Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 126/ШШ2023/0176

 

     

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох Шарнууд Э. Б /СУ89110377/-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 110 дугаар танхимд, нээлттэйгээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нарыг оролцуулан хийгээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, хариуцагчийн ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн олгохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7, 29.3, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.6 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Э. Б БНХАУ-ын Нанжин хотын Аудитын их сургуулийн Аудитын магистрын зэргийн хөтөлбөрт суралцах болсон тул түүний хүсэлтийг харгалзан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас түр чөлөөлжээ.

2.2.Нэхэмжлэгч Э.Б 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өгсний дагуу Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 5372060 төгрөгийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж, 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 777535 төгрөгийг олгосон.

2.3.2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Төрийн аудитын байгууллагын ажилтныг гадаадад суралцуулах, төгссөний дараа эргэн ажиллуулах гэрээ”-гээр Э.Бат-Эрдэнийг 2022 оны хичээлийн жилээс эхлэн БНХАУ-ын Нанжины Аудитын Их сургуулийн аудитын магистрын хөтөлбөрт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр суралцуулах, суралцах 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлөх, суралцагчаас шалтгаалан сургалтын хугацаа 2 жилээс хэтэрсэн тохиолдолд сунгагдсан хугацаанд захиалагч байгууллага шимтгэл төлөх үүрэг хүлээхгүй, суралцагчийн хүсэлтээр нийгмийн даатгалын шимтгэлийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх төлөхөөр тус тус тохиролцжээ.

2.4.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2023 оны 2 дугаар сараас эхлэн Э.Бат-Эрдэнийн ажилгүйдлийн тэтгэмжийг зогсоож, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 тоот албан бичгээр “...ажилгүйдлын даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 3.8-д зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй болохыг мэдэгдье” гэсэн хариу өгчээ.

3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Дээрх албан бичгийг хүлээн аваад Э.Б Нийгмийн даатгалын ерөнхий газарт урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандахад Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/40 тоот албан бичгээр “... таны Үндэсний аудитын газрын захиалгаар суралцаж байгаа хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж олгох хууль, эрх зүйн үндэслэлгүй байна” гэсэн хариу өгчээ.

 4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1.Нэхэмжлэгч Э.Б нь Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газарт ахлах аудитораар ажиллаж байгаад БНХАУ-ын Нанжин хотын Аудитын их сургуулийн аудитын магистрын зэргийн хөтөлбөрт суралцахаар болсон бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтаар ажлаасаа түр чөлөөлөгдөж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл олгохоор болсон.

4.2.2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хуваарийн дагуу 777.535 төгрөгийг ажилгүйдлийн даатгалын сангаас авсан. Ажилгүйдлийн тэтгэмжийн 2 дахь олголт 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр орох байсан зогсоож 2023 оны 2 дугаар сарын 27-нд нийгмийн даатгалын хэлтсээс Э.Бд ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариу өгч ажилгүйдлийн тэтгэмж олгогдохгүй зогссон байна.

4.3.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 69 дугаартай “хариу хүргүүлэх тухай” албан тоотод “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйл шимтгэл төлсөн хугацаа 3.3.1-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацаа” тооцно гэж заасны дагуу ажил олгогч байгууллага нь ажилтныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлөх үүрэгтэй. Иймд ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 3.8-д зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй ...” хэмээн ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            4.4.Э.Б нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ”, Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 3 дугаар зүйлийн 3.1 “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан нөхцлийг хангасан даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй”, 3.8.”Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.2-т заасан нөхцлийн хангасан тохиолдолд түүнд ажилгүйдлийн тэтгэмж олгоно ...” гэж заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг бүрэн хангасан байна.

            4.5.Мөн Э.Б нь төрийн албанаас түр чөлөөлөгдсөн өдрөөс хойш буюу 2023 оны 1 сараас эхлэн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй сайн дурын даатгалын гэрээ байгуулж, гэрээний дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 13.5 хувиар тооцон шимтгэл төлсөн байна.

4.6.Иймд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, хариуцагчийн ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн олгохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

5.Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд ирүүлсэн тайлбартаа

5.1.Э.Б нь ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох баримт бичгийн хамт гаргасан.

5.2.Тус хэлтэс хүсэлтийг хүлээн авч баримт бичгийн бүрдүүлэлтийг хянахад ажилтныг ажлаас чөлөөлсөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтаар төрийн албанаас түр чөлөөлөгдөж, суралцуулах гэрээ байгуулж, магистрын ажлын сэдэв чиглэлийг тодорхой тусгаж, гэрээний хэрэгжилтийг дүгнэхийг Захиргаа, хууль зүйн газрын дарга (С.Батбямба)-д даалгасан байсан.

5.3.Тиймээс Э.Бэс тушаалд заагдсан гэрээг шаардахад: Би төрийн албанаас түр чөлөөлөгдсөн боловч миний шимтгэлийг байгууллага төлөхгүй, сайн дурын даатгалд даатгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэсэн тайлбарыг хэлтсийн байцаагч Ц.Бурмаад өгч байгууллагатай гэрээ хийгээгүй гэсэн тайлбар өгч, гэрээг гаргаж өгөөгүй байдаг.

5.4.Ингэснээр ажилгүйдлийн тэтгэмжийн эхний олголт 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 777 535 төгрөг олгогдсон нь даатгуулагч Э.Бат-Эрдэнийн төрийн байгууллагаас үйлчилгээ авахдаа тус хэлтсийг болон байцаагчийг үнэн, зөв бодит мэдээллээр хангаагүй, шаардлагатай баримт бичгийг гаргах үүргээ биелүүлээгүйгээс болсон байна гэж үзэж байна.

5.5.Тус хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгаас шинээр тогтоогдсон тэтгэмжид тогтмол хяналт хийх удирдамжийн дагуу Э.Бд тогтоосон ажилгүйдлийн тэтгэмжийн баримт бичигт дотоод хяналт хийж Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалд ... ажилтантай суралцуулах гэрээ байгуулж, магистрын ажлын сэдэв чиглэлийг тодорхой тусгаж, гэрээний хэрэгжилтийг дүгнэх талаар дурдсан байна, ажилтантай гэрээ тохиролцоо байгаа эсэхийг дахин шаардахад байцаагч Ц.Бурмаад 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Төрийн аудитын байгууллагын ажилтныг гадаадад суралцуулах, төгссөний дараа эргэн ажиллуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ҮАГ/БҮА-2023-02 дугаарын гэрээг авчирч өгсөн байдаг.

5.6.Дээрх гэрээгээр байгууллагын захиалгаар 2 жилийн хугацаанд суралцаж нийгмийн даатгалын шимтгэлийг захиалагч байгууллага хариуцан 9.5 хувиар төлөхөөр тохиролцсон байдаг.

5.7.Иймээс Э.Бд тогтоосон ажилгүйдлийн тэтгэмж нь “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.3.1-д “хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацаа”-г шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийг хангасан “ажил хийхэд бэлэн, ажил хайж байгаа, хөдөлмөрийн насны хүн”-д ажилгүйдлийн тэтгэмж олгоно”, 3.8 “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн даатгуулагчийн энэ журмын 3.1-д заасан нөхцлийг хангасан тохиолдолд түүнд ажилгүйдлийн тэтгэмж олгоно.

5.8.Харин албан журмын даатгуулагч нь байгууллагын захиалгаар суралцаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь уг хугацааны тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг хариуцан төлж байгаа тохиолдолд даатгуулагчдад ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй” дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн тэтгэмжийг зогсоосон.

5.9.Э.Бат-Эрдэнийн ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгоход шаардагдах ажилласан хугацаа нь “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” гэсэн ажилласан хугацааг хангаж байгаа боловч БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр байгууллагын захиалгаар суралцаж нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасралтгүй төлөгдөж ажлын байр нь хадгалагдахаар заагдсан тул ажилгүй болсон гэж үзэхгүй байна. Иймд Э.Б нь дээрх хуулийн үйлчлэлд хамрагдах боломжгүй байна.

5.10.Төрийн аудитын газартай байгуулсан Төрийн аудитын байгууллагын ажилтныг гадаадад суралцуулах, төгссөний дараа эргэн ажиллуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ҮАГ/БҮА-2023-02 дугаарын гэрээ болон “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг үндэслэн ажил олгогч нь ажилтны суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 9.5 хувиар тооцон төлөх үүрэгтэй.

5.11.Э.Б нь одоогоор БНХАУ-д суралцахаар явсан бөгөөд дээрх гэрээний 4 дүгээр хэсгийн 4.10-д нийгмийн даатгалын шимтгэлийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс төлөхөөр заагдсан байгаа нь Э.Бат-Эрдэнийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасрахад нөлөөлж байгаа тул гэрээ байгуулсан хугацаанаас нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэх нь зүйтэй юм.

5.12.Мөн Э.Б нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан бөгөөд тус газрын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/40 дугаарын албан бичгээр ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байх нь үндэслэлтэй гэж үзсэн байдаг.

5.13.Иймд Э.Бд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж тогтоож олгох үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1. Нэхэмжлэгч Э.Б нь Хөвсгөл аймгийн төрийн аудитын газар ахлах аудитороор ажиллаж байгаад БНХАУ-д аудитын сургуульд суралцах болоод 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарч ажлаас түр чөлөөлөгдсөн байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргаж уг хүсэлтийн дагуу 5 сая гаруй төгрөгийн тэтгэмж олгохоор дарааллын дагуу тусгасан байдаг. 2023 оны 1 дзгээр сарын 25-ны өдөр хуваарийн дагуу тэтгэмж орсон байдаг.

6.2.Ингээд 2 дугаар сараас ажилгүйдлийн тэтгэмжийг нь олгох боломжгүй гээд зогсоосон байдаг. Тиймээс уг асуудлаар аймгийн нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргахад Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай журмын 2 дугаар зүйлийн 1, Ажилгүйдлийн сангаас тэтгэмж олгох тухай журмын 3.1, 3.8-д заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг.

6.3.Нэхэмжлэгч Э.Б өөрийгөө нийгмийн даатгалын шимтгэл авах эрхтэй гэж үзсэн. Учир нь ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авахгүй байх үндэслэлийг зохицуулж өгсөн байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмжийг зогсоох ёстой байтал нийгмийн даатгалын байцаагч, нийгмийн даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нь хуулийг буруу ойлгож, ажилдаа хайнга хандсаны улмаас ажилгүйдлийн тэтгэмжийг олгохгүй байгаа нь хууль бус үйлдэл юм.

6.4.Иймд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 69 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, хариуцагчийн ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжийг олгож өгнө үү гэсэн  нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцож байна.

6.5.Төрийн аудитын байгууллагын ажилтныг гадаадад суралцуулах, төгссөний дараа эргэн ажиллуулах гэрээ”-нд нийгмийн даатгалын шимтгэлийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн байгууллага төлөхөөр тохиролцсон, гэрээний дагуу Э.Б 2023 оны 2, 3, 4 дүгээр сард нийгмийн даатгалын хэлтэстэй сайн дурын гэрээ байгуулж, шимтгэлээ өөрөө төлсөн тул ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.

2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмжээ авахаар материалаа бүрдүүлж өгөх үед БНХАУ-д суралцуулах гэрээ байгуулагдаагүй байсан. Гэрээгээ байгуулахдаа ажилгүйдлийн тэтгэмж авахаар хандсан тухайгаа ажил олгогчдоо хэлэхэд аудитын байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийн 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн төлөхөөр болсон гэв.

            7.Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хөвсгөлдалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            7.1.Нэхэмжлэгч Э.Б нь 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр нэг цонхны үйлчилгээний Ц.Бурмаа байцаагчид материалаа өгсөн. Материалыг авахад Төрийн аудитын даргын тушаал дээр ажлын байр хадгалагдахаар заасан байсан. Хэрэв энэ хүн байгууллагын захиалгаар суралцаж байгаа тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй. Учир нь байгууллагын захиалгаар суралцаж байгаа тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллага нь хариуцахаар хуульд заасан байдаг.

7.2.Ингээд нэхэмжлэгчээс тушаал болон гэрээгээ авч ирж өгөөч гэж хэлсэн. Нэхэмжлэгч Э.Бэс асуухад миний шимтгэлийг байгууллага төлөхгүй гэсэн байдаг. Манайх шинэ тогтоогдсон тэтгэмжүүдээ сар бүр хянаж явдаг. Бурмаа байцаагчид “би бүр ажлаас чөлөөлөгдөөгүй, миний шимтгэлийг байгууллага төлөхгүй, би өөрөө сайн дураараа төлнө. Би гэрээ хийгээгүй” гэж хэлсэн байдаг.

7.3.Ингэж явсаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эхний олголт орсон. Э.Б төрийн байгууллагаас үйлчилгээ авахдаа тус хэлтсийн байцаагчийн шаардсан мэдээллийг үнэн зөв гаргаж өгөөгүй бодит мэдээллээр хангаагүй учир эхний олголт олгогдсон.

7.4.Хэлтсийн дотоод хяналт аудитын тасгаас шинээр тогтоогдсон ажилгүйдлийн тэтгэмждээ сар бүр хяналт хийдэг. Энэ хяналт шалгалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаар тушаалд ажилтан суралцуулахаар гэрээг шалгахаар уг баримтыг шаардахад 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр авч ирж өгсөн байдаг. Энэ гэрээгээр байгууллагын санаачилгаар БНХАУ-д суралцуулахаар заасан. Буцаж ирээд ажиллах ажлын байрыг хадгалах нөхцөл заагдсан байдаг.

7.5.Ажилгүйдлийн тэтгэмж авах үндэслэл нь ажил идэвхитэй хайж байгаа, ажил хийхэд бэлэн хөдөлмөрийн насны хүнд олгоно гэж заасан байдаг. Тухайн иргэний тухайд ажлын байр нь хадгалагдсан учраас ажилгүйдлийн тэтгэмжийг зогсоосон байдаг.

7.6.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар түр чөлөөлөгдсөн ажилтан ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсдэг. Гэхдээ эрх үүсэхгүй байх тохиолдол байдаг. Энэ нь журмаар зохицуулагдсан байдаг. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сард батлагдсан журмаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.2-д төрийн албанаас түр чөлөөлөгдсөн даатгуулагч нь ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх боловч ямар тохиолдолд эрх үүсэхгүй вэ гэхээр байгууллагын албан журмын даатгалаар суралцаж байгаа, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 3 дугаар зүйлд ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлж байгаа тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй гэж заасан байдаг.

7.7.Манай байгууллага уг заалтыг зөрчсөн гэж үзээд ажилгүйдлийн тэтгэмжийг зогсоосон байдаг. Анхнаасаа гэрээг манай байгуулага дээр авч ирж өгөөгүй, гэрээ хийгдээгүй гэж эхний олголт орсон. Байгууллагын гэрээгээр суралцаж байгаа учир байгууллага хариуцаж төлөх ёстой гэж үзсэн. Ажлын байр нь хадгалагдаж байгаа, ажил идэвхитэй хайж байгаа иргэн гэж үзэхгүй байгаа учир ажилгүйдлийн тэтгэмж авах эрхгүй гэж үзэж байна.

7.8.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн З-т “Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно: 1/хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацаа” гэж заасан тул нэхэмжлэгч Э.Бат-Эрдэнийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх үүрэгтэй.

 7.9.Төрийн аудитын байгууллагын ажилтныг гадаадад суралцуулах, төгссөний дараа эргэн ажиллуулах гэрээнд 2023 оны 05 дугаар сараас эхлэн ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр тохиролцсон нь хууль зөрчсөн байна. Хэрэв энэхүү хууль зөрчсөн гэрээг үндэслэн ажилгүйдлийн даатгалын шимтгэл Э.Бд олгох юм бол нийгмийн даатгалын санд хохирол учирна. Э.Б ажилгүйдлийн тэтгэмж авах эрхгүй.

7.10.Э.Б урьд нь 2019 онд нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлж байсан. 2023 оны 2 дугаар сард нийгмийн даатгалын сайн дурын даатгалын санд шимтгэл төлсөн тул өмнөх гэрээ нь автоматаар сунгагдсан. 2023 оны 2,нийгмийн даатгалын сайн дурын даатгалын санд шимтгэл төлсөн тул өмнөх гэрээ нь автоматаар сунгагдсан. 2023 оны 2, 3, 4 дүгээр сард сайнд дурын даатгал төлсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

8.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Э.Бат-Эрдэнийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, хариуцагчийн ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн олгохыг Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

9.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Э.Бат-Эрдэнийн ажилгүйдлийн тэтгэмжийг 2023 оны 2 дугаар сараас эхлэн зогсоож, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дугаартай албан бичгээр “... ажилгүйдлын даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 3.8-д зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй болохыг мэдэгдье” гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэн захиргааны актын бүх шинжийг агуулж байна.

10.Нэхэмжлэгч Э.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ууганбаяр “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.8-д заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг бүрэн хангасан, Төрийн аудитын байгууллагын ажилтныг гадаадад суралцуулах, төгссөний дараа эргэн ажиллуулах гэрээ”-нд нийгмийн даатгалын шимтгэлийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн байгууллага төлөхөөр тохиролцсон, гэрээний дагуу Э.Б 2023 оны 2, 3, 4 дүгээр сард нийгмийн даатгалын хэлтэстэй сайн дурын гэрээ байгуулж, шимтгэлээ өөрөө төлсөн тул ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй” гэж,

11.Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хөвсгөлдалай “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журамд ажил хийхэд бэлэн, ажил хайж байгаа, хөдөлмөрийн насны хүнд ажилгүйдлийн тэтгэмж олгоно гэж заасан. Суралцаж байгаа хүн бол ажил хийхэд бэлэн, ажил хайж байгаа хүн биш юм. Байгууллагын захиалгаар ажилтан суралцаж байгаа тохиолдолд байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй бөгөөд ажил олгогч суралцах хугацааны тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг хариуцан төлж байгаа тохиолдолд даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй. Төрийн аудитын байгууллагын ажилтныг гадаадад суралцуулах, төгссөний дараа эргэн ажиллуулах гэрээнд 2023 оны 05 дугаар сараас эхлэн ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр тохиролцсон нь хууль зөрчсөн байна. Хэрэв энэхүү хууль зөрчсөн гэрээг үндэслэн ажилгүйдлийн даатгалын шимтгэл Э.Бд олгох юм бол нийгмийн даатгалын санд хохирол учирна. Э.Б ажилгүйдлийн тэтгэмж авах эрхгүй” гэсэн агуулгаар тус тус маргасан.

12.Харин нэхэмжлэгч Э.Б 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өгсний дагуу Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 5372060 төгрөгийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж, 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 777535 төгрөгийг олгосон,

13.Э.Бат-Эрдэнийн ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгоход шаардагдах ажилласан хугацаа нь “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” гэсэн нөхцлийг хангаж байгаатай хэргийн оролцогчид маргаагүй.

14.Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ажилгүйдлийн тэтгэмжийг зогсоох нөхцөл байдал үүссэн эсэхтэй хариуцагч маргаагүй.

15.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар[1] Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7, 29.3, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.6 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Энхсайханы Бат-Эрдэнэ БНХАУ-ын Нанжин хотын Аудитын их сургуулийн Аудитын магистрын зэргийн хөтөлбөрт суралцах болсон тул түүний хүсэлтийг харгалзан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас түр чөлөөлжээ.

16.Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” гэж заасан.

17.Э.Б хуулийн энэхүү шаардлагыг хангасан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар[2] нотлогдож байна.

18.Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална” гэж заасан.

19.Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 3.1-д “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан нөхцлийг хангасан даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй, 3.8-д “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн даатгуулагч энэ журмын 3.1-д заасан нөхцлийг хангасан тохиолдолд түүнд ажилгүйдлийн тэтгэмж олгоно. Харин албан журмын даатгуулагч нь байгууллагын захиалгаар суралцаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь уг хугацааны тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг хариуцан төлж байгаа тохиолдолд даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй”,

20.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө: ... 46.1.2.зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон” гэж тус тус заасан байна.

21.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн Э.Б нь ажил хийхэд бэлэн, ажил хайж байгаа хүн биш тул тэтгэмж авах эрхгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

22.Учир нь Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 3.8-д Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн даатгуулагч энэ журмын 3.1-д заасан нөхцлийг хангасан тохиолдолд түүнд ажилгүйдлийн тэтгэмж олгох гэж заасан байна.

23.Харин албан журмын даатгуулагч нь байгууллагын захиалгаар суралцаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь уг хугацааны тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг хариуцан төлж байгаа тохиолдолд даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй юм.

24.2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Төрийн аудитын байгууллагын ажилтныг гадаадад суралцуулах, төгссөний дараа эргэн ажиллуулах гэрээ”-гээр[3] Э.Бат-Эрдэнийг 2022 оны хичээлийн жилээс эхлэн БНХАУ-ын Нанжины Аудитын Их сургуулийн аудитын магистрын хөтөлбөрт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах, суралцах 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлөх, суралцагчаас шалтгаалан сургалтын хугацаа 2 жилээс хэтэрсэн тохиолдолд сунгагдсан хугацаанд захиалагч байгууллага шимтгэл төлөх үүрэг хүлээхгүй, суралцагчийн хүсэлтээр нийгмийн даатгалын шимтгэлийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх төлөхөөр тус тус тохиролцжээ.

25.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хөвсгөлдалай, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ууганбаяр нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Э.Б 2023 оны 2, 3, 4 дүгээр сард цахимаар нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж, шимтгэлээ өөрөө төлсөн болох нь нотлогдож байна.

26.Иймд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 3.8-д зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй юм.

27.Тодруулбал, 2023 оны 2, 3, 4 дүгээр сард ажил олгогч аудитын байгууллагаас Э.Бат-Эрдэнийн тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, “Төрийн аудитын байгууллагын ажилтныг гадаадад суралцуулах, төгссөний дараа эргэн ажиллуулах гэрээ”[4], Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын ажилтан Э.Бат-Эрдэнийн ТАЦНС дэх НДШ тайлан /1-4 сар/ гэсэн баримт[5], Үндэсний аудитын газрын тайлбар[6] зэргээр нотлогдож байна.

28.Ингэснээр Э.Бд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 3.8-д “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн даатгуулагч энэ журмын 3.1-д заасан нөхцлийг хангасан тохиолдолд түүнд ажилгүйдлийн тэтгэмж олгоно” гэсэн нөхцөл бүрдэж байна.

29.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: ... 4.2.8хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан тул нэхэмжлэгч Э.Бат-Эрдэнийн ажилгүйдлийн тэтгэмж авах хууль ёсны итгэл хамгаалагдана.

30.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн З-т “Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно: 1/хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацаа” гэж заасан тул нэхэмжлэгч Э.Бат-Эрдэнийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх үүрэгтэй, харин Э.Б ажилгүйдлийн даатгалын тэтгэмж авах эрхгүй гэсэн утгаар маргасан нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

31.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн З дахь хэсэгт “Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно: 1/хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацаа” гэснийг агуулгаар нь задалж үзвэл:

Нэгдүгээрт, төрөөс төрийн албан хаагч байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох,

Хоёрдугаарт, төрөөс төрийн албан хаагч байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлөөгүй тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохгүй байх агуулгатай байна.

32.Харин хууль тогтоогчоос “төрөөс төрийн албан хаагч байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд заавал төлөх үүрэгтэй, төрийн албан хаагч байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцаж байгаа бол ажилгүйдлийн даатгалын тэтгэмж авах эрхгүй” гэсэн агуулгаар хуульчлаагүй байна.

33.2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Төрийн аудитын байгууллагын ажилтныг гадаадад суралцуулах, төгссөний дараа эргэн ажиллуулах гэрээ” нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно”, 52.2-т “Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно: 52.2.1.төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах болон бусад захиргааны эрх зүйн харилцаанд” гэж заасанд нийцсэн захиргааны гэрээ байна.

34.Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Захиргааны гэрээнд ... Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх ...”-ээр заасан..

35.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

36.Дээр дурдсанаар 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Төрийн аудитын байгууллагын ажилтныг гадаадад суралцуулах, төгссөний дараа эргэн ажиллуулах гэрээ”-гээр[7] Э.Бат-Эрдэнийг 2022 оны хичээлийн жилээс эхлэн БНХАУ-ын Нанжины Аудитын Их сургуулийн аудитын магистрын хөтөлбөрт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах, суралцах 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлөх, суралцагчаас шалтгаалан сургалтын хугацаа 2 жилээс хэтэрсэн тохиолдолд сунгагдсан хугацаанд захиалагч байгууллага шимтгэл төлөх үүрэг хүлээхгүй, суралцагчийн хүсэлтээр нийгмийн даатгалын шимтгэлийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх төлөхөөр тус тус тохиролцсон нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн, хууль зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд заасан захиргааны гэрээ илт хууль бус байх шинжийг агуулаагүй байна.

37.Түүнчлэн захиргааны гэрээ илт хууль бус биш л бол гэрээний эрх зүйн харилцаан дахь pacta sunt servanda  буюу гэрээ заавал хэрэгжих зарчим нэгэн адил үйлчилнэ.

38.Иймд “Төрийн аудитын байгууллагын ажилтныг гадаадад суралцуулах, төгссөний дараа эргэн ажиллуулах тухай гэрээ болон “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг үндэслэн ажил олгогч нь ажилтны суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 9.5 хувиар тооцон төлөх үүрэгтэй, гэрээний 4 дүгээр хэсгийн 4.10-д нийгмийн даатгалын шимтгэлийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс төлөхөөр заагдсан байгаа нь Э.Бат-Эрдэнийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасрахад нөлөөлж байгаа тул гэрээ байгуулсан хугацаанаас нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэх нь зүйтэй” гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

39.Тодруулбал гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд ажил олгогч нь ажилтны суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тодорхой хувиар тооцон төлөхдөө хэдий хугацаанаас эхлэн төлөх, хэзээ, ямар тохиолдолд төлөхгүй байх талаараа ажилтантай чөлөөтэй тохиролцох эрхтэй.

40.Төрийн аудитын байгууллагын ажилтныг гадаадад суралцуулах, төгссөний дараа эргэн ажиллуулах гэрээнд 2023 оны 05 дугаар сараас эхлэн ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр тохиролцсон нь хууль зөрчсөн байна гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

41.Даатгуулагч нь хууль тогтоомжид заасан нөхцөл байдал үүссэний улмаас ажилгүйдлын тэтгэмж авах нь нийгмийн даатгалын санд хохирол учруулсан хэрэг бус, харин даатгуулагчийн хувиар эдлэх эрх юм.

42.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Э.Бат-Эрдэнийн ажилгүйдлийн тэтгэмжийг 2023 оны 2 дугаар сараас эхлэн зогсоож, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дугаартай албан бичгээр “... ажилгүйдлын даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 3.8-д зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй болохыг мэдэгдье” гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.8, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 3-т заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт бөгөөд нэхэмжлэгчийн ажилгүйдлийн тэтгэмж авах субьектив эрхийг зөрчсөн байна.

43.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Э.Бат-Эрдэнийн ажилгүйдлийн тэтгэмжийг 2023 оны 2 дугаар сараас эхлэн зогсоож, ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн олгохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

44.Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс даатгуулагч Э.Бд нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн олгохдоо урьд олгосон 777535 /долоон зуун далан долоон мянга таван зуун гучин тав/ төгрөгийг оруулан тооцож, олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжийг хууль тогтоомжид нийцүүлэн олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 3 заасныг баримтлан Шарнууд Э Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Э.Б-ийн ажилгүйдлийн тэтгэмжийг 2023 оны 2 дугаар сараас эхлэн зогсоож, ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нийгмийн даатгалын сангаас Э.Бд ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн олгохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Бд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 

 

[1] Хэргийн 32 дугаар хуудас

[2] Хэргийн 10 дугаар хуудас

[3] Хэргийн 27-29 дүгээр хуудас

[4] Хэргийн 27-29 дүгээр хуудас

[5] Хэргийн 30 дугаар хуудас

[6] Хэргийн 31 дүгээр хуудас

[7] Хэргийн 27-29 дүгээр хуудас