Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2024/00526

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ************** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ************ тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:5169038/-д холбогдох,

23,218,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Өлзийсайхан /Ү№3065/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Ууганбаяр /Ү№0416 /,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, өмгөөлөгч А.Өлзийсайхан нар шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Талуудын хооронд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан №Encanto Town-3 204/02/80 дугаартай Орон сууц захиалгын гэрээ" болон Монгол Улсын Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу "*******" ХХК-иас нийт 23,218,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

П.******* миний бие нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ******* ХХК-тай харилцан тохирч Encanto Town-3204/02/80 дугаартай орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Тус гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч "*******" ХХК нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Encanto Town хотхоны 3-р ээлжийн барилгын 204 дүгээр байр, 02 дугаар орц, 9 дүгээр давхар, 80 тоотод байрлах нийт 80 м.кв талбайтай 3 өрөө орон сууц-ыг 9.43 м.кв талбайтай автомашины зогсоолын хамт 2022 оны 04 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтад оруулах, улмаар улсын комиссын акт гарснаас хойш 7 хоногийн дотор захиалагч талд хүлээлгэн өгөх үндсэн үүргийг хүлээсэн бол нөгөө талаас П.******* миний бие тус орон сууцны 01 м.кв тутмын үнийг нь 4,700,000 төгрөгөөр тооцож, 80 м.кв орон сууцны үнэд 376,000,000 төгрөг, харин автомашины зогсоолын төлбөрт 40,000,000 төгрөг, нийт 416,000,000 /дөрвөн зуун арван зургаан сая/ төгрөгийг гүйцэтгэгч талд төлөх хариу үүргийг хүлээсэн.

Ийнхүү тохирсны үндсэн дээр П.******* миний бие 2022 оны 03-р сарын 03-ны өдөр 332,800,000 төгрөгийг, 2022 оны 07-р сарын 18-ны өдөр 41,500,000 төгрөгийг, 2022 оны 07-р сарын 20-ны өдөр 41,700,000 төгрөгийг буюу нийт 416,000,000 төгрөгийг хуваарьт хугацаанаас өмнө нь, зохих ёсоор, бүрэн төлж дуусгасан.

Харин "*******" ХХК нь зэргэлдээх барилга дотор гал гарсан гэдэг шалтгаанаар орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг хойшлуулсаар, 2023 оны 02 дугаар сард ашиглалтад оруулан, улсын комисст хүлээлгэж өгсөн. Гүйцэтгэгч нь орон сууцыг ашиглалтад оруулсны дараагаар, түлхүүрийг хүлээлгэж өгөх зорилгоор 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр намайг дуудсан ба П.******* миний бие түлхүүр хүлээлцэхтэй зэрэгцэн тухайн орон сууцны дотоод талбайн хэмжилтийг тусгай зөвшөөрөл бүхий "Скайлайн дизайн ХХК-иар хийлгэхэд дотоод талбайн бодит хэмжээс нь гэрээнд заагдсан 80 м.кв-аас 4.94 м.кв-аар зөрүүтэй буюу 75.06 м.кв хэмжээтэй байгаа нь тогтоогдсон.

П.******* миний бие ч тэр доор нь буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөртөө багтаан "*******" ХХК-д хүсэлт гаргаж, орон сууцны нийт талбайн зөрүү 4.94 м.кв хэмжээсний үнэ болох 23,218,000 төгрөгийг буцааж өгөхийг шаардсан.

Гэвч "*******" ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн 03/20-01 дугаартай албан тоотдоо тус шаардлагыг хүлээж авахаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Үүний дараагаар миний бие асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх зорилгоор Encanto Town-3 204/02/80 дугаартай "Орон сууц захиалгын гэрээ"-ний 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч мөн л үр дүнд хүрсэнгүй.

Хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.7-т заасны дагуу талбайн хэмжээг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу чөлөөт байдлын хүрээнд тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч энэ нь хуулийн хүрээнд байх ёстой бөгөөд дураараа авирлах заалт байх ёсгүй юм. Тодруулбал орон сууцны талбайн хэмжээг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа MNS 6058:2009 стандартыг баримтлан хэмжих учиртай. Үүний дагуу эрх бүхий этгээд нь дээрх хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын дагуу хэмжилтийг хийхэд 4.94 мкв, хариуцагчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр 5 мкв-ын зөрүү гарах болчихсон байдаг.

Гэрээ байгуулаад захиалга өгөх үед хотхоны краказ бүрэн боссон байсан бөгөөд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэн, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр, гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлж шаардсан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд мкв-ийн үнэ 4,700,000 төгрөг гэдэг дээр маргаж байгаагүй, гэрээнд тусгайлан заагаагүй байдаг боловч энэ үйл баримтын хувьд бол маргаагүй. Хэрвээ шаардлагатай бол хариуцагч ******* ХХК-ийн 75108858 тоот автомат хариулагчтай утаснаас Энканто таун-3 хотхоны мкв-ийн үнийн мэдээллийг талбайн сонголтоос хамаарч мкв-ийн үнэ 5,200,000-5,900,000 төгрөг болохыг тодруулах боломжтой.

Иймд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Encanto Town-3 204/02/80 дугаартай Орон сууц захиалгын гэрээ болон Монгол Улсын Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу орон сууцны 4.94 м.кв талбайн зөрүү болох 23,218,000 төгрөгийг *******" ХХК-иас нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч С.Ууганбаярын хамт татгалзлын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч П.*******ийн "*******" ХХК-иас орон сууцны 4.94 мкв-ын зөрүү болох 23,218,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

******* ХХК болон П.******* нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан 204/02/80 дугаартай "Орон сууц захиалгын" гэрээгээр П.******* нь Баянзүрх дүүрэг, 26-р хорооны нутаг дэвсгэрт баригдах "Энканто таун хотхоны 3-р ээлжийн 02-р орцны 80 тоот хаягт байрлах 80 мкв талбай бүхий орон сууцыг нийт 428,000,000 төгрөг байхаас "*******" ХХК нь 12,000,000 төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлж 416,000,000 төгрөгөөр захиалан бариулж, төлбөрийг хэсэгчлэн төлөх, "*******" ХХК нь барилгыг 2022 оны 4-р улиралд багтаан барихаар харилцан тохиролцсон.

"*******" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, орон сууцыг П.*******ийн өмчлөлд шилжүүлсэн. Гэтэл П.******* нь захиалсан талбайн хэмжээ дутсан мэтээр нэхэмжлэл гаргасан нь огт үндэслэлгүй юм.

Учир нь захиалагч П.******* "Орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа гэрээний нөхцөл, зураг төсөл болон орон сууцны танилцуулгатай бүрэн танилцсаны үндсэн дээр гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан.

Тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-д зааснаар "орон сууцны талбайн хэмжээг орон сууцны барилгын гадна ханын дотор талаас тооцоолсон ба уг талбайн хэмжээнд сууцны болон сууцны бус зориулалттай талбай, түүний бүрдэл хэсэг орсон, ... Талууд гэрээний 02 тоот хавсралт зурагт үзүүлсэн орон сууцны талбайн хэмжээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурна гэсэн заалтыг П.******* нь хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан билээ.

"*******" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй бөгөөд үүргийн зөрчил гаргасан явдал байхгүй гэж үзэж байна.

Тодруулбал, "Орон сууц захиалгын гэрээ-ний 5.7 дахь заалт нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх чөлөөний зарчмын үндсэн дээр гэрээний нөхцлийг хуулийн хүрээнд тодорхойлох боломжийн хүрээнд хийгдсэн.

Нэхэмжлэгч П.*******ийн захиалсан орон сууцны талбайг гэрээний 5 дугаар зүйлийн 5.7 дахь заалтын дагуу хананы дотор талаас хэмжвэл зураг төсөл болон гэрээнд заасан хэмжээндээ байгаа бөгөөд өрөөнүүдийг тусгаарласан хананы доор байгаа талбай ч гэсэн П.*******ийн худалдан авч байгаа орон сууцны талбайд хамаарна.

Учир нь манай компани гэрээгээр П.*******т дан ганц 80 мкв талбайг бус харин дуу чимээ тусгаарлах, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн, зориулалтын зузаантай, барилгын норм, дүрэм, стандартад нийцсэн өрөө хоорондын хана, цонх, хаалга бүхий иж бүрэн орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тус орон сууцыг ашиглалтад оруулж нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болно.

П.******* нь тухайн үед эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан бол шаардлага гаргах эрхээ алдана. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн өдөр орон сууцыг хүлээн авахдаа доголдлыг мэдсээр мөртлөө хүлээн авсан үйл баримт тогтоогдож байх учир тэрээр шаардах эрхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь 1 мкв-ийн үнэ 4,700,000 төгрөг байсан гэдгийг хэрхэн гаргаж ирсэн болохыг бид мэдэх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөрөхгүй гэж байхад 4,700,000 төгрөг гэдэгт маргаагүй гэдгийг зөвшөөрөхгүй.

Иймд П.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, талуудын хооронд 2022.03.02-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ, гэрээний төлбөр төлөх хуваарь, Худалдаа хөгжлийн банкны 2022.03.03-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, дансны хуулга, ******* ХХК-ийн захирлын 2023.02.15-ны өдрийн Орон сууцыг автозогсоолын хамт хүлээлгэн өгөх зөвшөөрөл, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204131318 дугаарт бүртгэгдсэн, Баянзкүрх дүүргийн 26 хороо, Олимп хороолол /13312/, ****** гудамж,*** байр,**** тоот хаягт байршилтай, 80 мкв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 001095356 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Скайлайн дизайн ХХК-ийн дүгнэлт, тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ болон Скайлайн дизайн ХХК-ийн хооронд 2019.06.05-ны өдөр байгуулсан Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан №ЗТ16-724/19 тоот гэрээний хуулбар, Скайлайн дизайн ХХК-ийн тусгай зөвшөөрөл, түүний хавсралт, нэхэмжлэгчээс 2023.02.15-ны өдөр ******* ХХК-д гаргасан өргөдөл, ******* ХХК-ийн 2023.03.20-ны өдрийн 03/20-01 тоот нэхэмжлэгч П.*******т хүргүүлсэн хариу албан бичиг, нэхэмжлэгчийн 2023.04.03-ны өдөр өмгөөлөгч А.Өлзийсайхантай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023.04.13-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай №307 тоот тэмдэглэл, 2023.12.15-ны өдөр Ж.*******ад олгосон итгэмжлэл /хх-ийн 1-27,83 /,

3.2.Хариуцагчаас ирүүлсэн: 2023.04.28-ны өдөр Б.Оргилцэцэгт, 2023.05.01-ний өдөр Т.*******д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, өмгөөлөгч С.Ууганбаяртай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 31, 36,40,46,71-72/,

3.3.Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Бат Синержи Интернэшнл ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 63-65, 92-93/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны 4,94 мкв талбайн зөрүү болох 23,218,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-т заасны дагуу орон сууцны талбайн хэмжээг тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

 

4. Талуудын хооронд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр №Encanto Town-3 204/02/80 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, гэрээгээр П.******* нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлөх, гэрээний 1.2-т заасан орон сууцыг хүлээн авах, ******* ХХК нь гэрээний 1.2-т заасан орон сууцны барилгыг бариулж, ашиглалтад оруулан, орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. /хх-ийн 5/

 

4.а. Нэхэмжлэгч П.******* нь гэрээгээр тохиролцсон талбайн төлбөрт 2022.03.03-ны өдөр 332,800,000 төгрөг, 2022.07.18-ны өдөр 41,500,000 төгрөг, 2022.07.20-ны өдөр 41,700,000 төгрөг, нийт 416,000,000 төгрөг төлсөнтэй зохигч маргаагүй. /хх-ийн 10-12/

 

5. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т:Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, 198.2-т :Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасны дагуу талууд гэрээг Орон сууц захиалгын гэрээ гэж нэрлэсэн боловч тэдний тайлбар, гэрээний агуулгаас үзэхэд хариуцагчийн барьж ашиглалтад оруулах Баянзүрх дүүрэг, 26 хороо, Encanto town хотхоны 3-р ээлжийн барилга, Энканто-3, 204 байр, 2-р орц, 80 тоот хаягт байршилтай, 9 давхрын 3 өрөө, 80 мкв орон сууц, 2 давхарт 13 тоот хаягт байршилтай, 9.43 мкв талбай бүхий авто зогсоолыг нэхэмжлэгч сонгон авч, үнийг төлснөөр уг талбайг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон зэргээс үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

5.а. Талууд гэрээний зүйл орон сууц, авто зогсоолын хамт хүлээлцэх баримтыг 2023.02.15-ны өдөр үйлдсэн байх ба П.*******т Эрхийн улсын бүртгэлийн Y-2204131318 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хороолол /13312/, Их Монгол Улс гудамж, 204 байр, 80 тоот хаягт байршилтай, 80 мкв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгин хууль ёсны өмчлөгч болохыг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №001035356 тоот гэрчилгээг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр олгожээ. /хх-ийн 13-15/

 

6. Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр орон сууцыг хүлээн аваад орон сууцны дотоод талбайн хэмжилтийг тусгай зөвшөөрөл бүхий компаниар хийж гүйцэтгүүлэхэд хэмжээ 75.06 мкв байгаа нь гэрээгээр тохиролцсон 80 мкв-аас 4.94 мкв дутуу, доголдолтой эд хөрөнгө хүлээлгэж өгсөн, 1 мкв-ын үнийг 4,700,000 төгрөгөөр тооцон Скайлайн дизайн ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байна.

 

7. Хариуцагч нь талуудын хооронд 2022.03.02-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-т талбайн хэмжээг орон сууцны барилгын гадна ханын дотор талаас тооцоолсон, уг хэмжээнд сууцны болон сууцны бус зориулалттай талбай, түүний бүрдэл хэсэг орсон, харин орон сууцны доторх дундын өмчлөлийн, бохирын ба агааржуулалтын хоолой байрлах талбайг оруулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

8. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2023/17612 тоот захирамжаар хариуцагчийн хүсэлтээр маргаж буй орон сууцны талбай нь Талуудын хооронд 2022.03.02-ны өдөр байгуулагдсан орон сууцны захиалгын гэрээний 5.7-т заасны дагуу тогтоогдсон эсэх, бодит байдалд хэдэн мкв болох-ыг тогтоох шинжээчээр Бат Синержи Интернэшнл ХХК-ийг томилсон. /хх-ийн 49-55/

 

8.а. Шинжээч нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр маргаж буй орон сууцны талбайн хэмжээг 2 хэмжилтийн дунджаар 74,3200 мкв, хэмжилтийг MNS 6058:2009 орон сууцны доторх сууцны талбай тооцох аргачлалын дагуу хийсэн гэх дүгнэлт гаргасан. /хх-ийн 63-65, 92/

 

9. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т:Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254.2Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно гэж заасан.

 

9.а. Талуудын хооронд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан №Encanto Town-3 204/02/80 тоот гэрээний 1.2-т орон сууцны мэдээлэл хэсэгт нийт талбай 80 мкв, авто зогсоол 9,43 мкв гэж,

2.1-т:Гэрээний 1.2-т заасан орон сууцны үнэ 428,000,000 төгрөг байхаас хөнгөлөлт урамшуулал болох 12,000,000 төгрөг хасаад 416,000,000 төгрөг нь гэрээний нийт үнэ болно гэжээ.

 

9.б. Нэхэмжлэгч нь гэрээний нийт үнэ 416,000,000 төгрөгөөс авто зогсоолын үнэ 40,000,000 төгрөг, орон сууцны үнэ 376,000,000 төгрөг, үүнээс орон сууцны 1 мкв талбайн үнэ 4,700,000 төгрөг, үүнээс дутуу 4,94 мкв-ийн үнэнд тооцож 23,218,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж тайлбарласан боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд 1 мкв талбайн үнийг хэрхэн тохиролцсон болох нь тусгагдаагүй байна.

 

9.в. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь орон сууцны талбайн 1 мкв үнийг 4,700,000 төгрөг байхаар тохиролцсныг үндэслэн 4,94 мкв-ын зөрүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

10. Иймд хариуцагч ******* ХХК-иас 23,218,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

11. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилогдсон тул түүний зардлыг хариуцагчаас гаргуулан олгох нь хуульд нийцнэ. /хх-ийн 93/

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 23,218,000 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч П.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас шинжээчийн зардалд 680,000 төгрөгийг гаргуулан Бат синержи интернэшнл ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ