| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2023/07873/И |
| Дугаар | 101/ШШ2024/00369 |
| Огноо | 2024-01-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2024/00369
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******,*******,*******-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******,*******-д холбогдох
167,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болор-Эрдэнэ,
Хариуцагчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ /ҮД:2016/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Ч.******* болон Ж.******* нар нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр БЗД-ийн 5 дугаар хороонд баригдах иргэн Ж.*******гийн 9 давхар барилгын орон сууцны гадна хөөс наах, хадах, тортой хар замаск, шагрий шүрших, гадна эмульс хийх зэрэг гадна дулаалгатай холбоотой ажлуудыг хийж гүйцэтгэхээр Барилгын гадна дулаалгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний нийт төлбөр 351.000.000 төгрөг бөгөөд гэрээний үнийн дүнд Цагаан хаалга цогцолбор хотхоны А блок 11 давхар ******* 84.75 м.кв орон сууцыг 167.500.000 төгрөг, өргөө 88 хотхонд 64.50 м.кв 2 өрөө орон сууцыг 122.550.000 төгрөг, бараа материал 58.950.000 төгрөгт тооцон тус тус хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна. Ч.******* нь гэрээгээр тохирсон ажлыг 2021 оны 11 дүгээр сард бүрэн гүйцэт хийж дуусгавар болгож Улсын комисс 2023 оны хавар хүлээн авсан бөгөөд гэрээний төлбөрөөс Өргөө-88 хотхоны 64.5 м.кв 2 өрөө байр, 58,950,000 төгрөгийн үнэ бүхий мараа материалыг авсан бөгөөд үлдэх гэрээгээр тохиролцсон үл хөдлөх хөрөнгийг иргэн *******гийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөөр амаар харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй, дээрх үл хөдлөх хөрөнгө нь бүрэн гүйцэд ашиглалтад ороогүй байна. Энэ асуудлаар удаа дараа Ж.*******тай уулзсан боловч нэгэнт тухай үл хөдлөх хөрөнгө ашиглалтад ороогүй шилжүүлж өгөх боломжгүй гэсэн тул дээрх дурдсан үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Цагаан хаалга цогцолбор хотхоны А блок 11 давхар ******* 84.75 м.кв 3 өрөө орон сууцны үнэ болох 167.500.000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд хандаж байна. 2021.08.23-ны өдрийн Барилгын гадна дулаалгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу бартерт өгөхөөр тохиролцсон Цагаан хаалга цогцолбор хотхоны А блок 11 давхар ******* 84.75 м.кв 3 өрөө орон сууцны үнэ болох 167.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэв.
2. Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч П.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Ч.*******гийн нэхэмжлэлтэй, Ж.******* надад холбогдох хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Ч.******* нь надаас 167,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ж.******* миний бие нэхэмжлэгч Ч.*******тэй 2021.08.23-ны өдөр барилгын гадна дулаалгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлсэн. Гэрээний төлбөрийг 351,000,000 төгрөгөөр тохирсон бөгөөд гэрээний 3.3-т зааснаар 100 хувь бартераар буюу 2 ширхэг орон сууц, барилгын бараа материалаар үнийг төлөхөөр тусгайлан заасан. Үүнд:
Цагаан хаалга цогцолборт байрлах 84,75 м.кв талбайтай орон сууц 1 ширхэг; Өргөө 88 хотхонд байрлах 64.5 м.кв талбайтай орон сууц 1 ширхэг;
Бараа материал 58,950,000 төгрөгөөр тус тус Ч.*******д тооцож олгохоор харилцан тохирсон.
Нэхэмжлэгч Ч.******* нь Өргөө 88 хотхонд байрлах 64.5 м.кв орон сууц болон 58,950,000 төгрөгөөр үнэлэгдэх бараа материалаа бүрэн хүлээж авсан. Харин үлдсэн 1 орон сууц буюу Цагаан хаалга цогцолборт байрлах 84,75 м.кв талбайтай байр хугацаандаа ашиглалтад ороогүй байгаа нь миний буруу биш юм. Учир нь Ч.******* миний бие Бүрэн-Өргөө ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, зохих төлбөрийг төлөн 84,75 м.кв талбайтай орон сууцыг тус компаниас хүлээж авах ёстой байсан. Энэхүү захиалгын гэрээний дагуу авах ёстой байсан 84,75 м.кв талбайтай орон сууцаа эрх шилжүүлэх гэрээний дагуу Ч.*******д хүлээлгэж өгсөн. Өөрөөр хэлбэл Ч.******* нь эрх шилжүүлэх гэрээний дагуу Бүрэн Өргөө ХХК-ийн захиалагч болж, тухайн компаниас орон сууц авах эрх түүнд шилжсэн. Бүрэн-Өргөө ХХК болон Ч.*******гийн хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Иймд Ч.******* нь тухайн орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй бол захиалагчийн хувьд энэ талаар шаардлага гаргах эрхээ барилгын гүйцэтгэгч Бүрэн Өргөө ХК-нд холбогдуулж гаргах ёстой гэж үзэж байна. Түүний зэрэгцээ нэхэмжлэгч Ч.******* нь надаас захиалгын гэрээний дагуу хүлээж авсан байраа 2021.09.30-ны өдөр цааш худалдсан буюу иргэн Г.д худалдсан, Г. нь 2022 оны 4 сарын 25-ны өдөр гэх хүнд худалдсан ба тус нь үндэслэлгүй юм. Гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа атал дахин надаас байрны төлбөрөө нэхэмжилж байгаа. Ч.******* миний бие нэхэмжлэгчид олгох ёстой зүйлсээ бүрэн хүлээлгэж өгсөн тул Ч.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3. Нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 1-7 хуудсанд авагдсан баримт, хариуцагч талаас хавтаст хэргийн 18-33 талд авагдсан баримтуудыг гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь Барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт бартерт өгөхөөр тохирсон Цагаан хаалга цогцолбор хотхоны А блок 11 давхар ******* 84.75 мкв 3 өрөө орон сууцны үнэ 167,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргаж,
Хариуцагч нь Бүрэн-Өргөө ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, зохих төлбөрийг төлөн 84.75 мкв талбайтай орон сууц авах эрхийг нэхэмжлэгч Ч.*******д шилжүүлж өгсөн, орон сууц ашиглалтад ороогүй нь миний буруу биш, орон сууцны эрхийг бусдад худалдсан атлаа төлбөрийг надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
3. Хэргийн үйл баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Барилгын гадна дулаалгын ажил гүйцэтгэх гэрээгээр, гүйцэтгэгч Ч.******* нь Баянзүрх дүүргийн 5-р хороонд баригдах Ж.*******гийн 21.6*15 харьцаатай 9 давхар орон сууцны барилгын гадна хөөс наах, хадах, тортой хар замаск, шагрий шүрших, гадна эмульс хийх зэоэг гадна дуулаалгатай холбоотой ажил гүйцэтгэхээр, гэрээний үнийг 351,000,000 төгрөгөөр, нийт төлбөрийг 100% бартерын нөхцөлөөр, буюу Цагаан хаалга цогцолбор А блок, 11 давхар, тоот, 84,75 мкв, 1 мкв үнэ 2,000,000 төгрөг, нийт 167,500,000 төгрөг, Өргөө-88, 3 давхар, G тоот, 64,50 мкв, 1 мкв үнэ 1,900,000 төгрөг, нийт 122,550,000 төгрөг, 58,950,000 төгрөгийн бараа материал өгөхөөр тохиролцжээ. /хх-4-6/
4. Талууд дээрх Барилгын ажил гүйцэтгэх гэрээний талаар буюу уг гэрээний төлбөр, гэрээний төлбөрийг бартераар хийх, төлбөрт хийх байрны үнэ бусад нөхцөлийн талаар маргаагүй, харин Ж.*******, Бүрэн-Өргөө ХХК-ийн хоорондын Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхийг Ч.*******д шилжүүлсэн эсэх, Ч.******* нь Бүрэн-Өргөө ХХК-тай цаашид орон сууц захиалгын гэрээ байгуулсан эсэх нь маргаантай байна.
5. Нэхэмжлэгч нь Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэт хийж дуусгавар болгож Улсын комисс хүлээж авсан ба гэрээний 3.4-т заасан төлбөрөөс 2 өрөө байр, 58,950,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг авсан ба бартераар хийх байрны жагсаалтын 1-т бичигдсэн Цагаан хаалга цогцолбор А блок, 11 давхар, тоот хаягт байрлах, 84,75 мкв, 1 мкв үнэ 2,000,000 төгрөг, нийт 167,500,000 төгрөгийн үнэтэй орон сууцны үнийг хариуцагч төлөх эсэх нь мөн маргаантай байна.
6. Хариуцагч өөрийн татгалзлаа нотлохоор Орон сууц захиалгын 2 гэрээ, Эрх шилжүүлэх 2 гэрээг шүүхэд нотлох баримтаар өгсөн. /хх-20-31/
Дээрх гэрээнүүд, шүүх хуралдаанд гэрээний талаар талуудын тайлбарлаж байгаагаас үзэхэд,
Хариуцагч Ж.******* нь Бүрэн-Өргөө ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ нэхэмжлэгч Ч.*******д шилжүүлсэн ба улмаар Ч.******* нь уг эрхээ цааш бусдад шилжүүлсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал,
-Хэрэгт авагдсан 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ч.******* Г. нарын хооронд байгуулсан Эрх шилжүүлэх гэрээ-ний 4-т Төлбөр төлөгч нь Орон сууц захиалгын гэрээ-г шилжүүлэн авсан нийт 169,500,000 төгрөгөөс 125,000,000 төгрөгт Mercedes Benz G-500 автомашин тооцуулж үлдэгдэл 44,500,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр доорх дансанд төлнө. Хаан банк: хүлээн авагч Ч.******* гэжээ. /хх-30-31/
-Хэрэгт авагдсан 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Бүрэн-Өргөө ХХК, захирал Д., Г. нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 4.1-т Талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар захиалагч тал нь байрны нийт үнийн дүнгийн 125,000,000 төгрөгт Mercedes Benz G-500 автомашин тооцуулж үлдэгдэл 44,500,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр доорх дансанд төлнө, Хаан банк , хүлээн авагч Ч.******* гэжээ. /хх-27-29/
Эдгээр 2 гэрээнээс үзэхэд, нэхэмжлэгч Ч.******* нь Г.тай эрх шилжүүлэх гэрээ хийж, гэрээний төлбөрийг Г.гаас Ч.*******д төлөхөөр тохирч, Бүрэн-Өргөө ХХК түүнийг зөвшөөрч Г.тай орон сууц захиалгын гэрээ хийсэн, гэрээний төлбөрийг Г.гаас Ч.*******д төлөхөөр заасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ч.*******, Ж.******* нарын хоорондын Эрх шилжүүлэх гэрээнд Ч.******* гарын үсэг зураагүй, улмаар Ч.******* нь Бүрэн-Өргөө ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулаагүй гэх боловч нэхэмжлэгч Ч.*******, Г. нарын хооронд байгуулсан гэрээ, Г., Бүрэн-Өргөө ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч нь дээрх 2 гэрээг /Г., Ч.*******, Ч.*******, Бүрэн-Өргөө ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг Х тэмдэг тавьсан гэдгээр хүчингүй гэж байгаа нь үндэслэлгүй, хэргийн нөхцөл байдлыг тодруулахаар хариуцагч талаас Бүрэн-Өргөө ХХК-ийн захирал Д.ыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг эсэргүүцэж дэмжээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эдгээр гэрээнд заасан үйл баримтыг тодруулсан тайлбар гаргаагүй, Ч.******* нь орон сууцыг Г.д худалдсан, Г. цааш Б.д худалдаж, Ч.******* төлбөрөө авсан байхад төлбөрөө хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэх хариуцагчийн тайлбарыг няцааж чадаагүй.
Энэ тохолдолд шүүх нэхэмжлэгч талыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, ийнхүү нотлох баримт бүрдүүлэх боломжийг эдлээгүй тул хэргийн баримтын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.
7. Шүүх эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардсан ба талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг Орон сууц захиалгын гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсанаар дуусгавар болсон гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь эрх шилжүүлэх гэрээний төлбөрт мөнгөө аваагүй бол гэрээ байгуулсан талаасаа шаардах эрх үүсэх ба орон сууц захиалгын эрхийг бусдад шилжүүлсэн тохиолдолд тухайн этгээдэд холбогдуулан шаардлага гаргах нь эрх зүйн харилцааг тусгаарлах зарчмын хүрээнд тайлбарлагдана.
Иймээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт өгсөн орон сууцны захиалгын гэрээний захиалагчийн эрхийг шилжүүлсэн Эрх шилжүүлэх гэрээ, уг эрхийг шилжүүлэн авсан этгээд болох Г., Бүрэн-Өргөө ХХК-ийн хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэгч Ч.*******, Ж.******* нарын хооронд байгуулсан Эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээний төлбөр шаардах эрх үүсэхгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэл хангагдаагүй тул нэхэмжлэгчийн төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээх нь улсын тэмдэгтийн хураамжийн талаарх хуулийн зохицуулалтад нийцнэ гэж үзсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ж.*******гаас 3 өрөө орон сууцны үнэ 167,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 995,450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШЗ2023/28219 захирамж энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ