| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/05217/И |
| Дугаар | 102/ШШ2024/01009 |
| Огноо | 2024-02-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/01009
2024 оны 02 сарын 27 өдөр Дугаар 102/ШШ2024/01009 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ******** байрлах “ТБП” ХХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн ***** хаягт байрлах “Т” ХК,
Нэхэмжлэлийн шаардлага: 9,308,903 /есөн сая гурван зуун найман мянга есөн зуун гурван/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. БӨ нар оролцож,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Намуун хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага.
1.1. “ТБП” ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
Манай компани нь “Т” ХК-тай 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай 1,440 м.кв агуулахын байр түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан ба тус агуулахын байрыг 1 м.кв талбайг 12,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон. Гэрээг байгуулахдаа тус гэрээний 3.5 дахь хэсэгт “Түрээслүүлэгч нь түрээслэгчээс нэг сарын төлбөрийн дүнтэй тэнцэх барьцаа мөнгийг гаргуулан авна. Түрээсийн гэрээ дуусгавар болоход уг барьцаа мөнгийг түрээслэгчид буцаан олгоно” гэж заасны дагуу нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний дүн 17,280,000 төгрөгийг тус компанид шилжүүлсэн. Түрээсийн гэрээ нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болоход талууд хугацаа сунгах нэмэлт гэрээ байгуулах замаар түрээсийн хугацааг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл, 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 2 удаа сунгаж байсан. 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “Т” ХК нь гэрээгээ сунгах талаар асуухад манай зүгээс сунгах хүсэлтэй байсан учир 9 дүгээр сар хүртэл сунгах талаар хариу хэлж байв. Гэвч үүний дараа биднээс асуулгүй 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс буюу гэрээг сунгах үедээ “түрээсийн төлбөрөө нэмнэ” гэж мэдэгдсэн. Түрээсийн гэрээний 3.4-т зааснаар түрээсийн гэрээний хугацаанд үнэ өөрчлөгдөхгүй. Мөн гэрээний 6.1-т “талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналтай бол энэ тухайгаа 30 хоногийн өмнө бичгээр гаргана” гэж заасан ба түрээсийн үнэд өөрчлөлт оруулах санал нь гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах асуудал тул энэ талаар 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой ч тус компани энэ үүргээ биелүүлээгүй, нэмэлт гэрээ байгуулагдаагүй. Бидний хувьд түрээсийн үнэ нэмэх саналыг мэдсэн даруйд түрээсийн гэрээний хугацааг дараа сараас цааш сунгахгүй талаар мэдэгдсэн боловч тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, түрээсийн хугацааг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөр тооцож, түрээсийн барьцаат төлбөрийг дутуу буюу 5,184,000 төгрөгийг шилжүүлсэн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан ба мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслөх гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно” гээд 294.1.1-т “гэрээний хугацаа дууссан” гэж заасан. Манай компанийн хувьд түрээсийн гэрээг хугацаанаас өмнө нэг талаас цуцлаагүй бөгөөд түрээсийн хугацаа дууссанаар түрээсийн гэрээ дуусгавар болсон. Бид тухайн агуулахыг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр суллаж өгсөн ба 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 5 хоногийн түрээсийн төлбөр 2,787,096 төгрөгийг барьцаат төлбөрөөс суутгуулахыг зөвшөөрч байгаа. Түрээсийн гэрээний хугацаа 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дууссан тул гэрээний 3.5 дахь хэсэгт “Түрээсийн гэрээ дуусгавар болоход уг барьцаа мөнгийг түрээслэгчид буцаан олгоно” гэж зааснаар түрээсийн барьцаат төлбөрийг буцаан авах эрхтэй. Иймд 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 2022/35-105 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн нэг сарын төлбөрийн дүнтэй тэнцэх барьцааны төлбөрт “Т” ХК-д шилжүүлсэн 17,280,000 төгрөгөөс 5 хоногийн түрээсийн төлбөр 2,787,096 төгрөг, компанид буцаан шилжүүлсэн 5,184,000 төгрөгийг хасаж, зөрүү 9,308,903 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Агуулахын байр түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-т барьцааны талаар зохицуулсан. Гэрээний хугацааг 2 удаа аливаа асуудалгүйгээр сунгаж ирсэн. Гэрээг сунгах талаар зөвшөөрч байгаа хариуг Гэрээний 3.1-т заасан нөхцөлөөр сунгах хүсэлт илэрхийлсэн. Гэтэл хариуцагч талаас түрээсийн зүйлийн үнийг нэмэгдүүлэх тухай мэдэгдэхэд үүнийг нь зөвшөөрөхгүйгээр гэрээний хугацааг сунгахгүй болохоо мэдэгдсэн. Иргэний хуулийн 318.5, 294.1.1 зааснаар гэрээний хугацаа дуусгавар болсон. Бид гэрээг цуцлах санал гаргаагүй. Ингээд гэрээ дуусгавар болсон. Гэрээ дуусгавар болсон учир бид төлбөрийг буцааж авах эрхтэй. Түрээсийн зүйлийг 2023.7.05-нд бүрэн сулласан. Үзлэг хийсэн тэмдэглэлээр вайбер чат-аар мэдэгдэж байсан нь тогтоогдоно. Түрээсийн зүйлийг хүлээлцэх нь зөвхөн түрээслэгчийн хүлээх үүрэг биш юм. Гэрээ нэмэлт өөрчлөлтөөр 2 удаа сунгагдсан. Гэрээний үнийн дүн дээр тохиролцоогүй учир гэрээний сунгалт хийгдээгүй. Хариуцагчийн гүйцэтгэх захирлаас гэрээ сунгахыг зөвшөөрч байгаа ч түрээсийн гэрээний төлбөрийг өөрчилж байгаа талаар мэдэгдсэн. Энэ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасан шинэ гэрээ байгуулах санал гэж үзнэ. Энэ саналыг манайх хүлээн зөвшөөрөөгүй учир шинэ гэрээ байгуулагдаагүй, өмнөх гэрээ нь 6 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Гэрээний 2.2 нь гэрээг сунгах эрх олгосон заалт юм. Гэрээний 2.3-т заасныг үндэслэн тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр 5 хоног ашигласнаа хүлээн зөвшөөрч байгаа. 6 дугаар сарын 21-ний өдөр гэрээ сунгахгүй талаар мэдэгдсэн. 30 хоногийн өмнө гэрээг сунгахгүй талаар мэдэгдсэн нь гэрээний хугацаа дуусахаас өмнө мэдэгдсэн гэж үзнэ. “Саруул цэлмэг” ХХК-ийн хүсэлт өгсөн үнийн дүнд 1 м.кв талбайг 13,500 төгрөгөөр түрээслэхээр байсан, гэтэл бидэнд санал болгосон үнэ 15,000 төгрөг байдаг. Энэ компанид “ТБП” ХХК-тай гэрээтэй учир саналыг хүлээж аваагүй гэж хариу өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Үзлэгийн тэмдэглэлээр “Т” ХК-ийн захирал Ц.Байгалмаа гэрээ сунгах эсэхийг эхлээд асуусан ба 6 дугаар сарын 21-ний өдөр бид гэрээний хугацааг дуусгавар болгож, дахин сунгахгүй гэдэг хүсэлт гаргасан...гэв.
2. Хариу тайлбар, татгалзал.
2.1. Хариуцагч “Т” ХК-ийн төлөөлөгч Ц.Байгалмаа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Манай компани Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрлах өөрийн эзэмшлийн байрыг түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “ТБП” ХХК-тай 2022/35-106 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулан хамтран ажиллаж байсан. Гэтэл тус компанийн менежер н.Ө 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Фейсбүүк мессенжерээр холбогдох үедээ талуудын хооронд байгуулсан уг гэрээний хугацааг 2023 оны 9 дүгээр сар дуустал сунгахаар бидэнд хандсан тул хүлээн авч саналыг зөвшөөрсөн. Дээрх явдлын дараа 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Саруул цэлмэг” ХХК-иас бидэнд уг талбайг түрээслэх санал тавьсан ба “ТБП” ХХК нэгэнт гэрээний хугацааг сунгахаар санал гаргасан тул “Саруул цэлмэг” ХХК-ийн саналыг хүлээн авахаас татгалзсан. Гэтэл 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр түрээслэгч тал гэрээг цуцлах тухай мэдэгдэл ирүүлсэн.
Түрээсийн гэрээний 2.2-т “гэрээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө талууд гэрээний биелэлтийг дүгнэх ба түрээслэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байгаа нөхцөлд түрээслэгч тал хэрвээ хүсвэл түрээслүүлэгч талтай ярилцаж гэрээг үргэлжлүүлэн сунгах эрхтэй” гэж заасан байх ба гэрээний дээрх заалтаас гэрээний биелэлтийг хугацаа дуусахаас нэг сарын өмнө дүгнэхээр зохицуулсан нь талуудын эрх ашгийг хамгаалсан заалт болсон. Тус заалтад дурдсанаар түрээслүүлэгч үүргээ биелүүлж байвал түрээсийн гэрээг түрээслэгч цаашид үргэлжлүүлэн түрээслэх эрхтэй байна гэж түрээслэгч талын эрх ашиг сонирхлыг хамгаалсан. Гэрээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө гэрээний биелэлтийг талууд дүгнэнэ гэж түрээслүүлэгч талын эрх ашгийг хамгаалсан заалт бүхий гэрээ байсан. Гэтэл “ТБП” ХХК-ийн зүгээс гэрээг үргэлжлүүлэн сунгах талаар өөрсдөө санал гаргасан боловч гэрээний хугацаа дуусахаас 9 хоногийн өмнө гэрээний хугацааг дуусгах талаар мэдэгдэж байгаа нь бидний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон ба түрээсийн гэрээг дуусгавар болгох шалтгаан нь манай компанийг түрээсийн талбайн үнээ нэмсэн учраас гэрээг цаашид сунгахгүй гэсэн тайлбар гаргадаг. Бид талбайн үнийг нэмээгүй бөгөөд нэмэх талаар санал гаргасан төдий юм. Хэрэв гэрээгээ нэг сарын өмнө дүгнээд цаашид сунгахгүй талаар мэдэгдсэн бол өнөөдрийн үл ойлголцол үүсэхгүй байсан. Бид “Саруул цэлмэг” ХХК-д санал тавьсан боловч хүлээж аваагүй, өөр байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа талаар бидэнд мэдэгдсэн. Иймд түрээслэгч нь гэрээг сунгах тухай хүсэлт өгсөн боловч гэрээг сунгаагүй, өөрийн буруугаас манай компанийн хэвийн тасралтгүй ажиллах үйл ажиллагааг алдагдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.БӨ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Түрээсийн гэрээ 2 удаа сунгагдсан байдаг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчийн менежер Ц.Ө уг гэрээний талаар “Т” ХК-тай харилцдаг байсан. Энэ үедээ Ц.Өгаас гэрээний хугацааг сунгах санал тавьсныг манай компани зөвшөөрч, хүлээж авахаар болсон. Дээрх хугацаанд “Саруул цэлмэг” ХХК-иас бидэнд агуулахыг түрээслэх санал тавьсан. Бид нэхэмжлэгчтэй 1 жил хамтран ажилласан учраас уг саналыг хүлээж аваагүй. Энэ үйл явдлын дараа 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бидэнд нэхэмжлэгчээс түрээсийн гэрээг цуцлая гэж мэдэгдсэн. Түрээсийн гэрээнд зааснаар талууд гэрээг дүгнэж акт үйлдэн хүлээлцэх ёстой байсан. Нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “түрээсийн байраа чөлөөлж түлхүүрээ харуулд үлдээгээд явлаа” гээд мессенжер бичээд явсан. Өнөөдрийн байдлаар бидэнд албан ёсоор байрыг хүлээлгэж өгөөгүй байна. Түрээсийн төлбөрөө нэмэх мэдэгдэл хүргээгүй, харин хүсэлт гаргасан. Нэхэмжлэлд “биднээс асуулгүй түрээсийн төлбөрөө нэмнэ гэж мэдэгдсэн” гэж дурдсан байна. Түрээсийн үнэ нэмэх санал байсан гэдгийг тусгаж өгсөн. Бидний зүгээс үнэ нэмэх болон нэмэхээр шийдвэр гараагүй, нэмэх шаардлагатай, хүсэлтэй байна, энд саналаа өгөөч гэж хандсан...гэв.
3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ нотлохоор: Талуудын байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ /хх-5-9/, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/35-105-02 дугаар Хугацаа сунгах тухай нэмэлт гэрээ, /хх-10/, 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 2022/35-105-03 дугаар Хугацаа сунгах тухай нэмэлт гэрээ, /хх-11/, “Т” ХК-ийн 2023.10.10-ны 23/38 тоот “Барьцаа төлбөр буцаах тухай” албан бичгийн хуулбар /хх-12/, “ТБП” ХХК-ийн 2023.07.17-ны 35/4-770 тоот “Барьцаа төлбөр буцаан авах тухай” албан бичгийн хуулбар /хх-13/, “Т” ХК-ийн 2023.06.14-ний 23/22 тоот “Хүсэлт гаргах тухай” албан бичгийн хуулбар /хх-14/, “ТБП” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх /хх-15/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан.
4. Хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотлохоор: “Саруул цэлмэг” ХХК-ийн 2023.6.10-ны өдрийн албан бичгийг нотлох баримтаар гаргасан байна.
5. Зохигчдын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд:
5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22008 дугаар захирамжаар шүүхийн журмаар үзлэг хийхээр шийдвэрлэж /хх-35/, захирамжийн дагуу 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “ТБП” ХХК-ийн санхүүгийн менежер ажилтай Ц.Өгийн эзэмшлийн гар утасны Вайбер чат-д үзлэг хийж бэхжүүлэн тэмдэглэл үйлдсэн байна. /хх-43-60/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх “ТБП” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч “ТБП” ХХК нь хариуцагч “Т” ХК-д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний дагуу төлсөн барьцааны төлбөрийн үлдэгдэл 9,308,903 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлээ: “гэрээний хугацаа 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон. Уг хугацааг 3 сараар сунгах талаар харилцан санал гарсан боловч түрээслүүлэгчээс гэрээний үнэ нэмэх санал гаргасныг хүлээж авах боломжгүй байсан учир гэрээний хугацааг сунгахгүй талаар мэдэгдэж, гэрээ дуусгавар болсон. Түрээсийн зүйлийг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр сулласан учир гэрээ дуусгавар болсноос суллах хүртэлх 5 хоногийн түрээсийн төлбөр 2,787,096 төгрөг, хариуцагчаас буцаан олгосон 5,184,000 төгрөгийг тус тус суутгаж, төлөгдөөгүй үлдсэн 9,308,903 төгрөгийг буцаан шаардах эрхтэй” гэж тодорхойлсон.
4. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “түрээсийн гэрээний хугацааг сунгах талаар эрх бүхий этгээдүүд харилцан тохиролцсон ба түрээслэгч талаас гэрээний 2.2-т заасныг зөрчиж 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдэл ирүүлсний улмаас тухайн гэрээний зүйлийг түрээслэх санал тавьсан байсан байгууллагад түрээслүүлэх боломжгүй болсон, түрээслүүлэгчийн зүгээс үнэ нэмэх талаар мэдэгдэл гаргаагүй, нэмэх боломжтой эсэх талаар хүсэлт, санал гаргасан. Мөн түрээсийн зүйлийг түрээслүүлэгчид актаар хүлээлгэж өгөөгүй” гэж тайлбарлан маргаж байна.
5. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.1. Талууд 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 2022/35-105 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ” байгуулж, гэрээгээр “ТБП” ХХК нь “Т” ХК-ийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1,440 м.кв талбай бүхий агуулахын байрыг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд түрээслэх, сарын түрээс 1 м.кв 12,000 төгрөг буюу 1,440 м.кв-ыг 17,280,000 төгрөг, түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн үнэ өөрчлөгдөхгүй байх, түрээслүүлэгч нь түрээслэгчээс 1 сарын төлбөрийн дүнтэй тэнцэх барьцааг урьдчилан авах, гэрээ дуусгавар болоход уг барьцаа мөнгийг түрээслэгчид буцаан олгохоор тус тус харилцан тохиролцож, эрх бүхий этгээдүүд гэрээг баталгаажуулан байгуулжээ.
5.2. Гэрээний хугацаа дуусахад талууд 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 2022/35-105-02 тоот “Хугацаа сунгах тухай нэмэлт” гэрээгээр түрээсийн гэрээний хугацааг 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 3 сараар сунгаж, дахин 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 2022/35-105-03 тоот “Хугацаа сунгах тухай нэмэлт” гэрээ байгуулж түрээсийн гэрээний хугацааг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 6 сарын хугацаагаар сунгах, түрээсийн үнэ өөрчлөгдөхгүй талаар харилцан тохиролцон бичгээр байгуулсан байна.
5.3. Гэрээ байгуулсан “ТБП” ХХК-ийн санхүүгийн менежер Ц.Ө болон “Т” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Байгалмаа нар гэрээний хугацаанд буюу 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс цахим захидлаар харилцаж, гэрээ сунгагдах эсэх талаар ярилцаж, түрээслэгч талаас гэрээг 9 дүгээр сар хүртэл сунгах, түрээслүүлэгч талаас гэрээг сунгах үед түрээсийн төлбөрийг нэмэх талаар тус тус санал гаргаж, улмаар 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр түрээслүүлэгч талаас 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 23/22 тоот “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг цахимаар түрээслэгч талд илгээж, дахин 6 дугаар сарын 21-ний өдөр 7 дугаар арын түрээсийн төлбөрийг 15,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэх талаар, үүний хариуд түрээслэгч талаас түрээсийн зүйлийг 7 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө суллах талаар мэдэгджээ. /хх-43-60/
5.4. Талууд дахин гэрээний хугацааг сунгах талаар бичгээр гэрээ байгуулаагүй ба “Т” ХК-иас түрээсийн үнийг 1 м.кв 15,000 төгрөг болгох хүсэлтэй байгаа тухай 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 23/22 тоот албан бичгийг “ТБП” ХХК-д бичгээр хүргүүлснийг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар гаргасан байна.
5.5. “ТБП” ХХК-иас 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 35/А-770 дугаар албан бичгийг “Т” ХК-д хүргүүлж, түрээсийн гэрээний хугацааг сунгахгүй тухай 6 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн ба 7 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн талбайг суллаж харуулд түлхүүрийг хүлээлгэж өгсөн, мөн барьцаа төлбөр 17,280,000 төгрөгөөс 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийг хасаж, үлдэгдэл 14,492,903.23 төгрөгийг тус компанид шилжүүлэхийг мэдэгджээ.
5.6. “Т” ХК-иас 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 23/38 дугаар албан бичгийг “ТБП” ХХК-д хүргүүлж, тус компанийн менежер 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрээний хугацааг 2023 оны 9 дүгээр сар дуустал сунгахаар хандсан саналыг хүлээн зөвшөөрсөн, гэвч 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр түрээслэгчээс гэрээг цуцлах тухай мэдэгдэл ирүүлсэн ба гэрээг цуцлах бол нэг сарын өмнөөс мэдэгдэх тухай гэрээний 2.2 дахь заалтыг үндэслэж гэрээг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болгон хааж, тэр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг барьцаа хөрөнгөөс суутгах талаар мэдэгдсэн байна.
6. Талуудын хооронд 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг 3 сарын хугацаатай байгуулж, гэрээний хугацаа дуусахад талууд харилцан тохиролцож 2 удаа нэмэлт гэрээ байгуулан хугацааг сунгаж байсан, эдгээр гэрээнүүдээр үндсэн гэрээний зүйл болох түрээсийн зүйлийн хэмжээ, түрээсийн төлбөр зэрэг нь өөрчлөгдөөгүй талаар зохигчид маргаагүй.
7. Харин түрээсийн гэрээ 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш сунгагдсан эсэх, нэхэмжлэгч тал гэрээг цуцлахаар мэдэгдсэн эсхүл гэрээг сунгахгүй талаар мэдэгдсэн эсэх, барьцааны үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх талаар тус тусын үндэслэл зааж маргасан.
8. Талууд гэрээгээ “Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ” гэж нэрлэн, тухайн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлвэрлэлийн зориулалттай 1,440 м.кв талбай бүхий агуулахын байрыг 3 сарын хугацаатай, 1 м.кв талбайг 12,000 төгрөгөөр буюу нэг сарын 17,280,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон байна.
9. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоор биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээдэг. Мөн зүйлийн 318.2 дахь хэсэгт зааснаар түрээслэгч гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлж, 318.3, 318.4 дэх хэсгүүдэд зааснаар энэ төрлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тусгайлан хуульчилсан байна.
10. Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн гэх агуулахын байрыг ашиглаж байсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан Түрээсийн гэрээ гэж үзэхгүй, харин мөн хуулийн 287 дугаар зүйлд заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжийг агуулсан гэж үзэхээр байх тул шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр Эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
11. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан байна.
12. Талууд өмнө байгуулсан гэрээний хугацааг сунгахдаа гэрээнд заасны дагуу харилцан тохиролцож гэрээ байгуулж байсан бөгөөд мөн Гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар “гэрээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө талууд гэрээний биелэлтийг дүгнэх, түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа нөхцөлд түрээслэгч тал хэрвээ хүсвэл түрээслүүлэгч талтай ярилцаж гэрээг үргэлжлүүлэн сунгах эрхтэй” гэж тохиролцсон нь талуудыг үүрэгжүүлсэн заалт биш байна.
13. Талууд гэрээний хугацааг сунгах талаар харилцан тохиролцож нэмэлт гэрээ бичгээр байгуулаагүй байх тул 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш гэрээ сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Харин төлбөр нэмэгдэх талаар хариуцагч талын гаргасан “хүсэлт” гэх албан бичгийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах санал гаргасан гэж үзэх үндэслэлтэй ба уг саналыг гэрээний нөгөө тал хүлээн зөвшөөрөөгүй учир талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.
14. Иймд талуудын байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээ 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болж, гэрээг талууд сунгаагүй учир Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болсон байна.
15. Маргаан бүхий гэрээний зүйлийг нэхэмжлэгч 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ашигласан учир энэ хүртэлх хугацааны төлбөрийг харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу 1 м.кв-ыг 12,000 төгрөгөөр тооцон 2,787,096 төгрөгийг барьцаанаас хасуулна гэх нэхэмжлэгчийн тайлбар Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт “Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй.” гэж заасанд нийцсэн байх тул “ТБП” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч “Т” ХК-иас 9,308,903 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
16. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 163,892 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 163,892 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 294 дүгээр зүйлийн 294.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХК-иас 9,308,903 /есөн сая гурван зуун найман мянга есөн зуун гурван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТБП” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 163,892 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 163,892 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА