| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2026/0092/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/95 |
| Огноо | 2026-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2026/ШЦТ/95
2026 02 13 2026/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Э.Азжаргал
Шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт *****гийн *****ид холбогдох эрүүгийн 2639000000061 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ***** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цагийн орчимд Хэнтий аймгийн ***** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт "Тоёота Филдэр" загварын ***** улсын дугаартай, согтуугаар /5.00%/ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч *****: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2639000000061 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч ***** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цагийн орчимд Хэнтий аймгийн ***** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт "Тоёота Филдэр" загварын ***** улсын дугаартай, согтуугаар /5.00%/ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1),
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 3),
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4, 5),
Жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбар (хх-ийн 6),
Гэрч *****ын “...2026 оны 01 дүгээр сарын 26-ны оройн 21 цаг 20 минутын орчимд Хэнтий аймгийн ***** сумын 2 дугаар баг ***** 17 дугаар гудамжинд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед ***** улсын дугаартай “Королла Филтер” маркийн тээврийн хэрэгсэл гудамжаар явж байхдаа 2 тийшээ гуйвуулж яваад байхаар нь албан үүргийнхээ дагуу зогсоож шалгахад *****гийн ***** гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай машин жолоодон явж байхаар нь цагдаагийн газарт авч ирэн согтуурлын зэргийг шалган үзэхэд 5.00%-тай согтуурлын зэрэг гарч байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13),
Шүүгдэгч *****ийн сэжигтнээр өгсөн “...Би Хэнтий аймгийн ***** суманд амьдардаг бөгөөд ***** сумын төвд 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр найз нартай 1 шил 0.75 граммын “Хараа” нэртэй архи хувааж уугаад дуусах үед манай хүү *****, бэр ***** нар намайг машинтайгаа очиж аваад Хэнтий аймгийн төвд эмнэлэгт үзүүлэхээр авч ирсэн. Тэгээд 2026 оны 01 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчимд Хэнтий аймгийн ***** сумын 2 дугаар баг ***** 17-17 тоотод байх манай дүү Ганцэцэгийн гэрт бид 3 ирсэн. Тухайн үед *****, ***** 2 халуун усанд ороод ирье гээд явахаар нь би татах тамхигүй болчихоод би тамхи авах гээд ***** улсын дугаартай “Королла Филдер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод гудамжны баруун үзүүрт байдаг *****ын дэлгүүр орж тамхи авах гээд явж байх үед цагдаагийн алаг тэрэг намайг замаа чөлөөлөөд хөдөлгөөнөө зогсоохыг шаардсан. Тэгээд намайг зогссон үед цагдаагийн алба хаагч машинаасаа бууж ирээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгааг мэдээд Хэнтий аймгийн Цагдаагийн газар дээр авч ирэн согтуурал шалгахад 5,00% бүхэлтэй гарч байсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9),
Шүүгдэгч *****ийн яллагдагчаар өгсөн “...Би 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр архи согтууруулах ундааны ил хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний дүрэм журам зөрчсөн асуудлаа хүлээн зөвшөөр байгаа. Би хийсэн үйлдэлдээ маш ихэд гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23) болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч ***** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч *****ийг гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Э.Азжаргал: “...Шүүгдэгч ***** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цагийн орчимд Хэнтий аймгийн ***** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт "Тоёота Филдэр" загварын ***** улсын дугаартай, согтуугаар /5.00%/ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзсэн. Түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *****: “...Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч ***** нь маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ***** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч ***** нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн...” нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.
Хуулийн энэхүү зохицуулалтаар ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг хэлбэрийн шинжтэй байхыг шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Тодруулбал, шүүгдэгч ***** урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *****ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ***** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.
Иймд шүүгдэгч ***** энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Э.Азжаргал: “...Шүүгдэгч *****ийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Түүнийг хүлээн авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох торгуулийн ялыг батлуулах саналыг гаргаж байна. Шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *****: “...Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд шүүх шүүгдэгч *****ийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна..., тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус заасан учраас шүүгдэгч *****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2639000000061 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***** овогт *****гийн *****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****гийн *****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *****ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА