| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/0225/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/83 |
| Огноо | 2026-02-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2026/ШЦТ/83
2026 02 09 2026/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****, ****
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****гийн ****д холбогдох эрүүгийн 2539000000189 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч **** нь 2025 оны 05 дугаар сарын 13-аас 14-ний өдөрт шилжих шөнө Хэнтий аймгийн **** сумын 4 дүгээр баг ****гийн 7-10 тоотод орших ****ы монгол гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж тухайн гэрийн авдар дээр байсан ****ын “Samsung A52” маркийн гар утас мөн баруун талын орны хажууд байсан ****ы Samsung A12 маркийн гар утсыг авч, 319,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч ****: “... гэм буруугаа хүлээж зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2539000000189 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч **** нь 2025 оны 05 дугаар сарын 13-аас 14-ний өдөрт шилжих шөнө Хэнтий аймгийн **** сумын 4 дүгээр баг ****гийн 7-10 тоотод орших ****ы монгол гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж тухайн гэрийн авдар дээр байсан ****ын “Samsung A52” маркийн гар утас мөн баруун талын орны хажууд байсан ****ы Samsung A12 маркийн гар утсыг авч, 319,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1),
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл (хх-ийн 29),
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 30, 31),
Насанд хүрээгүй хохирогч ****, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.**** нарын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 99),
Насанд хүрээгүй хохирогч ****, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одсүрэн нарын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 100),
Насанд хүрээгүй хохирогч ****ын “....Би сумын төв дээр нагац эгч болох ****ийн гэрт амьдардаг бөгөөд манай аав, ээж хоёр хөдөө мал харж амьдардаг юм. 2025 оны 05 сарын 13-ны өдөр найз ах ****ы гэрт очиж хонохоор 17 цагийн үед очсон. **** ахтай цуг утсаараа тоглож байгаад 11 цаг өнгөрөөгөөд **** ах бид хоёр унтсан. Би унтахдаа утсаа цэнэглэгчид залгаад авдар дээр тавьчихаад унтсан юм. Тэгтэл 2025 оны 05 сарын 14-ний буюу маргааш өглөө 09 цагийн үед **** ах намайг сэрээгээд “Хоёулангынх нь утас алra болчихсон байна шүү дээ” гээд тэр хавиар нэлээн хайгаад бид хоёрын утас хоёулаа олдоогүй цэнэглэгчээс нь салгаад аваад явчихсан байсан. Мөн **** ахын унтсан орон доогуур нь байсан “Улаан шонхор” нэршилтэй хайрцагтай тамхи алга болчихсон байсан. Тэгээд бид хоёр цагдаа дээр очиж мэдэгдсэн. Тухайн утсыг 2024 оны 06 сард манай ах өгсөн. “Samsung A52” маркийн хар өнгийн кэйстэй, цагаан өнгийн 128 гб багтаамжтай, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй утас байсан. Тухайн утас нь намайг авах үед 400,000 төгрөгийн үнэлгээтэй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-8),
Насанд хүрээгүй хохирогч ****ы “... Манай аав, ээж хоёр дүүгийн хамт Улаанбаатар хотод ажил хийдэг бөгөөд би ганцаараа **** сумын төвд **** 7-10 тоотод амьдардаг юм. 2025 оны 05 сарын 13-ны өдөр манай найз дүү болох **** манайд ирээд бид хоёр өдөржингөө утсаараа "Mobile legend" тоглож байгаад орой 00 цагийн үед унтахаар хэвтээд би баруун талын орон дээр **** хойд талын орон дээр унтсан. Би унтахдаа гар утсаа өөрийн орны хажуу талд уртасгагч залгуур авчирч байгаад цэнэглээд унтсан юм. Тэгтэл маргааш өглөө нь буюу 2025 оны 05 сарын 14-ний өглөө 09 цагийн үед сэрээд утсаа хайтал байхгүй байсан. Тэгээд ****ыг сэрээгээд утсыг нь хайлгатал бас л олдохгүй байсан. Мөн миний унтсан орон доогуур байсан “Улаан шонхор” нэршилтэй хайрцагтай тамхи байхгүй болчихсон байсан. Тэгээд бид хоёр гэрийн гадуур болон дотуур баахан хайж байгаад бүр олдохгүй болохоор нь цагдаад хандсан. Би тухайн утсыг 2022 онд авч байсан хэдэн төгрөгөөр авснаа санахгүй байна. Миний утас урд талын шил нь цуурсан “Samsung A12” маркийн хар өнгөтэй, кэйсгүй 32 гб багтаамжтай утас байсан. Дотор нь миний өөрийн дугаар буюу **** дугаартай явж байсан. Тухайн үед манай гэр дотроосоо цоожгүй байсан боловч хаалга гажилттай тул онгойход их хэцүү байдаг юм. Тухайн өдөр манайхаар ирнэ гэж хэлсэн хүн байхгүй. Саарал “Приус 20” маркийн машинтай манай гэрээр орж гардаг гэвэл нутгийн ах болох хөдөө байдаг **** гэх ах манайхаар хааяадаа орж гардаг. Би тухайн **** ахыг сэжиглэж байна. Яагаад гэвэл миний утас алга болдог орой согтуу явж байна гэж хүнээс сонссон. Нэг удаа **** ах хэлэхдээ согтохоороо юу ч хамаагүй хийдэг гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 13-14),
Гэрч ****ийн “... Би нөхөр хүүхдийн хамтаар Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багт “****” гэх газар мал маллан амьдардаг бөгөөд 2025 оны 05 сарын 13-ны өдөр манай нөхөр болох **** нь **** багийн төвийн хойно байх өөрийн адуунаасаа хүнд гүү барьж өгч зарахаар 17 цагийн үед гэрээсээ өөрийнхөө саарал өнгийн “Приус 20” маркийн машиныг унаад явсан. Тэгээд орой ирэх байлгүй гэж бодоод хүлээгээд байж байтал ирэхгүй байхаар нь би унтаад өгсөн. Харин маргааш нь буюу 2025 оны 05 сарын 14-ний өглөө 08 цагийн үед гэртээ орж ирээд шууд унтаад өгсөн. Тэгтэл удалгүй 14 цагийн үед хүрч ирсэн. Тэгээд хоёр утасны талаар яриад байсан тэгтэл **** аваад нуучихсан юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22),
Шүүгдэгч ****н сэжигтнээр өгсөн “...Би 2025 оны 05 сарын 13-ны өдөр сумын төвөөс хойд зүгт 15 орчим км-т байх хөдөө гэрээсээ өөрийн **** улсын дугаартай машинаа унаад унаач хүүхэд болох ****ыг сумын төв рүү оруулж өгсөн. Тэгээд “**** ****” доод талд биллиард тоглож байгаад караоке орчихоод тэндээсээ 2025 оны 05 сарын 14-ний 02 цагийн үед гараад хамт байсан **** ахыг гэрт нь хүргэж өгчихөөд манай таньдаг дүү болох ****ы гэр лүү очтол хаалга нь хаалттай байхаар нь хүчилж татаж байгаад онгойлгосон. Тэгээд гэр лүү нь ортол ****, **** гэх нутгийн хоёр дүү унтаж байсан. Тэгэхээр ****ыг сэрээх гээд үзсэн. Тэгтэл сэрэхгүй байсан тэгэхээр нь хоёулангийнх нь утас ил байхаар нь цэнэглэгчээс нь салгаад аваад явсан. Тэгээд тэндээсээ гараад гадуур хэсэг машинтайгаа явж байгаад. **** ****ын зочид буудалд орж унтчихаад өглөө 08 цагийн үед сумын төвөөс гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18),
Шүүгдэгч ****н яллагдагчаар өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө **** сумын төвд байх биллиардад хуурай ах ****, найз **** нарын хамт байж байгаад шөнийн 01 цагийн үед биллиард тоглоод гарч ирээд ****ы гэр рүү очсон юм. Намайг очих үед ****ы монгол гэрт ****, **** хоёр унтаж байхаар нь би сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь авдар дээр нь цэнэглэж байсан 2 гар утсыг аваад гарчихсан юм. Тухайн үед би ганцаараа байсан. Тэгээд би буудалд очиж хоночихоод өглөө нь хөдөө гэртээ очоод унтаж байтал цагдаа ирээд утасны талаар ярихаар нь би шөнө нь авсан 2 утсаа гаргаж өгсөн. Ийм л зүйл болсон... Би ****, **** нараар тоглох гээд л тухайн гар утсыг нь авчихсан юм. Худалдан борлуулах зорилго байгаагүй ба би тухайн утаснуудыг ашиглаагүй... ****, **** хоёр надтай төрөл садны холбоогүй ба нэг нутгийн л хуурай ах дүү нар... 1 нь хар өнгийн кейстэй утас, нөгөө нь ягаан өнгөтэй кейсгүй дэлгэц нь хагархай утас байсан... Би ****ы гэрт очих үедээ хадам ээж болох ****ын эзэмшлийн “Приус-20” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан ба гар утсыг аваад мөн тухайн тээврийн хэрэглээ жолоодоод явсан... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Буруу зүйл хийсэн гэдгээ ухаарч ойлгож байна хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 53-54),
Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн “...Уг хөрөнгийн зах зээлийн үнийг 319,000 (Гурван зуун арван есөн мянга) төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт (хх-ийн 34-43) болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг: “...Шүүгдэгч **** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч нарын өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа учраас шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. Энэ гэмт хэргийн улмаас өмчлөх эрхэд 319,000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг шүүгдэгч **** нь мөрдөн байцаалтын явцад насанд хүрээгүй хохирогч нарт биет байдлаар буцаан олгосон. Хохирогч нарын зүгээс нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг дурдаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****: “...Шүүх хуралдаан эхлэхийн өмнө миний үйлчлүүлэгч **** нь гэм буруугийн хувьд маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч оролцоно гэсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах улсын яллагчтай санал нэг байна. Нотлох баримт шинжлэн судлахад насанд хүрээгүй хохирогч нар болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөр төлөгдсөн талаарх хүсэлтийг шинжлэн судалсан. Иймд миний үйлчлүүлэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****: “...Зүйлчлэлийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэж 319,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Насанд хүрээгүй хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь гар утсыг хүлээж авсан, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн байгаа учраас миний үйлчлүүлэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн шүүгдэгч ****г орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч ****, **** нар маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч **** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, насанд хүрээгүй хохирогч нар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч **** дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч ****н холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.
Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.
“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн болон “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнээс шүүгдэгч ****н холбогдсон Хэнтий аймгийн **** сумын 4 дүгээр баг ****гийн 7-10 тоотод орших ****ы монгол гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж тухайн гэрийн авдар дээр байсан ****ын “Samsung A52” маркийн гар утас мөн баруун талын орны хажууд байсан ****ы “Samsung A12” маркийн гар утсыг авч, 319,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учруулсан” гэсэн үндсэн шинжийг хангасан ба улмаар “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн” гэх хүндрүүлэх шинжийг хангаснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг болж байна.
Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогч ****ын “Samsung A52” маркийн гар утас, насанд хүрээгүй хохирогч ****ы Samsung A12 маркийн гар утас зэргийг хулгайлан авч байгаа үйлдэл нь монгол гэрт нь хууль бусаар нэвтэрч үйлдсэнээрээ хохирлын хэмжээнээс шалтгаалахгүйгээр хэлбэрийн шинжтэй, төгссөн гэмт хэрэг байна гэж үзлээ.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь насанд хүрээгүй хохирогч ****, **** нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг
Хавтас хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч ****н гэм буруутай санаатай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч ****, **** нарын эд хөрөнгөд 319,000 /гурван зуун арван есөн мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч **** гэмт хэрэг үйлдэж олж авсан 319,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung A52”, “Samsung A12” маркийн гар утаснуудыг биет байдлаар нь насанд хүрээгүй хохирогч нарт буцаан өгсөн болох нь Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 30, 31)-ээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ****г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг: “...Шүүхээс шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Түүний 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 137 хоногийг хорих ялд оруулан тооцуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан зардалгүй болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****: “...Миний үйлчлүүлэгчийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Мөн бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн учраас эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэл тогтоогдож байна. Миний үйлчлүүлэгчийн тухайд урьд нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт 2 удаа шийтгүүлсэн. Энэ удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон байгаа. Энэ хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн. Гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаангүй оролцож байгаа. Иймд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Өмнө нь 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Миний үйлчлүүлэгч бол амьдрал нь эхэлж байгаа залуу хүн. Бага насны хүүтэй. Ийм учраас зорчих эрхийг хязгаарлах ял, торгох ял оногдуулчих болов уу гэдэг байдлаар давж заалдсан. Мөн давж заалдах шатны шүүх буруу тайлбар хийсэн. Яагаад гэвэл орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын 2 тооны гар утсыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрөхгүй байна гэж энэ хэрэг буцсан. Одоо гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаангүй оролцож байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч **** “...Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Эрүүгийн хариуцлагыг оногдуулахад хуульд заасан хөнгөрүүлэх үндэслэл байгаа гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хорих ялын доод хэмжээг хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагчийн мэдүүлэг байгаа. Хохирол, хор уршгийг харгалзан үзэхээр заасан байгаа учраас хохирлын хэмжээ харьцангуй бага байна гэж үзэж байгаа. Хувийн байдлын хувьд урьд нь хэрэгт холбогдож байсан боловч энэ удаад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг анх удаа үйлдэж байгаа. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан нь хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Хувийн байдлын хувьд мал маллаж амьдардаг, бага насны хүүхэдтэй. Цаашид мал ахуйгаа хараад гэмт хэрэг зөрчилд дахин холбогдохгүй гэсэн дүгнэлтийг хийсэн. 3 сар гаран цагдан хоригдсон байгаа. Энэ хугацаанд ойлгож ухаарсан, дахин хэрэг, зөрчилд холбогдохгүй байх боломж байна гэдэг зүйлийг ярьдаг. Энэ нөхцөл байдал нь амьдрал дээр хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ****: “...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч ****д хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тооцож үзэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнээд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь тохирно гэж үзлээ.
Дээрх оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт ****гийн ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ****гийн ****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****н цагдан хоригдсон 136 (нэг зуун гучин зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ****д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА