
3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ нотлохоор: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 7167 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж /хх-9-17/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0807 дугаар “Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх тухай” тогтоол /хх-18-22/, ********* -ийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар М.Ныг үндэсний зөвлөлийн даргаар томилсон тогтоолын хуулбар /хх-47/, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар М.Ныг үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолын хуулбар /хх-48/, 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугар “Хяналтын зөвлөлилйн гишүүн чөлөөлөх, сонгох тухай” тогтоолын хуулбар /хх-49/, 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр “Өргөдөл шалгах хорооны журам шинэчлэн найруулах гишүүн, дарга томилох тухай” тогтоолын хуулбар /хх-50/, 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаар “Нууц санал хураалт явуулах тухай” тогтоолын хуулбар /хх-51/, 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаар “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” тогтоолын хуулбар /хх-52/, 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар “********* -ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулах журам шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” тогтоолын хуулбар /хх-53/, 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаар “Зөвшөөрөл олгох тухай” тогтоолын хуулбар /хх-54/, 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дүгээр “********* -ийн 2021 оны төсөв шинэчлэн боловсруулах үүрэг өгөх тухай” тогтоолын хуулбар /хх-55/, 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар “2021 оны төсөв, төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хуулбар /хх-56/, 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр “Журам батлах, ажлын хэсэг байгуулах тухай” тогтоол, журмын хуулбар /хх-57-64/, 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тогтоолын хуулбар /хх-65/, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар “Аудитын шалгалт оруулах тухай” тогтоолын хуулбар /хх-66/, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр “Зөвшөөрөл олгох тухай” тогтоолын хуулбар /хх-67/, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар “********* -ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах томилох, томилгооны сонсгол зохион байгуулах тухай” тогтоолын хуулбар /хх-68/, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаар “МҮОРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлт, дүнг нэгтгэх тооллогын комисс батлах тухай” тогтоолын хуулбар /хх-69/, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар “********* -ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлт, дүнг нэгтгэх тооллогын комисс батлах тухай” тогтоолын хуулбар /хх-70/, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19 дүгээр “Тайлан батлах тухай” тогтоолын хуулбар /хх-71-72/, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар “********* -ийн 2020 оны санхүүгийн тайланд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлтийн тухай” шийдвэрийн хуулбар /хх-73/, ********* -ийн 2020 оны Санхүүгийн тайлангийн хараат бус аудиторын дүгнэлтийн талаар ********* -ийн Үндэсний зөвлөлийн дэргэдэх Хяналтын зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжийн хуулбар /хх-74-75/, Үндэсний зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 23 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тогтоолын хуулбар /хх-76/, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тогтоолын хуулбар /хх-77/, Үндэсний зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” тогтоолын хуулбар /хх-78/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
4. Хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотлохоор аливаа баримт гаргаагүй байна.
5. Зохигчдоос гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс бүрдүүлсэн баримтууд:
5.1. Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 03287 дугаар захирамжаар хариуцагч талаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-97/, захирамжийн дагуу хариуцагч талаас: ********* -ийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг тогтоолын хамт /хх-116-129/, ********* -ийн дүрэм /хх-130-141, ********* -ийн Үндэсний зөвлөлийн даргаар Д.Батсүхийг сонгогдсонд тооцсон тухай Үндэсний зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 31 дүгээр тогтоол /хх-142/, ********* -ийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит бус хуралдааны тэмдэглэл /хх-143-172/ зэргийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн.
5.2. Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 04553 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-107/, захирамжийн дагуу тус байгууллага 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4570 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол /хх-112-113/-ын хуулбарыг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн.
5.3. Хариуцагч талаас гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 05908 дугаар захирамжаар шүүхийн журмаар вэбсайтад болон Вайбер групп чат-д үзлэг хийхээр шийдвэрлэж /хх-220/, тус шүүгчийн захирамжийн Вайбер групп чат-д үзлэг хийхээр шийдвэрлэснийг шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 02130 дугаар захирамжаар хүчингүй болгож /2-р хх-13/, Вэбсайтуудад 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр үзлэг хийж бэхжүүлсэн байна. /2-р хх-3-9/
Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг нэгтгэн дүгнээд
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх М.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч М.Н нэхэмжлэлийн үндэслэлээ: “хууль зөрчиж үндэсний зөвлөлийн даргын албан тушаалаас чөлөөлсөн. Тогтоолын үндэслэл болгосон үүрэгт ажилдаа хариуцлага алдаж, удаа дараа ёс зүйн алдаа гаргасан гэх байдал нотлогдоогүй, Олон нийтийн радио телевизийн тухай хууль болон ********* -ийн дүрэмд зааснаар зөвлөлийн даргыг эгүүлэн татах тухай Хяналтын зөвлөлийн зөвлөмж гараагүй байхад үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт зааснаар захиргааны актын талаар гомдол гаргасан” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч ********* -ийн Үндэсний зөвлөл нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “...М.Ныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эгүүлэн татаагүй. Нэхэмжлэгч 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш үндэсний зөвлөлийн хуралдааныг зарлаагүй, хууль болон дүрэмд зааснаар зөвлөлийн гишүүдийн гуравны нэгийн саналаар 2021 оны 8 дугаар сарын 04-нд хуралдаж, 8 дугаар сарын 24-нд дахин хуралдах байсан ч хурлаа зарлаж хуралдуулаагүйгээс үндэсний зөвлөлийн болон ********* -ийн үйл ажиллагаа доголдож, олон асуудал шийдвэрлэгдэхгүй хойшлогдсон. Энэ нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Ёс зүйн алдаа гаргасан нь прокурорын тогтоолоор тогтоогдсон. Гэр бүлээс гадуур харилцаатай байгаа нь өөрөө ёс зүйн зөрчил болно” гэж тайлбарласан байна.
4. Хавтаст хэрэгт цугларсан бичмэл баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч М.Н нь 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн ********* -ийн Үндэсний зөвлөлийн 02 дугаар тогтоолоор тус зөвлөлийн даргаар сонгогдсон байна. Түүнийг даргаар сонгож томилсон үндэсний зөвлөлийн тогтоолыг Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.3 дахь хэсэг, мөн өдрийн тооллогын комиссын тогтоол зэргийг үндэслэж шийдвэрлэсэн байна.
4.2. М.Н нь Үндэсний зөвлөлийн даргаар томилогдсоноос хойш 2021.1.07-ны өдрийн хурлаар 2 асуудал, 2021.1.19-ний өдрийн хурлаар 5 асуудал, 2021.1.25-ны өдрийн хурлаар 3 асуудал, 2021.2.26-ны өдрийн хурлаар 3 асуудал, 2021.3.05-ны өдрийн хурлаар 2 асуудал, 2021.3.26-ны өдрийн хурлаар 1 асуудал, 2021.4.05-ны өдрийн хурлаар 1 асуудал, 2021.4.08-ны өдрийн хурлаар 1 асуудал, 2021.4.23-ны өдрийн хурлаар 1 асуудал тус тус шийдвэрлэсэн буюу 9 удаагийн үндэсний зөвлөлийн хуралдаан зарлан хуралдуулсан болох нь хэрэгт цугларсан зөвлөлийн тогтоолуудаар тогтоогдсон ба эдгээр баримтуудыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн, талууд эдгээр үйл баримтуудын талаар маргаагүй.
4.3. Үндэсний зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар дарга М.Наас 2021 он гарснаас хойш 11 удаа үндэсний зөвлөл хуралдсан ба тус хурал нь 3 дугаар улирлын эхний хурал болж байгаа талаар дурдсан байна. Тухайн хурлаас ямар шийдвэр гарсан талаар хавтаст хэрэгт баримт авагдаагүй. Хурлын тэмдэглэлээс үндэсний зөвлөлийн дарга М.Ныг огцруулахаар санал хураалт явуулах эсэх талаар хэлэлцэж олонхийн саналаар дэмжигдээгүй байна.
4.4. Улмаар 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гишүүдийн санаачилгаар үндэсний зөвлөлийн хуралдаан хийгдэж, уг хурлаас М.Ныг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэн, М.Ныг үндэсний зөвлөлийн даргаар томилсон 2 тоот тогтоолыг хүчингүй болгожээ.
4.5. Иргэн М.Батжаргалаас гаргасан гомдлын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасаг нь гомдол мэдээллийг шалгаад 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж, тус дүүргийн прокурорын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4570 дугаар тогтоолоор М.Ныг бусдыг хүч хэрэглэж хүчиндсэн гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.
4.6. Мэдээллийн “нэгүүн.мн” сайтад 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Хүчингийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа М.Н хариуцлагаас мултарч, хуулийг гажуудуулж чадах уу” гэх гарчигтайгаар, “доргио.мн” сайтад 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “********* -ийн захирал асан М.Н хүчингийн хэрэгт холбогдсон гэв” гэх гарчигтайгаар, “цахиур.мн” сайтад 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “********* -ийн захирал асан М.Н хүчингийн хэрэгт холбогджээ” гэж тус тус мэдээлэл нийтлэгдсэн байна.
5. Талууд М.Ныг 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр ********* -ийн Үндэсний зөвлөлийн даргаар сонгогдон томилогдож, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үндэсний зөвлөлийн даргаар ажилласан, энэ хугацаанд 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд үндэсний зөвлөл хуралдаагүй, М.Н цагдаагийн байгууллагад шалгагдсан, түүнд холбогдуулан гаргасан гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан зэрэг үйл баримтын талаар маргаагүй.
Харин М.Ныг үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Үндэсний зөвлөлийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй эсэх, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх, М.Н ёс зүйн зөрчил гаргасан эсэх болон тэрээр Үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаа хуульд заасны дагуу хийж гүйцэтгэж байсан эсэх талаар өөр өөрийн үндэслэлийг заан маргаж мэтгэлцэв.
6. Нэхэмжлэгч тал ********* -ийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны тогтоолууд, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол зэрэг баримтуудыг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлага нотлогдоно гэж тайлбарласан.
7. Харин хариуцагч тал шүүхийн журмаар үзлэг хийж бэхжүүлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэн мэдээллүүд, Баянзүрх дүүргийн прокурорын газрын “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол зэрэг баримтуудыг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэн, хариуцагчийн татгалзал нотлогдоно гэж тайлбарлав.
8. Шүүх М.Нын нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт заасан “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол”-д хамаарна гэж дүгнэн, хууль бус актын дагуу ********* -ийн Үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн учир уг ажилд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн гэж үзлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэл гэж хязгаарлахгүй. Нэхэмжлэгчийн гаргасан “Үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилохыг ********* -ийн Үндэсний зөвлөлд даалгах” тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гэж үзэхгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлгүй байна.
10. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Үндэсний зөвлөлийн даргад сонгох хүнийг Үндэсний зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууц санал хураалтаар Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар сонгох ба М.Ныг дээрх хуульд нийцүүлэн даргаар томилсон байна. Үндэсний зөвлөлийн дарга нь зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээдэг талаар мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт хуульчилжээ.
11. М.Н үндэсний зөвлөлийн даргаар томилогдсон үеэс 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хурлыг оруулаад нийт 12 удаагийн зөвлөлийн хуралдааныг удирдсан байна. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг энэ хуулийн 26.1-д зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө эгүүлэн татахгүй” гэж тэдгээрийн ажиллах баталгааг хуульчилсан. Хариуцагч талын зүгээс М.Ныг эгүүлэн татаагүй, харин үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлан маргасан.
12. Олон нийтийн радио телевизийн тухай хуульд Үндэсний зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар хуульчлаагүй. Харин ********* -ийн дүрмийн 4.2.6 дахь хэсэгт энэ талаар буюу “Үндэсний зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх” 2 үндэслэлийг тусгасан байна. Эдгээр нь: 1/даргын өөрийнх нь хүсэлтээр, 2/Олон нийтлийн радио телевизийн тухай хуульд заагдсан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлүүдээр үүрэгт ажлаас чөлөөлөхөөр зохицуулжээ.
13. Нэхэмжлэлийн үндэслэлд М.Ныг эгүүлэн татах талаар болон ёс зүйн зөрчлийн талаар Хяналтын зөвлөлийн зөвлөмж, бусад этгээдийн дүгнэлт гараагүй байхад чөлөөлсөн нь Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн гэж тайлбарласан. Харин хариуцагчийн зүгээс М.Ныг эгүүлэн татах шийдвэр гараагүй, ********* -ийн дүрэмд заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлан маргаж байна.
14. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг эгүүлэн татах шийдвэрийг Үндэсний зөвлөл гаргах эрхгүй, харин хяналтын зөвлөлийн зөвлөмж гарсныг тухайн гишүүн, даргыг томилсон байгууллагад хүргүүлснээр тухайн байгууллага шийдвэр гаргахаар хуульчилсан.
15. Маргаан бүхий Үндэсний зөвлөлийн 30 дугаар тогтоолын үндэслэлд “үүрэгт ажилдаа хариуцлага алдаж удаа дараа ёс зүйн алдаа гаргасан” гэж заасан ба тогтоолыг ********* -ийн Дүрмийн 4.2.6.2 дахь хэсгийг үндэслэж гаргасан байна. Дүрмийн дээрх заалтад “Олон нийтийн радио телевизийн тухай хуульд заагдсан үүргээ биелүүлээгүй” бол үндэсний зөвлөлийн даргыг чөлөөлөх асуудал хамаарахаар байна. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавина” гэж даргын үүргийг тодорхойлсон.
16. М.Ныг үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн 30 дугаар тогтоолд дурдсан үндэслэлүүдээс Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт зааснаар үүрэгт ажилдаа хариуцлага алдсан гэх үндэслэл нь 2021 оны 8 дугаар сарын 04, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрүүдийн үндэсний зөвлөлийн хурлын тэмдэглэлүүдээр тогтоогдож байх тул М.Ныг зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Үндэсний зөвлөлийн 30 дугаар тогтоол хууль зөрчөөгүй, ********* -ийн дүрэмд нийцсэн байна гэж дүгнэх үндэслэлтэй.
17. Түүнчлэн Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар Үндэсний зөвлөлийн даргыг эгүүлэн татах шийдвэр гараагүй байх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгийг зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул М.Нын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
18. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй тул ********* -ийн Үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилохыг ********* -ийн Үндэсний зөвлөлд даалгах тухай М.Нын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА