Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 126/ШШ2023/0177

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 108 тоот танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б-ын Н

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б-ийн Э

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: Б.Д

Гуравдагч этгээд: Д.Х

Гуравдагч этгээд Д.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Гуравдагч этгээд: П.Д

Гуравдагч этгээд П.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д нарын хоорондын газар эзэмших эрх олгосон захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээд Д.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гуравдагч этгээд П.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгчээс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн хавсралтын 134 дэх хэсэг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжийн хавсралтын 1 дэх хэсэг, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжийг тус тус илт хууль бус захиргааны актаар тогтоолгох тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.
    2. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр буюу 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн хавсралтын 134 дэх хэсэг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжийн хавсралтын 1 дэх хэсэг, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь хэсгийг тус тус илт хууль бус захиргааны актаар тогтоолгох тухай” гэж тодруулсан байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Хөвсгөл аймгийн Хатгал сумын 1 дүгээр хороо, 01-03 тоот хаягт байрлах 400 м.кв газрыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжаар Б.Дд, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжаар Д.Хт 749 м.кв газар эзэмшүүлэх эрхийг, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжаар П.Дд газар эзэмшүүлэх эрхийг тус тус шилжүүлж шийдвэрлэжээ.

2.2. Нэхэмжлэгчээс уг захирамжуудыг эс зөвшөөрч дээд шатны байгууллага болох Хөвсгөл аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан байх бөгөөд тус аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2/136, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/247 дугаартай албан бичгээр өгсөн хариуг эс зөвшөөрч 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав. Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. Б.Н нь Хөвсгөл аймгийн Хатгал суман дахь Худалдаа бэлтгэлийн трест, “Илч” хоршоонд тогоочоор ажилладаг хүн байсан бөгөөд “Илч” хоршооны даргын 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаар тушаалаар “Илч” хоршооны 108 м.кв 3 айлын байрыг 9 хүний нийт 27 ягаан тасалбараар худалдаж авч байсан. Тухайн байр нь одоогийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны 01 тоот хаягт байрладаг. Бид нар 1982 оноос эхлэн Хатгалын худалдаа бэлтгэлийн трестийн мэдэлд байсан тус байранд амьдарч ирсэн бөгөөд хожим 1994 онд тийнхүү хувьчилж авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Харин 1994 оноос миний ээж Бадамаас байрандаа амьдруулаач гэж гуйж, орон сууцны зүүн талын байранд амьдарч байсан Б.Д болон түүний хүүхдүүд 2017 онд өөрсдийгөө байрны өмчлөгч болохоо тогтоолгоно гэж удаа дараа шүүхэд хандаж, Б.Нгийн нэр дээрх үл хөдлөх эл хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулсан ч шүүхээр өмчлөгч нь мөн гэдгээ тогтоолгож чадаагүй.

3.2. Харин Б.Н би Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2022/00028 дугаар шийдвэрээр тухайн орон сууцны өмчлөгч мөн болохоо тогтоолгосон боловч одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авч чадаагүй байна. Учир нь тухайн байшингийн газар дээр дахин маргаан үүссэн. Үл хөдлөх эд хөрөнгө гэдэг газартай салшгүй холбоотой байдаг. Манайх тухайн байрыг олон жил эзэмшиж, ашиглаж, өмчилсөн учраас байрны ойр орчмын газрыг манай газар гэж итгэж, эзэмшиж ашигласаар ирсэн. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 1998 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 34 тоот захирамж, мөн захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн хавсралтын 135 дахь хэсэгт зааснаар тухайн байрны эргэн тойрны 800 м2 газрыг Бадамын Нямаад эзэмшүүлсэн байдаг ба одоо манай ээж газар эзэмших эрхийн 0378352 дугаар гэрчилгээтэй.  

3.3. Тэгтэл нөгөө Б.Д, түүний хүүхдүүд 2017 онд ээжийн байрны зүүн талыг оруулаад хашаа хатгаж эхэлсэн. Бид юу болов яав гээд судлаад үзтэл Хатгал тосгоны захирагчийн 2011 оны А-73 тоот захирамжийн хавсралтын 134 дэх хэсгээр Б.Дд 400 м.кв газар эзэмшүүлсэн байсан бөгөөд ингэхдээ ээжийн байшингийн зүүн тал хэсгийг оруулаад газар олгосон байсан. Энэ талаар Хатгалын газрын даамал Оюунгэрэлээс асуухад байрны зүүн талыг Б.Дгийнх гэж бодоод газар олгосон гэж тайлбарлаж байсан. 2017 он хүртэл тэднийхэн тухайн газрыг эзэмшиж, ашигласан, хашаалсан ямар ч үйлдэл гаргаж байгаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байдаг. 2019 онд Б.Д гэдэг хүн нас барсан бөгөөд газрыг нь Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны А/42 дугаар захирамжийн хавсралтын 1 дэх хэсгээр Даваахүүгийн Хашбаатарт шилжүүлсэн бөгөөд ингэхдээ үндэслэлгүйгээр газрын хэмжээг 749 м.кв болгон сунгаж миний газар, байшинтай давхцуулан олгосон байна. 

3.4. Д.Х нь газраа П.Д гэх хүнд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2022 оны А/50 дугаар захирамжаар шилжүүлсэн байх бөгөөд П.Д гэх хүн нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Б.Н, Н.Батсайхан нарын нийтийн байрны орон сууцыг буулгаж, газрыг албадан чөлөөлөх тухай” нэхэмжлэл гаргасныг би 2023 оны 1 дүгээр сард гардаж авснаар мэдсэн. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”  гэж заасан. Б.Нгийн байр нь энэ зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг газраас ангид авч үзэх боломжгүй. Нэхэмжлэгч Б.Н шүүхийн шийдвэрээр байрны өмчлөгч мөн болохоо тогтоолгосон боловч байрны тал хэсгийн доорх газрыг өөр этгээдэд эзэмшүүлснээс болж өнөөдрийг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулж авч чадахгүй хохирч байна.

3.5. Иргэн Б.Дд газар эзэмшүүлэх захирамжийг Хатгал тосгоны захирагч гаргаж, тосгоны захирагч өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн   47.1.3-д зааснаар тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан тул илт хууль бус захиргааны акт болох юм. Гэтэл тухайн газрыг ээж н.Бадам, Б.Н миний бие цаашлаад үр хүүхэд бид 1982 оноос хойш эзэмшиж, ашигласан, хүчин төгөлдөр газрын гэрчилгээтэй байхад бидний газартай давхардуулан Б.Дд эзэмшүүлсэн байгааг Захиргааны ерөнхий 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байна.

3.6. Тиймээс Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн хавсралтын 134 дэх хэсэг, Д.Хт эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжийн хавсралтын 1 дэх хэсэг, П.Дд эзэмшүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү” гэжээ.  

Дөрөв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

4.1. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн хавсралтын 134 дэх хэсэг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжийн хавсралтын 1 дэх хэсэг, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор тодруулж байна.

4.2. Нэхэмжлэгч Бадамын Нямаа нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны худалдаа бэлтгэлийн трестэд ажилладаг байсан. Худалдаа бэлтгэлийн трест нь татан буугдаж Илч хоршоо, Тулга хоршоо, Түшиг хоршоо гэж задарсан. Илч хоршоо нь нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Тулга хоршоо нь барааны чиглэлээр, Түшиг хоршоо нь түүхий эд нийлүүлэх чиглэлээр ажилладаг байсан. Нэхэмжлэгч Б.Н нь Илч хоршоонд буюу нийтийн хоолны салбарт ажиллаж үлдсэн. Б.Д гуай Тулга хоршоо буюу бараа бүтээгдэхүүн худалдах чиглэлийн хоршоонд үлдсэн байдаг. 1994 онд Илч хоршооны даргын тушаалаар нэхэмжлэгч Б.Нд худалдаа бэлтгэлийн трестийн 108 метр квадрат орон сууцыг 9 хүний нийт 27 ягаан тасалбараар худалдаж авсан бөгөөд тухайн орон сууц болон газрын Б.Н гуайд шилжүүлсэн байдаг. Тэр нь одоогийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны 01 тоотод байрлах газар болон үл хөдлөх хөрөнгө шилжиж ирсэн байдаг.

4.3. 1998 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр захирамжаар газар ашиглах эрхтэй болсон улмаар 2005 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 003818 гэх газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргуулж Б.Д гуайн өмчлөлийг 2007 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5 жилийн хугацаагаар сунгах гэрээ байгуулж байсан. Цаашлаад Хатгал тосгоны захирагчийн А/73 тушаалаар газар эзэмших эрхтэй болсноор 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0378352 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авч гэрээ байгуулснаар тухайн газрын хууль ёсны эзэмшигч болсон байдаг.

4.4. Түүнчлэн 108 м.кв орон сууцыг 2010 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн     Ү-1701000147 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг дүү н.Наранцэцэгийн хамт авч байсан. Дүү н.Наранцэцэгийг нас барсны дараа 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тухайн орон сууцны  өмчлөгчөөр бүртгүүлсэн. Сүүлд 2017 онд өмчлөлийн бүртгэлтэй холбоотой маргаан гарч шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн байна гэсэн баримтыг аваагүй байхад бүртгэсэн нь буруу гэсэн шийдвэр гарсан. Түүнээс биш Б.Н гуай өмчлөгч нь огт биш гэсэн шийдвэр гараагүй.

4.5. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 28 дугаар шийдвэрээр Бадамын Нямаа нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны 01 тоотод орших 108 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохоо тогтоолгосон байдаг. Ямар байдлаар Б.Н гуайн эрх ашиг зөрчигдөж энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргах болсон бэ гэхээр 2021 оны 28 дугаартай шүүхийн шийдвэрээр өмчлөгч мөн болохоо тогтоогочихоод улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж үл хөдлөх хөрөнгө дээрээ өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах гэтэл тухайн орон сууцны доод талын газар нь Б.Д гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байгаа учраас өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй гэсэн. Үүний дараа 2022 онд П.Д гэдэг хүний нэхэмжлэлтэй холбоотой хариуцагчаар шүүхэд татагдсан байсан.

4.6. Б.Н гуайн 108 м.кв орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байсан. Ийм байдлаар Б.Н гуайн өмчлөх эрх зөрчигдсөн учраас зайлшгүй шүүхээр энэ маргаанаа шийдвэрлүүлэх шаардлагатай болсон. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргасан тал бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй байна гэж заасан байдаг. 2011 онд газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгож байх үед тухайн орон сууцыг Б.Н ашиглаж байсан учраас Б.Дд олгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.7. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Алаг-Эрдэнэ сумын 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгт гаргаж өгсөн. Түүнээс харахад Б.Д гэдэг хүнд олгосон газар 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байдаггүй. Тэгэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газрыг олгож байсан нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан байдаг. Тиймээс газар, үл хөдлөх хөрөнгө хоёр салшгүй хамаатай. Хэрэгт авагдсан баримтаас харахад Б.Д гэдэг хүний 2011 онд газар эзэмших эрхээ авч, 2017 онд гэрчилгээ авч гэрээ байгуулсан байна гэж харагддаг. Гэтэл Б.Н гуай тухайн орон сууцыг 1970 онд баригдсан 1984 оноос амьдарч эхлээд 1994 онд өмчилж авсан гэдэг. Тийм учраас тухайн орон сууцны доорх газар нь Б.Н гуайд үүсэх байсан гэж үзэж байгаа. 1998 онд газар эзэмших эрх авахад газрын кадастр гэж байгаагүй учраас газрыг яаж хуваах эсэх нь шийдэгдээгүй байсан. 2011 онд газар эзэмших эрх олгож Хатгал тосгоны газрын даамал кадастрын зургаа хийхдээ орон сууцны доорх газрыг хоёр хувааж олгосон нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа.

4.8. Яагаад илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэхээр Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасныг үндэслэж гарсан байсан. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасан. Мөн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж зааснаас харахад иргэдэд газар олгох асуудлыг сумын Засаг дарга шийдвэрлэхээр байгаа.

4.9. Гэтэл 2011 оны 12 дугаар сард гарсан захирамжийг Хатгал тосгоны захирагч гаргасан. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг харахад тосгоны захирагч газар олгоно гэсэн эрх хэмжээ байхгүй. Дээрээс нь тухайн үед үйлчилж байсан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т зааснаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, ашиглуулах, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу сумын Засаг дарга шийдвэрлэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл, аль ч хууль тогтоомжоор тосгоны захирагчид газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй. Гэтэл Хатгал тосгоны захирагч өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд газар олгосон байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан захиргааны байгууллага өөрийн шийдвэрт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан. 47.1.6-т заасан захиргааны акт нь эрх зүйн үндэслэл байгаагүй зэрэг захиргааны акт илт хууль бус шинжийг агуулж байна гэж үзэж байгаа учраас Хатгал тосгоны захирагчийн 2011 оны А-73 захирамжийн Б.Дд холбогдох хэсгийг илт хууль бусаар тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын захирамжуудын тухайд нэгэнт илт хууль бус захиргааны актыг үндэслэж гаргасан шийдвэрүүд учраас мөн илт хууль бусад тооцуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

4.10. Иймд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн хавсралтын 134 дэх хэсэг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжийн хавсралтын 1 дэх хэсэг, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжийн 6 дахь хэсгийг тус тус илт хууль бус захиргааны актаар тогтоож өгнө үү гэж хүсэж байна гэв.

Тав. Хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

5.1. Иргэн Б.Н, Б.Д нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн захирамжаар 1998 онд анх ашиглаж байсан. Хатгал тосгоны төвийн эдэлбэр газар болох 1470 га талбайг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас хассан Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоол гарсан тул тухайн үед ашиглаж байсан иргэдийн газрыг Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/73 дугаар захирамжаар 994 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

5.2. Иймд хүчин төгөлдөр шийдвэр тул тухайн захирагчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Зургаа: Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

6.1. Иргэн Б.Нгийн нэхэмжлэлд дурдсан газар нь Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/73 дугаар шийдвэрээр Б.Н болон Б.Д нарт тус бүрт нь газрыг эзэмшүүлсэн  байна. Иймд нэхэмжлэлд дурдсанаар Б.Дд эзэмшүүлсэн газар нь иргэн Б.Нгийн эзэмшлийн газар байсныг нотлох баримт байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

6.2. Мөн иргэн Б.Н нь 2021-2023 онуудад Б.Дд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргаж байсан болно” гэжээ.

Долоо. Гуравдагч этгээд Д.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Оргил шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

7.1. Миний ээж 1979 оноос хойш Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 3 айлын орон сууцны зүүн талын нэг айлын орон сууцанд нь 2019 оныг хүртэл тасралтгүй 40 жил амьдарч байгаад нас барсан. 1991 онд Худалдаа бэлтгэлийн анги татан буугдаж өмч хувьчлал болсон байдаг. Ингэхэд тухайн үед Худалдаа бэлтгэлийн трестийн даргаар ажиллаж байсан Ц.Очирпүрэв гэх хүн нь ажилтнуудын нийтийн орон сууцыг дуудлага худалдаанд оруулалгүйгээр ягаан тасалбараа байгууллагадаа нийлүүлснээр нь байрыг авсан байсан. Ингээд өмч хувьчлалаар авсан Худалдаа бэлтгэлийн трестийн орон сууцаа хамт олны шийдвэрээр амьдарч байгаа айлуудад нь олгохоор шийдвэрлэсэн гэсэн. Ингэж ээж минь тухайн байрыг өөрийн өмч болгож ягаан тасалбараараа худалдан авсан байдаг.

7.2. 2017 онд Б.Н нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар болон байшинг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байсан ба үүнээс хойш тухайн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар бидний хооронд маргаан эхэлсэн юм. Тухайн маргаан болж байх үед шүүхээс маргаан бүхий газрыг хэмжиж үзсэн байдаг. Энэ үед иргэн Б.Нгийн газрыг хэмжиж үзэхэд 42.6х18.6 м хэмжээтэй газар байсан ба энэ нь 792.36 м.кв хэмжээтэй болж байсан. Маргаан бүхий газрыг давхардуулан олгож, эзэмшүүлж бүртгэсэн зүйл байдаггүй.

7.3. Тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Ч.Оюунгэрэл гэх хүн нь шүүхэд ирж гэрчээр мэдүүлэг өгөхдөө Байгаль орчны хяналтын улсын байцаагч байсан А.Анагаагийн бүртгэсэн газар ашиглагчдын бүртгэлийн дэвтэр гэж байсан ба тэр бүртгэл дээр Б.Д, Б.Н нар хоёулаа газар ашиглах эрхтэй болохыг бүртгэсэн байсан. Уг бүртгэлийг би Б.Нд үзүүлж байсан. Би 2004 онд Хатгал тосгоны газрын даамлын ажилд орсон бөгөөд намайг ажилд орсноос хойш газар ашиглагчдын гэрээг 2 удаа сунгасан юм. Тэгээд удалгүй Хатгал тосгоны төвийн газрыг Улсын Их Хурлын тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газраас гаргаж, иргэдэд ашиглаж байсан газрыг нь эзэмшүүлсэн юм. Б.Д болон Б.Н нар нь хоёулаа газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авсан гэж тайлбарласан байдаг.

7.4. Мөн 2009 онд Хатгал тосгоны иргэдийн ашиглаж байсан газрыг кадастрын мэдээллийн санд оруулсан байдаг. Энэ үед Б.Н, Б.Д нарын эзэмшиж байсан газрын кадастрын зураг байдаг. Үүнд үндэслэн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаартай газар эзэмшүүлэх тухай Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын захирамж болон түүний хавсралтаар нотлогдож  байгаа юм. Б.Н нь тухайн үед дээрх байдлыг мэдэж байсан ба өөрөө ч хүлээн зөвшөөрч газрын эзэмших гэрээ болон гэрчилгээн дээр гарын үсэг зурж баталгаажуулж авсан байдаг.

7.5. Тухайн газар дээр байршиж байгаа 3 айлын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгосны тухайд тухайн үед миний ээж болон миний бие актанд гарчихсан, ашиглах боломжгүй болсон байшингийн хойноос хөөцөлдөөд яахав гэж бодоод хүлээн зөвшөөрсөн юм. Шүүхээс энэ асуудлыг шийдвэрлэх үед Б.Н нь тухайн хэрэгт Хөвсгөл аймгийн Хатгал суман дахь Илч хоршооны даргын 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тушаалын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байсан.

7.6. Гэтэл дээрх нотлох баримтыг ямар журмаар хаанаас олж авсан нь тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл тухайн тушаалын эх хувь нь байхгүй, аймгийн архивт болон Хатгал тосгоны архивт энэ тушаал нь байдаггүй. Иймд дээрх нотлох баримтыг хаанаас ямар журмаар гаргаж авсныг шалгаж, тодорхой болгож өгнө үү.

7.7. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл энэ байрыг миний ээжийн өмч байсан талаар тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлээ гаргах болно. Мөн 2022 оны 06 дугаар сард хамар хашааг маань буулгаж, манай хувийн өмчид халдсан үйлдэл болсон. Энэ мэтчилэн миний ээжийн хууль ёсоор эзэмших эрхийг нь олж авсан эд хөрөнгө болон нэр төрд нь удаа дараа халдаж байгаад гомдолтой байгаа. Иймд тухайн асуудлыг холбогдох хууль журмын дагуу шалгуулах болно. Бид нар хэрэгтэй гэвэл манай газар дээр байгаа байшингаа буулгаж авахыг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Найм. Гуравдагч этгээд Д.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч          Б.Мөнх-Оргил шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

8.1. Манай эмээ 1947 онд нэгдэлд ажиллаж байгаад 16 настайдаа Хатгалд очиж амьдарсан. Ингэхдээ тухайн трестийн байрандаа 1979 оноос хойш амьдарсан. Илч хоршоо гэж 5 салсан гэж байна. Тэр нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр н.Очирпүрэв гэдэг хүн тухайн трестийг бүхэлд нь авч байсан. Тэр үед манай эмээ өөрийнхөө тасалбаруудаа өгч тухайн 1 орон сууцыг нь авч байсан. Гэтэл Б.Н гуай бүхэлдээ манайх гэж яриад байгаа. н.Очирпүрэв гэдэг хүн амьд сэрүүн байхдаа шүүх хурлаар орж тайлбар өгөхдөө “1992 онд би Б.Д гэдэг хүнд өгсөн байрыг яагаад 1994 онд Б.Н гэдэг хүнд шилжчихэв ээ. Энэ чинь цаг хугацааны хувьд боломжгүй” гэсэн тайлбар өгсөн байдаг.

8.2. Байшингийн доорх газрын хувьд 2011 онд иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захирамж нь гарсан. 2011 онд Б.Д, Б.Н гэдэг хоёр хүн аль аль нь хүлээн зөвшөөрч, кадастрын зургаа хийлгэж гарын үсэг зураад тухайн хашаа, байшинг эзэмшиж, ашиглаж байсан. Тухайн үед манай эмээг Б.Н гуай “энд гуйж ирчихээд гарахгүй байна” гээд ярьдаг байсан. Тухайн үед би эмээгээсээ асуухад “Захиргаан дээр бичиг баримт байдаг юм. Яршиг тэгээд явж байна биз” гэдэг байсан. 2016, 2017 онд Хатгалын захиргаа шатсанаас хойш энэ маргаан гарч эднийх хөөж туух нь ихсээд байхаар нь би “тийм зүйл байхгүй. Тэгвэл хашаагаа тасалж барина” гээд хашаа барьсан. 2017 оноос хойш буюу Захиргаанд байсан чухал бичиг баримт шатсанаас хойш эдний тал эрчимтэй газар руу дайраад байгаа. Хэрвээ ийм байсан юм бол 2011 онд анх газар эзэмшиж, ашиглахдаа яагаад шүүхэд гомдол гаргаж болоогүй юм бэ. Амгаа гээд тухайн үеийн даамлын гарын үсэгтэй баримтыг би харж байсан. Газар нь тусдаа, хашаа байшин нь тусдаа гээд Б.Н гарын үсгээ зурчихсан, манай эмээ ч гарын үсгээ зурчихсан байсан. Тэр баримтыг үндэслэж газрын даамал 2011 онд аль алинд нь газар эзэмшүүлж ашиглуулах гэрээг өгсөн. Одоо эднийх шал өөр зүйл яриад байгаа. Сүүлд гарсан 2021 оны шийдвэрт манай эмээг улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд нас барсан гэсэн учраас шүүх хуралдаанд оролцуулаагүй. Үр хүүхэд, ач, зээг нь шүүх хуралд оруулаагүй. Тэр иргэний маргаанд бид нар суух ёстой байсан. Бид нар гомдлоо гаргаж байгаа. Үндсэн өв залгамжлагч байж яагаад гомдол гаргаж болдоггүй юм бэ.

8.3. 108 м.кв орон сууцыг яагаад бүхэлд нь Б.Нд эзэмшүүлсэн бэ гэхээр Д.Х юм уу намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оруулж тэр хэргийг дахин хянаж болдог юм болов уу. Хэрвээ тэгж болно гэвэл оролцуулж өгөөч гэж хүсэж байна. Манай эмээг амьд сэрүүн байхад эсвэл 2011 онд яагаад гомдол гаргаагүй юм бэ. Одоо энэ гомдол нь манай эмээгийн эрх ашгийг ч хөндөж байгаа. Нас барснаас нь хойш 2 жилийн дараа гомдол гаргаж байна. Иймд Б.Н гуайн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Ес. Гуравдагч этгээд П.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Долгорсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

9.1. Би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд гэр бүлийн зориулалттай газрыг 2022 онд Д.Хаас авахаар Хатгал тосгоны газрын даамлаас энэхүү газар дээр ямар нэгэн асуудал байна уу гэдгийг асууж нягтлахад энэхүү Д.Хын газартай холбоотой ямар нэгэн маргаан байхгүй, Д.Хын газар /өөр эзэмшигч байхгүй/, газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг асуудалгүй гэсэн тул нягтлан шалгуулсны үндсэн дээр худалдаж авах хүсэлт гаргаж Д.Х ч гэсэн надад газар эзэмших эрхээ шилжүүлэхийг зөвшөөрснөөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжаар надад газар эзэмших эрхийг шилжүүлэн өгснөөр өөрийн нэр дээр газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ гаргуулж авсан.

9.2. Ингэснээр миний газар эзэмших эрх баталгаажсан. Гэтэл манай хөрш Н.Батсайхан, Б.Н нар нь уг газар дээрх байшинг манай өмчлөлийнх учраас манайх байшингаа оруулан газраа эзэмшинэ гэж хуучин зааглаж байсан хашааг нь буулгаж, манай эзэмшил газар руу орохыг завдсан байна. Улмаар би өөрийн эзэмшлийн газраа чөлөөлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд хандсан боловч Б.Н, Н.Батсайхан нар нь надад газар эзэмших эрх олгосон захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

9.3. Миний эзэмшиж байгаа 749 м.кв газар нь намайг өөрийн нэр дээр шилжүүлэх үед эрхийн ямар нэгэн зөрчилгүй байсан тул эрх бүхий албан тушаалтан болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэсэн өөрийн үндсэн үүргийн дагуу 2022 онд А/50 дугаар захирамж гарган Д.Хын эзэмшлийн 749 м.кв газрын эзэмших эрхийг надад шилжүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг зөрчөөгүй болно.

9.4. Эрүүгийн хуульд орсон 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж өөрчлөгдсөнийг нэхэмжлэгч хуучнаар нь буюу өөрчлөлт орохоос өмнөх байдлаар 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж бичсэн нь хууль бус байхаас гадна надад газар эзэмших эрх шилжүүлсэн 2022 оны А/50 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчөөгүйгээс гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан П.Дид газар эзэмшүүлсэн “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжийг илт хууль бусад тооцох” Б.Н, Н.Батсайхан нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Арав. Гуравдагч этгээд П.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Долгорсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

10.1. Өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд П.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч тал Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн хавсралтын 131 дэх хэсэг, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжийн хавсралтын 1 дэх хэсэг, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжийг тус тус илт хууль бус захиргааны актаар тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. П.Дтай холбоотой хэсэг болох 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар захирамжийн тухайд П.Дид газар эзэмших эрхийг шилжүүлж байгаа энэхүү захирамжаар Б.Н болон н.Батсайхан нарын эрх ашиг хэрхэн яаж хөндөгдсөн, илт хууль бус гэж тогтоолгосноор яаж эрх ашиг нь сэргэх вэ гэдэг нь ойлгомжгүй.

10.2. Аймгийн Засаг дарга гомдол гаргахдаа хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж захиргааны актыг илт хууль бусад тооцуулна гэж байна. П.Дтай холбоотой 50 дугаар захирамжийн юу нь хууль бус юм бэ. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны аль үндэслэлээр нь илт хууль бус гэж үзээд байгаа нь тодорхойгүй байна. Нөгөө талаар П.Д энэ газрыг шилжүүлж авахад эрхийн зөрчилгүй байсан учраас газрын даамал эрх бүхий албан тушаалтнууд газар эзэмших эрхийг нь шилжүүлж өгсөн байдаг.

10.3. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэсэн үндсэн үүргийн дагуу 2022 оны А/50 дугаар захирамж гарган Д.Хын 749 метр квадрат газрыг П.Дид шилжүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг зөрчөөгүй гэж үзэж байна.

10.4. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т зааснаар “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж нэхэмжлэлдээ бичсэн байгаа. Захиргааны ерөнхий хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр уг хуульд нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Үүнд захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж өөрчлөлт орсон. Энэ хуулийн зүйл заалтыг харахгүй бичсэн нь хуульд нийцэхгүй байна. Түүнчлэн хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бол хүчингүй болгуулахаар дээд шатны байгууллагад хандах байсан. Тийм учраас энэ нэхэмжлэл илт хууль бусад тооцуулах шаардлагын тухайд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэлтэй байна.

10.5. П.Дийн маргаж байгаа газар анхнаасаа Б.Д гэдэг хүнд эзэмшүүлсэн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 захирамжийн 134 дэх хэсгийг илт хууль бусад тооцуулаад 135 дахь хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд байгаа юм уу. Тэгэхлээр 135 дахь хэсэг буюу Б.Нд газар эзэмшүүлсэн нь ч гэсэн илт хууль бус юм биш үү. Хэрвээ Хатгал тосгоны захирагч газар эзэмшүүлэх эрхгүй этгээд юм бол Б.Нд газар эзэмшүүлсэн нь ч гэсэн илт хууль бус байхаар байна.

10.6. Нэг захиргааны актыг хоёр өөрөөр тайлбарлах байдлаар нэхэмжлэл гаргах нь зохимжгүй байна. Мөн 2 жил дараалан газар ашиглаагүй гэж байна. Б.Н, Н.Батсайхан нарын газар ч гэсэн ашиглагдаагүй байгаа. Манай байшин, үл хөдлөх хөрөнгө гэж байгаа боловч тэнд хүн амьдрах боломжгүй болж нурсан барилга байгаа. П.Д нэгэнт энэ газрын өөрийнхөө нэр дээр эзэмших эрхийг нь шилжүүлж авсан учраас газраа чөлөөлүүлж, газар дээрээ байгаа нурсан балгасыг чөлөөлүүлэх гэж нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Тийм учраас П.Дид газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн 50 дугаар захирамжийг хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч болон гуравдагч этгээд нарын гаргасан хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  2. Шүүхээс хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогч нараас хариуцагч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэсэн тул тэдгээрийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
  3. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжаар иргэн Б.Дд Хөвсгөл аймгийн Хатгал сумын 1 дүгээр хороо, 01-03 тоот хаягт байрлах 400 м.кв газрыг эзэмшүүлэхээр; Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын          09-ний өдрийн А/42 тоот захирамжаар Д.Хт 749 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр; мөн сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжаар П.Дд уг газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс эдгээр захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргажээ.
  4. Нэхэмжлэгчээс “...маргаан бүхий газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр шүүхийн шийдвэрийн дагуу тогтоолгосон ... газар эзэмшүүлэх эрх олгох эрхгүй этгээд газар эзэмшүүлсэн, уг газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр гаргасан захирамжуудыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй ...” гэж, хариуцагчаас “...иргэн Б.Дд эзэмшүүлсэн 719 м.кв газар нь тухайн үед бусдын эзэмшил ашиглалтад байсан гэсэн баримт байхгүй тул иргэн Б.Дд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.
  5. Аливаа хүн, хуулийн этгээдийн шүүхээс сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байж гэмээ нь шүүхээр хамгаалагдах бөгөөд шүүх уг зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох учиртай. Энэхүү тохиолдолд нэхэмжлэгчийн илт хууль бус гэж тооцуулахаар маргаж буй захиргааны актууд нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлж, цаашлаад шилжүүлж эзэмшүүлсэн захирамжуудийн улмаас нэхэмжлэгч Б.Нгийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, улмаар маргаан бүхий захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгосноор түүний ямар эрх сэргэх нь тодорхойгүй байна.
  6. Тодруулбал, нэхэмжлэгчээс “...Б.Нгийн байр нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг газраас ангид авч үзэх боломжгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргаан бүхий газарт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоосон иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гарган өгч гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгосон Хатгал тосгоны захирагч болон Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргажээ.
  7. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2022/00028 дугаартай шүүхийн шийдвэрийн (1 дэх хавтаст хэргийн 22-25 дахь тал) тогтоох хэсгийн нэг дэх заалтад “... Цахиур Бадамын Нямааг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны 1 тоотод оршин суух 3 айлын зориулалттай 108 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосугай” гэсэн буюу маргаан бүхий газарт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоосноос бус газрыг хууль ёсоор эзэмших, ашиглах эрхтэй талаар дүгнэж шийдвэрлээгүй байна.   
  8. Нөгөөтэйгүүр газар эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан Газрын тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нь өмчлөгчөөр тогтоолгосон орон сууц бүхий газар буюу нэхэмжлэлдээ дурдсан тус орон сууцны ойр орчмын газрыг эзэмших эрхтэй талаар баримт хэрэгт байхгүй, мөн уг газрыг эзэмшихээр Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад хандаж байгаагүй, үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй болно. 
  9. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж тус тус заасны дагуу аливаа этгээд нь газар эзэмших хүсэлтээ заавал холбогдох шатны Засаг даргад хандаж, улмаар эрхийн гэрчилгээтэйгээр эзэмших хуулийн зохицуулалттай байна.
  10. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх хуулийн заалтын дагуу Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад гуравдагч этгээд Б.Дд эзэмшүүлсэн газрыг эзэмшихтэй холбоотой хүсэлтийг огт гаргаж байгаагүй атлаа гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж, уг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд уг газрыг эзэмших эрхтэй болно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
  11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”; 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг; 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаар иргэн, хуулийн этгээдээс захиргааны хэргийн шүүхэд хандаж, “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж буй захиргааны акт нь хуульд заасан “илт хууль бус” захиргааны актын шинжийг хангасан байхын зэрэгцээ маргаж буй иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох учиртай.
  12. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэхээр заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...Газрын тухай хуульд зааснаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчид газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэр гаргах эрх олгоогүй учраас түүний гаргасан захирамж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан илт хууль бус актын шинжийг агуулж байна” гэсэн тайлбар нь үндэслэлтэй боловч уг захирамжийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчид сэргээгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.  
  13. Учир нь нэхэмжлэгчээс “... үл хөдлөх эд хөрөнгө гэдэг газартай салшгүй холбоотой байдаг. Манайх тухайн байрыг олон жил эзэмшиж, ашиглаж, өмчилсөн учраас байрны ойр орчмын газрыг манай газар гэж итгэж, эзэмшиж ашигласаар ирсэн ... тэгтэл Б.Д, түүний хүүхдүүд 2017 онд ээжийн байрны зүүн талыг оруулаад хашаа хатгаж эхэлсэн...” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн 0378352 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ (1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал), нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрын 210102635 дугаартай газрын байршлын кадастрын зураг (1 дэх хавтаст хэргийн 70 дахь тал), Б.Дд газар эзэмшүүлсэн 000669205 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ (1 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал), Б.Дгийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг (1 дэх хавтаст хэргийн 61 дэх тал) гэсэн баримтуудаар Б.Н, Б.Д нар нь 2011 оноос хойш Хөвсгөл аймгийн Хатгал сум, 1-1-3, 1-1-2 хаяг бүхий өөр нэгж талбарын дугаартай газартай болох нь тогтоогдож байна.
  14. Мөн Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4/211 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн фото зураг бүхий нотлох баримтаар (1 дэх хавтаст хэргийн 104-107 дахь тал) уг газрууд нь ямар нэг хэлбэрээр давхцаагүй хөрш зэргэлдээ газрууд байсан болно.
  15. Түүнчлэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй”, 35 дугаар зүйлийн 35.1.4-т “Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх гэж заасны дагуу гуравдагч этгээд Д.Х нь өв залгамжлалын журмаар шилжүүлэн авсан, улмаар гуравдагч этгээд П.Д нь уг газрыг шилжүүлэн авсан нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.
  16. Тодруулбал, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг талууд хуульд заасан журмаар гаргаж, Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэр гаргасныг хуульд заагаагүй үндэслэлээр шийдвэр гаргасан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн ... илт хууль бус захиргааны актыг үндэслэж шилжүүлсэн тул газар эзэмших эрхийг шилжүүлэх эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
  17. Нэхэмжлэгчээс “...тухайн газрыг ээж н.Бадам, Б.Н миний бие цаашлаад үр хүүхэд бид 1982 оноос хойш эзэмшиж, ашигласан, хүчин төгөлдөр газрын гэрчилгээтэй байхад бидний газартай давхардуулан Б.Дд эзэмшүүлсэн...” гэж тайлбарлах боловч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжаар Б.Н, Б.Д нар нь хөрш зэргэлдээ газрыг анх эзэмших эрхтэй болсон, түүнээс өмнө ашиглаж байсан гэх баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан боловч уг баримт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул уг баримтыг шүүх үнэлэх боломжгүй юм.  
  18. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус болох шинжийг агуулаагүй бөгөөд эдгээр актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн хавсралтын 134 дэх хэсэг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжийн хавсралтын 1 дэх хэсэг, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжийн 6 дахь хэсгийг тус тус илт хууль бус захиргааны актаар тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэгч Б.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.МӨНХБОЛОР