Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2024/00418

 

 

 

 

 

2024 01 17

101/ШШ2024/00418

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн *******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******,*******-д холбогдох

8,929,704.25 төгрөг гаргуулах, ******* УБР Toyota Dyna маркийн ******* арлын дугаартай, цагаан өнгийн ачааны автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэр-Од,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Я.******* нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр сарын 2,9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 10,000,000 төгрөгийн зээлийн No3Г202205 дугаартай гэрээ байгуулсан. 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* УБР улсын дугаартай, Toyota, Dyna маркийн, Аралын дугаар-*******, 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол Улсад орж ирсэн, Цагаан өнгийн ачааны автомашинаар барьцаалан NoФГ-202205 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх /Фидуци/ гэрээ байгуулсан.

Хариуцагч Я.******* нь Зээлийн NoЗГ-202205 дугаартай гэрээний дараах зүйл, хэсэг, заалтын дагуу нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. 3.3. "Зээлдэгчээс зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэлх хугацаанд энэхүү Гэрээнд заасан зээлийн хүүг төлнө,

2. 3.4. "Зээлийн төлбөрийг хууль тогтоомж, журамд зааснаас бусад тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн төлбөрийн дарааллаар төлүүлнэ",

3. 4.1. "Талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг Гэрээний Хавсралт 1 "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-аар харилцан тохиролцож, баталгаажуулав. Гэрээний Зээлдэгч нь зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг Гэрээний хавсралт 1 "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийн дагуу тухай бүр төлнө.

5. 7.1.1. Энэхүү Гэрээний Хавсралт 1-д заасан "Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөхийг шаардах эрхтэй",

6. 7.1.11. ББСБ шаардлагатай гэж үзвэл Зээлдэгчийг төлбөрийн чадваргүйд тооцуулах, дампууруулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй",

7. 7.1.13. "Энэхүү Гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлснээс хойш Зээлдэгч зээлийн төлбөрийг төлөхгүй удаасан бол энэ хугацаанд учирсан хохирлыг нөхөн төлөхийг Зээлдэгчээс шаардах эрхтэй", Хариуцагч Я.******* нь Үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх /Фидуци/ NoФГ-202205 гэрээний дараах зүйл, хэсэг, заалтын дагуу нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. 3.2.6. Хөрөнгийн байршил, эзэмшил, ашиглалтын байдлыг тодорхойлох баримт бичиг мэдээллийг ББСБ-д өгч хөрөнгийг хэдийд ч газар дээр нь биечлэн шалгахад ББСБ-д хориг, саад учруулахгүй"

2. 5.1. Дараах тохиолдолд ББСБ Хөрөнгийн өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж Хөрөнгийг биет байдлаар бодитойгоор шилжүүлэн авах буюу шууд хурааж авах бөгөөд ББСБ-ын өөрийн дүрэм журмын дагуу шууд худалдан борлуулж Зээлийн гэрээний үүргийг хангуулна. Үүнд:

5.1.1. "Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг хугацаанд нь төлөхгүй 2 хүртэл сар хожимдуулсан

5.1.2. "Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг удаа дараа хожимдуулсан буюу зөрчсөн

5.1.5. Энэхүү гэрээний үүрэг биелэгдээгүй.

Зээлдэгч Я.******* нь 2023.04.28-ны байдлаар үндсэн зээл 1,972,247.66 төгрөг, хүү 3,019,110.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,589.35 төгрөг, нийт 5,061,947.85 төгрөг төлсөн.

2023.08.14-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт 8,027,752.34 төгрөг, үндсэн хүү 853,487.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,464.90 төгрөг нийт 8,929,704.25 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хэрэв төлөх боломжгүй тохиолдолд ******* УБР улсын дугаартай, Toyota, Dyna маркийн, Аралын дугаар- *******, 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол Улсад орж ирсэн, Цагаан өнгийн ачааны автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Автомашин 2000 оных ба Монгол улсад 2013 онд ирсэн, үйлдвэрлэгдээд 24 жил болсон, Монголд орж ирээд 11 жил болсон бид автомашиныг үзээгүй, үнэлгээ хийгээгүй, харилцагч хүсвэл зээлээ төлбөл өмчлөх эрхийг нь буцаагаад шилжүүлээд өгнө. Үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангуулах шаардлагаасаа татгалзаж байна. Машин анхнаасаа манай эзэмшилд ирээгүй, машинаа барьцаалж зээлийн гэрээ хийсэн байна. Гэрээний хугацаа 2024.05.26-ны өдөр дуусах боловч зээлдэгч 2023.04.28-нд төлөлт хийж түүнээс хойш төлбөр хийгээгүй, утсаар шаардахад утсаа тасалдаг, уурладаг, иймд гэрээний заасны дагуу зээлийн төлбөрийг шаардаж байгаа юм. Манай байгууллагын санхүүгийн программ дээр зээлийн төлбөр шаардаж байсан, мэдэгдэж байсан бүх тэмдэглэл байдаг, өмнөх ажилтны харилцаж байсан мэдээллийг уншиж байхад төлбөр төлөх талаар шаардаж, гэрээ цуцлаж, шүүхэд хандах талаар мэдэгдсэн гэж бичигдсэн байсан, би өөрөө 2 удаа холбогдож байсан. Иймд зээлийн төлбөрт 8,929,704.25 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд хавтаст хэргийн 1-23 дахь хуудсан дахь баримтыг гаргаж өгсөн, хариуцагч шүүхэд хариу тайлбар болон нотлох баримт бүрдүүлж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй, хэргийн бусад баримтууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсантай холбоотой баримтууд байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Я.*******өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,929,704.25 төгрөг гаргуулах, ******* УБР Toyota Dyna маркийн ******* арлын дугаартай, цагаан өнгийн ачааны автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ******* УБР Toyota Dyna маркийн ******* арлын дугаартай, цагаан өнгийн ачааны автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж, зээлийн гэрээний үүрэгт 8,929,704.25 төгрөг шаарджээ.

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2023/21774 захирамжаар хариуцагч Я.*******ийг шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авч, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журамтай танилцуулсан байна.

 

4. Хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч хүрэлцэн ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

5. 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ202205 зээлийн гэрээгээр зээлдүүлэгч*******-иас зээлдэгч Я.*******өд 10,000,000 төгрөгийг, сарын 2.90 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлж, зээл, хүүг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөөгүй бол зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож авахаар гэрээнд зааж, зээл эргэн төлөх хуваарь гаргажээ. /хх-9-13/

Мөн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ФГ-202205 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Toyota Dyna маркийн, ******* УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг*******-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, уг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийн*******-ийн нэр дээр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-14-21/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ,

453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул зээлдүүлэгч******* нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй юм.

Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэж маргаагүй, гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаангүй гэж үзнэ.

Хариуцагч Я.******* нь 10,000,000 төгрөгийн зээл авч зээлд 1,972,247.66 төгрөг, хүүнд 3,019,110.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 70,589.35 төгрөг, нийт 5,061,947.85 төгрөг төлж,

одоо үлдэгдэл зээл 8,027,752.34 төгрөг, хүү 853,487.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,464.90 төгрөг, нийт 8,929,704.25 төгрөг төлөх үүрэгтэй болох нь зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогдож байна. /хх-22/

Иймд хариуцагч Я.*******өөс зээл 8,027,752.34 төгрөг, хүү 853,487.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,464.90 төгрөг, нийт 8,929,704.25 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, 157,825.27 төгрөг, нийт 228,025.27 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,929,704.25 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Я.*******өөс үндсэн зээлийн үлдэгдэл зээл 8,027,752.34 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 853,487.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 48,464.90 төгрөг, нийт 8,929,704.25 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******-д олгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ******* УБР Toyota Dyna маркийн ******* арлын дугаартай, цагаан өнгийн ачааны автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч зээлийн үлдэгдэл төлбөрийг төлсөн үед дээрх тээврийн хэрэгсэл эзэмших эрхийг хариуцагчид шилжүүлэхэд татгалзахгүй гэснийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,025.27 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 157,825.27 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ