Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 152/ШШ2024/00099

 

  Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: З овогт Д-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: З овогт Б-ийн Б-т холбогдох,

    У фэйсбүүк фэйж цахим хаягийн админаар бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд оролцогчид:

    Нэхэмжлэгч: Д.Б,

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

     Хариуцагч: Б.Б,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Б-т холбогдуулан У фэйсбүүк фэйж цахим хаягийн админаар бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

    1.1. Д-ийн Б миний бие 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б-ийн Б-тэй хамтран ажиллахаар харилцан тохиролцож У гэсэн нэршилтэй фэйсбүүк хуудсыг хамтдаа хөгжүүлэхээр шинээр нээн эхлүүлсэн. Бид тухайн үед ирээдүйд бий болох үнэ цэнэ, үр өгөөж, ашиг орлогыг тооцоолон төлөвлөж, орчин үеийн технологийг ашигласан хараат бус сэтгүүл зүй, цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийг Увс аймагт бий болгох зорилгоор нэгдэж энэхүү ажлаа эхлүүлж байсан. Улмаар энэхүү фэйж хуудасны хөгжүүлэлтийн ажил нь 2021 оны 4 дүгээр сараас эхлээд 6 дугаар сард эрчимжсэн. Мөн бид 2 харилцан ярилцаад У цахим хаягийн үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Upper power ХХК-ийг 50, 50 хувийн оролцоотойгоор үүсгэн байгуулсан. Миний бие өнгөрсөн хугацаанд Увсчуудынхаа сонирхлыг татаж, ард иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг түргэн шуурхай ойлгомжтой байдлаар мэдээллэхээс гадна урлаг, спорт, өв соёлын контентууд, тэмдэглэлт баяр, наадам, хурим найрын үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд дамжуулан хүргэхэд онцгой анхааран нэг ч хором энэхүү ажлаасаа хөндийрөлгүй тогтмол мэдээ мэдээлэл оруулан ажиллаж ирсэн. Бид болон миний бие үндсэн зорилгынхоо төлөө ингэж ажилласны үр дүнд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 61,000 орчим дагагчтай Увс аймгийн хамгийн идэвхитэй цахим хаяг болсон юм. Энэхүү 2 жил хагасын хугацаанд үндсэн зорилгынхоо төлөө хичээнгүйлэн ажиллаж, ирээдүйд үр өгөөж, ашгаа хүртэж, амжилтгай ажиллана гэсэн итгэл үнэмшилтэйгээр Увсын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөж танигдсан цахим хаягийг бий болгохоор зүтгэж байлаа. Энэхүү цахим хаягийг олон нийтэд таниулах, өргөжүүлэх, идэвхитэй, эрэлттэй байлгах үүднээс 2021 оны 7 дугаар сараас аав ээж, ах дүүгээсээ, мөн банк болон банк бус санхүүгийн байгууллага зэргээс зээл аван өдийг хүртэл тогтмол цалин хөлс авахгүйгээр хөдөлмөрлөж өнөөдрийн түвшинд хүргэсэн. Аливаа цахим хаягны үнэ цэнийг тодорхойлох хүчин зүйлүүдийн нэг нь яах аргагүй түүний дагагчийн тоо байдаг. Би У цахим хуудсыг таниулах, сурталчилах зорилгоор зарим тохиолдолд үйлчилгээний төлбөр авахгүйгээр, зарим үед үнээ хямдруулах байдлаар эрсдлээ өөрөө үүрэн үйл ажиллагаа явуулж байсан нь цөөнгүй. Энэхүү цахим хаягийг хөгжүүлэх, үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор банк бус санхүүгийн байгууллага болон банкнаас авсан зээл одоо ч төлөгдөж дуусаагүй байна. Гэтэл хамтрагч Б.Б нь надад хэлэхгүйгээр 2023 оны 11 дүгээр сарын 10-ны орой намайг У цахим хуудасны админ эрхээс хасаж, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хуучин ашиглаж байсан лого тэмдгийг өөрчлөн дангаараа тус Фэйсбүүк файж хуудсыг эзэмшин үйл ажиллагаа явуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Д.Б миний өнгөрсөн хугацаанд оруулсан хөрөнгө мөнгө, үүрсэн эрсдэл, зарцуулсан цаг хугацааг харгалзан У Фэйсбүүк хуудасны админаар бүртгэхийг Б.Б-т даалгаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

    2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор үзлэг хийлгэсэн. Тухайн үзлэгээр У хуудас нь Миний Увс гэх хаягаас үүссэн, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нээгдсэн, Д Б гэх хаягтай хүн админ нь болсон, , мэдээллүүдийг оруулдаг байсан, 2021 оны 03 дугаар сарын 16-нд Ноосоо Батсүх гэх хаягтай хүн буюу хариуцагч Б.Б админ болсон зэрэг нөхцөл байдал тогтоогдсон. Эдгээр мэдээллүүдийг зургаар баталгаажуулж авсан. Зохигчид нь уг хаягийг ашиг олох зорилгоор хамтарч нээснээр иргэний эрх зүйн харилцаанд оролцож эхэлсэн гэж үзэж байна. Б.Б, Д.Б нар нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаад Увс аймгийн иргэдэд мэдээ мэдээлэл түгээдэг цахим хуудас нээж үйл ажиллагаа явуулъя гэж ярилцаад ажлаасаа гараад тухайн цахим хаягийг идэвхжүүлж ашиг олох зорилготой үйл ажиллагаа явуулж байсан. Үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ олон байгууллага руу хамтран ажиллах тухай албан бичгийг явуулсан. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.Б, Д.Б нар нь компьютер программчлал, эх бэлтгэл, зар сурталчилгаа, кино зураг, видео дүрс бичлэг, гэрэл зургийн үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулах Аппер повер ХХК-ийг байгуулж, үйл ажиллагаа эрчимжүүлсэн. Анх үйл ажиллагаа таниулах зорилгоор маш олон газарт хамтран ажиллах тухай албан бичиг явуулж байсан. Нэхэмжлэгч тайлбартаа цахим хуудасны үнэ цэнэ дагагчийнхаа тооноос шалтгаалдаг гэж байна. Уг хаягийн дагагч нарын тоо нь нэмэгдэж байсан нь бусад байгууллагад илгээсэн албан бичгүүд дээрээс харагддаг. Уг хаягийг хөтөлж явуулсан үйл ажиллагааныхаа орлогоор санхүүгээ бүрдүүлж цалинжиж амьдрах гээд байгаа юм. У цахим хуудасны дагагчийн тоо 60,000 юм бол орсон мэдээ, контентийг бүх дагагч нэгэн зэрэг харах боломжтой. Ийм учраас дагагчийн тоо маш чухал. Д.Б уг цахим хуудасны анхны админаар бүртгэгдсэн, Аппер повер ХХК-ийн эрхлэн явуулдаг У цахим хаягт ажиллах ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулдаг, тус хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал албан тушаалтай, хэнийг ажиллуулах ажиллуулахгүй тухай асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд байсан. У.Э, Б.Ц нартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн харилцаанд орсон. Хариуцагчийг татгалзлынхаа үндэслэлийг нотолж чадаагүй гэж үзэж байна. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.А-ийн албан тоотоор тухайн маргаан бүхий цахим хуудас нь Б.Б-ийн хувийн хаяг мэт агуулгатай албан бичгийг ирүүлсэн. Үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн нөхцөл байдал үгүйсгэгдэж хариуцагчийн татгалзал нотлогдоогүй. Хариуцагч нь хэргийн оролцогчийн хувьд үнэн зөв мэдүүлэг тайлбар гаргах үүрэгтэй ба юу дуртайгаа хэлээд байж болохгүй. Уг маргаан нь өмнө нь тэр бүр шүүхээр шийдэгдэж байгаагүй, шинэ тутмын маргаан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна гэж заасан. У цахим хуудас нь нэхэмжлэгч хариуцагч нарын ажлын байр гэж ойлгож болно. Тухайн хаягийг хамтарч нээгээд, үйл ажиллагааны орлогоос ашиг олох зорилгоор хамтарч нээж ажиллуулсан учраас иргэний эрх зүйн харилцаанд орсон гэж үзнэ. Цахим хуудсаа зарах тухай асуудал яригдахад нэхэмжлэгч 100 саяар зарах уу? гэхэд хариуцагчийн зүгээс 500 сая гээд л хэвтэнэ дээ гэж хариулсан байдаг. Энэ нь дээрх цахим хуудаснаас ийм хэмжээний орлого олох боломжтойг харуулж байна. Иймд эд хөрөнгийн эрхийн асуудал яригдах шаардлага гарна. Энэ тухай асуудлыг тусдаа нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ. Иргэний хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр зүйлийн 1.2-т Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ гэж заасан. Энэ тохиолдолд Д.Б нь хамтарч үйл ажиллагаа явуулж байсан цахим хуудасны админаас хасагдсанаар олсон орлогоос нь хүртэж чадахгүй, эрх нь зөрчигдсөн нөхцөл байдал хүрээд байна. Иргэний хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ гэж заасан. Талууд иргэний эрх зүйн харилцаанд орсон, иргэний эрх зүйн харилцаатай холбоотой маргаан үүссэн байна. Эдгээр нөхцөл байдлуудад бодит дүгнэлт хийж Д.Б-ыг У фэйж цахим хаягийн админаар бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

     3. Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Увс аймгийн Засаг даргын тамгын газарт хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа Миний Увс фэйсбүүк профайл хаягийг дангаар хариуцан ажиллаж байсан. Албаны даргын даалгавраар 2021 оны 02 дугаар сарын 01- ний өдөр анх Миний Увс нэртэй фэйсбүүк пэйж хуудсыг өөрийн хариуцан ажиллуулж байсан. Миний Увс файл хаягаас нээсэн фэйсбүүк профайл анх нээхдээ хамт ажиллаж байсан хэвлэлийн ажилтан Д.Б-ыг өөрийн хариуцан ажиллуулдаг Миний Увс фэйсбүүк профайл хаягаас Миний Увс фэйсбүүк пэйжид админаар нэмж, мэдээлэл оруулан ажиллаж байсан. Хэвлэл мэдээллийн алба ньаймгийн Засаг даргын тамгын газар Увс нэртэй шинэ фэйсүүк пэйж хаяг нээн ажиллуулах болсноор өөрийн анх нээсэн Миний Увс пэйж хуудсыг хувьдаа ашиглах зорилгоор У нэрээр өөрчлөх зөвшөөрөл авч өөрийн болгож өөрийн хариуцан ажиллуулдаг Миний Увс фэйсбүүк профайл хаягаас Миний Увс фэйсбүүк пэйжийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр У "нэртэй болгон өөрчилсөн. Иймд тус У "фэйсбүүк пэйж хуудсыг Б.Б миний бие дангаар ашиглах эрхтэй тул нэхэмжлэгч Д.Б-ыг буцаан админ эрхээр бүртгэх боломжгүй юм. Уг маргаан бүхий цахим хуудас нь миний ашиглаж болох, ашиглах эрх нь надад байгаа цахим хуудас гэдэг нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны даргын тодорхойлолтоор нотлогдож байгаа. Миний Увс гэдэг пропайл хаягт хийгдсэн үзлэг нь У цахим хуудас нь Миний Увс гэх пропайл хаягаас нээгдсэн нь харагддаг. Миний Увс пропайл хаяг нь анх фэйж хуудас нээхээс өмнө 2013 онд ашиглаж байсан миний хувийн пропайл хаяг байгаа юм. Уг пропайл нь миний 2 дугаар хаяг байсан учраас идэвхгүй байлгахын тулд төрсөн ах эгч нараа найзаас хасаж байсан. Энэ нь ч үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан. Нэхэмжлэгч тал бидний хооронд уг фэйжийг ашиглаж үйл ажиллагаа явуулна гэж ямар нэгэн гэрээг бичгээр байгуулаагүй, админаас хасах хасахгүй тухай ч гэрээ байхгүй, миний пропайл хаягнаас нээсэн цахим хуудас учраас хэнийг хасаж нэмэх нь миний эрхийн асуудал гэж үзэж байна. У.мн гээд сайт болгосон. Сайт гэдэг бол Датаком гэдэг компаниас худалдаж авдаг домэйн нэр байгаа юм. У.мн сайт, инстаграм хаяг, ютүб чанел, сүүлд нээсэн Увсын мэдээ, У.мн гэх фэйжүүд болон зээлээр авч үйл ажиллагаандаа хэрэглэж байсан бүх тоног төхөөрөмж Д.Б-д үлдсэн. У.мн хаягийг би авсан бол маргаан үүсгэж болох юм. Гэхдээ фэйсбүүк фэйж нь хэн нэгний өмч биш, АНУ-ын компанийн бүтээгдэхүүн байгаа юм. Хэрэв маргаан үүсгэхээр бол тус компанид хандан маргаан үүсгэх нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

   4. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Аппер повер ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Аппер повер ХХК-ийн дүрэм, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Аппер повер ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б, Б.Ц нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан №02 дугаар хөдөлмөрийн гэрээ, Аппер повер ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б, У.Э нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан №2 дугаар хөдөлмөрийн гэрээ, U.mn-ээс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Уяачдын холбоонд хүргүүлсэн хамтран ажиллах санал, U.mn-ээс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хяргас сумын уугуул, Эрдэс Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ц танаа гэх хамтран ажиллах санал, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/, Увс аймгийн Хөл бөмбөгийн холбооны тэргүүн О.Г, Аппер повер ХХК-ийн захирал Д.Б нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан №01/09 дүгээр хамтран ажиллах гэрээ, Эрдмийн эхлэл ЕБС-ийн менежер П.Б, Аппер повер ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан №01 дүгээр хамтран ажиллах гэрээ, U.mn танилцуулага зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

    5. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын Тамгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3/1900 дугаар тодорхойлолт, Миний Увс гэх 1 хуудас фото зураг, Б.Б-ийн шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн.

    6. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 125 дугаар захирамжаар У фейж хуудаст үзлэг хийсэн, үзлэгийн тэмдэглэлд тусгасан, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 211 дүгээр захирамжаар Б.Ц, Г.О, Р.У нараас гэрчийн мэдүүлэг авсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 254 дүгээр захирамжаар Миний Увс фэйсбүүк хаягт үзлэг хийсэн, үзлэгийн тэмдэглэлд тусгасан.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч Д.Б-ийн эхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

     2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

    Миний бие 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б-ийн Б-тэй хамтран ажиллахаар харилцан тохиролцож У гэсэн нэршилтэй фэйсбүүк хуудсыг хамтдаа хөгжүүлэхээр шинээр нээн эхлүүлсэн. Бид тухайн үед ирээдүйд бий болох үнэ цэнэ, үр өгөөж, ашиг орлогыг тооцоолон төлөвлөж, орчин үеийн технологийг ашигласан хараат бус сэтгүүл зүй, цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийг Увс аймагт бий болгох зорилгоор нэгдэж энэхүү ажлаа эхлүүлж байсан. Улмаар энэхүү фэйж хуудасны хөгжүүлэлтийн ажил нь 2021 оны 4 дүгээр сараас эхлээд 6 дугаар сард эрчимжсэн. Мөн бид 2 харилцан ярилцаад У цахим хаягийн үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Upper power ХХК-ийг 50, 50 хувийн оролцоотойгоор үүсгэн байгуулсан. Миний бие өнгөрсөн хугацаанд Увсчуудынхаа сонирхлыг татаж, ард иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг түргэн шуурхай ойлгомжтой байдлаар мэдээллэхээс гадна урлаг, спорт, өв соёлын контентууд, тэмдэглэлт баяр, наадам, хурим найрын үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд дамжуулан хүргэхэд онцгой анхааран нэг ч хором энэхүү ажлаасаа хөндийрөлгүй тогтмол мэдээ мэдээлэл оруулан ажиллаж ирсэн. Бид болон миний бие үндсэн зорилгынхоо төлөө ингэж ажилласны үр дүнд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 61,000 орчим дагагчтай Увс аймгийн хамгийн идэвхитэй цахим хаяг болсон юм. Энэхүү 2 жил хагасын хугацаанд үндсэн зорилгынхоо төлөө хичээнгүйлэн ажиллаж, ирээдүйд үр өгөөж, ашгаа хүртэж, амжилтгай ажиллана гэсэн итгэл үнэмшилтэйгээр Увсын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөж танигдсан цахим хаягийг бий болгохоор зүтгэж байлаа. Энэхүү цахим хаягийг олон нийтэд таниулах, өргөжүүлэх, идэвхитэй, эрэлттэй байлгах үүднээс 2021 оны 7 дугаар сараас аав ээж, ах дүүгээсээ, мөн банк болон банк бус санхүүгийн байгууллага зэргээс зээл аван өдийг хүртэл тогтмол цалин хөлс авахгүйгээр хөдөлмөрлөж өнөөдрийн түвшинд хүргэсэн. Аливаа цахим хаягны үнэ цэнийг тодорхойлох хүчин зүйлүүдийн нэг нь яах аргагүй түүний дагагчийн тоо байдаг. Би У цахим хуудсыг таниулах, сурталчилах зорилгоор зарим тохиолдолд үйлчилгээний төлбөр авахгүйгээр, зарим үед үнээ хямдруулах байдлаар эрсдлээ өөрөө үүрэн үйл ажиллагаа явуулж байсан нь цөөнгүй. Энэхүү цахим хаягийг хөгжүүлэх, үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор банк бус санхүүгийн байгууллага болон банкнаас авсан зээл одоо ч төлөгдөж дуусаагүй байна. Гэтэл хамтрагч Б.Б нь надад хэлэхгүйгээр 2023 оны 11 дүгээр сарын 10-ны орой намайг У цахим хуудасны админ эрхээс хасаж, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хуучин ашиглаж байсан лого тэмдгийг өөрчлөн дангаараа тус Фэйсбүүк файж хуудсыг эзэмшин үйл ажиллагаа явуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Д.Б миний өнгөрсөн хугацаанд оруулсан хөрөнгө мөнгө, үүрсэн эрсдэл, зарцуулсан цаг хугацааг харгалзан У Фэйсбүүк хуудасны админаар бүртгэхийг Б.Б-т даалгаж шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

   3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

    Миний бие Увс аймгийн Засаг даргын тамгын газарт хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа Миний Увс фэйсбүүк профайл хаягийг дангаар хариуцан ажиллаж байсан. Албаны даргын даалгавраар 2021 оны 02 дугаар сарын 01- ний өдөр анх Миний Увс нэртэй фэйсбүүк пэйж хуудсыг өөрийн хариуцан ажиллуулж байсан. Миний Увс файл хаягаас нээсэн фэйсбүүк профайл анх нээхдээ хамт ажиллаж байсан хэвлэлийн ажилтан Д.Б-ыг өөрийн хариуцан ажиллуулдаг Миний Увс фэйсбүүк профайл хаягаас Миний Увс фэйсбүүк пэйжид админаар нэмж, мэдээлэл оруулан ажиллаж байсан. Хэвлэл мэдээллийн алба ньаймгийн Засаг даргын тамгын газар Увс нэртэй шинэ фэйсүүк пэйж хаяг нээн ажиллуулах болсноор өөрийн анх нээсэн Миний Увс пэйж хуудсыг хувьдаа ашиглах зорилгоор У нэрээр өөрчлөх зөвшөөрөл авч өөрийн болгож өөрийн хариуцан ажиллуулдаг Миний Увс фэйсбүүк профайл хаягаас Миний Увс фэйсбүүк пэйжийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр У "нэртэй болгон өөрчилсөн. Иймд тус У "фэйсбүүк пэйж хуудсыг Б.Б миний бие дангаар ашиглах эрхтэй тул нэхэмжлэгч Д.Быг буцаан админ эрхээр бүртгэх боломжгүй юм. Уг маргаан бүхий цахим хуудас нь миний ашиглаж болох, ашиглах эрх нь надад байгаа цахим хуудас гэдэг нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны даргын тодорхойлолтоор нотлогдож байгаа. Миний Увс гэдэг пропайл хаягт хийгдсэн үзлэг нь У цахим хуудас нь Миний Увс гэх пропайл хаягаас нээгдсэн нь харагддаг. Миний Увс пропайл хаяг нь анх фэйж хуудас нээхээс өмнө 2013 онд ашиглаж байсан миний хувийн пропайл хаяг байгаа юм. Уг пропайл нь миний 2 дугаар хаяг байсан учраас идэвхгүй байлгахын тулд төрсөн ах эгч нараа найзаас хасаж байсан. Энэ нь ч үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан. Нэхэмжлэгч тал бидний хооронд уг фэйжийг ашиглаж үйл ажиллагаа явуулна гэж ямар нэгэн гэрээг бичгээр байгуулаагүй, админаас хасах хасахгүй тухай ч гэрээ байхгүй, миний пропайл хаягнаас нээсэн цахим хуудас учраас хэнийг хасаж нэмэх нь миний эрхийн асуудал гэж үзэж байна. У.мн гээд сайт болгосон. Сайт гэдэг бол Датаком гэдэг компаниас худалдаж авдаг домэйн нэр байгаа юм. У.мн сайт, инстаграм хаяг, ютүб чанел, сүүлд нээсэн Увсын мэдээ, У.мн гэх фэйжүүд болон зээлээр авч үйл ажиллагаандаа хэрэглэж байсан бүх тоног төхөөрөмж Д.Б-д үлдсэн. У.мн хаягийг би авсан бол маргаан үүсгэж болох юм. Гэхдээ фэйсбүүк фэйж нь хэн нэгний өмч биш, АНУ-ын компанийн бүтээгдэхүүн байгаа юм. Хэрэв маргаан үүсгэхээр бол тус компанид хандан маргаан үүсгэх нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

    4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

    4.1. Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Б.Б нар нь 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн У фэйсбүүк фэйж цахим хуудсыг нээн, ард иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг түргэн шуурхай ойлгомжтой байдлаар мэдээллэхээс гадна урлаг, спорт, өв соёлын контентууд, тэмдэглэлт баяр, наадам, хурим найрын үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд дамжуулах зэрэг үйл ажиллагааг явуулахаар тохиролцжээ.

   4.2. Ингээд тус фэйж хуудсын админаар Д.Б-ыг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэмж, тэрээр мэдээлэл оруулан ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. Д.Б, Б.Б нар нь У цахим хаягийг хөгжүүлэх зорилгоор Аппер повер ХХК-ийн хамтран үүсгэн байгуулж ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болох Б.Ц, У.Э нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, уяачдын холбоо, Эрдэс Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ц нарт хүргүүлсэн хамтран ажиллах санал, Увс аймгийн Хөлбөмбөгийн холбоо болон Эрдмийн эхлэл ЕБС-тай хамтран ажиллах гэрээ зэргээр тогтоогджээ.

     Мөн гэрч Г.О 2021 онд санагдаж байна. Д.Б, Б.Б нар У сайтыг нээх зорилгоор манай Транскапитал банк бус санхүүгийн байгууллагаас тоног төхөөрөмж авах зориулалтаар 18-20 орчим сая төгрөгийн зээл авсан. Би тухайн үед эрхлэгчийг төлөөлж гарын үсэг зурж, эдийн засагч Б.О зээлийг судлан олгож, Д.Б, Б.Б нар гарын үсэг зурж байсан учраас би энэ талаар мэднэ, гэрч Б.Ц Би 202 оны 8 дугаар сарын сүүлээр У сайтын сэтгүүлчээр ажилд орсон. Тухайн үед ажилд томилогдоход Д.Б эдитор буюу пост оруулах эрхтэй сэтгүүлчээр намайг бүртгэж байсан. Д.Б болон Б.Б нар үндсэн админ бөгөөд миний бие тэр нарын дор эдитор хийх ба мөн мэдээ оруулах эрхтэй. Д.Б мэдээ, пост чиглэл, Б.Б эвлүүлэг, монтаж хариуцдаг байсан боловч бид гурав гурвуулаа пост мэдээ оруулах эрхтэй ажиллаж байсан гэх мэдүүлгүүд өгчээ.

    4.3. Гэтэл Д.Б-ыг У фэйсбүүк фэйж цахим хаягийн админаас 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хассан болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.

    Хариуцагч нь Нэхэмжлэгч тал болон бидний хооронд уг фэйжийг ашиглаж үйл ажиллагаа явуулна гэж ямар нэгэн гэрээг бичгээр байгуулаагүй, админаас хасах хасахгүй тухай ч гэрээ байхгүй, миний пропайл хаягнаас нээсэн цахим хуудас учраас хэнийг хасаж нэмэх нь миний эрхийн асуудал гэж үзэж байна. У.мн гээд сайт болгосон. Сайт гэдэг бол Датаком гэдэг компаниас худалдаж авдаг домэйн нэр байгаа юм. У.мн сайт, инстаграм хаяг, ютүб чанел, сүүлд нээсэн Увсын мэдээ, У.мн гэх фэйжүүд болон зээлээр авч үйл ажиллагаандаа хэрэглэж байсан бүх тоног төхөөрөмж Д.Б-д үлдсэн. У.мн хаягийг би авсан бол маргаан үүсгэж болох юм. Гэхдээ фэйсбүүк фэйж нь хэн нэгний өмч биш, АНУ-ын компанийн бүтээгдэхүүн байгаа юм. Хэрэв маргаан үүсгэхээр бол тус компанид хандан маргаан үүсгэх нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргасан маргасан ба ямар үндэслэлээр админаас хассан, ямар үндэслэлээр бүртгэх боломжгүй болохыг нотлох баримтаар нотлоогүй.

    5. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж тус тус заасан.

  Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бзхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна гэж заасан ба дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Д.Б, Б.Б нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

     6. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно, 478 дугаар зүйлийн 478.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна гэж тус тус заажээ.

   7. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Б-ыг У фэйсбүүк фэйж цахим хаягийн админаар бүртгэхийг хариуцагч Б.Б-т даалгаж шийдвэрлэлээ.

    8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгох нь зүйтэй байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Б-ыг У фэйсбүүк фэйж цахим хаягийн админаар бүртгэхийг хариуцагч Б.Б-т даалгасугай.

    2Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                              ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        П.БОЛОР