Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2023/0557

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, шүүгч Ө.Болорчимэг, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д*******ын Э*******,

Хариуцагч: , төлөвлөгөөний газар,

                    аж ахуйн удирдах газар,

                    “ сүлжээ” ТӨХК,

Гуравдагч этгээд: Н.У*******,

Маргааны төрөл: Н.У*******ийн худалдаа үйлчилгээний зориулалттай 12 давхар барилгын гадна дулааны байгуулалтын М1:500 /ТГ шифр: ХН-05/05/18/ дугаартай зурагт Д.Э*******ийн 120 м.кв хэмжээтэй нэг давхар үл хөдлөх хөрөнгийн байршлыг тусгаагүй эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д*******, хариуцагч аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, хариуцагч “ сүлжээ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г*******, иргэдийн төлөөлөгч О.П*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                 1.  Нэхэмжлэгч Д.Э******* нэхэмжлэлийн шаардлагаа “Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Х” ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У*******ийн худалдаа үйлчилгээний зориулалттай 12 давхар барилгын гадна дулааны байгуулалтын М1:500 /ТГ шифр: ХН-05/05/18/ дугаартай зурагт нэхэмжлэгч Д.Э*******ийн 120 м.кв хэмжээтэй нэг давхар үл хөдлөх хөрөнгийн байршлыг тусгаагүй хариуцагч “ сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Б, , төлөвлөгөөний газрын дулаан хангамжийн инженер Ц.Л, аж ахуйн удирдах газрын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга инженер С.Б нарын үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоож, Д.Э*******ийн 120 м.кв хэмжээтэй нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг уг зурагт тусгахыг хариуцагч нарт даалгах” гэж өөрчилсөн тул энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

                 2.  Нэхэмжлэгч Д.Э******* нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16067/, Л.Энэбишийн өргөн чөлөө тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220501 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000******* дугаар гэрчилгээ бүхий 120 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг.

                 Гуравдагч этгээд Н.У******* нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/612 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 678 м.кв талай бүхий газрыг эзэмшдэг ба тухайн газар дээрээ худалдаа, үйлчилгээний зориулалттай, 1 дүгээр давхар нь 12х18 метр, 2-оос дээш давхар нь 18х18 метр хэмжээтэй 12 давхар, зоорьтой, төмөр бетон каркас бүхий барилга барихаар Нийслэлийн Хот төлөвлөлт, төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аас 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн МЗХ2017/25-25 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулан, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 220/2018 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсан.

                 Гуравдагч этгээд нь барилгын үйл ажиллагааны хүрээнд ХН-05/18 шифр бүхий барилгын гадна дулааны шугамын зураг төслийг “Х” ХХК-иар боловсруулж, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр батлуулсан ч “Х” ХХК-иас тухайн барилгын гадна дулаан хангамжийн ажлын зураг төслийг боловсруулахдаа нэхэмжлэгч Д.Э*******ийн барилгыг дэвсгэрт зурагт тусгалгүйгээр ажлын зургийг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон тул хариуцагчаас зурагт залруулгыг хийж 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дахин хянан баталсан.

3. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч Д.Э*******ээс Нийслэлийн Засаг даргад хандан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон сүлжээ ТӨХК нь иргэн Н.У*******ийн барилгын гадна дулааны шугамын байгуулалтыг батлахдаа өөрөөс нь зөвшөөрөл аваагүй нь хууль бус гэсэн агуулга бүхий гомдол гаргасан, улмаар 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

            4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Хариуцагч нар нь “Х” ХХК-ийн боловсруулсан 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ХН-05/18 шифртэй гадна дулааны зураг төсөлдөө Д.Э*******ийн үл хөдлөх хөрөнгийн тусгаагүй баталсан. Гэтэл хариуцагч , төлөвлөгөөний газраас ирүүлсэн Архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт “Барилгажих талбайн схем зураг”-т Д.Э*******ийн үл хөдлөх хөрөнгийг “3” гэсэн дугаарт тэмдэглэсэн байтал Н.У*******ийн захиалгын дагуу “Х” ХХК-ийн  боловсруулсан 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ХН-05/18 шифртэй зураг төсөлд эргэн тойрны үл хөдлөх хөрөнгийг тэмдэглэсэн боловч Д.Э*******ийн үл хөдлөх хөрөнгийг тэмдэглээгүй үлдээсэн байна.

            Мөн “ сүлжээ” ТӨХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11/1477 дугаартай албан бичигт “...хянагдсан зураг төсөл дээр танай одоо байгаа барилгыг дэвсгэр зурагт тусгалгүйгээр шугам угсралтын ажил хийгдсэн байна. Иймд анх хянагдсан зураг танай барилгыг орхигдуулсныг тусгуулан норм дүрмийн дагуу өөрчлөлтийг хийлгэж  дахин зөвшилцөх болно" гэжээ. Улмаар шүүхэд ирүүлсэн “ сүлжээ” ХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 07/1915 дугаартай албан бичигт “... “Х” ХХК нь гадна дулааны шугамын зургийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус байгууллагаар хянуулж батлуулсан ба уг зурагт залруулга хийж, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дахин батлуулсан” гэх боловч 05 дугаар сарын 15-ны өдрийн болон залруулсан 06 дугаар сарын 28-ны өдрийн зургууд нь адилхан, ялгаагүй, залруулга хийгдээгүй, нэхэмжлэгч Д.Э*******ийн үл хөдлөх хөрөнгийг оруулаагүй байна.

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0389 дугаартай шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтэд “... Хариулт 1. ХН-0518 дугаартай зурагт иргэн Д.Э*******ийн үл хөдлөх хөрөнгийн байршлыг тусгаагүй байна. Хариулт 2. Д.Э*******ийн үл хөдлөх хөрөнгийн байршлыг тусгаагүй нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын хавсралтын 4.2 дахь заалтыг зөрчсөн" гэжээ. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд гуравдагч этгээд Н.У******* нь барилгын ажлаа эхлүүлэх зөвшөөрөл авахын тулд “Х” ХХК-ийн боловсруулсан 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ХН-05/18 шифртэй дулааны зураг төсөлдөө Д.Э*******ийн үл хөдлөх хөрөнгийн байршлыг тусгаагүй, улмаар уг үйлдлийг үл хайхран аж ахуйн удирдах газар, “ сүлжээ” ТӨХК, , төлөвлөгөөний газар зэрэг байгууллагууд нь дээрх зураг төслийг батлах шийдвэр гаргажээ. Энэ нь эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглах, цаашид өөрийн газар дээрээ үл хөдлөх хөрөнгө барьж байгуулах нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

            Шинжээчийн дүгнэлтийн хариултын 6-д шугамын хамгаалалтын зурвасын зай талбайг хангаагүй, завсар үйлчилгээ хийх боломжийг хангах шаардлага цохолт биелүүлээгүй гэдэг нь зэрэгцээ байгаа хоёр барилгын голоор дулааны шугам явж байгаа, энэ хооронд аль алинд нь завсар үйлчилгээ хийх шаардлага байтал, зайгүй барьсны улмаас энэ шаардлага хангахгүй гэдэг агуулгаар дүгнэлт хийсэн байсан. Н.У******* болон Д.Э*******ийн барилгын дулааны шугам явдаг гадаргуугаас Д.Э*******ийн өмчлөлийн барилга хүртэл 1.5 метрийн зайтай байгаа нь Засгийн газрын 2001 оны 263, 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 2.2-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна.

            Шугамын хамгаалалтын зурвас зай талбайг хангах, завсар үйлчилгээ хийх нөхцөл боломжоор хангах, Д.Э*******ийн барихаар төлөвлөсөн барилгын хамгаалалтын зурвасыг хангуулах гэсэн цохолтууд огт биелэгдээгүй. Н.У*******ийн барилга нь Д.Э*******ийн барилгаас 3.9-4.2 метрийн зайтай байгаа нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрмийн 4.1-т заасан 8 метрээс багагүй байна гэх заалтыг зөрчсөн гэдэг дүгнэлтүүд шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Д.Э*******ийн үл хөдлөх эд хөрөнгийг суурь дэвсгэрээр оруулах ёстой байсан. Тойроод 5 үл хөдлөх хөрөнгийн суурийн төслийг зураг төсөлд оруулаад зөвхөн Д.Э*******ийн хөрөнгийг оруулаагүй байсан. Баталсан хүмүүсээс тайлбар мэдүүлэг авахад 5.15-ны зурагт оруулаагүй буруу байна, гэхдээ 06.16-ны зураг дээр оруулна гэдэг тайлбарыг шүүх дээр ч бидэнд өгсөн тайлбараар ч хэлдэг. Гэтэл зурагт оруулаагүй байгаа юм. 05.15-ны зураг дээр нэлээд олон цохолтууд байдаг. Шаардлагуудыг зөрчилтэй байна гээд зөрчлүүдийг 06.16-ны зураг дээрээ бас завсар хийгээгүй ийм байдал хэргийн материалаар тогтоогдог. Хариуцагчийн дээрх үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна. Шугам сүлжээ хоёр зэрэгцээ барилгын зүүнээс баруун тийшээ хөндлөн байрлалтай 5-7 метрийн зайтай байсан, Энэ шугам зэрэгцээ хоёр барилгын голоор тавьснаас болж дулааны шугамын зэргэлдээ нэхэмжлэгч нь байшиндаа засвар хийх боломжгүй, шинээр байшин барих боломжгүй, суурийн давхрын доор дулааны шугам орох нөхцөл байдал бий болоод байгаа учраас нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байна. Цаашдаа газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүрч байна. Хэрвээ Д.Э*******ийн барилгыг зураг төсөлд тусгасан байх юм бол дулаан хангамжийн сүлжээний зураг батлагдахгүй байх боломжтой байтал Д.Э*******ийн барилгын зургийг оруулахгүйгээр батлахаар барилга огт байхгүй юм шиг дараагийн зөвшөөрөл гараад явсан байгаа юм. Бодит байдал дээр барилга байгаад байгаа юм. Ийм учраас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зорчигдсон бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Х” ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У*******ийн худалдаа үйлчилгээний зориулалттай 12 давхар барилгын гадна дулаан байгуулалтын М1:500/ТГ шифр:ХН-05/18/ дугаартай зурагт нэхэмжлэгч Д.Э*******ийн 120 м.кв хэмжээтэй нэг давхар үл хөдлөх хөрөнгийн байршлыг тусгаагүй хариуцагч “ сүлжээ” ТӨХК-ийн инженер Б.Б, , төлөвлөгөөний газрын дулаан хангамжийн инженер Ц.Л, аж ахуйн удирдах газрын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга инженер С.Б нарын үйлдлийг хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгч Д.Э*******ийн 120 м.кв хэмжээтэй нэг давхар үл хөдлөх хөрөнгийн байршлыг уг зурагт тусгахыг хариуцагч нарт даалгасан шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

5.  Хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Иргэн Н.У******* Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/612 дугаартай захирамжаар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 678 м.кв газрыг эзэмшдэг бөгөөд Мэргэжлийн зөвлөлийн хурлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн М3X2017/25-25 дугаартай худалдаа, үйлчилгээний зориулалттай 1 давхар нь 12х18 м, 2-оос дээш давхар 18х18 м хэмжээтэй 12 давхар зоорьтой, төмөр бетон каркастай барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар авч “Э” ХХК-аар загвар зургийг боловсруулан 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр батлуулан авсан байна.

Тус архитектур төлөвлөлтийн даалгавар нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” гэсэн заалт, БНбД 30-01-04-ийн 12 дугаар хүснэгтэд заасан орон сууцнаас иргэн Н.У*******ийн худалдаа, үйлчилгээний барилга хоорондын зай хэмжээ, БНбД 21-01-02-ийн 5.14-д заасны дагуу, 1 дүгээр хүснэгтийг заавал мөрдөхөөр тусгаж галын нормыг хангуулан гаргасан. Барилгын ажлын зураг төслийг “Э” ХХК-аар боловсруулан Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 343/2018 Магадлалын дүгнэлт гаргуулсан байх бөгөөд холбогдох байгууллагуудаас техникийн нөхцөлүүдийг авсан байна.

Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэмд заасан бичиг баримтын бүрдлийг хангасан тул иргэн Н.У*******т 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 220/2018 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон.

Иргэн Д.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Н.У*******т олгосон M3X2017/25-25 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн М3X2018/15-15 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар гарснаар хүчингүй болсон бөгөөд 220/2018 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь Барилгын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан дүрэмд заасан бүрдлийг хангасан тул олгосон шийдвэр болно.

Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах иргэн Н.У*******ийн худалдаа үйлчилгээний барилгын гадна дулааны шугамын ажлын зураг төслийг дулааны шугам сүлжээний хангагч байгууллагаас гаргасан техникийн нөхцөлийн хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зөвшилцсөн. Иргэн Д.Э*******ийн гомдлын дагуу тус ажлын зураг төслийг зөвлөх үйлчилгээний “Х” ХХК өөрчлөн ДХ-1-ээс ЭӨ-4 цэг хүртэл 16 метр дулааны шугам угсрах, тус худгаас Н.У*******ийн төлөвлөж буй барилга руу шууд угсрахаар боловсруулан “ сүлжээ” ТӨХК, аж ахуйн удирдах газрын эрх бүхий хүмүүс зөвшилцсөн байна.

Тус ажлын зургийг гомдол гаргаж буй иргэн Д.Э*******ийн дугаартай барилгаас холдуулан шугамын хамгаалалтын зурвасыг хангуулан боловсруулж 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “ сүлжээ” ТӨХК, аж ахуйн удирдах газартай зөвшилцсөн бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зөвшилцсөн гадна дулааны шугамын ажлын зураг төслийг хүчингүйд тооцсон болно. Иймд иргэн Д.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6. Хариуцагч аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“... аж ахуйн удирдах газар нь дулааны эрчим хүч түгээх буюу хэрэглэгчийн дулаан эрчим хүчээр хангах мөн хэрэглээний халуун хүйтэн усаар хангах бохир усыг татан зайлуулах үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. аж ахуйн удирдах газрын Инженерийн байгууламж хариуцсан дэд дарга, инженер С.Бийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр нь иргэн Н.У*******ийн барилгыг ус болон дулаанаар хангах боломжтой гэсэн дүгнэлт бөгөөд манай байгууллагад зураг төсөл нь хамаагүй болно. Иймд аж ахуйн удирдах газрын Инженерийн байгууламж хариуцсан дэд дарга, инженер С.Бийн үйлдэл хууль бус гэх үндэслэл байхгүй.” гэв.

                 7. Хариуцагч сүлжээ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

                 “Манай байгууллага нь дулааны эрчим хүчийг хангах чиг үүрэгтэй. Зураг зурдаггүй, зурсан зургийг хянаад зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэдэг байгууллага. Нэхэмжлэгчийн шаардлага манай байгууллагад хамааралгүй байна” гэжээ.

                 8. Гуравдагч этгээд Н.У*******ийн өмгөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

                 “Д.Э*******ийн барилга нь анх баригдахдаа нэг ч зөвшөөрөгдөөгүй барилга барьсан юм. Дулааны шугамд байхгүй, төлөвлөгөөнд ч огт тусгагдаагүй юм. Үүнтэй холбоотой дэвсгэр зурагт тусгасан тусгаагүй гэдэг маргаан яваад байна. Д.Э*******ийн барилгын баруун хаяагаар урдаас хойшоо чиглэлтэй шугам сүлжээг ав гэдэг шаардлагыг Н.У*******т тавьдаг. Энэ шугам сүлжээ яагаад маргаан үүсгэсэн гэхээр Д.Э******* нь 120 м.кв орон сууцыг барихдаа баруун талын хил хязгаарт тусгаад барьсан байгаа юм. Бид нар 8 метрээр дотогшоо шугамаа татах асуудал үүсээд байгаа юм. Зай талбай хязгаарлагдмал нөхцөлөөс болоод боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Д.Э******* нь барилгын стандарт нормын дагуу өөрийн барилгаас дотогш шугам сүлжээ татсан бол энэ шугам нь өөрөө зай талбайгаа хангаад явах боломжтой. Нэг ч зөвшөөрөлгүй, нэг ч даалгаваргүй, нэг ч зураггүй баригдахаар барьсан барилга л одоо маргаан үүсгээд байна. Н.У*******ийн хувьд адилхан бизнес эрхлээд явж байгаа хүний хувьд зай талбайг хангуулах техникийн нөхцөл авна гээд үндсэн барилгаа буулгаад өөр барилга барих техникийн нөхцөл авах тохиолдолд манайх боломжит бүх нөхцөлөөр зөвшөөрнө. Яагаад гэвэл манайх үйлчилгээний зориулалттай учраас орон сууцны барилга байгууламжийн стандартыг заавал хангуулаад байх шаардлага нөхцөл боломж хязгаарлагдмал ийм байдалтай байна.

                 Д.Э******* өөрийн эзэмшлийн газар дээрээ бүхэлд нь суурь тавьж байгаад барилга барих гээд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Кадастрын зургийн баруунаас дотогш нь 50 см татахад л барилгын норм дүрмээ хангана. Яг тулгаад барьсан байгаа юм. 2-р хавтаст хэргийн 157 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлт дээр энэ талаар дурдсан байгаа. Барилгыг хууль бусаар эхлүүлж байхад барилгыг зөндөө зогсоосон. Маргаж буй Д.Э*******ийн барилгын баруун талаар хойшоо яваад байгаа шугамыг подвол руу авах талаар хэлж байсан. Подвол руу авах зураг төсөл хийлгүүлээд явах талаар ярьсан. Тэгвэл үүнийг зөвшөөрөхгүй гэсэн. Танайх барилгын суурийг дахиад цааш нь тат гэдэг. Ийм учраас бид 2019 онд шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Н.У*******ийн барилга байгууламж нь Д.Э*******ийн барилга байгууламжаас 4.4 метрийн зайтай. Барилга хоорондын зайгаа өөрийн дотор талаас 4 метрээ хангаад цаад талдаа гарах 4 метр нь дутуу болонгуут хангагдахгүй болсон. Хөршийн эрхийн тухай ойлголт байхгүй хүмүүс нэхэмжлэлийн шаардлага гаргаад яваад байдаг юм. Хоорондоо зохицуулаад хоёр хоёр метр татаад явах боломжтой байтал энэ ажлаа Д.Э******* хийдэггүй. Барилгаа барьсан учраас та нарт хамаагүй гэдэг. Дулааны шугам сүлжээг ашиглаж чадахгүй байгаа гэсэн зүйл байхгүй. Д.Э*******ийн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах, зөрчил дутагдал илэрлээ гэсэн нэг ч гомдол байхгүй. Баруунаас зүүн тийшээ чиглэлтэй шугам дээр барьсан барилга. Н.У*******ийн барилга 12 давхар учраас тавигдах шаардлага нь угаасаа барилгын 70 хувиас хэтрүүлэхгүйгээр барь гээд барилга хоорондын зайг бүх талаас нь авдаг. Улсын төлөвлөлтийн алдаа үүн дээр гарсан байх. Өөрийн хашаа дотроос 4 метр аваад зай талбайг хангуулаад явсан асуудал байгаа юм. Зураг төслийг дэвсгэрт зурагт оруулахыг даалгах гээд байгаад хэзээ зурагдсан, ямар зургийг, тусгай зөвшөөрөлтэй компаниар хэзээ зуруулсан, ямар үндэслэлээр, У*******ийн барилга баригдсантай холбогдуулаад тухайн зургийг бүртгэгдэхээс татгалзсан бол шийдвэрлэх боломжтой асуудал байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаад нөгөө хэсгээ өөрчлөх замаар оруулж ирж байгаа нь хуульд нийцэх боломжгүй байгаа юм. Тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдэд давхар зааж, заавал үүрэг болгох гээд байна. Нэхэмжлэлийн шаардлага нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа заавал хийлгэх шаардлагатай. Д.Э*******ийн бодитой барилга байсан бол байсан нь үнэн. Гэхдээ нэг ч техникийн нөхцөл авагдаагүй барилга байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                 9. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй гэж үзэж байна. Хуулийн хүрээнд шийдвэрлэнэ үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчээс “Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Х” ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У*******ийн худалдаа үйлчилгээний зориулалттай 12 давхар барилгын гадна дулааны байгуулалтын М1:500 /ТГ шифр: ХН-05/05/18/ дугаартай зурагт нэхэмжлэгч Д.Э*******ийн 120 м.кв хэмжээтэй нэг давхар үл хөдлөх хөрөнгийн байршлыг тусгаагүй хариуцагч “ сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Б, , төлөвлөгөөний газрын дулаан хангамжийн инженер Ц.Л, аж ахуйн удирдах газрын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга инженер С.Б нарын үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоож, Д.Э*******ийн 120 м.кв хэмжээтэй нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг уг зурагт тусгахыг хариуцагч нарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 2. Нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/446 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөөнд 120 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, улмаар Ү-220501 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000******* дугаар гэрчилгээг олгожээ.

3. Гуравдагч этгээд Н.У*******т Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/612 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 678 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Хот төлөвлөлт, төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аас 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн МЗХ2017/25-25 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 220/2018 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус авчээ.

4. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын барилга хөрш зэргэлдээ байрладаг

бөгөөд гуравдагч этгээдийн барилгын гадна дулааны шугамын зураг төслийг “Х” ХХК боловсруулжээ.

5. Уг барилгын гадна дулаан хангамжийн ажлын зураг төслийг боловсруулахдаа нэхэмжлэгч Д.Э*******ийн барилгыг дэвсгэр зурагт тусгалгүйгээр ажлын зургийг хийж гүйцэтгэсэн болох нь “ сүлжээ” ТӨХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11/1477 тоот албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02-03/2110 тоот албан бичиг, , төлөвлөгөөний газрын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 03/2204 тоот албан бичиг, тухайн зурагт гараар тэмдэглэсэн тэмдэглэгээ зэргээр тус тус нотлогдож байна.

6. Нэхэмжлэгчээс “зурагт нэхэмжлэгчийн барилгын зургийг тусгаагүй байхад баталсан нь хууль бус” гэж, хариуцагч нараас “зургийг хариуцагч нар зураагүй” гэж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “нэхэмжлэгч өөрийн газар дээр холбогдох бүх дүрэм, журмыг зөрчиж барилга барьсан” гэж тус тус маргажээ.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “"кадастр" гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг”, Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь эрх, үүрэгтэй” гээд 22.1.1-д “хот байгуулалтын тухай хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх”, 22.1.2-т “эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хот байгуулалтын кадастр нь хот байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийхэд зайлшгүй шаардлагатай мэдээлэл бүхий улсын сан мөн” гэж тус тус заажээ.

7. Дээрхээс дүгнэвэл схем зураг, кадастрын мэдээллийн сангийн зургууд нь үнэн зөв, бодиттой, хөтөлбөргүй байх ёстой бөгөөд маргаан бүхий зургийг хийлгэхээс өмнө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нэхэмжлэгчийн барилгыг тухайн зурагт тусгаагүй, уг мэдээлэл дутуу байхад түүнийг баталсан хариуцагч нарын үйлдэл хуульд нийцээгүй байна.

8. Өөрөөр хэлбэл хариуцагч нараас схем зургийг батлахдаа тухайн орчны мэдээлэл үнэн зөв эсэх, норм, норматив хангаж байгаа эсэхийг нягтлах үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан “Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга захиалагчийн хүсэлт, газар өмчлөх, эзэмших, ашиглах шийдвэрт үндэслэн хот, тосгоны хөгжлийн болон хэсэгчилсэн төлөвлөгөө, инженерийн хангамжийн боломж, эрүүл ахуй, галын аюулгүйн нөхцөл, шаардлагад нийцүүлэн тухайн барилга байгууламжийн байршлыг тогтоож баталгаажуулна”, 3.3-д “Энэ дүрмийн 3.2-т заасан шийдвэрийг гаргахад аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан нэгж нь дараахь асуудлыг тусгасан архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулна” гээд 3.3.5-д “инженерийн хангамжийн сүлжээнд холбогдох боломж, техникийн нөхцөлийн талаар”, 3.3.7-д “инженерийн хангамжийн шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх талаар” гэж заасантай нийцэхгүй байна.

9. Нэгэнт тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр зураг зурагдсан, тухайн зурагт нэмэлтээр нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг тусгаж зөвтгөснөөр тухайн орчмын мэдээлэл үнэн зөв болох учиртай.

10. Нөгөөтэйгүүр гуравдагч этгээдийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлуулсан Архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт барилгажих талбайн схем зурагт нэхэмжлэгчийн барилгыг тусгасан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэдийгээр иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлыг хангах үндэслэлгүй гэх дүгнэлтийг гаргасан ч шүүх дээрх хууль зүйн үндэслэлээр түүний дүгнэлтийг хүлээн аваагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 25 дугаар зүйлийн 25.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э*******ийн нэхэмжлэлтэй, , төлөвлөгөөний газар, аж ахуйн удирдах газар, “ сүлжээ” ТӨХК-д тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Х” ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У*******ийн худалдаа үйлчилгээний зориулалттай 12 давхар барилгын гадна дулааны байгуулалтын М1:500 /ТГ шифр: ХН-05/05/18/ дугаартай зурагт нэхэмжлэгч Д.Э*******ийн 120 м.кв хэмжээтэй нэг давхар үл хөдлөх хөрөнгийн байршлыг тусгаагүй хариуцагч “ сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Б, , төлөвлөгөөний газрын дулаан хангамжийн инженер Ц.Л, аж ахуйн удирдах газрын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга инженер С.Б нарын үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.Э*******ийн 120 м.кв хэмжээтэй нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг уг зурагт тусгахыг хариуцагч нарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                   Ө.БОЛОРЧИМЭГ

             ШҮҮГЧ                                   Ц.МӨНХЗУЛ