Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/05456

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

  Нэхэмжлэгч: *** дүүрэг, **-р хороо, *** гудамж, **-р байр, * тоот хаягт оршин суух, ****

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ***-д  холбогдох

6,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар *** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.******* нь гэр бүлийн маань хүн юм. Нөхөр маань Б.*******тэй дүүгээрээ дамжуулан анх удаа уулзсан. 2023 оны 04 сард Б.*******т мөнгө зээлдүүлсэн.

О.******* нь Хаан банк дахь өөрийн ******* тоот данснаас Б.*******ийн Хас банк дахь тоот данс руу 2023 оны 04 сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 04 сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

2023 оны 04 сарын 02-ны өдөр нотариатч дээр очиж 6,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан ба зээлийн гэрээний хугацааг 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл байхаар тохиролцсон.

Тус зээлийн гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасан ба зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээний хугацааг 20 хоног хэтрүүлсэн.

Алданги 1 хоногт 30,000 төгрөг, нийт 20 хоногийн алданги 600,000 төгрөг болж байгаа ба зээлийн гэрээний хугацаа дууссан 2023 оны 06 сарын 01-ний өдрөөс хойш Б.*******ээс удаа дараа мөнгөө шаардсан ч өгөөгүй.

Иймд хариуцагч Б.*******ээс үндсэн зээл 6,000,000 төгрөг, алданги 600,000 төгрөг, нийт 6,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.******* би 2023 оны 06 сард Ү.*******аас 6,000,000 төгрөг дансанд Солонгос явах виз гаргуулна гэж авсан нь үнэн. Уг мөнгийг надад 2 хувааж өгсөн нь үнэн.

Уг мөнгийг би н. гэж хүнд виз гаргаж өгдөг гэхээр нь бэлнээр нь 6,000,000 төгрөг өгсөн.

Уг нь Ү.*******ын нөхөр О.******* гэж хүн надад мөнгө шилжүүлсэн. н. гэж хүн 2023 оны 04 сард Золоогийн визийг бүтээж өгсөн. н.Золоо Солонгосоос миний танил Ү.******* эгчийн визийг бүтээж өгөөч гэж утасдаад байсан.

Би н. гэж хүнд намайг шүүхэд өгсөн 6,000,000 төгрөгийг нь хурдан өгөөрэй гэхэд н. уг мөнгийг удахгүй олж өгнө гэж надад хэлсэн гэжээ.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2023 оны 04 сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлжээ.

Хариуцагч Б.******* иргэний үнэмлэхний хуулбар болон хариу тайлбараа баримтаар ирүүлсэн байна.

Шүүхийн журмаар:

2023 оны 10 сарын 03-ны өдрийн 22578 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгууллагаас Б.*******ийн оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2023 оны 10 сарын 16-ны өдөр лавлагааг ирүүлжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч гэх О.******* нь Хаан банк дахь өөрийн ******* тоот данснаас хариуцагч буюу зээлдэгч гэх Б.*******ийн Хас банк дахь тоот данс руу 2023 оны 04 сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 04 сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар талууд хэн аль нь тайлбарлаж байна.

Талууд 2023 оны 04 сарын 02-ны өдөр ийнхүү мөнгө хүлээлгэн өгсөнтэй холбоотой асуудлаа бичгээр баталгаажуулан 6,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, хүүгүй зээлсэн, төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирч нотариатчаар гэрчлүүлэн хүсэл зоригийн илэрхийлэлээ болгон хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулжээ.

/ХХ-ийн 5 дугаар тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар үүрэг үүсдэг ба зээлдэгч гэх Б.******* нь 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг хүлээн авсан талаараа маргахгүй байна.

Тухайн мөнгийг хүлээн авсны дараагаар уг мөнгө хүлээн авсантай холбоотой харилцаагаа бичгийн хэлбэрт оруулан баталгаажуулсан нь талуудын хүсэл зориг, гэрээний чөлөөт байдлыг үгүйсгэхгүй.

Хариуцагч Б.******* нь тухайн 6,000,000 төгрөгийг бусдад шилжүүлэн өгсөн, мөнгийг түүнээс шилжүүлэн авсан этгээд уг мөнгийг буцаан өгөх талаар тайлбартаа тусгасан бөгөөд хариуцагч Б.******* мөнгийг хэнд шилжүүлснээс үл шалтгаалан гэрээний үүргийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,

талуудын хооронд байгуулсан гэрээний уг гэрээний 3.7-д Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасны дагуу зээлдүүлэгч тал алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Б.*******ийн гүйцэтгэх ёстой үүрэг:

-6,000,000 төгрөг /Үндсэн зээл/

-6,000,000 төгрөг*0,5 хувь=30,000 төгрөг /1 хоногийн алданги/

-30,000 төгрөг*20 хоног=600,000 төгрөг /2023.06.01-2023.06.20-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл /

-6,000,000 төгрөг+600,000 төгрөгг=6,600,000 төгрөг байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******ээс 6,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгох нь зүйтэй.

2023 оны 12 сарын 07-ны өдрийн 10 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч Б.*******т хуралдаан болохоос 21 хоногийн өмнө 2023 оны 11 сарын 16-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ талаараа шүүхэд мэдэгдээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч Б.*******ийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******ээс 6,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 120,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН