| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2017/0275/э |
| Дугаар | 2017/ШЦТ/253 |
| Огноо | 2017-09-25 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч П.Итгэл,
Хохирогчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-ид холбогдох эрүүгийн 1738001550050 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Б-,
Шүүгдэгч О.Б- нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд иргэн И.Ц-тэй маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Б- нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд иргэн И.Ц-тэй маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч И.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..миний нойр хүрээд өглөө үүрээр 5-10 минут унтаад сэрэхэд О.Б- надад архи хийж өгсөн. Тэгэхээр нь би одоо найз нь уухгүй дотор сонин байна гэхэд О.Б- уу гээд нүүр рүү хундагатай архиа тулгахаар нь би уухгүй гээд хундагатай архийг нь түлхтэл архи асгарсан. Тэгтэл О.Б- намайг шууд үгийн зөрүүгүй 2-3 удаа нүүр, цээж рүү цохисон. Би тэгэхээр нь түлхэж өөрөөсөө холдуулаад гараад явсан. Тэгээд гэрийнх нь хашааны үүдээр яг гарах гэж байхад ард гэрийн хаалга онгойх чимээ гарсан. Тэгээд эргээд хартал нүүр рүү нэлээд том чулуу ирж оносон. Нүүр гал манараад унаж тусаад нүүрээ дарж хашааных нь гадаа гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч Ч.Б-н: “...Тухайн үед И.Ц- миний асуусан асуултад хариулж орчиндоо харьцаатай байсан. Болсон үйл явдлаа ярьж байсан. Гэрт нь унтаж байгаад гэрээс нь гарах гэтэл араас нь чулуу шидсэн гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч Ц.Л-ын “...үүрээр 05 цагийн үед О.Б-, И.Ц- хоёр муудалцсан. Ямар шалтгааны улмаас муудалцсаныг мэдэхгүй байна. Би гэрээс гараад 00 орчихоод жоохон бөөлжиж байгаад 00-оос гараад ирсэн чинь байшингийн ойролцоо Барбаасан, И.Ц-, О.Б- нар байж байсан ба Ц- нүүр рүү О.Б- чулуугаар цохичихлоо гээд хамраас нь цус гарсан байхаар нь И.Ц-ийг аваад бид дөрөв Жаргалант сумын эмнэлэг орж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн эмч шинжээч, О.Болороогийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн №10769 дугаартай
1. И.Ц-ийн этмойд хөндийн урд хана, 2 талын ухархайн дотор хана, хамар яс, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, нүүрний зөөлөн эдийн няцрал, тархины дух дэлбэнгийн урд доод хэсгийн цус хуралт биед гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...тэгээд И.Ц- бид хоёр тэнд жаахан маргалдаж муудалцаж барилцаж авсан. Тэгээд бид хоёр барилцаж байхад И.Ц- миний хамар руу цохиж хамарнаас цус гарсан. Тэгээд цусаа гоожуулаад тогтоох гээд сууж байсан чинь “чи хэзээ ийм болчихсон юм бэ, чи намайг амжихгүй шүү” гэж хэлээд И.Ц- манай гэрээс гараад явсан. Ингээд би И.Ц-т нэлээд гомдож уурлах сэтгэл төрөөд цусаа гоожуулаад араас нь гарсан ба намайг гэрээс гарах үед И.Ц- манай хашааны хаалганы хажууд явж байсан бөгөөд би уурандаа гэрийн үүдэнд байсан чулуу аваад шидчихсэн. Гэхдээ миний шидсэн чулуу И.Ц-ийг оносон үгүйг мэдээгүй. Тэгсэн чинь И.Ц- надад хандан “чи намайг ийм болгочихлоо, яаж байгаа юм бэ” гээд хамрынхаа цусыг гоожуулчихсан ирсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн эвлэрлийн гэрээ /хх-ийн 58 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/260 дугаартай тоот, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/94 дугаартай албан тоот, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч О.Б- нь хохирогч И.Ц-т эмчилгээний зардал, хохиролд нийт 5.660.000 төгрөг төлсөн тухай 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн эвлэрлийн гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч И.Ц-ийн ХААН банкны --- дугаартай данс руу 3.000.000 төгрөгийг хагалгааны зардал утгаар шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч О.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах зүйтэй байна.
Эрүүгийн 1738001550050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 800 /найман зуу/ нэгжтэй хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Б-ид оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тогтсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Эрүүгийн 1738001550050 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН