Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/974

 

 

 

 

 

 

     2021           11            16                                         2021/ДШМ/974

 

 

 

П.Ч, С.О нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч П.Ч, С.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 613 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, П.Ч, С.О нарын өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлоор П.Ч, С.О холбогдох эрүүгийн 2005027390837 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Хүйцэлэг овогт П.Ч, 1974 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Оросын холбооны улсын Москва хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежментийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 48а байрны 84 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЧТ74060515/;

            2. Жаарайсаг овогт С.О, 1981 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 40 настай эмэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ...........тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч П.Ч нь 2020 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол дотор хохирогч Д.Мөнхбаттай “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан зүүн гарын долоовор хурууг мушгиж эрүүл мэндэд нь зүүн сарвууны долоовор хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт,

С.О нь “Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 218 тоот өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “манай нөхөр гэрээс орой 21 цагаас хойш гардаггүй, гэртээ байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.О үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                       

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хүйцэлэг овогт П.Чыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, Жаарайсаг овогт Самбуугийн Оюун-Эрдэнийг “мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Чод мэдэгдэж, шүүгдэгч П.Ч, С.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн нэхэмжлэлээс 681.700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Чоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 318.300 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мөнхбатад олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Ч, С.О нарын өмгөөлөгч Б.Баттулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч П.Чыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 800 нэгжээр торгох ялаар шийтгэсэн. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал’’ бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийлвэрлэсэн гэж үзэж байна. Тухайлбал, улсын яллагчийн яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолын гол үндэслэл болсон хохирогч Д.Мөнхбатын хохирогчоор өгсөн мэдүүлэг болон үүнд үндэслэж хийгдсэн таньж олуулах ажиллагааны үр дүнг анхан шатны шүүх хэтрүүлэн үнэлсэн гэж үзэж байна. Тодруулбал дээрх гэмт хэрэг нь 2020 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө болсон байх бөгөөд хохирогч Д.Мөнхбат нь тухайн үедээ шууд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн гэрчээр /хх 22/, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хохирогчоор мэдүүлэг /хх15/ өгөхдөө “ ...175-178 см орчим өндөртэй залуу байсан сайн харж чадаагүй, эмчилгээний болон ажлаа хийж чадаагүй зардлаа гаргуулж авмаар байна” гэх бөгөөд өөрт нь гэмтэл учруулсан залуугийн царай төрх, содон шинж тэмдэг сайн харж чадаагүй байдаг. Гэтэл 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр буюу хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сар гаруй хугацааны дараа дахин мэдүүлэг өгөхдөө “жолоочийн эсрэг талд сууж байсан үл таних, 35-40 орчим насны, хар өнгийн үстэй, 175-178 см өндөртэй байсан” гэж мэдүүлээд зургаар таньж олуулах ажиллагаагаар заасан байдаг. Гэхдээ хохирогч нь мэдүүлэгтээ /хх 19/ “Тэгээд маргааш өдөр нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд очиж үзүүлсэн, улмаар 2-3 хоногийн дараа цагдаагаас залгаад “Хүнийг чинь олчихлоо ирээд уулз” гэж хэлэхээр нь би очиж уулзсан” гэх мэдүүлгээс үзэхэд хохирогч Д.Мөнхбат нь анхны мэдүүлэгтээ содон шинж тэмдэг мэдэхгүй, сайн харж чадаагүй гэж мэдүүлсэн хэрнээ 6-7 сарын дараа тод санаж дуу хоолойгоор нь таньж олоод байгаа нь эргэлзээтэй бөгөөд ял шийтгэл оноох хэмжээний яллах баримт гэж үзэх боломжгүй. Хохирол төлбөрөө гаргуулах гэсэн нэг хохирогчийн мэдүүлгээр гэмгүй хоёр хүнийг хилсдүүлсэн гэж үзэж байна.

            Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолын үндэслэл болсон гэрч З.Солонго, О.Номин-Эрдэнэ нарын мэдүүлэг нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй бөгөөд яллах юмуу цагаатгах аль ч агуулга байхгүй байсаар байхад яллах баримт болгож миний үйлчлүүлэгчийн эсрэг ашигласан гэж үзэж байна. Тухайлбал гэрч З.Солонгын 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн мэдүүлэгт /хх32/ мөрдөгчП.Ч 2020 оны 9 дүгээр сарын 4-5-нд шилжих шөнө хаана байсан бэ гэсэн асуултанд гэрч П.Ч гэх хүн нь 2019 оны намар надаас салснаас хойш манай гэрт ирээгүй. 2020 оны 9 дүгээр 4-5-нд шилжих шөнө уг хаяган дээр байгаагүй” гэж хэлсээр байхад хэрэг болох үед П.Ч нь гэртээ байсан гэх боловч оршин суудаг хаягтаа байгаагүй байна хэмээн дүгнэж яллах нотлох баримт болгосон. Гэрч З.Солонго нь П.Чтой 2014-2019 оны хооронд хамт амьдарч байгаад 2019 оноос хойш салж, дахин хамт амьдраагүй бөгөөд П.Чыг тухайн өдөр хаана байсныг огт мэдэхгүй хүн юм. Харин гэрч О.Номин-Эрдэнэ нь С.О охин бөгөөд мөн дээрх хэрэг үйлдэгдсэн өдөр П.Чтой уулзаагүй, түүнийг хаана байсныг мэдэхгүй, мөн л ач холбогдолгүй гэрч юм.

                   Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч П.Ч, С.О нарын гэрчээр, яллагдагчаар, шүүгдэгчээр өгч байсан тогтвортой мэдүүлгүүд болон тэдний мэдүүлгийг нотлох баримтуудыг огт үнэлж, дүгнээгүй гэж үзэж байна. Тухайлбал миний үйлчлүүлэгч С.О нь анхны мэдүүлгээсээ эхлээд таксинд явж байсан, хохирогчийн хэлээд байгаа үйл явдал болох нь болсон гэхдээ найз залуу маань биш хамт явсан үл таних зорчигч байсан гэдгийг хэлж байсан бөгөөд тухайн өдөр зорчигчийг авч явсан замын маршрут, хэрэг болсон газрын хяналтын камерын бичлэг зэргийг хэрэгт авч цуглуулж өгөөч гэсэн хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан боловч шалгаж тогтоож өгөөгүй. Гэтэл /хх 109-111, 147/ хуудсанд С.О Хаан банкны харилцах дансны хуулга авагдсан бөгөөд уг хуулгаар миний үйлчлүүлэгч нь хүн гар өргөвөл аваад таксинд явдаг, таксины төлбөрөө дансаар шилжүүлдэг баримтууд авагдсан байдаг. Үүнийг мөн л үнэлж дүгнээгүй ба хохирогчийн “би энэ хоёрыг таксинд явдаг гэж бодохгүй байна" гэх мэдүүлэгт ач холбогдол өгсөн. Хохирогч өөрт нь халдсан этгээдийг яагаад С.Оюун-Эрдэний нөхөр гэж үзээд байгаагаа нэг ч мэдүүлэгт тайлбарлаагүй. Хэрэг болох үед эдгээр хүмүүсийн ямар үйлдэл, ямар харилцан ярианд үндэслэн эхнэр, нөхөр хоёр гэж бодсон нь ойлгомжгүй, эргэлзээтэй бөгөөд хохирогчийн бодолд тулгуурлан яллаж, шүүсэн гэж үзэж байна.

            Үйлчлүүлэгч П.Ч нь тухайн хэрэг болох үед буюу 2020 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө өөрийн ээж, өндөр настан Ц.Алтанцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 48а байр 84 тоотод байсан талаар С.О болон П.Ч нар нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлдэг боловч Алтанцэцэгийг гэрчээр асууж мэдүүлэг авалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. /хх 29-30/ хуудсанд П.Чын 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт “Миний бие нь 2020 оны 9 дүгэр сарын 4-5-нд шилжих шөнө гэртээ буюу Сүхбаатар дүүргийн 1 хороо, Олимпын гудамж 20-23 тоотод байсан” гэж мэдүүлсэн байдаг. Миний үйлчлүүлэгчийн зүгээс хэрэг болох үед гэртээ байсан гэдэг агуулгаар мэдүүлэг өгсөн боловч мөрдөн байцаагч иргэний үнэмлэхний хаяг буюу дээрх Сүхбаатар   дүүргийн  1 дүгээр хороо, Олимпын гудамж 20-23 тоот хаягийг нь бичээд мэдүүлэг авсан байдаг. Гэвч энэ нь гэрч З.Солонгын “...бид хоёр салж 2019 оноос хойш хамт амьдрахаа больсон” гэх мэдүүлгээр зөвтгөгддөг.

            Миний үйлчлүүлэгч С.О нь анхнаасаа л хэргийн талаар үнэн зөв мэдүүлж ирсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 зүйлд заасан “худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Ингэхдээ П.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, үүнийг нь мэдсээр байж гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн хэмээн үзэж 800.000 төгрөгийн торгох ял оноож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн. Гэтэл үйлчлүүлэгч П.Ч нь дээрх гэмт хэргийг үлдсэн гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад гэрч С.Оюун-Эрдэнийг худал мэдүүлсэн хэмээн үзэж хамтад нь яллагдагчаар татаж, нэг яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийтгүүлсэн. Энэ хэргийн гэрч болсноороо, өөрийн мэдэх зүйлээ мэдүүлснийхээ төлөө өөрөө яллагдагч, шүүгдэгч болж гэмгүй гэртээ байсан найз залуугаа ялтан болгосондоо үйлчлүүлэгч нар маань маш их гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч П.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаагч иргэний үнэмлэхээ өг гэсэн. Иргэний үнэмлэх дээрх хаягаар тэмдэглэгдсэн. Тухайн хаяг дээр байдаггүй, ээжтэйгээ уулзуулмааргүй байгаагаа хэлсэн. ...” гэв.

            Шүүгдэгч С.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэт нэг талыг барьсан. Бид нарын гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байж, хэргийг шийдвэрлэсэн. Ямар үндэслэлээр гэм буруутай гэж шийдвэрлэснийг ойлгохгүй байна. ...” гэв.

            Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хуульд мэдүүлгийг хэтрүүлэн үнэлэх гэх зүйл байхгүй. Үнэн, зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй хохирогчийн 2 удаагийн мэдүүлэг болон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, мөн гэрч Солонгын мэдүүлэг хэрэгт авагдсан. Хуульд заасан үндэслэл, журам, хугацааны дотор таньж олуулах ажиллагааг явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.Ч нь ээжийнхээ гэрт байсан талаар мэдүүлэг өгч байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Ч нь Сүхбаатар дүүрэг дэх гэрийн хаягаа зааж өгсөн. Энэ талаар нь гэрч Солонгоос мэдүүлэг авахад 3 жилийн хугацаанд ирж байгаагүй гэж мэдүүлсэн. Хохирогчийн мэдүүлгээр хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон. Хохирогчийн мэдүүлгээр тухайн үед С.О нь жолооны хүрдний ард, П.Ч нь хажууд нь сууж байсан, хоорондоо харилцаж байгаа байдлаар нь эхнэр, нөхөр гэж ойлгосон талаараа тогтвортой мэдүүлсэн. Яллагдагч, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээх үүрэггүй. Энэ хэрэг дээр ажиллаж байсан өмнөх мөрдөгч нь хэргийг 6 сарын хугацаагаар царцааж хувийн сонирхлоор хандсан. Мөрдөгчийг татгалзан гаргаж, хэргийг өөр мөрдөгчид шилжүүлж холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Гэрч Солонгын хаяг дээр байгаагүй гэдгийг өмнө нь нотолчихсон байсан. П.Чоос дахин мэдүүлэг авахад байгаагүй хаягийг зааж хэлсэн. Тухайн автомашин нь П.Өнөболдын автомашин бөгөөд дүү нь ахынхаа автомашиныг өөрийнхөө нэр дээр ашигладаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянаж  шийдвэрлэхдээ 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Тухайлбал, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд “өршөөлд хамаарагдахгүй” нөхцөлийг зааж өгсөн бөгөөд тус хуулийн 9.2-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бүхэлдээ Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдахгүй байхад  анхан шатны шүүх шүүгдэгч С.Од холбогдох хэргийг өршөөлд хамааруулан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан нөхцөл байдалд хамаарч байна.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, ноцтой алдаа гаргасан учир тухайн асуудлыг зөвтгүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 613 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Ч, С.О нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч П.Ч, С.О нартын өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд энэ удаа дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 613 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Ч, С.О нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхээр шийдвэрлэх хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ