| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/04318/И |
| Дугаар | 102/ШШ2024/01010 |
| Огноо | 2024-02-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/01010
2024 оны 02 сарын 27 өдөр Дугаар 102/ШШ2024/01010 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ******* хаягт оршин суух, О овогт Г Г,
Хариуцагч: Баянгол ********** тоот хаягт оршин суух, Харчин овогт Э Ж,
Нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж, автомашины үнэ 23,700,000 төгрөг, бусад зардал 120,000 төгрөг, нийт 23,820,000 /хорин гурван сая найман зуун хорин мянган/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.А, гэрч Д.А, шинжээч Р.З нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Намуун хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага
1.1. Нэхэмжлэгч Г.Г шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие үнэгүй.мн зарын сайтаас Тоёота Сай автомашин харж, очиж үзээд хариуцагч Э.Жаас худалдаж авахаар тохиролцон 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлснээр **-** УАЕ улсын дугаартай, 2010 оны сувдан цагаан өнгөтэй автомашиныг 23,700,000 төгрөгөөр худалдаж авсан. Автомашинаа аваад 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явж байтал машины урд юм дугараад байсан. 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хотод орж ирээд, маргааш нь засварын газар үзүүлэхэд “мотор доголдолтой байна” гэж хэлсэн. Үүнийг хариуцагчид хэлэхэд “өөрсдөө наад асуудлаа шийд” гээд утасны дугаар блоклож, уулзаж холбоо барихаас татгалзсан. Гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч төлбөр бүрэн төлдөг. Гэтэл биет байдлын доголдолтой машин зарсан байна. Мөн машин дээр 6,000 төгрөгийн замын хураамж байсан. Итгээд авч байхад ийм доголдолтой машин зарсанд гомдолтой байна. Мотор гэдэг бол автомашины хамгийн чухал хэсэг бөгөөд энэ доголдол нь автомашиныг хэвийн байдлаар ашиглах боломжгүй болох, цаашлаад хүний амь насанд хүрэх бодит нөхцөл байдалд хүргэнэ. Би засан сайжруулах хөлс авахгүй, худалдан авсан үнэ 23,700,000 төгрөгийг буцаан авч, машиныг нь буцаан өгнө. Э.Ж “хурдан машины нэрээ шилжүүлээрэй, нэг дэх өдөр бичиг баримт бүрдүүлж өгөх гэж байгаа” гэх зэргээр биднийг яаруулсан. Нэр шилжүүлэх гээд Авто тээврийн үндэсний төвд очиход татвар, авто зам ашигласны төлбөр зэргээ төлөөгүй байсан. Мөн хэзээ моторын тос сольсон талаар асуухад “хугацаандаа солиход болно, гэхдээ өтгөрүүлээд хийж болно” гэж хэлсэн. Яагаад өтгөн тос хийлгүүлэх гээд байгааг өөрөө мэдэж байгаа болоод бидэнд ингэж хэлсэн байна. Тиймээс Э.Жийг энэ доголдлыг нуун дарагдуулж зарсан гэж үзэж байна. Тухайн автомашиныг улсын бүртгэлд нэр шилжүүлэхэд 114,000 төгрөг болсон ба хэрэв биет байдлын доголдолтой машин зараагүй бол, худалдаж аваагүй бол ийм зардал гарахгүй байсан. Иймд Э.Жтай байгуулсан гэрээг цуцалж, автомашины үнэ 23,700,000 төгрөг, Авто тээврийн үндэсний төвд автомашины нэр шилжүүлэхтэй холбоотой гарсан зардал 114,000 төгрөг, авто зам ашигласны төлөгдөөгүй төлбөр 6,000 төгрөг, нийт 23,820,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О өмгөөлөгч Х.Бын хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа: Худалдах, худалдан авах гэрээ хийхдээ тодорхой эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, зориулалтаар нь ашиглах бүрэн боломжтой, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй тээврийн хэрэгслийг шилжүүлнэ. Харин ашиглах хугацаанд гарсан элэгдэл болон доголдлын талаар худалдан авагч талд мэдээлэх үүргээ худалдагчийн зүгээс биелүүлээгүй гэж үзэж байгаа. Шинжээч хэлэхдээ өвлийн цагт шингэн тос хийдэг, зуны цагт өтгөн тос хийх ёстой гэсэн. 8 дугаар сард худалдсан бөгөөд энэ үеэр өвлийн бэлтгэлээ базаах ёстой. Өтгөн, шингэн тосны ялгаа нэг нь илүү зуурамтгай, нөгөө нь ус хэлбэртэй гоождог. Зуурамтгай гэдэг нь элэгдэж байгаа эд ангиудын дунд талыг хурдан бие биеэсээ урсаж явахгүй, зууралдаж барих зорилго байгаа. Моторт учирсан гэмтлийг шинжээчийн зүгээс “удаан хугацааны элэгдлийн явцад үүсдэг” гэсэн. 2010 онд үйлдвэрлэсэн машин Монгол улсад 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр орж ирсэн, энэ үеийн заалтаар 151,629 километр явсан байсан байна. Aвтобокс.мн нээлтэй мэдээллийн вебсайтаас харах боломжтой. 151,629 километрийн явалттай байхад Э.Ж аваад 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сард зарах үед нийт 26,901 километр явсан байна. 151,629 километрийг 2010 оноос 2022 оны хооронд 12 жилд явсан гэж үзэн хуваахад жилд дунджаар 12,635 километр явж байсан тээврийн хэрэгсэл байгаа. Шинжээч үүнийг тайлбарлахдаа хот дотор ердийн явалтаар дунджаар 10,000 орчим километр явдаг гэсэн. Энэ тээврийн хэрэгсэл зардаг гадаадад манай Монголоос илүү зам сайтай. 12,000 километр гэдэг нь бага явалт байсан. Монголд орж ирснээс хойш Э.Ж энэ машиныг аваад 1 жилийн дотор 27,000 километр явж, ердийн элэгдлээс нэг дахин илүү хугацаагаар элэгдүүлсэн байна. Энэ элэгдэл Г.Г дээр ирээд хөдөө 200 километр явахад үүссэн ба гадны нөлөөллөөс болж үүсээгүй. Худалдан авагчийн буруутай үйл ажиллагаа буюу тос маслыг буруу хийсэн, гадны нөлөө механик гэмтэл учруулсан, эрэг боолтыг нь чангалсан, сулласан зэрэг ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байгаагүй. Харин элэгдлээс үүсэж болно. Шинжээч моторт дуу орсон байгааг машинд суугаад мэдсэн гэсэн. Нэхэмжлэгч Г.Г л багш хүн бөгөөд сургууль гэрийн хооронд явж хүүхдээ зөөх зорилгоор машин худалдаж авсан. Тэр хүн машины талаар А ч байхгүй. Харин Э.Ж тээврийн хэрэгсэл зарж борлуулдаг, машины нөхцөл байдлыг сайн мэднэ. Хариуцагч тал техникийн улсын оношилгоогоор 2 удаа оруулсан гэдэг. Шинжээч техникийн улсын оношилгоо нь аюулгүй ажиллагаатай холбоотой зүйлийг оношилдог ба моторын дуу чимээ, тэр доторх нарийвчилсан үзлэгийг шинжлэхгүй гэж тайлбарласан. Манай үйлчлүүлэгч энэ тээврийн хэрэгслээр 1,182 километр яваад Улаанбаатар хотод орж ирээд 2-3 газар оношилгоонд оруулаад өнөөдрийг хүртэл хашаанд зогсонги байдалд байгаа. Хүүхдээ зөөдөг эмэгтэй хүний хувьд аюулгүй ажиллагаа чухал. Үндсэн зорилго маань замын хөдөлгөөнд аюулгүй оролцох боломжтой тээврийн хэрэгслийг авах юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...гэв.
2. Хариу тайлбар:
2.1. Хариуцагч Э.Ж шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болохоо мэдэгдэж байна. Шилжүүлэхтэй холбоотой гарсан зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Тоёота Сай машиныг 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ирж үзэж, 8 дугаар сарын 17-ны өдөр дахин ирж үзэж харж, унаж үзэн Авто тээврийн үндэсний төвд оношилгоонд оруулан худалдаж авч явсан. Аваад орон нутагт унаж эдэлж явж ирээд 8 дугаар сарын 22-ны өдөр Нарантуул ОУХТөв дээр дугаарын хязгаарлалттай өдөр унаж яваад торгуулсан байна. Ямар нэг биет байдлын доголдолгүй хэвийн хэрэглэж байсан машинаа зарсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар ч машин өвлийн улиралд өтгөн тос хийж байх нь моторонд сайн байдаг. Зөвлөгөө өгсөн болохоос болохгүй моторт өтгөн тос хийдэг юм биш билээ. Хэвийн унаж эдэлж байсан машиныг маань худалдаж авч явж эвдчихээд ийм хүсэлт гаргах нь зохисгүй байна. Өөрсдөө механик гэмтэл учруулсан байхыг ч үгүйсгэхгүй. Хөдөө унаж яваад хэвийн байсан тул хотод ирээд нэрээ шилжүүлж авсан байгаа. Автобокс.мн сайтаар нэр шилжсэн болон үзлэг оношилгоонд орсон огноо, хөдөлгөөнд оролцож байгаа баримт хавсаргав...гэжээ.
2.2. Хариуцагчийн өмгөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Жийг байнга машин авч зардаг хүн мэт ярьж байна. Э.Ж нь банкинд теллер хийж байгаад одоо ажилгүй болсон хүн. Машин тэрэг мэдэхгүй, адилхан л хэрэглэгч. Доголдлыг нуун дарагдуулсан гэж байна. Доголдлыг нуун дарагдуулдаг хүн 2 удаа үзээд, 2 удаа оношилгоонд оруулаад, 1000 километр хөдөө машинаа өгч явуулж тестлүүлэх үү? Доголдлыг нуун дарагдуулдаг хүн ийм байх боломжгүй. Оношилгоонд 2 удаа орж, өөрөө 2 удаа үзэж шалгахдаа машин мэддэг хүн дагуулж ирээд үзсэн. Шинжээч дүгнэлт гаргахад нэхэмжлэгч талаас 3 хүн ирсэн. Э.Ж нуун дарагдуулаагүй, итгэлтэй байсан учраас өөрөө очиж тайлбарлах шаардлагагүй. Нэхэмжлэгч талаас ярьдаг бүх юмаа яриад дүгнэлт гаргуулсан байгаа. Тэгэхээр нуун дарагдуулсан гэж үзэхгүй. Элэгдэл яриад байна. Монгол улсад орж ирснээс хойш 26,000 километр явж гамгүй унасан гэж яриад байна. Гэтэл нэг жил биш бараг 2 жил болсон. Мөн өтгөн тос зөвлөсөн нь буруу гэж яриад байна. Шинжээч зуны цагт өтгөн тос сайн байдаг гэдгийг сая тодорхой тайлбарлаж өгсөн. 8 дугаар сарын 16, 17-ны өдөр бол зуны улирал. Нэхэмжлэгч талаас оношилгооны дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийн эсрэг өөрийн байр суурийг онолын үүднээс ярьсан. Нэхэмжлэгч тухайн машиныг маш сайн нягт шалгаж авсан. Үзлэг оношилгоогоор явах эд анги болон компьютер оношилгоогоор тухайн автомашин доголдолтой байгаа эсэх, ямар нэгэн том жижиг алдаа байгаа эсэхийг нарийвчлан харуулаад бүх юмыг үзүүлсэн. Нэр шилжүүлж авахаас өмнө орон нутаг руу унаж явж ирээд 8 дугаар сарын 22-ны өдөр нэр шилжүүлж авсан. Хотод орж ирээд их явсан. Хотын замын хөдөлгөөнд оролцоод зөвхөн торгуульсан нь Нарантуул ОУХТ дээр болохоос өөр зөндөө газар явсан байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тухайн автомашины доголдол хэзээ бий болсон, хэрэв доголдолтой гэж байгаа бол ямар өртгөөр засварлахыг тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилуулахыг шүүх хангасан. Үүний дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК дүгнэлт гаргасан. Шинжээч зөвлөх инженер гэдэг нь хамгийн дээд цол хэргэмтэй хүн гэсэн үг. Энэ хүн өөрийн олон жилийн аргачлалын дагуу дүгнэлтээ гаргасан. Дүгнэлтэд машинаас гоожсон шингэн байхгүй, хөдөлгүүр хэвийн, задлаагүй, үйлдвэрээс хийгдсэн силикон хэвээрээ гэж дүгнэсэн. Өөрийн дүгнэлт гаргасан үйл явцыг баталгаажуулах үүднээс Топ моторс ХХК-ийн оношилгоонд очсон байдаг. Дүгнэлтээр автомашинд доголдол хэзээ бий болсон гэх асуултад автомашин худалдах үед болон оношилгооны газарт ямар нэгэн дуу чимээ байгаагүй гэдгийг тогтоосон.
Нэхэмжлэгч мөн Лүн дээр дуу чимээ гарсан гэж ярьдаг ч хэзээ гэдэг нь тодорхойгүй байдаг. Хэрвээ дуу чимээ байсан бол хотод ирээд нэр шилжүүлэхдээ энэ талаар худалдагч талд мэдэгдэх ёстой байсан. Тосны талаар зөвлөгөө авсан хүн дуу чимээний талаар зөвлөгөө авна. Худалдах, худалдан авах гэрээний дагуу Э.Ж үүргээ маш сайн биелүүлсэн. Амьдрал дээр автомашин худалдаж авахдаа 1,000 километр тестлүүлээд шилжүүлдэг тохиолдол байхгүй. Оношилгоонд оруулаад л авчихна. Шинжээчийн дүгнэлтэд автомашины моторыг өмнө нь задалж засварлаж байгаагүйг тогтоосон. Доголдлыг засварлахад шаардагдах зардлын хэмжээг 880,000 төгрөг болно гэсэн. Уг доголдол сүүлийн 1,000 километрт үүссэн учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээний зүйлийг худалдан авагч хүлээн авснаас хойш эрсдэл түүнд шинжинэ. Иргэний хуулийн 252 дугаар зүйлд Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэж заасан байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...гэв.
3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-8-9/, Авто тээврийн үндэсний төвд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх бүртгэлийн хураамж төлсөн баримт /хх-10/, Авто зам ашигласны төлбөр, автомашины татвар төлсөн баримтууд /хх-11-12/, хариуцагчтай харилцаж байсан гэх мессежний фото зураг /хх-26, 58/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-27/, 14,200,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-28/, Б.Энхжаргалын Хаан банк дахь депозит дансны хуулга /хх-29/, иргэн Ш.Түмэннастын гаргасан тодорхойлолт /хх-59-60/, Г.Гын Хаан банк дахь депозит дансны хуулга /хх-90/, Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сум хүртэл тус тус явах замын мэдээлэл бүхий фото зураг /хх-91-92/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргав.
4. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор: Тээврийн хэрэгслийн лавлах автобокс.мн вэбсайт-ын мэдээлэл бүхий фото зураг /хх-19-20/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргав.
5. Зохигчдын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17394 дүгээр захирамжаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж /хх-32/, шинжээч дүгнэлтээ 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна. /хх-35-51/
5.2. Шинжээч: “Автомашиныг худалдах үед оношлогооны газар орж байжээ. Тухайн үед дуу чимээ байгаагүй байна. Дуу чимээ сүүлийн 1000 км явах үед гарчээ. Автомашиныг хөдөлгүүрийг өмнө нь задалж засварлаж байгаагүй. Хөдөлгүүрийн доголдлыг засварлах зардал нь 880,000 төгрөг болно” гэж дүгнэсэн.
5.3. Зохигчдоос гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01621 дугаар захирамжаар Г.Г, түүний охин Г.Цэнд-Аюуш нарын гар утасны мессежид, мөн тээврийн хэрэгслийн мэдээллийн автобокс.мн вэбсайтад тус тус үзлэг хийхээр шийдвэрлэж /хх-64/, захирамжийн дагуу 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр үзлэг хийх ажиллагааг явуулж тэмдэглэл үйлдсэн. /хх-67-83/
5.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 03703 дугаар захирамжаар шүүх хуралдаанд шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Аыг гэрчээр оролцуулахаар тус тус шийдвэрлэж /хх-88/, тэднийг шүүх хуралдаанд оролцуулж асуусан.
5.4.1. Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн зөвлөх инженер Р.З шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Автомашиныг худалдах үед дуу байхгүй байсан гэдгийг талууд зөвшөөрдөг. Худалдаж авснаас хойш 1000 орчим км явсан байсан. Моторыг өмнө нь задалж засварлаж байгаагүй. Засварын зардал 880,000 төгрөг гарахаар дүгнэсэн. 26,901 км явсан тээврийн хэрэгсэл дунд засвар гээд байнга хийж байх ёстой. 250,000 км яваад хийлгэдэг. Жишээлбэл моторын гинж солих гэх мэт засварууд байгаа. Тосыг 5,000 км яваад, эсвэл улирлын байдлаас сольдог. Машины моторын онцлогоос шалтгаалаад ямар тос хийхийг заасан байдаг. Машины энгийн элэгдэл /моторын цилиндрын элэгдэл/ мотор ажиллаж байгаа бол машин элэгдэж байгаа. 1000 км-ийн хувьд худалдаж авах үед дуу байгаагүй гэдэг дээр хоёр тал хүлээн зөвшөөрдөг. Дуу гарахаас өмнө машинд ямар нэгэн шинж тэмдэг өгдөггүй. Техникийн улсын оношлогоогоор нарийн үздэггүй. Утааны хаялга, явахын аюулгүй байдлын талаар үздэг. Ашиглалтын аюулгүй байдалтай холбоотой зүйлийг хардаг. Мотор дээд хэсэгтээ дугарсан нь гадны нөлөөгөөс бий болох боломжгүй. Ашиглаж байгаа хүний буруугаас дугарах боломжгүй. Дээд хэсгийн дугаралт доод хэсэгтээ нөлөөлөхгүй. Тээврийн хэрэгслийн оношилгоогоор моторын талаар мэдэгдэх боломжгүй. “Топ мотор” ХХК-д оношлуулахад гараагүй. Худалдаж авахад дугарч байсан бол хэн аль нь мэдэх боломжтой байсан байх. Дуу чимээ нь механик элэгдлийн улмаас үүсэх боломжтой. Заавал задалж үзэж байж доголдлыг тогтоох боломжтой....гэж тайлбарлав.
5.4.2. Гэрч Д.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Би “Топ моторс” ХХК-д засварын зөвлөхөөр ажилладаг. Тээврийн хэрэгслийн оношилгоог засвар үйлчилгээ, оношилгоо хариуцсан хүн хийдэг. **-** дугаартай тээврийн хэрэгслийг оношлоход би байгаагүй. Хөдөлгүүр ямар хэсэгтээ дугарч байсан гэдгийг би мэдэхгүй. Оношлуулахаар ирж байгаа машиныг програмд ажил үүсгэсэн учраас миний нэр байгаа....гэж мэдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Г.Гын нэхэмжлэлээс 120,000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндсэлэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Г.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Э.Ж худалдсан тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн эвдрэл буюу доголдлыг нуун дарагдуулж, худалдан авагчийг яаруулан шилжүүлсэн. Уг тээврийн хэрэгсэлд авто замын хураамж, татвар зэрэг 120,000 төгрөгийн зардал гарсныг худалдан авагчаар төлүүлсэн учир гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийг хариуцагчид буцаан өгч, гэрээгээр шилжүүлсэн 23,700,000 төгрөг, бусад зардалд гаргасан 120,000 төгрөг, нийт 23,820,000 төгрөгийг хариуцагчаас шаардана, Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн доголдол нэхэмжлэгчийн ашиглалтын улмаас үүсээгүй, элэгдлээс үүдэлтэй доголдол болох шинжээчийн тайлбараар тогтоогдсон” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Э.Ж нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгчид доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн ба гэрээ байгуулахаас өмнө гэрээний зүйлийг хоёр удаа шалгаж, авто тээврийн үндэсний төвд оношилгоонд хоёр удаа оношлуулсан, хөдөлгүүрт гарсан доголдол нэхэмжлэгч шилжүүлэн авснаас хойшхи 1000 км-т үүссэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хөдөө явахад доголдол илэрсэн гэж тайлбарласан боловч явж ирснээсээ хойш Г.Г өөрийн нэр рүү шилжүүлэхдээ худалдагч талд мэдэгдээгүй” гэж тайлбарлан маргаж байна.
4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд оролцсон шинжээч, гэрч болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. Г.Г, Э.Ж нар 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээг бичгээр байгуулан, Э.Ж өөрийн өмчлөлийн **-** УАЕ улсын дугаартай, сувдан цагаан өнгийн Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг Г.Год 23,700,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, гэрээгээ нотариатаар гэрчлүүлсэн байна.
4.2. Гэрээ байгуулсан өдөр худалдан авагч Г.Г нь Д.Баярбатын Хаан банк дахь 5544048108 тоот данснаас 14,200,000 төгрөг, Б.Энхжаргалын Хаан банк дахь 5991035631 тоот данснаас 9,500,000 төгрөг, нийт 23,700,000 төгрөгийг худалдагч Э.Жт шилжүүлж, тухайн өдрөө худалдагч тал тээврийн хэрэгслийг худалдан авагч талын эзэмшилд хүлээлгэн өгснөөр хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ.
4.3. Тээврийн хэрэгслийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Техникийн хяналтын үзлэгт оруулсан байх бөгөөд нийт явсан гүйлт 178,530 км байсан байна.
4.4. Худалдан авагч тал тээврийн хэрэгслийг эзэмшилдээ хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу зорчихоор явж, мөн өдрийн 12:54 цагийн орчимд Төв аймгийн Лүн сум орсон байгаа талаар худалдагч талтай мессежээр харилцаж, 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод ирээгүй байгаа тухай, худалдагч тал дахин 8 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгслийг шилжүүлж аваагүй байгаа талаар тус тус мессеж бичсэн болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
4.5. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, 5 дугаар баг, Бумбат хаягт оршин суух, засварын ажил эрхэлдэг гэх иргэн Ш.Түмэннастын гарын үсгийн үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор: 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр **-** УАЕ улсын дугаартай Тоёота Сай маркийн автомашиныг үзэхэд моторын дээд хэсэгт дуугарч байсан, жолоочид “зөөлөн яв их хааз өгч болохгүй Улаанбаатар хотод очоод нарийн оношлуулах шаардлагатай” гэж зөвлөсөн тухай тодорхойлжээ.
4.6. Талууд дахин 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр уулзаж, худалдан авагч Г.Г гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх бүртгэлийн хураамжид нийт 11,000 төгрөг, замын хураамж 6,000 төгрөг, автомашины татвар 100,177 төгрөг тус тус төлж, тээврийн хэрэгслийн өмчлөлийг Э.Жаас Г.Год шилжүүлэн бүртгүүлсэн байна.
4.7. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхээр талууд уулзахад нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Э.Жт хөдөлгүүрт дуу гарсан болон аливаа доголдлын талаар хэлээгүй байна. Харин 2023 оны 8 дугаар сарын 25, 26-ны өдрөөс тээврийн хэрэгслийн доголдлын талаар талууд харилцан мессеж бичсэн байх бөгөөд худалдан авагч тал 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгслийг ашиглаж байхдаа зөрчил гаргасанд 20,000 төгрөгийн торгууль ногдуулсныг төлөөгүй байна.
4.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчоос гаргасан хүсэлтийн дагуу шинжээч томилоход шинжээчийн дүгнэлтээр “автомашиныг худалдаж авах үед оношлогооны газар орж байсан, тухайн үед дуу чимээ байгаагүй, дуу чимээ сүүлийн 1000 км явах үед гарсан, хөдөлгүүрийг өмнө нь задалж засварлаж байгаагүй, хөдөлгүүрийн доголдлыг засварлах зардал 880,000 төгрөг болно” гэж дүгнэсэн.
4.9. Шүүх хуралдаанд шинжээч оролцохдоо: хөдөлгүүрийн дээд хэсэгт дугарч буй нь урт хугацааны механик элэгдлийн улмаас үүсдэг, хөдөлгүүрийг задалж байж доголдлын эх үүсвэрийг тогтоох боломжтой, техник оношлогоогоор хөдөлгүүрийн доголдлыг тогтоох боломжгүй, заавал задалж үзэж байж тогтоох боломжтой, гэрээ байгуулагдаж тээврийн хэрэгслийг шилжүүлэх үед дуу чимээ байгаагүй талаар талууд хэн аль нь хүлээн зөвшөөрсөн” гэж тайлбарласан.
5. Зохигчид тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үнийн талаар маргаагүй. Харин гэрээний зүйлийн доголдлын талаар, худалдагч тал доголдолтой хөрөнгийг мэдсээр байж нуун далдалж шилжүүлсэн эсэх, худалдан авагч талын ашиглалтын улмаас доголдол үүссэн эсэх талаар өөр өөрийн үндэслэлийг заан маргаж байна.
6. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй талуудын байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд хуульд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
7. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, хариуцагчийг чанарын доголдолтой буюу хөдөлгүүрийн доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулж шилжүүлсэн, энэ нь гэрээний зүйлийг хүлээлгэж өгөхдөө өтгөн тос хийх талаар зөвлөгөө өгсөн үйлдлээс харагдана гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
8. Харин хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсгүүдэд заасныг үндэслэл болгон, тээврийн хэрэгсэл аливаа доголдолгүй байсан, худалдан авагч гэрээ байгуулахаас өмнө 2 удаа шалгаж, гэрээ байгуулсан өдөр техникийн хяналтын үзлэг оношилгоонд оруулж, хүлээн авснаасаа хойш хөдөө орон нутгаар явж ирээд нэрийг шилжүүлсэн, энэ үеэр аливаа доголдлын талаар хэлээгүй, худалдан авагчид шилжсэнээс хойш шинжээчийн дүгнэлт гарах хүртэл автомашины гүйлт 179,712 км буюу 1,182 км явсан учир шаардах эрхгүй гэж тайлбарлан маргаж байна.
9. Талууд гэрээгээр автомашины чанарын талаар тусгайлан нарийвчилж тохиролцоогүй болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон ба Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” хэмээн заасны дагуу гэрээний зүйл болох автомашин нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой байснаар биет байдлын доголдолгүй болох юм.
10. Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгсэл гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг хэлэх бөгөөд маргаан бүхий гэрээний зүйл болох Тоёота Сай маркийн автомашин нь өөрөө хөдөлгөгч тээврийн хэрэгсэл учраас хөдөлгүүр ажиллагаагүйн улмаас асахгүй, хөдлөхгүй байгаа тохиолдолд гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй, биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэл болно.
11. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, гэрээг цуцлах зэрэг гомдлын шаардлага гаргах эрхтэй ба маргаан бүхий гэрээний худалдан авагч Г.Г нь гэрээний зүйлийг шилжүүлэн авснаас хойш шинжээчийн дүгнэлт гарсан 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 1,182 км буюу 179,712км хүртэл тээврийн хэрэгслийг ашигласан байна.
12. Худалдан авагч тал ийнхүү тээврийн хэрэгслийг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, улмаар 8 дугаар сарын 21-ний өдөр гэрчилгээг шилжүүлж авах үед худалдагч талд аливаа доголдлын талаар мэдэгдээгүй байгаа нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан”, 255.1.3 дахь хэсэгт “тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн” гэж тус тус зааснаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
13. Нэхэмжлэгч тал 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хөдөө орон нутагт явж байхад доголдол илэрсэн гэж тайлбарлан, иргэн Ш.Түмэннастын тодорхойлолтыг нотлох баримтаар гаргасан ч уг тайлбар болон баримт нь түүний 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгслийг шилжүүлж авсан үйлдлээр үгүйсгэгдэх бөгөөд хариуцагчийг тээврийн хэрэгслийн доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж тайлбарласан боловч нэхэмжлэлийн шаардлагын уг үндэслэлээ баримтаар нотлоогүй.
14. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт “гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч гэрээний зүйлийг шилжүүлэн авснаас хойш хөдөлгүүрт гэмтэл үүссэн байх боломжтой гэж дүгнэн, Г.Гоос Э.Жт холбогдуулан гаргасан гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийн үнэ 23,700,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
15. Харин тээврийн хэрэгслийн татвар болон бусад зардлыг худалдагч тал хариуцахаар гэрээний 4.7-д тохиролцсон байх тул хариуцагчаас 120,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
16. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 347,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туахй хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Жт холбогдуулан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, төлбөрт төлсөн 23,700,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э.Жаас 120,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г:Год олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 347,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА