Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/997

 

 

 

 

 

 

      2021           11           23                                       2021/ДШМ/997                                             

 

Л.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор Б.Амармөрөн,

шүүгдэгч Л.М,

            нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Мгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1812006510164 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Л.М, 1987 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт .......... тоотод түр оршин суух,

Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 3 дугаар шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3/40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнсэн харгалзах ял оногдуулсан,

Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 3/09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 20 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 961 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч Л.М нь 2018 оны 11 дүгээр сарын 14 ны өдөр өөрийгөө “Хууль зүйн яаманд мэргэжилтэнээр ажилдаг, сумаасаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг ажилтай, яваа 2 өрхийг дэмжинэ” гэж танилцуулан иргэн Ч.Алтаншагай, П.Пүрэв-Очир нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж тус бүрээс нь 185.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Тугсан ХХК-ийн байранд байрлах АТМ-ээс иргэн Ц.Цэцэгсүрэнгийн 5009077398 дугаарын дансаар шилжүүлэн авч 370.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Л.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдпыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л. Мг 3 /гурав/ 7 /долоо/ сар 7 /долоо/ хоногийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л. Мд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 961 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 7 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 /гурав/ жил 7 /долоо/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Мгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Цолмонгийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс  цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мгаас 185.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Алтаншагай, 185.000 төгрөгийг гаргуулж П.Пүрэв-Очир нарт тус тус даруй олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн баримт, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Л.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 10 дугаар сарын 14-нд Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Түвшинбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн сэжигтнээр байцаалт авсан болно. Иймд хэргээ нэгтгэн шийдүүлэх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Энэ бүгд нэг онд үйлдэгдсэн хэрэг бөгөөд хамт шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна. Урьд өршөөл, хуулийн тэгшитгэлд орж байгаагүй. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр миний хэргийг өршөөлийн хуулийн ямар зүйл заалтад ороогүй болох нь тодорхойгүй байгаа тул гомдолтой байна. Миний бие хоригдож байх хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж хохирлыг төлж байсан. Дээрх байдлыг минь харгалзан үзэж нааштайгаар шийдэж өгнө үү. Мөн давж заалдах шатны хуралдаанд прокурор Түвшинбаярыг оролцуулж өгнө үү. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гаргасан алдаагаа дахиж гаргахгүй. Нийгэмд гаргаад хохирол төлбөрөө  2 жилийн дотор төлж барагдуулна гэдгийг амлаж байна. ...” гэв.

Прокурор Б.Амармөрөн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Уг хэрэгт урьд хяналт тавьж байсан хяналтын прокурор нь Л.Мд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ бичиг техникийн алдаа гаргаж биеийн байцаалтанд нь урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй шийтгэх тогтоолыг бичсэн байсан. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох ял шалгах хуудсанд Л.М нь урьд 4 удаагийн ял шийтгэлтэй. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 961 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байдаг. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоол гарах үед Л.М нь хорих ангид ял эдэлж байсан буюу 6 жилийн хорих ялаас 3 жил 1 сар 7 хоногийн ял үлдсэн гэх хорих 441 дүгээр ангийн тодорхойлт авагдсан байдаг. Тус тодорхойлтын дагуу уг хэрэгт оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгээд 3 жил 7 сар 7 хоногийн хорих ял оногдуулсан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн 3б/2112 дугаартай албан бичгийн дагуу урьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй гэсэн бичиг ирсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн заалтыг зөрчиж гарсан тул  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Мд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Анхан шатны шүүх  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд  3 /гурав/ 7 /долоо/ 7 /долоо/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй” гэж ял шийтгэсэн мөртлөө дараах заалтдаа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 961 дугаартай шийтгэх тогтоолоор 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 7 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний хорих ялын нийт хэмжээг 3 жил 7 сар 7 хоногийн хорих ялаар тогтоохоор шийдвэрлэв гэжээ.

Энэ нь шүүхийн шийтгэх тогтоол илт ойлгомжгүй, ял шийтгэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдсөн байна.

Мөн шүүгдэгч Л.М нь нь өмнө 4 удаагийн ял шийтгэлтэй байхад яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар огт тусгаагүй, шүүгдэгчийн шийтгэгдээгүй ял шийтгэл буюу  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн гэж ялтай байдлыг дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүгдэгч Л.Мтай холбогдох хэргийг шийдвэрлэсэн гэх атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтанд шүүгдэгч “Н.Цолмонгийн цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох”-оор заажээ.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд ойлгомжтой байх шаардлагыг огт хангаагүй. Хэний хэргийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бичигдсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 3 дугаар шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3/40 дугаартай, Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 3/09 дугаартай шийтгэх тогтоол нь хэрэгт хавсрагдаагүй, урьд Өршөөлийн тухай хууль хэрэглэж байсан эсэх нь тодорхойгүй байх тул шийтгэх тогтоолыг авч, хууль хэрэглээний асуудлаа сайтар хянаж шийдвэрлэх нь шаардлагатай болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Мд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэх хүртэл түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ