Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/998

 

 

 

 

 

 

      2021           11             23                                       2021/ДШМ/998

                                                                                                                       

 

 

Н.Ө, П.Гнарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч Н.Ө, П.Г, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр,

            нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 625 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Анхбаярын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлээр Н.Ө, П.Гнарт холбогдох эрүүгийн 1905032410907 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Нарт овогт Н.Ө, 1983 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, барилгын ажил хийдэг, ам бүл 1, ............... тоотод түр оршин суух,

Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,

2. Их шавь овогт П.Г, 1992 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын ажил хийдэг, ам бүл 1, ............. тоотод түр оршин суух,

Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хойшлуулсан,

Шүүгдэгч П.Г, Н.Ө нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхбаярын зам дагуух үерийн далангийн орчим иргэн Б.Баянтөгсийн эзэмшлийн “Самсунг Ми А2” загварын гар утсыг хүч хэрэглэн довтолж, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Ө, П.Гнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Их шавь овогт П.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Нарт овогт Н.Өт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Нарт овогт Н.Өыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өыг 1 /нэг/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Ө нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгч П.Гнь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 90 /ер/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлж, шүүгдэгч П.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор М.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Н.Ө, П.Гнар нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээдүүд байх ба бүлэглэсэн гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заасан байна.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Н.Ө, П.Гнар нь таксинд суухдаа төлбөр төлөхгүй байх зорилготой суусан, мөн П.Гнь хохирогчийн хоолойг боох явцад Н.Ө нь гар утсыг нь авсан буюу хохирогчийн биед халдаж бүй халдлага дуусаагүй байхад түүний гар утсыг газраас авсан болох нь хохирогч Б.Баянтөгсийн "... Энхбаярын замаар яваад үерийн далан дагуух замаар явж байтал энд зогсчих гэсний дагуу зогсоход нөгөө 4 эрэгтэй мөнгөө өгөхгүй буусан. Тэгэхээр нь би буугаад мөнгөө өг гэхэд нөгөө 4 эрэгтэй хүрч ирээд намайг тойрч зогсоод арай залуухан эрэгтэй нь мөнгө өгөхгүй гэсэн. Надтай арай ойр зогсож байсан эрэгтэйн гарнаас барьж аваад цагдаагийн газар луу залгах гээд гар утсаа гаргаж ирэхэд нэг эрэгтэй цаашаа гүйгээд зугтаасан. Тэгээд цагдаа руу залгаж байх үед чернилэн ягаан өнгийн биеийн тамирын эрээн алаг саравчтай малгайтай, нөгөө хэдээсээ арай залуухан эрэгтэй нь намайг цохьсон. Би цохилтоос нь бултаад тэр эрэгтэйг цааш түлхэхэд нөгөө миний барьж байсан хүн надтай ноцолдсон. Тэгээд байж байтал чернилэн ягаан өнгийн цамцтай эрэгтэй нь миний араас хоолой боож газар унагаасан.” гэх мэдүүлэг /хх 16-18/, гэрч Р.Аварын “Г таксины жолоочийн хойд талаас боочихсон байж байсан. Тухайн үед Ө гартаа нэг утас барьчихсан байсан. Тэр хэд ноцолдоод байсан би тоолгүй Жамсрандоржийн араас гэр лүү нь орсон...” гэх мэдүүлэг /хх 27-28/ зэрэг нотлох баримтуудаар Н.Ө, П.Гнар нь үйлдлээрээ нэгдэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Мөн анхан шатны шүүх П.Ггийн үйлдэлд “дээрэмдэх” гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах гэмт хэргийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй өөрөөр хэлбэл тухайн гар утсыг гэмт хэргийн замаар олсон гэдгийг мэдсээр байж, маргааш нь зарж борлуулан мөнгийн нь өөрөө авч хэрэглэж байгаа гэмт үйлдэлд дүгнэлт хийлгүй түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй" гэж үзэхээр байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 625 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Ө, П.Г, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүх хууль ёсны үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь хэргийн нөхцөл байдлыг улмаас тухайн утсыг авах зорилго хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж утсыг авахаар довтолсон үйл баримт хавтас хэргийн хүрээнд тогтоогдоогүй. Хэргийн үйл баримт нь таксины төлбөрийг төлөхгүй гэж шүүгдэгч П.Гмаргаж байх явцад хохирогч өөрийнхөө гар утсыг газарт унагаж, машиныхаа доогуур гулгуулсан байдаг. Тухайн үйл явдал болсны дараагаар нь шүүгдэгч Н.Ө утсыг авсан байдаг. Тэгэхээр тухайн утсыг авах зорилгоор хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон зүйл байхгүй. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 625 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч П.Г, Н.Ө нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхбаярын зам дагуух үерийн далангийн орчим иргэн Б.Баянтөгсийн эзэмшлийн “Самсунг Ми А2” загварын гар утсыг хүч хэрэглэн довтолж, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “...хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга...” тусгана гэж заасан зарчмыг хангаагүй байна.

Учир нь,  Н.Ө, П.Гнар нь таксинд суухдаа төлбөр төлөхгүй байх зорилготой суусан, мөн П.Гнь хохирогчийн хоолойг боох явцад Н.Ө нь гар утсыг нь авсан буюу хохирогчийн биед халдаж бүй халдлага дуусаагүй байхад түүний гар утсыг газраас авсан байж болохоор мэдүүлгүүд  байна. Үүнд:

хохирогч Б.Баянтөгсийн "... Энхбаярын замаар яваад үерийн далан дагуух замаар явж байтал энд зогсчих гэсний дагуу зогсоход нөгөө 4 эрэгтэй мөнгөө өгөхгүй буусан. Тэгэхээр нь би буугаад мөнгөө өг гэхэд нөгөө 4 эрэгтэй хүрч ирээд намайг тойрч зогсоод арай залуухан эрэгтэй нь мөнгө өгөхгүй гэсэн. Надтай арай ойр зогсож байсан эрэгтэйн гарнаас барьж аваад цагдаагийн газар луу залгах гээд гар утсаа гаргаж ирэхэд нэг эрэгтэй цаашаа гүйгээд зугтаасан. Тэгээд цагдаа руу залгаж байх үед чернилэн ягаан өнгийн биеийн тамирын эрээн алаг саравчтай малгайтай, нөгөө хэдээсээ арай залуухан эрэгтэй нь намайг цохьсон. Би цохилтоос нь бултаад тэр эрэгтэйг цааш түлхэхэд нөгөө миний барьж байсан хүн надтай ноцолдсон. Тэгээд байж байтал чернилэн ягаан өнгийн цамцтай эрэгтэй нь миний араас хоолой боож газар унагаасан.” гэх мэдүүлэг /хх 16-18/, гэрч Р.Аварын “Г таксины жолоочийн хойд талаас боочихсон байж байсан. Тухайн үед Ө гартаа нэг утас барьчихсан байсан. Тэр хэд ноцолдоод байсан би тоолгүй Жамсрандоржийн араас гэр лүү нь орсон. ...” /хх 27-28/ зэрэг  баримтууд байх бөгөөд дээрх баримтуудаар Н.Ө, П.Гнар нь үйлдлээрээ нэгдсэн юмуу, эсвэл тус тусдаа сэдэлт санаа зорилготой үйлдэл ү. Энэ нь  ямар баримтаар хэрхэн яаж дүгнэгдэж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 625 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Ө, П.Гнарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 625 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Ө, П.Гнарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийн  шүүхээр шийдвэрлэх хүртэл шүүгдэгч Н.Ө,П.Гнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 

 

                                    ДАРГАЛАГЧ,

    ШҮҮГЧ                                            Б.АРИУНХИШИГ

 

                                    ШҮҮГЧ                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ