Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 156/ШШ2024/00098

 

 

 

 

 

 

2024        02          26                                                  156/ШШ2024/00098

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2024/00026/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, ерөнхий шүүгч Б.Марина, шүүгч Б.Уранзаяа нарын бүрэлдэхүүнтэй, нэхэмжлэгч Ц.Э-ийн нэхэмжлэлтэй, С.Б-т холбогдох гэм хорын хохирол 27 024 917 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдааны Б танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ж,

Хариуцагч: С.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Х.Б,

Иргэдийн төлөөлөгч: С.У,

Гэрч: Б.Г, Б.М,

Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутагт "Тоёота альфард" маркийн 94-94 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ манай хүү 9 настай Э.Т-ийг мөргөж гэмтээсэн. Манай хүү Э.Т-ийн тархи доргиж, эрүү, уруул нь сэтэрч, дээд талын 4 шүд хугарч, нүүр, ам, гар тохой шалбарч урагдсан, зүүн гар талын ташаа шалбарч хавдаж, 2 өвдөг, гуя нь гүн зүсэгдэж шалбарч урагдсан гэмтлүүдийг авсан. Ингээд би хүүгээ осол болсон хугацаанаас эхлээд одоог хүртэл Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эх нялхасын эмнэлэг, 3 дугаар эмнэлэг, Сонгдоо эмнэлэг, 1 дүгээр эмнэлэг, "Гурван гал" эмнэлэг, "Имплант эрүү, нүүр шүдний эмнэлэг", Хэнтий аймгийн шүдний хувийн эмнэлэг зэрэг эмнэлгүүд эмчлүүлсээр явна. С.Б нь манай хүүгийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Энэ талаараа албан ёсны бичиг нотариатаар орж үйлдсэн. Одоо 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс одоог хүртэлх болон цаашид гарах эмчилгээний зардлыг С.Б-ээс нэхэмжлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. Эмчилгээний зардал: /19.803.000 төгрөг/

1.1 Хэнтий аймгийн уламжлалт ардын эмнэлэгт 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хэвтэж эмчлүүлсний төлбөрт 170 000 төгрөг /Амбулторын үзлэг 20 000 төгрөг, ор хоногийн төлбөр 150 000 төгрөг/

1.2 Улаанбаатар хотын "Сонгдо" эмнэлэгт 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр рентгений зураг авхуулсны төлбөрт 37 000 төгрөг.

1.3 Улаанбаатар хотын "Сонгдо" эмнэлэгт 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүдний эмчилгээнд орсны төлбөрт 88 000 төгрөг.

1.4 Улаанбаатар хотын "Сонгдо" эмнэлэгт үзүүлж, эмчлүүсний эцэст хүү маань эрүү, нүүрний яс, шүд нөхөн сэргээх хагалгаа эмчилгээ хийлгэх болсон. Ингээд тухайн эмнэлэгээс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 9 850 000 төгрөгийн нэхэмжлэл өгсөн. Энэ төлбөрийг төлсөн тохиолдолд хагалгааны оочер дугаар олгогдох ёстой. Иймд энэ яаралтай хагалгаанд орох шаардлагатай тул энэхүү зардлыг нэхэмжилж байна.

1.5 Манай хүү Э.Т Улаанбаатар хотын "Сонгдо" эмнэлэгт байнгын хяналтанд байгаа бөгөөд дахин тодосгогчтой имарайд орох, томографид харуулах шаардлагатай болсон тул уг хоёр үйлчилгээг 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хийлгэсэн. Тодосгогчтой имарайны төлбөр нь 623 000 төгрөг, томографи нь 298 000 төгрөг болсон. Нийт 938 000 төгрөгийн үйлчилгээ хийлгэсэн.

1.6 Манай хүү "Сонгдо" имарай, томографид ороод хэвтэж эмчлүүлэх шаардлагатай болсон. Ингээд уг эмнэлэгт 10 хоног буюу 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хэвтэж эмчлүүлсний төлбөр 4 265 080 төгрөг болсныг төлсөн.

1.7 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын "Пи Ди Ай Си" шүд эрүү нүүрний эмнэлэгт /Имплант шүдний эмнэлэг/-т үзлэгт хамрагдаж хүү Э.Т-ийг маань церкон шаазан бүрээс, шүдний сувгийн эмчилгээ, цөгц сэргээх эмчилгээнд орох, хүүхдийн шүдний дээрх эмчилгээнд орохтой холбогдуулан эцэст нь гажиг заслын гэмтлийн аппарат зүүх шаардлага үүссэн. Энэхүү эмчилгээний зардлын нэхэмжлэхийг бидэнд өгсөн бөгөөд 3 шүдний цөгц сэргээх эмчилгээний зардал 750 000 төгрөг, 1 шүд сувгийн эмчилгээнд ороход 280 000 төгрөг, 3 шүдний церкон шаазан бүрээс 2 700 000 төгрөг, гажиг заслын гэмтлийн аппарат нэг талдаа 220 000 төгрөг, 2 талдаа 440 000 төгрөг нийт эмчилгээний зардал 4 150 000 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Үүнийг нэхэмжилж байна.

1.8 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс Хэнтий аймгийн "Сод дент" шүдний эмнэлэгт эмчилгээ хийгдэж байгаа бөгөөд тухайн эмчилгээний төлбөр 305 000 төгрөгийг төлсөн.

2.Эм тарианы баримтууд: /289 026 төгрөг/

2.1 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сар дуусталх эм тарианы зардал болох нийт 289 026 төгрөгийг нэхэмжилж байна.

3. Хоол тэжээл. /4 190 000 төгрөг/

3.1 Манай хүү Э.Т-ийн уруул нь сэтрээд, эрүү нь нэвт зүсэгдээд уруулынхаа дотор гадна хагалгаанд орж оёдол тавиулсан. Дээд талын 4 шүд хугарч Хүнд гэмтэл авч маш зовиуртай байгаа. Энгийн хоол идэх ямарч боломжгүй байсан тул эмчийн зааврын дагуу тусгай уургийг соруулаар хэрэглэсэн. Одоог хүртэл хэрэглэж байгаа. Энэхүү уургийг би "Мая макс интернэшнл" ХХК-с худалдаж авсан. Уг уургийг нийт 5 сарын хэрэглээг худалдаж авсан. Уг уурагны төлбөрийг би 2023 оны 6 сард хүүгийнхээ эмчилгээг хийлгээд мөнгөний боломжгүй байсан тул эхлээд зээлээр авч байгаад 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нийт 5 сарын хэрэглээний төлбөр 4 190 000 төгрөгийг тухайн компанид төлсөн. Энэхүү төлбөрийг нэхэмжилж байна.

4. Унааны зардал. /768 791 төгрөг/

4.1 Хүү Э.Т-ийгээ авч Улаанбаатар хот руу ирж очсон, хот дотор машинаар эмнэлэг рүү нааш цааш явсан зардлууд болох нийт 768 791 төгрөг.

5. Иргэний хуулийн 505, 506-д заасан Нөхөн төлбөр

- 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр миний хүү 8 настай бөгөөд өөрийн гэсэн цалин хөлс орлогогүй байсан. Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй нөхөн төлбөр шаардах эрхтэй байна.

- 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хэвтэрт байсан бөгөөд эмнэлгээр хэвтэж эмчлүүлж байсан. /73 хоног/

-2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хичээлээс эмнэлгийн магадлагаагаар чөлөөлөгдсөн. /8 хоног/

-2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаараар хичээлээс чөлөөлөгдсөн. /9 хоног/

-2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаараар хичээлээс чөлөөлөгдсөн. /3 хоног/

-2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаараар хичээлээс чөлөөлөгдсөн. /14 хоног/

Миний хүү нийт 107 хоног хөдөлмөрийн чадвар алдсан гэж үзэж байна. 107 хоног=3 сар 17 хоног гэж дүйцүүлээд нийт 3 сар 17 хоногийн хөдөлмөрийн чадвар алдсан нөхөн төлбөр болох 3 сар 17 хоног х 550.000 төгрөг =1.961.100 төгрөгийг нэхэмжилж байна.

6. Бусад зардал. /13 000 төгрөг/

6.1 Нотариатын үйлчилгээний зардал 13 000 төгрөг, нийт 27 024 917 төгрөгийг С.Б-ээс гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймаг, Хэрлэн сум, 5-р багт байрлах Оч хүнсний дэлгүүрийн баруун талаас гарцаас засмал зам руу ороод зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр хойш эргээд хөдөлгөөнд оролцох явцад замын явган хүний гарцгүй хэсгээр бага насны эрэгтэй хүүхэд зам хөндлөн гарахаар гүйсэн. Уг хүүхэд миний машинд шүргэгдээгүй, зам хөндлөн гарч яваад замын брожурын дээр оочсон. Би тухайн үед Цагдаагийн байгууллагад шалгуулсан боловч тухайн үед шалгасан албан тушаалтангууд уг хүүхдийг таны машинд шүргүүлсэн гэж шийдвэр гаргаж намайг зөрчлийн тухай хуулиар 100 000 төгрөгөөр торгож арга хэмжээ авч хүүхдэд учирсан хохирол 3 000 000 төгрөгийг төлбөл энэ гомдол мэдээлэл хаагдана гэхээр нь би төлж барагдуулсан. Тухайн үед Оч дэлгүүрийн гаднах хяналтын камер болон осол болсон газрын хойд 4 замын уулзварын камерыг шүүж өгөхийг хүссэн боловч тухайн албан тушаалтнууд камерууд нь ажилладаггүй юм байна гээд хэргийн бодит үнэнийг тогтоож өгөөгүй. Би тухайн үед өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа аваагүй, хууль мэдэхгүйгээсээ болж тухайн төлбөрийг төлж барагдуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч С.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй явуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм гэв.

4. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Цэвэг дарга овогт Ц-ийн Э /РД: /-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4-р тал/, Ц овогт Э-ийн Т /РД: /-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-р тал/, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн төрөл садангийн лавлагаа /хх-ийн 6-р тал/, Хэнтий аймаг, Хэрлэн сум, Баянмөнх багийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 246 дугаартай албан бичиг /хх-ийн 7-р тал/, Хэнтий аймаг, Хэрлэн сум, Тэмүүжин цогцолбор сургуулийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 112 дугаартай албан бичиг /хх-ийн 8-р тал/, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 49/4190 дугаартай албан бичиг /хх-ийн 10-р тал/, Хэнтий аймгийн Прокурорын газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 69 дугаартай тогтоол /хх-ийн 11-р тал/, хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлт /хх-ийн 12-р тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 13-р тал/, магадлагаа гаргасан тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлт /хх-ийн 14-15-р тал/, шинжээчээс мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлт /хх-ийн 16-18-р тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлт /хх-ийн 19-20-р тал/, гэрчээс мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлт /хх-ийн 21-24-р тал/, гэрчээс мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлт /хх-ийн 25-26-р тал/, магадлагаа гаргасан тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлт /хх-ийн 27-р тал/, гэрэл зургууд /хх-ийн 28-36-р тал/, Хэнтий аймгийн Цагдаагийн газарт С.Б-ийн гаргасан баталгаа /хх-ийн 37-р тал/, амбулториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 39-44-р тал/, Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны эмнэлэгт 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 20 000 төгрөгийн баримт /хх-ийн 45-р тал/, Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны эмнэлэгт 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 150 000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 46-р тал/, Улаанбаатар Сонгдо эмнэлэгт 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 37 000 төгрөгийн баримт /хх-ийн 47-р тал/, үзлэгийн захиалгын 37 000 төгрөгийн хуудас /хх-ийн 48-р тал/, Улаанбаатар Сонгдо эмнэлэгт 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 88 000 төгрөгийн баримт /хх-ийн 49-р тал/, үзлэгийн захиалгын 88 000 төгрөгийн хуудас /хх-ийн 50-р тал/, Улаанбаатар Сонгдо эмнэлгийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн амны хөндийн анхан шатны үзлэгийн нэхэмжлэх /хх-ийн 51-52-р тал/, Улаанбаатар Сонгдо эмнэлэгт 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн эмчилгээний 938 000 төгрөгийн баримт /хх-ийн 54-р тал/, Улаанбаатар Сонгдо эмнэлэгт 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хэвтэн эмчлүүлсэн 4 265 080 төгрөгийн баримт /хх-ийн 49-р тал/, Пи Ди Ай Си шүд эрүү нүүрний эмнэлгийн 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 58-р тал/, эмчийн тэмдэглэл /хх-ийн 59-р тал/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 60-р тал/, Сод дент ХХК шүдний эмнэлгийн эмчилгээний хуудас /хх-ийн 61-р тал/, эм тарианы баримтууд /хх-ийн 63-66-р тал/, нэмэлт хоол тэжээлийн баримтууд /хх-ийн 67-70-р тал/, унааны зардлын баримтууд /хх-ийн 71-74-р тал/, нотариатын үйлчилгээний хөлс /хх-ийн 76-р тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 77-78-р тал/, нэхэмжлэгчийн тайлбар /хх-ийн 92-95-р тал/, гэрчээс мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлт /хх-ийн 96-97-р тал/, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлт /хх-ийн 98-100-р тал/, Хэнтий аймгийн Цагдаагийн газарт С.Болорчимэгийн гаргасан баталгаа /хх-ийн 101-102-р тал/, шийтгэлийн хуудас /хх-ийн 103-р тал/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 104-р тал/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 105-106-р тал/, гэрэл зургууд /хх-ийн 107-109-р тал/, Galaxy A33 5G /хх-ийн 137-р тал/, Ач манал өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн магадлагаа /138-140-р тал/, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн магадлагаа /хх-ийн 141-р тал/, гэрэл зургууд 142-144-р тал/, эмчийн дүгнэлт, бичсэн эмчилгээ /хх-ийн 145-146-р тал/, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт Ц.Э-ийн гаргасан хүсэлт /хх-ийн 147-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.

 

5. Хариуцагч С.Б-ээс дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Хариуцагч С.Б-ээс ирүүлсэн хариу тайлбар /хх-ийн 86-87-р тал/, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 88-89-р тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 111-112-р тал/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 113-р тал/, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 114-115-р тал/, Хэнтий аймгийн Прокурорын газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай дахин шинжилгээ хийлгүүлэх тухай тогтоол /хх-ийн 116-р тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 711 дугаартай шинжээчийн дүгнэлт хх-ийн 117-120-р тал/, Сод дент ХХК шүдний эмнэлгийн эмчилгээний хуудас /хх-ийн 121-122-р тал/, Цагдаагийн ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 123-124-р тал/, Өмгөөлөгч Х.Б-ны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06 тоот лавлагаа хүсэх тухай албан бичиг /хх-ийн 148-р тал/, Улаанбаатар сонгдо эмнэлгийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/43 дугаартай албан бичиг /хх-ийн 149-р тал/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Ц.Э нь, хариуцагч С.Б-т холбогдуулан гэм хорын хохирол 27 024 917 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хүү Э.Т нь миний машинд мөргүүлээгүй, тухайн үед цагдаа хэдэн төгрөгийг нь өгөөд салчих гээд байхаар нь мөнгө өгсөн, би гэм буруугүй гэж маргадаг.

Хариуцагч С.Б нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хэрлэн сумын 5-р багийн нутаг дэвсгэрт 94-94 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа насанд хүрээгүй хүүхэд Э.Т-ийг шүргэж биед нь гэмтэл учруулсан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 0087992 дугаартай Шийтгэлийн хуудас /хм-ийн 103-р тал/, Торгууль төлсөн тухай 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт / хм-ийн 104-р тал/ Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 711 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

Хариуцагч С.Б нь 94-94 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшдэг талаар мэдүүлдэг ба үүнтэй маргадаггүй мөн нэхэмжлэгч нь хүү Э.Т-д учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч нь гэм хорыг хариуцах үүрэгтэй байна. Хэрэгт цугларсан баримтанд үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу бодитоор эмчилгээ хийлгэсэн зардлуудыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ. Үүнд:

1.1 Эмчилгээнд: УБ сонгдо 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 125 000 төгрөг /Хэргийн материалын 47-50-р тал/, Улаанбаатар сонгдо эмнэлэг 938 000 төгрөг /хм-ийн 53-р тал/, хэвтэж эмчлүүлсэн 4 265 080 төгрөг /хм-ийн 55-56-р тал/, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Соддент эмнэлэгт эмчилгээний төлбөр 305 000 төгрөг /хм-ийн 60-р тал нийт 5 633 080 төгрөг,

1.2 Эм, тариа худалдан авсан зардлууд: Хэргийн материалын 63-р талд авагдсан и баримттай 2 850 төгрөг, 6 200 төгрөг, 15 000 төгрөг, 20 500 төгрөг, 8 700 төгрөг, 5 550 төгрөг, 51 900 төгрөг, 5 000 төгрөг, 64-р талд авагдсан 4 180 төгрөг, 25 600 төгрөг, 1 700 төгрөг, 10 900 төгрөг нийт 205 680 төгрөгийн эм тариа.

Дээрх эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн 5 633 080 төгрөг, эм тариа худалдан авсан 205 680 төгрөг, нийт 58 38 760 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ. Хариуцагч нь УБ сонгдо эмнэлэгийн 2024 оны 2 сарын 26-ний өдрийн 3/43 тоот албан бичгийг шүүх хуралдаан дээр ирүүлсэн. Уг албан бичигт Э.Т тус эмнэлэгт 2023 оны 12 дугаар сарын 11-20-ны өдрүүдэд хэвтэн эмчлүүлээгүй гэснийг тодорхойлсон байх боловч нэхэмжлэгчээс 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хэвтэн эмчлүүлсэн 4 265 080 төгрөгийг төлсөн и баримтыг хэрэгт ирүүлсэн. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар энэ нь нэхэмжлэгчээс гарсан бодит зардал байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан болно.

Хариуцагч нь өмнө нь 3 сая төгрөгийг нэхэмжлэгчид хэргийг цагдаа дээр шалгагдаж байх явцад өгсөн гэж тайлбарлаж байх ба энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө учирсан хохирлын төлбөр гэж нэхэмжлэгч тайлбарладаг ба, энэ талаар хариуцагч маргадаггүй болохыг дурдаж байна.

2.1 Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 186 157 төгрөгийг хэрэгсэхгүй болгож байна. Учир нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2023 оны 08 дугаар сарын 28-нд Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд төлсөн ор хоногийн мөнгө 170 000 төгрөгийг /хм-ийн 45-46-р талд/ тушаасан баримтыг хэрэгт ирүүлсэн ба Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.2төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдэд үзүүлэх эмнэлгийн зарим тусламж, үйлчилгээг төр хариуцахаар хуульчилсан ба дээрх баримтуудаас хүү Э.Тэнгисийг эмчлүүлсэн төлбөрт төлсөн болох нь тогтоогдохгүй байх тул хангах боломжгүй байна. Үүнийг ээж нь мөнгийг төлсөн, хүүгийн хэвтэн эмчлүүлсэн картан дээр бичилт байх боловч төлбөр төлсөн баримтанд хүүгийн нэр, регистрийн дугаар байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага нотолсон баримт гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл энэ баримтанд Э гэх хүний төлбөр төлөгдсөн байх тул хангах боломжгүй байна.

2.1 Нэхэмжлэгч нь хүү Э.Т-ийн ирээдүйд хийгдэх эмчилгээний төлбөр буюу эрүү, нүүрний яс, шүд сэргээх хагалгаа, эмчилгээг УБ Сонгдо эмнэлэгт хийлгэх шаардлагатай гэж 9 850 000 төгрөгийн нэхэмжлэх /хм-ийн 52-р тал/, ПиДиАйСи шүд эрүү, нүүрний эмнэлэгт хийгдэх эмчилгээний төлбөрт 3 210 000 төгрөгийг нэхэмжилсэн /хм-ийн 58-р тал/ ба Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгчээс бодитоор гарсан зардлыг хариуцагч төлөх үндэслэлтэй байх тул ирээдүйд эмчлэх эмчилгээний зардлыг урьдчилан хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээрх зардлыг хангаагүй болно.

2.2 Нэхэмжлэгч нь хүү ам, шүд нь гэмтсэн тул нэмэлтээр уураг тэжээл өгч байсан гэж нэмэлт хоол тэжээлийн зардалд 4 290 000 төгрөгийг нэхэмжилсэн. Хэдийгээр хүүхдийн шүд, аманд гэмтэл учирч, хоол зажилах боломжгүй байсан болохыг үгүйсгэхгүй боловч энэ нэмэлт хоол, тэжээлийг хүүд хэрэглэсэн нь тодорхойгүй, мөн зайлшгүй хэрэглэх нэмэлт тэжээл гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй. Нэхэмжлэгчээс энэ шаардлагыг нотлохоор хэргийн материалын 68-р талд авагдсан Талон гэсэн бичиглэлтэй и-баримтын материалыг ирүүлсэн боловч энэ нь хэрэгт хэрхэн хамааралтай болох нь тодорхойгүй байх тул хангах боломжгүй байна.

2.2 Мөн бензин шатахууны зардалд 409 421 төгрөг, бусад зардал буюу нотариатаар баримт гэрчлүүлсэн зардал 13 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь энэ бензин шатахууныг ямар тээврийн хэрэгсэлд зориулж явсан талаар мөн нотлоогүй байна. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч хувийн тээврийн хэрэгсэлгүй гэж мэдүүлдэг ба Улаанбаатар хотод очиж үзүүлсэн, эмнэлэгт хэвтсэн нь баримтаар тогтоогдож байх боловч энэ цаг хугацаанд дээрх бензин, шатахууныг хэрхэн хэрэглэсэн нь тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгож байна. Мөн нотариатын зардалд төлсөн 13 000 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байх ба нотариатаар баримтаа гэрчлүүлж хэрэгт ирүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлохоор хийж буй үйлдэл тул хариуцагч үүнийг хариуцах үндэслэлгүй юм.

2.3 Хүү Э.Т-ийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 73 хоног, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 8 хоног, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 9 хоног, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 3 хоног, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 14 хоног эмнэлэгийн магадлагаагаар хичээлдээ яваагүй тул Иргэний хуулийн 505, 506-р зүйлд зааснаар нөхөн төлбөрт 1 961 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 505.2Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 506.1-т Арван зургаан нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө гэж тус тус хуульчилсан.

Хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулинд 15 нас хүрээгүй хүүхэд хөдөлмөр эрхлэхгүй, Э.Т нь 2014 онд төрсөн ба 9 настай байхдаа осолд орж эрүүл мэндээрээ хохирсон байна. Иргэний хуулийн дээрхи зохицуулалт нь цалин хөлстэй иргэн гэмтэл авсан бол аваагүй цалин хөлсийг, ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэн, эсхүл 16 нас хүрсэн иргэн өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэг байсан бол Иргэний хуулийн 506 дугаар зүйлд зааснаар нөхөн төлбөр шаардах боломжтой. Тухайлбал хуулийн дээрх зохицуулалт нь олох ёстой орлого, эсхүл олох боломжтой орлогыг тухайн гэм хор учирсанаас олж чадахгүйд хүрсэн хохирлыг нарийвчлан зохицуулсан зохицуулалт юм. Харин хүү Э.Т нь хичээлдээ яваагүйгээс ямар орлого олох ёстой байсан гэж үзэж энэ шаардлагыг гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас 5 838 760 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 108 370 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч С.Б-ээс 5 838 760 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 186 157 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 108 370 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА

ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА