| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2022/00502/И |
| Дугаар | 156/ШШ2024/00099 |
| Огноо | 2024-02-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 156/ШШ2024/00099
2024 02 26 156/ШШ2024/00099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2022/00502/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, ерөнхий шүүгч Б.Марина, шүүгч Б.Уранзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны "Б" танхимд хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Ц. Э-гийн нэхэмжлэлтэй, Х сумын Засаг даргын тамгын газарт холбогдох, үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан өвчний хохиролд нэг удаагийн нөхөн төлбөр 8 193 830,4 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмжид 2 305 881,6 төгрөг, нийт 10 499 172 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ц.Э
Хариуцагчийн төлөөлөгч: Л.Н
Иргэдийн төлөөлөгч: Ц.М
Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 тоот тушаалаар тамгын газрын няравын ажилд томилогдон тасралтгүй ажиллаж байгаад 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн өглөө 8:30-9:00 цагийн үед Тамгын газрын даргын өрөөнд ня-богийн хамт дуудагдаж ороод ажлын талаар ярилцаж буцаад доош 1 давхар руу шатаар бууж байхдаа хий гишгээд унаад босоход хөлний шагай эвгүй болж өвдөөд тухайн өдрийнхөө орой нь эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгэж, зураг авхуулсан юм. Тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бэртэж гэмтсэн тул акт авч эмнэлгээр явсан. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний учир 6 сарын акттай байсан. Энэ хугацаанд буюу 2019 оны 4 сард аймгийн Нэгдсэн эмнэлгээс 13А маягт өгч Гэмтлийн эмнэлэгт үзүүл гэсэн тул Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт үзүүлж явтал Хэрлэн сумын ЗДТГ-аас "яаралтай ир, шагналын мөнгө гаргах хэрэгтэй байна" гэж дарга дуудсан тул 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий рүү ирж байх замдаа Жаргалтхаан сумын цаад талд авто осолд орж зүүн хөлийн дунд чөмөг, баруун хөлийн аарцаг дээд, доод хэсгээрээ, зүүн гарын 2 шуу 2 газраар тус тус хугарсан. Тухайн үед дотор муухайраад яаснаа мэдээгүй. Ослын газарт Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс түргэн тусламж очоод осолд орсон хүмүүсийг Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэг рүү хүргэсэн. 2019 оны 7 сар хүртэл тэнд эмчлүүлсэн. Энэ хооронд 3 удаа хагалгаанд орсон. 8 сард нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж хөдөлмөрийн чадвар 79% алдсан гэж тогтоолгосон. Ингээд эргэж ажилдаа орох боломжгүй 2021 он хүртэл хэвтрийн байдалтай байсан. Тамгын газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 6/06 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр няравын ажлаас чөлөөлсөн. Тухайн үед мөрдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 97-р зүйлийн 97.1.1д "ажилтан үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан бол ажил олгогч нь нэг ба түүнээс дээш удаа нөхөн төлбөр олгоно" гэж заасан. Гэтэл манай ажлын газраас ийм нөхөн төлбөр олгоогүй юм. Миний хувьд 2019 оны 2 сард ажлаа хийж явж байгаад осолдож бэртсэн тул үйлдвэрлэлийн ослын акт тогтоолгосон. Энэ акттай хугацаандаа эмнэлгээр явж байхдаа ажилдаа дуудагдаж очих замдаа авто осолд орж дахин хүнд бэртэж хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсан тул дээрх хуулийн дагуу нөхөн төлбөр авах ёстой гэж үзэж байна. Би ам бүл 3-улаа, 2 хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг бөгөөд 2019 онд 2 хүүхэд насанд хүрээгүй байсан тул би л ажиллаж гэр бүлээ авч явдаг байсан. 2018 оны 12 сард цалингийн зээл авсан байсан бөгөөд ажилгүй болж эмнэлгээр явах болсон тул эмчилгээндээ зориулж нэмж зээл авч сунгасаар байгаад 9 896 621 төгрөгийн үлдэгдэлтэй одоо болтол төлж зээлээ хааж чадахгүй байна. Иймд: 1/ 1999 онд батлагдаж 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийн 97.1.1-д зааснаар /ХЧА-79% алдсан тул/ 18 сарын сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөн төлбөрт 8 193 830,4 төгрөгийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулна. Нөхөн төлбөр бодсон аргачлал: дундаж цалин хөлс тодорхойлох журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д зааснаар сүүлийн 18 сар буюу 2017 оны 8-р сараас 2019 оны 1-р сарыг дуустал хугацааны ажлын хоног-392, нийт цалин хөлс нь 8,497,334 төгрөг. Үүнээс 8,947,334:392=21,676.8 төгрөг /нэг өдрийн дундаж цалин хөлс/, 21,676.8 х 21 хоног=455,212.8 төгрөг /нэг сарын дундаж цалин хөлс/, 455,212.8 х 18 сар=8,193,830.4 төгрөгийн нөхөн төлбөр гэж тооцов. 2/ Мөн "өндөр насны тэтгэвэрт гарах болсон " гэсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1-д "1 сар ба түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг ажил олгогч олгоно" гэсний дагуу ажлаас халагдсаны тэтгэмжийг 3 сарын дундаж хөлсөөр тооцож гаргуулж өгнө үү. Үүнд: 2019 оны 2-р сараас акттай учраас ажиллаагүй тул сүүлийн 3 сар буюу 2018 оны 11,12, 2019 оны 1 сард ажиллаж авсан цалин хөлсөөр тооцов. 2018 оны 11 сард-826436, 2018 оны 12 сард 807696, 2019 оны 1 сард 671751 төгрөгийн цалин хөлстэй, нийт 2,305,883 төгрөг байсан. Ажлын хоног Hb 21+22+23-66. 2,305,883:66=34,937.6 /нэг өдрийн дундаж цалин хөлс/, 22 хоног х 34,937.6=768,627.2 төгрөг /нэг сарын дундаж/, 768,627.2 х 3 сар=2,305.881.6 төгрөгийн ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд Х сумын Засаг даргын тамгын газраас нийт 10 499 712 төгрөийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Л.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь манай байгууллагад няраваар ажиллаж байсан юм. Би 2021 оны 10 дугаар сараас Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг авч 2022 оны 01 сараас жинхлэн ажиллаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасны дагуу тэтгэмж гаруулахаар хүсэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4.2. дахь заалтын дагуу /Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. / гэж заасны дагуу Ц.Э нь өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах өргөдөл гаргасан. Тус өргөдлийн дагуу тэтгэвэрт гарахад нь /Төрийн албаны тухай хуулийн 60.1. Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно./ гэж заасны дагуу 7 718 700 төгрөгийн тэтгэмжийг төсөвт суулган олгосон болно. Иймд 2 305 881,6 төгрөгийг тус байгууллага нь төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Тус байгууллагаас өвчтэй байх хугацаанд нь 1 100 000 төгрөгийн мөнгөн тусламжийг олгож байсан. Мөн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн үйлдвэрийн осол хурц хордлогыг судлан бүртгэх актыг Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлэн батлуулсан. Тус актын хүрээнд хөдөлмөрийн чадвар алдалт хэдэн хувиар тогтоогдсон нь тодорхойгүй учраас 2019 оны 03 дугаар сараас 12 сарыг дуустал байгууллагаас Нийгмийн даатгалын шимтгэлийг нь таслалгүй төлж байсан. Манай тамгын газарт холбогдох зарим баримтууд байхгүй байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг тамгын газраас гаргуулахад татгалзах зүйлгүй. Гэхдээ уг мөнгө нь төсөв дээр суугаагүй, улсаас аймаг руу тогтоол ирэхээр тухайн хүний мөнгийг гаргаж өгөх бүрэн боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эвлэрэх талаар сумын Засаг даргатай ярилцсан. Манайх аудитын газраар шалгуулдаг учраас 2019 онд болсон асуудал дээр эвлэрлээ гээд акт тавигдах магадлалтай учир шууд эвлэрч болохгүй нөхцөл байдал үүссэн гэв.
3. Иргэдийн төлөөлөгчийн Ц.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ц.Э-ийн нэхэмжилж байгаа үйлдвэрлэлийн ослын мөнгийг олгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Ширчин овогт Ц-ын Э /РД:СЕ67120802/-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3-р тал/, Ц.Э-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 4-р тал/, Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-р тал/, Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/06 дугаартай Ц.Э-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-р тал/, Ц.Э-ийн цалингийн тооцооны карт /хх-ийн 7-8-р тал/, Ц.Э-ийн нэр дээрх 0897256 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9-10-р тал/, Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11-р тал/, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1468 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-ийн 12-14-р тал/, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /хх-ийн 117-118-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.
5. Хариуцагчийн төлөөлөгч Л.Н-аас дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбар /хх-ийн 24-р тал/, тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж 7 718 700 төгрөгийн төлбөрийн хүсэлт /хх-ийн 25-р тал/, Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/06 дугаартай Ц.Э-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хх-ийн 26-р тал/, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт гаргасан Ц.Э-ийн хүсэлт /хх-ийн 27-р тал/, Хэнтий аймаг, Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/13 дугаартай Ц.-т буцалтгүй тусламж олгох тухай захирамжийн хуулбар /хх-ийн 28-р тал/, Ц.Э-т 300 000 төгрөг олгох төлбөрийн хүсэлт /хх-ийн 29-р тал/, Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/24 дугаартай Ц.Э-т буцалтгүй тусламж олгох тухай захирамжийн хуулбар /хх-ийн 30-р тал/, Ц.Э-т 200 000 төгрөг олгох төлбөрийн хүсэлт /хх-ийн 31-р тал/, Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/35 дугаартай Ц.Э-т буцалтгүй тусламж олгох тухай захирамжийн хуулбар /хх-ийн 32-р тал/, Ц.Э-т 200 000 төгрөг олгох төлбөрийн хүсэлт /хх-ийн 33-р тал/, Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дугаартай Ц.Э-т буцалтгүй тусламж олгох тухай тушаалын хуулбар /хх-ийн 34-р тал/, Ц.Э-т 100 000 төгрөг олгох төлбөрийн хүсэлт /хх-ийн 35-р тал/, Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/74 дугаартай Ц.Э-т буцалтгүй тусламж олгох тухай тушаалын хуулбар /хх-ийн 36-р тал/, Ц.Э-т 300 000 төгрөг олгох төлбөрийн хүсэлт /хх-ийн 37-р тал/, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны 03-12 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /хх-ийн 38-47-р тал/, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2/102 дугаартай албан бичиг /хх-ийн 119-р тал/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э нь, Х сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан өвчний хохиролд нэг удаагийн нөхөн төлбөр 8 193 830,4 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмжид 2 305 881,6 төгрөг, нийт 10 499 172 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
1. Нэхэмжлэгчийн үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан өвчний хохиролд нэг удаагийн нөхөн төлбөр 8 193 830,4 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
1.1 Нэхэмжлэгч Ц.Э нь Х сумын Засаг даргын тамгын газрын даргын 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Хэрлэн сумын ЗДТГ-ын няравын ажилд томилогдон ажиллаж байжээ. / хэргийн материалын 5-р тал/ Тэрээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа буюу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ажлын байран дээрээ шатаар бууж байхдаа хий гишгэж гэмтэсний улмаас 6 сарын акттай байсан ба 2019 оны 4 сард Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс Гэмтлийн эмнэлэгт үзүүл гэсний дагуу Улаанбаатар хотод эмчилгээнд явж байхад нь ажил олгогчоос яаралтай дуудаж Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явж байхдаа авто машины осолд орсон байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Үйлдвэрлэлийн осол гэж Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ гэж хуульчилсан ба нэхэмжлэгч Ц.Эрдэнэцэцэг нь ажлын байран дээрээ хий гишгэж гэмтсэн, энэ гэмтлээ эмчлүүлэхээр акттай явж байхад нь ажилд нь дуудаж ирэх явцдаа гэмтсэн зэрэг нь үйлдвэрлэлийн осолд хамаарна гэж үзлээ. Тухайлбал ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байрандаа гэмтсэн, мөн эмчийн магадлагаатай байхад нь ажил олгогчоос дуудаж ажилдаа ирэх замдаа гэмтэл авсан байх тул энэ нь үйлдвэрлэлийн осолд хамаарч байна. Иймд нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан өвчний хохирол, нөхөн төлбөр шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 97 дугаар зүйлийн 97.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогот өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно гэж, мөн хуулийн 97.1.1-д үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор зохицуулсан.
Нэхэмжлэгч Ц.Э нь хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсан болох нь Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр тогтоогдож байна. / хэргийн материалын 11-р тал/ Иймд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн осолд 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр орсон байх ба 2019 оны 1 сард 671 751 төгрөг, 2018 оны 12 сард 807 696 төгрөг, 2018 оны 11 сард 826 436 төгрөгийн цалин авч байсан байна. Нийт 3 сарын цалин 2 305 883 төгрөг, үүнийг тухайн 3 сарын ажлын 66 хоногт хуваахад нэг өдрийн цалин 34 938 төгрөг байна. Нэг сард дунджаар 21.2 ажлын өдөртэй гэж тооцоход 18*21.2*34 938=13 332 340 төгрөгийн тэтгэмжээ авах эрхтэй байна. Гэвч нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 8 193 830 төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул нэхэмжилсэн 8 193 830 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын байран дээрээ ажлын цагаар гэмтсэн гэдэгтэй маргадаггүй болохыг дурдаж байна.
2. Ажлаас халагдсаны тэтгэмж 2 305 881 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/06 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул эрхэлж байсан ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
Хариуцагч нь ажлаас халагдахдаа 7 718 700 төгрөгийн тэтгэмжийг авсан тул энэ шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргадаг. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхдөө 7 718 700 төгрөгийн тэтгэмж авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар болон 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №00020 дугаартай Төлбөрийн хүсэлтээр тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 42 дугаар зүйлд заасан Ажлаас халагдсаны тэтгэмж, 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.2, 40.1.1, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэсний дагуу нэхэмжилж байна гэж тайлбарладаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т заасан ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Э нь ажлаасаа чөлөөлөгдсөн ба энэхүү ажлаасаа чөлөөлөгдөхдөө өөрийн хүсэл зоригоо илэрхийлж сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдсөн болох нь 2020 оны 1 сарын 115-нд Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. /хэргийн материалын 24-р тал/ Иймд ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан тэтгэмжийг авах хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй ба харин нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул 8 193 830 төгрөгт ногдох 146 051 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогот оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар хариуцагч Х сумын Засаг даргын Тамгын газраас 8 193 830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 305 801 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 146 051 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА