Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 156/ШШ2024/00101

 

 

 

 

 

 

 

2024        02          27                                                  156/ШШ2024/00101

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2023/00686И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 4а-48 тоотод оршин суух, А овогт Ч-ын О-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймаг, Хэрлэн сум, 3 дугаар баг, С-26-07 тоотод оршин суух, Б овогт С-ын Г-д холбогдох, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №497/14:40 тоот хамтран ажиллах гэрээнээс татгалзсанд тооцож, тус гэрээнээс татгалзсаны үр дагаварт нийт 303 350 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М /онлайн/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.О миний бие холбооны инженер мэргэжилтэй бөгөөд олон жил хувиараа шударгаар хөдөлмөр эрхлэж өөрийн гэсэн 700 000 000$-тэй болж үүнийгээ Хаан, Голомт банкуудад хадгалж байсан юм. 2017 оны 04 сард манай 2 найз болох П, М нар нь надад санал тавьж Хэнтий аймагт адуу худалдаж аваад махалж зарвал ашиг өндөртэй, үр өгөөж боломжтой талаар хэлсэн. Би тэдний саналыг бодож үзээд Хэнтий аймагруу хамт явахаар болсон. Ингээд Хэнтий аймагт ирэхэд Түмэндэмбэрэл гэдэг цайны газарт очсон бөгөөд тэнд М.Э-тэй танилцсан. М.Э нь бидэнд өөрийн ажлуулдаг Түмэндэмбэрэл гэдэг нэртэй цайны газар болоод өөрөө бизнес хийгээд амжилт олохгүй байгаагаа, өрөнд ороод байгаа талаар ярьж байсан. Тэр цайны газраас гараад нэг байрны подвал-д очиход нөхөр гэх С.Г нь бас нэг мөнгө хайлуулах ажил хийгээд сууж байсан. Одоо бодоход надад ажил хийдэг гэдгээ л харуулах зорилгоор л тиймэрхүү зүйлс харуулж байсан байх. Тэгээд бид 3 буудалдаа буцаад очиход М.Э, С.Г нар хамт очсон бөгөөд бид цаашид хийгдэх ажлын талаар ярилцаж байсан. Тухайн үедээ адуу худалдаж аваад зах зээл дээр мал махыг заръя гэдэг үндсэн үйл ажиллагаагаа тохироод, хэрэв ашиг олбол би болоод манай хоёр найз 75%- ийг, М.Э, С.Г нар гэр бүл гэдэг утгаараа Хэнтийн тал гэж 25% гэж тохироод маргааш нь бид Улаанбаатар хотруу буцсан юм. Ирээд удаагүй байж байтал маргааш нь С.Г, М.Э нар миний утасруу залгаад: "Танай талаас бол чи л мөнгө гаргаж байгаа юм байна, тийм учраас манай зүгээс чиний мөнгөөр хийх ажлыг асуудалгүй хийх учраас дунд нь олон хүн байлгамааргүй байна, О болон Г гэсэн хоёр тал ажиллая" гэсэн. Би энэхүү саналыг өөрийн хоёр найзтайгаа зөвлөөд зөвшөөрсөн. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр над руу С.Г ярьсан бөгөөд тэрээр адуу худалдаж аваад махлаад хэрэгтэй байна, тиймээс мөнгө шилжүүлээч, хурдхан ажлаа эхлүүлье" гэсэн. Түүний хэлснээр С.Г-ын эхнэр М.Э-ийн данс руу 100 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд иймэрхүү байдлаар нийт 16 удаа мөнгө шилжүүлэн авсан байдаг. Тэдний ийм байдлаар надаас мөнгө шилжүүлэн авч байсан нь миний мал махны ажил хийх туршлагагүй байдлыг минь далимдуулан авсан гэж одоо би дүгнэж байна. Ингээд иймэрхүү байдалтай жил гаруй өнгөрсөн байдаг бөгөөд энэ хугацаанд би тэнд 2 давхар махны үйлдвэр барьж 2017 оны 11 сард ашиглалтанд оруулсан. С.Г-тай үүнийг би харилцан ярилцаад хоёулаа Хамтран ажиллах гэрээ байгуулъя гээд 2018 оны 05 сарын 11 өдөр №497/14:40 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж Хэнтий аймгийн суманд мах, махны үйлдвэрлэл, худалдаа, ноос ноолуур, малын худалдааны чиглэлээр хамтран ажиллахаар болсон бөгөөд энэхүү гэрээний дагуу С.Г-ын эхнэр М.Э-ийн 5935225835 тоот Хаан банкны дансруу 2017 оны 04 сарын 01 өдрөөс 2017 оны 11 сарын 21-ний өдөр хүртэл нийт 303 350 000 төгрөг хийгдсэн гэдгийг гэрээндээ тусгасан. Энэхүү С.Г-ын М.Э-ийн Хаан банкны данс руу хийгдсэн гүйлгээг жагсаавал:

 

Он сар өдөр

Зарлага /төгрөг/

Утга

2017.04.10

100 000 000

Очирбат-с

2017.06.12

650 000

2Khentii-U

2017.11.03

5 000 000

Khentii

2017.11.03

2 000 000

Khentii

2017.11.04

18 000 000

Khentii

2017.11.04

100 000

Khentii

2017.11.05

20 000 000

Khentii

2017.11.06

20 000 000

Khentii

2017.11.08

10 000 000

Khentii

2017.11.09

5 000 000

Khentii

2017.11.09

1 500 000

Khentii

2017.11.16

40 000 000

О-с шилжүүлэг

2017.11.17

100 000

Khentii

2017.11.20

10 000 000

Khentii

2017.11.21

20 000 000

Khentii

2017.11.21

40 000 000

Хэнтий

2017.05.25

11 000 000

Хэнтий 1 га газрын үнэ

Нийт

303 350 000

 

 

С.Г нь гэрээ байгуулсанаас хойш гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж байсан. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу дээрх авсан мөнгүүдийг хэрхэн зарцуулсан, ямар мах аваад яаж зарсан талаар надад тайлагнадаггүй байсан. Би С.Г болон М.Э нарт итгэл маш ихээр үзүүлж өөрийн насаараа цуглуулсан мөнгөө өгсөн байхад тэр мөнгийг маань яг энэ гэрээний дагуух ажиллагаанд зарцуулаагүй гэж миний зүгээс үзэж байна. Энэ зарцуулаагүй нөхцөл байдал нь бид бүгдэд илэрхий бөгөөд дээрх шилжүүлсэн мөнгөнүүд бүгд хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон. Би тэнд үйлдвэр байгуулсан асуудал нь энэ гэрээнээс тусдаа асуудал бөгөөд, үйлдвэрт зарцуулсан төлбөрийг энэхүү нэхэмжлэлд шаардаж байгаа төлбөрүүдтэй холиогүй болохыг энд дурьдах нь зүйтэй. С.Г-ын дээр дурдсан гэрээний дагуу өөрийн хариуцаж ажилласан ажлаа тайлагнаж чадахгүй байгаа байдал, тус ажлаа сэтгэлээсээ хийхгүй зөвхөн надаас оруулсан мөнгийг салхинд хийсгэж, тухайн үед шилжүүлж байсан мөнгөний талаар асуухаар тайлбарлаж чадахгүй байгаад маш их гомдолтой байна. Би С.Г-д бидний хамтын ажиллагаанд зарцуулагдсан мөнгийг санхүүгийн аудит хийлгэх талаар хэлсэн боловч огт хүлээж авахгүй, энэ асуудлыг зохицуулах талаар санаачлагатай ажиллахгүй байгаа нь миний дээрх гэрээнээс татгалзах үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл өөрийн хариуцаж хийх ажлаа хангалттай сайн хийхгүй, тухайн гэрээгээр тохиролцсон үүрэг оролцоогоо биелүүлэхгүй, надаас авсан мөнгөнүүдээ тайлбарлаж чадахгүй байгаа нь энэхүү гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болгож байгаа юм. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны үндэслэн С.Гантулгатай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №497/14:40 тоот хамтран ажиллах гэрээнээс татгалзсанд тооцож, тус гэрээнээс татгалзсаны үр дагаварт нийт 303 350 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Г-ын шүүхэд ирүүлсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.О нь анхнаасаа компанийн хувьцааг тэнцүү хэмжээгээр эзэмшиж аж ахуй нэгжийн үйл ажиллагааг гүйцэтгэх захирал М.О-аар гүйцэтгүүлэхээр хэлэлцэн тохиролцож, компани үүсгэн байгуулах баримт бичгийг хөөцөлдөн төрийн байгууллагад бүртгүүлэх үйл ажиллагааны үед компаниа Улаанбаатар хотод байгуулах нь зөв яагаад гэвэл үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл хөөцөлдөхөд Улаанбаатар хотод байвал би тэндээ хөөцөлдөхөд амар гэж хэлээд явсан. Гэтэл анхнаасаа намайг 50 хувийн хувьцаа эзэмшигчээр оруулахгүй, шаардахад арга саам хийж хойшлуулсаар 2019 оны 08 сарын 16 өдөр албан ёсоор хувьцаа эзэмшигчээр оруулж, компанийн дүрмийг шинэчлэн улсын бүртгэлт бүртгүүлсэн. Түүний дараа компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, нөөцийн мах бэлдэхээр "Төрийн банк" ХХК-иас 4 000 000 000 төгрөгийн зээл авахаар хөөцөлдөж байгаа гэж яриад банкны зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсаны дараа компанид зээлийн гэрээний дагуу орж ирсэн 4 тэр бум төгрөгийг Ч.О нь хувийн дансаараа авч захиран зарцуулж, компанийн хөрөнгийг завшсан байж болзошгүй эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хамтран ажиллах гэрээний тухайд гэрээнд заасан нөхцөлийг тохирсон зүйл огт болоогүй, тухайн үедээ надад ийм гэрээ хэрэгтэй байна гэж хэлээд л гарын үсэг зуруулж байсныг санаж байна. Тиймээс гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, надад болон компанид мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй байгааг анхаарч үзэх хэрэгтэй гэж бодож байна. Ч.О өмнө нь тус шүүхэд хувьцааг авах шаардлага гаргаж байсныг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 156/Ш32022/01778 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын шаардлага хангасан зэргийг тал бүрээс нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч С.Г-д холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №497/14:40 тоот хамтран ажиллах гэрээнээс татгалзсанд тооцож, тус гэрээнээс татгалзсаны үр дагаварт нийт 303 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь тухайн гэрээнд заасан нөхцлийг тохирсон зүйл огт болоогүй, тухайн үедээ надад ийм гэрээ хэрэгтэй байна гэж хэлээд гарын үсэг зуруулж байсаныг сануулж байна. Тиймээс гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, надад болон компанид мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

1. Нэхэмжлэгч Ч.О, хариуцагч С.Г нар нь 2018 оны 5 сарын 11-ний өдөр №497/14:40 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэ гэрээгээр талууд мах, махны үйлдвэрлэл, худалдаа ноос, ноолуур малын худалдааны чиглэлээр 2017 оны 4 сарын 1-нээс 2020 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл нийт гурван жилийн хугацаатай хамтран ажиллахаар гэрээг байгуулжээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан ба талууд энэ хуулийн шаардлагыг хангасан гэрээг байгуулжээ.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагчийг энэ гэрээний дагуу өөрийн хариуцаж ажилласан ажлаа тайлагнаж чадахгүй байгаа байдал, тус ажлаа сэтгэлээсээ хийхгүй зөвхөн надаас оруулсан мөнгийг салхинд хийсгэж, тухайн үед шилжүүлж байсан мөнгөний талаар асуухаар тайлбарлаж чадахгүй байгаад маш их гомдолтой... санхүүгийн аудит хийлгэх талаар хэлсэн боловч огт хүлээж авахгүй энэ асуудлыг зохицуулах талаар санаачлагатай ажиллахгүй байгаа нь дээрх гэрээнээс татгалзах үндэслэл болж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж тайлбарладаг.

 

3. Нэхэмжлэгч Ч.О, С.Г нарын хооронд байгуулсан 2018 оны 5 сарын 11-ний өдөр №497/14:40 тоот Хамтран ажиллах гэрээний 2.1-д Гэрээний хугацааг 2017 оны 4 сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 сарын 01-ний өдрийн хүртэл нийт гурван жилийн хугацаатай байна гэж талууд тохиролцсон байна.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй тул гэрээнээс татгалзсанд тооцож, үр дагварт шилжүүлсэн 303 350 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарладаг. Гэрээнээс татгалзах гэдэг нь гэрээний үйлчилж байх хугацаанд гэрээний аль нэг тал гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж татгалзахыг ойлгоно. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний үйлчлэх хугацаа 2020 оны 4 сарын 01-ний өдөр дуусгавар болсон байх тул гэрээнээс татгалзсанд тооцох боломжгүй ба хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Тухайлбал Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1-д Хамтран ажиллах гэрээ дараах үндэслэлээр дуусгавар болно гэж, мөн хуулийн 480.1.1-д гэрээний хугацаа дууссан бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болохоор хуульчилсан ба талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан байна. Иймд гэрээнээс татгалзсанд тооцох боломжгүй байна.

 

4. Нэхэмжлэгч нь 2023 оны 10 сарын 12-ны өдөр Гэрээг цуцалж буйгаа мэдэгдсэн мэдэгдлийг тус өдрөө Монгол шууданд хийсэн байх ба гэрээний хугацаа дуусгавар болсоноос хойш уг мэдэгдлийг нөгөө талдаа хүргүүлсэн байгаа нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болно. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

5. Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 303 350 000 төгрөгийг шилжүүлсэн тул шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар шаардсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Г-ын дансанд мөнгө шилжиж ороогүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг. Хэдийгээр нэхэмжлэгч тал хариуцагчийн эхнэр М.Э-ийн 5935225835 тоот Хаан банкны дансруу 2017 оны 04 сарын 01 өдрөөс 2017 оны 11 сарын 21-ний өдөр хүртэл мөнгө шилжүүлсэн банкны хуулгыг хэрэгт ирүүлсэн байх боловч хариуцагч С.Г нь бие даасан эрх зүйн этгээд тул үүнийг хариуцах үндэслэлгүй юм.

Тухайлбал хэргийн материалд нэхэмжлэгч Ч.О-аас хариуцагч С.Г-ын дансанд мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоохгүй байх тул хариуцах боломжгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн 303 500 000 төгрөг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж заасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 474 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.1, 115.1, 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.1-д зааснаар Ч.О-ын С.Г-тай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №497/14:40 тоот хамтран ажиллах гэрээнээс татгалзсанд тооцож, тус гэрээнээс татгалзсаны үр дагаварт нийт 303 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 474 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Х.ОТГОНЖАРГАЛ