Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2024/01305

 

 

 

 

                                                                   

 

 

 

                             2024        03         11

          101/ШШ2024/01305

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух Харгайт овогт *******ы ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: *******,*******, тоот хаягт оршин суух Сонгоол овогт ийн /рд:/-д холбогдох,

           

Гэм хорын хохиролд 860,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2023 оны 11-р сарын 07-ны өдөр БЗДүүргийн 13-р хороо, Энхтайваны өргөн чөлөө Амар зочид буудлын хойд талд өөрийн Toyota SAI // авто машинаараа зам тээврийн хөдөлгөөнд оролцон явж байхад Б. нь Toyota машинаараа мөргөж зам тээврийн осол гаргасан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгч үүний дагуу шалгаж Зөрчлийн тухай хуулийн 14.7.54 заалтыг зөрчсөн зам тээврийн осол гаргасан тул Б.Байгалыг 2023 оны 11-р сарын 22-ны өдөр №0239657 дугаар Шийтгэлийн хуудсаар 200.000 /Хоёр зуун мянган/ төгрөгөөр торгосон. Миний машины баруун урд крило зурагдсан, баруун урд толины гэр, суурины таг хагарсан, баруун урд крилоны бичиг хагарсан байсан тул Сүлд Үнэлгээ ХХК-р үнэлгээ гаргуулсан. Уг үнэлгээ нь 860.000 /Найман зуун жаран мянган/ төгрөгийн үнэлгээ хохирол гарсан боловч Б. нь өнөөдрийг хүртэлх төлөөгүй тул 860.000 /Найман зуун жаран мянган / төгрөгийг гаргуулахаар Иргэний хуулийн 499-р зүйлийн 499.1-д заасны дагуу нэхэмжилж байна.

1а. 2023.11.7-нд БЗД-т приус машин миний урд гэнэт зогссон. Улмаар би зүүн талаар тойрох үед гэнэт хаалга онгойж миний машин гэмтсэн. Хариуцагч нь цагдаа болон даатгал дуудсан. Улмаар ирсэн цагдаа нь сууж явсан зорчигчийн буруутай үйлдэл гээд хэв журам дээр оч гэсэн. Тэгээд хэв журам дээр очиход нэг байцаагч болсон явдлыг яриулаад зорчигч нь бүтэн өнчин хүүхэд байсан тул даатгалаас шийдүүлэх болоод тодорхойлолт авсан. Гэтэл хариуцагчийн жолооны үнэмлэхийн хугацаа дууссан тул буцаагдаад эргээд цагдаа дээр ирсэн. Ингээд жолоочийн буруутай үйлдэл гээд хариуцагчийг 200,000 төгрөгөөр торгосон. Гэтэл хариуцагч нь анхнаасаа зорчигчийг буруутай гэчхээд одоо яагаад би буруутай юм гээд байсан. Улмаар үнэлгээгээр ороход 860,000 төгрөгийн хохирол гарсан юм. Иймд уг мөнгийг гаргуулж өгнө үү.

Зорчигч нь хариуцагчийн хүүхэдтэй нэг газар ажилладаг байсан ба харин эсрэгээрээ надаас энэ талаар гуйсан юм. Би худал мэдүүлэг өгөөгүй. Би 600,000 мянгыг 2-3 сард өгчхөөч л гэж хэлсэн. Автобусны буудал дээр гүйцэт ороогүй зогссон, буруу талаараа хүн буулгасан тул хариуцагч буруутай гэв.

 

2.         Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б. нь 2023 оны 11 сарын 7-ны өдөр БЗД-ийн 13-р хороо, кино үйлдвэрийн урд автобусны буудал дээр 2230 минутын үед хүн буулгах зорилгоор УНМ Приус 30 маркийн машинтайгаа зогсоод зорчигч сануулсаар байтал буух гэж хаалга онгойлгоод иргэн *******ийн УЕВ улсын дугаартай Sai маркийн автомашины толь карлоныг цохиж гэмтээсэн. Тухайн үедээ замын цагдаа болон даатгал дуудсан. Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирээд 22 цагаас хойш хүн буулгаж суулгахын тулд зогссон бас зорчигч сануулсаар байтал хаалга онгойлгож зорчигчид хориглосон зүйл заалтын зөрчсөн байна гээд зорчигч, ******* 2-ыг учраа ол эрүүгийн цагдаа дээр оч гэсэн. Ингээд БЗД-н цагдаагийн I дүгээр хэлтэс дээр дэслэгч бүртгэж авсан бөгөөд тухайн үед би орхиод явж болох байсан ч Ц.*******ийн гуйлтаар тухайн зорчигчийг төлбөрийн чадвар муутай юм байна та даатгалаараа шийдүүлээд өгөөч гэхээр нь би зөвшөөрч дэслэгч эр тодорхойлолт бичүүлж авсан. Даатгал дээр очиход даатгалын ажилтан таны жолоодох эрхийн хугацаа дууссан, замын цагдаагийн дүгнэлт авто осол гэсэн дүгнэлт алга гээд даатгал олгогдохгүй болсон. Үүнийг Ц.******* үл зөвшөөрч намайг БЗД-н замын цагдаа дээр дуудуулсан. Яваад очтол та хохирогчийн мөнгийг төл, эсвэл тань шийдэхэд хялбар арга байдаг юм даатгалаас зээл аваад хуваариар тодорхой хугацаанд төлдөг ийм арга байдаг гэхээр нь тэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд жолоодох эрхийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хуулийн дагуу 200,000 төгрөгөөр торгуулсан. Ингээд шүүхээр шийдүүлэхээр болтол хохирогч гэх ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мөргөж гэмтээсэн зөрчил гаргасан тул 200,000 төгрөгөөр торгуулсан гэж худал мэдүүлэг гаргаж байгаад гомдолтой байна. Эхний ЗЦ-н бүрэлдэхүүний дүгнэлт, ЭЦ-н албан дээр очсон тодорхойлолт зэргээс зорчигч хохирогч Ц.******* нар асуудлаа шийднэ гэвэл би бас чадлынхаа хэрээр тус болохыг бодож байсан. Гэтэл Ц.******* байнга надаас мөнгө нэхээд, худал мэдүүлэг өгч байгаад гомдолтой байна. Зорчигч аюулгүй байдлаа хангаагүй хаалга онгойлгохыг хориглосон зүйл заалт байсаар байтал дуудаж уулзаагүй. Иймд миний Ц.*******тэй гаргасан маргааныг үнэн зөвөөр шүүж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

 

3.         Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материалын хуулбар /хх4-5/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар /хх6/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх7-8/, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх9-10/, гараар бичсэн хүсэлт болон УНИ улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар /хх11/, УЕВ улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар /хх12/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолтын хуулбар /хх13/, 3 ширхэг гэрэл зураг /хх14-16/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг хуулбар /хх17/, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай баримтын хуулбар /хх18/, шийтгэлийн хуудасны хуулбар /хх19/, торгууль төлсөн баримтын хуулбар /хх20/, ЗТО-н тодорхойлолтын хуулбар /хх21/, авто техникийн үнэлгээний тайлангийн хуулбар /хх22-23/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

     ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч Ц.******* нь зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Б. нь зам тээврийн осол гарахад гэм буруугүй гэж маргасан.

 

4.         Хариуцагч нь өөрийн өмчлөлийн “Нэт капитал дижитал” ХХК-д барьцаалагдсан УНИ улсын дугаартай Toyota PRIUS маркийн автомашиныг жолоодон явах үедээ нэхэмжлэгчийн жолоодон явсан түүний өмчлөлийн “ ББСБ” ХХК-д барьцаалагдсан УЕВ улсын дугаартай Toyota SAI маркийн автомашинтай зам тээврийн осолд орсон болох нь хялбаршуулсан журмаар зөрчил хянан шийдвэрлэсэн материал, үүнд гомдол мэдээлэл хүлээн авсан, хохирогч болон холбогдогчоос авсан мэдүүлэг, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтын хуулбараар тогтоогдсон. /хх5-13/

 

5.         Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэм буруутай этгээд нь нөгөө талын зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд буцаан сэргээх, боломжгүй бол мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй байдаг.

 

6.         Дээрх зам тээврийн ослыг шалгаж хариуцагч Б.Байгалийг Зөрчлийн  тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1-д зааснаар жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрхийн хугацаа дууссан гэх үндэслэлээр 200,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, улмаар зөрчилд холбогдогч буюу энэ хэргийн хариуцагч Б. нь өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч торгуулийг төлсөн байна. /хх19, 20/

Энэхүү шийтгэл нь хариуцагчийг тухайн зам тээврийн осолд гэм буруутай гэдгийг шууд нотлохгүй. Учир нь шийтгэл ногдуулсан үндэслэл нь зам тээврийн осолтой холбогдолгүй байна.

 

7.         Зохигчид зам тээврийн осол болоход хариуцагчийн автомашины зорчигч гэм буруутай талаар анхнаасаа мэдэж байсан болох нь даатгалаас нөхөн төлбөр авах зорилгоор цагдаагийн байгууллагаас тодорхойлолт гаргуулсан боловч хариуцагчийн жолоодох эрхийн хугацаа дууссан байсан тул нөхөн олговор олгогдоогүй гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх11, 13/

Мөн нэхэмжлэгч нь зам тээврийн осол болоход хариуцагчийн гэм буруутай үйлдэл байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

 

8.         Эдгээр үйл баримтаас үзэхэд хэдийгээр зам тээврийн осол болсон боловч хариуцагч нь гэм буруутай бөгөөд нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

9.         Нэхэмжлэгч тухайн зам тээврийн осолд гэм буруутай этгээдээс учирсан хохирлоо жич нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй.

 

10.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.д холбогдох 860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын  тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД

 

                                          ШҮҮГЧИД                                      Б.МАНДАЛБАЯР

 

                                                                                                 Д.ЦЭРЭНДОЛГОР