Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 00250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Н-д холбогдох эрүүгийн 1738000000052 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Н.

Шүүгдэгч О.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

       Хохирогч Б.Б-ийн: “...2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цагийн орчим Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Духт гэх газар айлд очоод буцаж явж байгаад нутгийн хүмүүс болох Н, М нартай тааралдсан. Ингээд би Н-д хандаж чи Ц гэх хүнийг шүргэсэн уучлалт гуйхад яадаг юм бэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гээд намайг нэг цохиод авсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гэтэл миний дээлнээс татаж намайг дахин барьж авч нүүр рүү нэг удаа цохиж газарт унагаагаад толгой руу өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 8-12 дугаар хуудас/,

       Гэрч Н.М-ын: “... Тухайн үед Нэргүй уурлаж машинаас буугаад Б-д хандан чи ямар тэнэг хог вэ машинд дайруулж хүнд гай болох гэлээ гээд тэр хоёр барилцаж аваад Н Б-г тонгорч унагаагаад дээр нь гараад цохиж байгаа харагдсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

       Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 573 дугаартай

       1. Б.Б-ийн биед гэмтэл тогтоогдлоо.

       2. Б.Б-ийн биед тархи доргилт, хамрын нуруу, эрүүнд шарх, баруун зулайд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

       3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

       4.  Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйчлэл зөв байна.

Шүүгдэгч О.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс 300.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч О.Н нь хохирогчтой 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 34 дүгээр хуудас/-нд 300.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч О.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1738000000052 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч О.Н-г бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Н-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар тогтоосугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

      5. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      6. Эрүүгийн 1738000000052 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.НЯМСҮРЭН