Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2026/ШЦТ/67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н , шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д-д холбогдох эрүүгийн 2539000000122 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны ".............. " гэх газраас А.Э-гийн 1 хонь, 1 ямаа буюу нийт 2 тооны бог малыг машин механизм ашиглан хулгайлж, 290,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны "....................  ” гэх газраас Ч.А-гын 2 хонь, 3 ямаа буюу нийт 5 тооны бог малыг машин механизм ашиглан хулгайлж, 1,070,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 10 дугаар сарын 02-ны орой Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны "....................  " гэх газраас Ч.А-гын 5 ямаа, 2 хонь буюу нийт 7 тооны бог малыг машин механизм ашиглан хулгайлж, 1,420,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны "....................  " гэх газраас Ч.А-гын 1 хонь, 2 ямаа буюу нийт 3 тооны бог малыг машин механизм ашиглан хулгайлж, 560,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 12 дугаар сарын 09-өөс 10-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны "....................  " гэх газраас Ч.А-гын 1 тооны хүрэн толгойтой, цагаан алаг бяруу буюу үхрийг машин механизм ашиглан хулгайлж 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2025 оны 3 дугаар сарын 05-ны орой Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны “.................” гэх газар өөрийнх нь хонинд нийлсэн байсан Л.Б-ын 6 тооны хониноос 5 тооны хонийг нь тухайн өдөр машин механизм ашиглан хулгайлсан, үлдсэн 1 тооны хонийг 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хулгайлж хохирогч Л.Б-т нийт 1,310,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2539000000122 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: “Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулж, шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Манай талаас хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээрээ маргаагүй, хохирлыг төлж барагдуулах байр суурьтай байсан бол өнөөдрийн шүүх хуралдаанд орж ирэхдээ хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно. Хавтаст хэргээс С.Д-гийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судална” гэж тус тусын байр сууриа илэрхийлжээ.

Шүүгдэгч С.Д шүүхэд хандаж мэдүүлэг өгөөгүй болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Үйл баримтын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч С.Д нь үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:

-Хохирогч Ч.А-гын “...Би 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө өөрийн хонио тоолоод гаргасан. Тухайн өдрөөс хойш 7-8 хоногийн дараа буюу 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хонио тоолоход манай хониноос 3 ямаа, 2 хонь зүс насаараа дутсан... Миний хулгайд алдсан малууд бүгд зөв талын чих урдаасаа догол имтэй, буруу талын чих түлхүүр имтэй, 4 настай хар алаг зүсмийн эм хонь, 5 настай бор алаг зүсмийн эм хонь, 5 настай 3 тооны улаан эм ямаанууд байсан. Миний ямаанууд бүгд 2 эвэртээ ногоон будагтай, харин хонь нь хондлой дээрээ хөндлөн ногоон будагтай байсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 08-09 дүгээр тал),

-Иргэний нэхэмжлэгч С.Г-ын “...Миний нэр дээр бүртгэлтэй байдаг миний тээврийн хэрэгсэл би 2024 оны 11 дүгээр сарын 20-ны орчим фейсбүүкт зарна гэж зар оруулсны дагуу Хэнтий аймгийн харьяат гэх нэг залуу ирээд 6,500,000 төгрөг бэлэн өгөөд 1,000,000 төгрөгийг нь удахгүй өгнө машин чинь таны нэр дээр байж байг гээд миний портер маркийн ............улсын дугаартай машиныг аваад явсан. Тэгээд мөнгөө өгөхгүй удаад байхаар нь тэр залуугийн 90702040 гэсэн утас руу залгахад мөнгөгүй байна удахгүй өгнө гээд шалтаг тоочоод өгөхгүй байгаа. Хамгийн сүүлд нэг ярихад тэр залуугийн эгч бололтой нэг эмэгтэй хүн утсыг нь авч яриад нөгөөдөх чинь хүний гуйлгаар мал ачиж яваад хэрэгт орооцолдсон гэж хэлж байсан. Тэгээд дахиж холбогдоогүй. Би машиныхаа нэрийг нь шилжүүлж авахдаа 1,000,000 төгрөгөө өгчих байх гэж бодоод хүлээж байгаа. Одоо тэр машин хаана байгааг мэдэхгүй байна. Тэр авч явсан залуу л мэдэж байгаа байх... Би үлдэгдэл 1,000,000 төгрөгөө авчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 11 дүгээр тал),

-Гэрч Б.Б-ийн  “...Дээрх хугацаанд Д  гарал үүслийн бичиг аваагүй байна... Д  манай мал эмнэлгийн байгууллага ажилчдын ашигладаг цахим МЭНС гэх программд 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 1 удаа гарал үүслийн бичиг авсан байна... Д  нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11 тооны хонь, 1 тооны эр адуунд гарал үүслийн бичиг авсан байна. Тухайн 11 тооны хонь, 1 тооны эр адууг ............ улсын дугаартай цагаан өнгийн ачааны Портер маркийн тээврийн хэрэгслээр Хүчит шонхор зах дээр борлуулахаар авч явсан мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн тухайн машины жолооч нь Г , утасны дугаар нь 85011..... гэж бүртгэгдсэн байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

-Гэрч Г.Ганзоригийн “...Би 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны “Хар толгой” гэх хөдөө хэсэгт нутаглаж байсан. Тухайн өдөр би өөрийн хэдэн адуугаа хайгаад орой 17 цагийн үед морьтой Хэрлэн голын эрэг дагаад явж байтал Увс аймгаас манай нутагт отроор нүүж ирээд суурьшсан Д  гэх залуу машинаа голын жалганд оруулаад зогсчихсон хажууд нь 1 хонь хийгээд зогсож байсан. Машиных нь тэвш дээр 2-3 тооны ямаа байсан. Би тухайн үедээ идэшний цаг эхэлж байсан учир идшээ хийж байгаа юм байх гэж бодсон. Гэхдээ сүүлд бодоход их сэжигтэй байсан юм байна лээ. Гэгээ тасрахтай уралдаж голын жалганд ганцаараа мал хийж байсан гэхээр үнэхээр идшээ хийж байсан бол гэдэс, гүзээг нь арилгах хүн ядаж байх байсан байх... Миний харснаар машиных нь тэвш дээр 2-3 тооны ямаа байсан. Газар унагаад хийж байсан мал нь бол хонь шиг л харагдсан... Надад Д гаас өөр хүн харагдаагүй. Ганцаараа л машиныхаа хажууд ямаа унагачихсан хийгээд зогсож байсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 32-33 дугаар тал),

-Хөрөнгийн Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 141 дугаартай “...5 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 1,070,000 төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 37-39 дүгээр тал),

-Хөрөнгийн Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 165 дугаартай “...Hyundai Porter маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 4,600,000 төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 46-49 дүгээр тал),

-Хохирогч А.Э-гийн “...Би Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны ..............  гэх хөдөө хэсэгт өөрийн хүүхдүүд болох М , Төрмандах нарын хамт мал маллаж амьдардаг. Би 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 10 цагийн үед өөрийн бага хүү Т-ыг аваад саахалтын ах Д ахтай Хэнтий аймгийн ..............  сумын руу хүнсээ цуглуулахаар явсан... Ирсэн өдрөө шууд унтаж амарсан... Өглөө босоод дунд хүү М  тэжээлийн малдаа хивэг өгөөд орж ирэхдээ манай ухна байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үедээ байгаа байлгүй гэж бодоод тоогоогүй малаа бэлчээсэн. Тухайн өдрийн 13 цагийн үед миний дунд хүү М  хониноосоо ирээд ээж манай ухна нээрээ байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би намайг эзгүйд хониноос маань хулгай хийсэн байж магадгүй гэж бодоод хонио гэртээ авчирч хашаанд хашиж байгаад тоолоход манай хониноос 1 ухна, 2 эр ямаа, 5 эм ямаанууд дутсан. Манайх 100 орчим бог мал малладаг болохоор өөрийн хэдэн бог малыг эр, эмээр нь ялгаж тоолсон. Тэгээд нийт 8 тооны бог мал дутахаар нь би ухна нь салгаад энд тэнд үлдсэн байж магадгүй гэж бодоод 2 хүүтэйгээ ойр хавийн айлуудаас асууж нэлээн хайсан ч олдоогүй... Манайх цөөхөн малтай болохоор их тоолдоггүй юм. Манай малаас их дутдаггүй байсан юм. Ухна маань байхгүй болчихсон болохоор нь бид малаа тоолоход 8 тооны бог мал дутсан байсан... Миний хулгайд алдсан бог малууд зөв талын чих шоргоолж имтэй, буруу талын чих имгүй зөв талын чих шоргоолж имтэй, буруу талын чих имгүй 4 настай хар зүсмийн эр ямаа, зөв талын чих шоргоолж имтэй, буруу талын чих имгүй 5 настай хар зүсмийн эр ямаа, зөв талын чих шоргоолж имтэй, буруу талын чих имгүй 4 настай 1 цагаан, 2 улаан зүсмийн эм ямаанууд, зөв талын чих шоргоолж имтэй, буруу талын чих имгүй 3 настай улаан зүсмийн эм ямаа, зөв талын чих шоргоолж имтэй, буруу талын чих имгүй 5 настай хар зүсмийн эм ямаанууд байсан. Манай ямаанууд бүгд буруу талын эврэн дээрээ ногоон өнгийн, зөв талын эвэр нь улбар шар өнгийн будагтай байгаа...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 118-120 дугаар тал),

-Хохирогч А.Э-гийн дахин өгсөн “...Миний малаас 1 тооны шар халзан хонь алга болсон байсан. Би цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлөө зөвхөн ямаагаа тоолж бүртгүүлсэн юм... Миний хулгайд алдсан хонь зөв талын чих шоргоолж имтэй, буруу талын чих имгүй, хондлой дээрээ ногоон будагтай, 3 настай шар халзан эм хонь байсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 123-124 дүгээр тал),

-Насанд хүрээгүй гэрч Э.М гийн “...2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр миний Э  дүү Т-ыг аваад ..............  сум руу хүнс цуглуулахаар хажууд айлын Д ах түүний эхнэр Бямбаа эгч хоёртой ..............  сум руу өглөө 10 цагийн үед явсан. Тухайн өдөр би хонио харж үлдсэн. Би өдөр 12 цагийн үед өөрийн хонио гэрээс баруун зүгт байрлах Хэрлэн гол дээр очиж усалчхаад хонио хөөгөөд гэрийнхээ байруун зүгт хонио үлдээчхээд гэртээ ирсэн. Хонио үлдээснээс хойш би өөрийн хонио өдөр 15 цагийн үед 1 удаа очиж толгойг нь дарчхаад орой нь 18 цагийн үед хонио гэртээ авч ирж хотлуулсан. Манайх тухайн үед өөр айлын хонь давхар хардаг байсан. Нийлээд 180-аад тооны хонь хардаг байсан. Тухайн өдөр хонио хотлуулчхаад ээж, дүү хоёрыг ирэхгүй байхаар нь гэрт ганцаараа уйдаад хажуу айл болох Б  ахынд очсон. Би Б  ахынд бараг 1 цаг гаран байж байтал ээж хүрээд ирсэн. Тэгээд ээж дүү бид 3 гэртээ хариад амарсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө 10 цагийн үед хонио бэлчээх гээд хонины хашааны хаалгыг нээсэн. Би 20 гаруй бог малд өглөө болгон хивэг, тэжээл өгдөг. Тэр өглөө манай улаан ухна байхгүй байсан. Уг нь хамгийн эхэнд ирээд тэжээлээ иддэг юм. Тэгээд би тухайн үед ээжид хэлэхэд байгаа байлгүй дээ гэж хэлэхээр нь би ч тоохгүй хонио бэлчээсэн. Хонио бэлчээснээс 2 цаг орчмын дараа хонин дээрээ очиж хонио хариулж байхад нээрээ л манай ухна байхгүй байсан. Тэгээд би ер нь хонио нэг тоолъё гэж бодоод хонио авч ирж хашаад хонио им, зүсээр нь гаргаж тоолоход 2 эр ямаа, 5 эм ямаа, 1 ухна зүс насаараа дутсан... Манай гэрт ер нь манай ойр хавийн айлууд манай нохойноос айгаад ирдэггүй юм. Манай нохой их дайрдаг нохой байдаг. Тухайн өдөр би нохойгоо сул орхисон... Би малаа сайн тоолж бүртгэдэггүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 131-133 дугаар тал),

-Гэрч Б.Б-ийн  “...Дээрх хугацаанд Д  гарал үүслийн бичиг аваагүй байна... Д  манай мал эмнэлгийн байгууллага ажилчдын ашигладаг цахим МЭНС гэх программд 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 1 удаа гарал үүслийн бичиг авсан байна... Д  нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11 тооны хонь, 1 тооны эр адуунд гарал үүслийн бичиг авсан байна. Тухайн 11 тооны хонь, 1 тооны эр адууг ............ улсын дугаартай цагаан өнгийн ачааны Портер маркийн тээврийн хэрэгслээр Хүчит шонхор зах дээр борлуулахаар авч явсан мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн тухайн машины жолооч нь Г , утасны дугаар нь 85011..... гэж бүртгэгдсэн байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 136-137 дугаар тал),

-Гэрч Ж.Б-ийн “...Миний хүү Д  2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд гэртээ байсан.  Яг тухайн үед намайг яваад ирэх хооронд миний хүү Д  2 тооны бага /бог/ мал хийсэн байсан. Би юун мал хийсэн тухай асуухад миний хүү хазаар хийж хийсэн хазаараа хүнд бага малаар зарсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 140-141 дүгээр тал),

-Хөрөнгийн Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 140 дугаартай “...8 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 1,510,000 төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 145-147 дугаар тал),

-Хөрөнгийн Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 148 дугаартай “...Hyundai Porter маркийн ............улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 7,900,000 төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 155-158 дугаар тал),

-Хөрөнгийн Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 165 дугаартай “...2 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 290,000 төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 164-167 дугаар тал),

-Хохирогч Л.Б-т “2 чих нь имгүй хондлой дээрээ хөндлөн улбар шар өнгийн будагтай 1 настай хар алаг хонь” хүлээлгэн өгсөн тэмдэглэл (I хавтаст хэргийн 235 дугаар тал,

-Хохирогч Л.Б-ын “...Би 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед малынхаа тэжээлийг өгч байтал манай хонь саахалт айлын Д  гэх залуугийн хоньтой захлаад /нийлээд/ өнгөрсөн... Би гэртээ ирээд хонио нийлүүлснээ ч мартчихсан байсан. Тэгээд тухайн өдрөөс хойш бараг 14 хоногийн дараа хонио авах гээд очиход байхгүй болчихсон байсан... Л  гэх айлд очиж явахад миний тэжээлийн хар алаг төлөг зүсээрээ байж байсан. Тэгээд Л  гэх айл руу яваад ороход Д  найз охинтойгоо айлд ямаа самнаж байсан. Би ч тухайн үедээ олон хүн байсан учир би Д г дуудаж уулзаад ахынх нь хонь байхгүй байна, 1 төлөг маань энэ айлын хонинд байна гэж хэлэхэд Д  надад дүүгээ уучлаарай ахаа дүү нь танай 5 хонийг хэрэглэчихсэн, очихоороо төлөөд өгье гэж хэлэхээр нь би ахынхаа хар алаг төлгийг аваад ирээрэй гэж хэлээд буцаад гэртээ ирсэн... Би алдсан малаа эргүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 243-244 дүгээр тал),

-Хохирогч Л.Б-ын дахин өгсөн: “...2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Цагдаагийн газарт 6 тооны хонь алдсан гэх өргөдөл гаргасан. Тухайн өргөдөл гаргаснаас хойш 2 хоногийн дараа буюу 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр манай нутагт Увс аймгаас отроор нүүж ирж нутагласан Д  гэх залуу миний 5 тооны хонийг зүсээр нь авч ирж өгсөн... Д гийн надад авч ирсэн 5 тооны хонь миний хониноос алга болсон 5 тооны хонь мөн байсан. Харин үлдсэн 1 тооны хонийг 2025 оны 3 дугаар сарын 28-ны орой манай тосгоны хэсгийн төлөөлөгч надад Л  гэх айлын гаднаас хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 247-248 дугаар тал),

-Гэрч Х.Л ы “...2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өөрийн гэрээс Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгонд очиж хурга худалдаж авахаар явсан... 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдөр .............. тосгоны Д гаас 6 хурга худалдаж аваад гэр рүүгээ буцсан. Би тухайн зургаан хургыг Д гийн гэрийн урд бэлчээрт явж байхад нь ачиж авч явсан... Тухайн 6 хурганы 5 тооны ногоон будагтай хурга манай гэрт байгаа. Нэг содон улаан будагтай хар алаг төлгийг би машин дээрээ ачаад аваад ирсэн. Хүнээс сонсоход Д  надад хүний хургыг зөвшөөрөлгүй зарж явуулсан болохоор нь би хүнд нь өгөх гээд аваад ирсэн...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 11-17 дугаар тал),

-Хөрөнгийн Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 139 дугаартай “...6 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 1,310,000 төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 25-28 дугаар тал),

-Хөрөнгийн Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 149 дугаартай “...Hyundai Porter маркийн ............улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 7,900,000 төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (II хавтаст хэргийн 35-38 дугаар тал),

-Хохирогч Ч.А-гын “...2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хонио тоолоход миний хониноос зүс, насаар 2 ямаа, 1 хонь цох дутсан. Би ажлынхаа хажуугаар хонио хайж ойр хавийн айлуудын хониор ч их харсан. Тэгээд хонио олоогүй. Би энэ мэтчилэн 2024 оны 9 дүгээр сарын сүүлээс эхлээд нийт 15 тооны бог мал алдсан... Миний хулгайд алдсан малууд бүгд зөв талын чих урдаасаа догол имтэй, буруу талын чих түлхүүр имтэй 3 настай 1 тооны бор халзан зүсмийн эм хонь, 4 настай 1 тооны улаан халзан болон 1 тооны улаан зурвас халзан зүсмийн 2 тооны эм ямаанууд байсан. Миний ямаанууд бүгд 2 эвэртээ ногоон будагтай. Харин хонь нь хондлой дээрээ хөндлөн ногоон будагтай байсан... Би алдсан малаа эргүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 104-105 дугаар тал),

-Гэрч З.Х-ын “...Миний нөхөр А  2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр малаа тоолоход нь 3 тооны бог мал болох 2 ямаа, 1 хонь дутсан гэсэн... 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай хонь нийлсэн эсэхийг би сайн санахгүй байна. Ер нь л ойр хавийн айлуудын хоньтой ойр ойрхон захлаад өнгөрдөг байсан. Тэгээд л очоод ялгахад дутаад байдаг байсан... Гэхдээ 2024 оны 8 сараас эхлээд манай саахалт айлын Д  л орой үдэш их явдаг байсан. Заримдаа хэд хоногоор /3-4/ машинтайгаа байхгүй байдаг байсан... Би Д гийн машины номерыг нь бол мэдэхгүй. Цэнхэр өнгийн ачааны Портер маркийн машин байдаг байсан...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 116-117 дугаар тал),

-Хөрөнгийн Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаартай “...3 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 560,000 төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (II хавтаст хэргийн 129-131 дүгээр тал),

-Хөрөнгийн Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 163 дугаартай “...Hyundai Porter маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 4,600,000 төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (II хавтаст хэргийн 138-141 дүгээр тал),

-Хохирогч Ч.А-гын “...Миний хулгайд алдсан малууд бүгд зөв талын чих урдаасаа догол имтэй, буруу талын чих түлхүүр имтэй 4 настай 1 тооны шар нүдэн болон 1 тооны хундан цагаан зүсмийн 2 тооны эм хонь, 4 настай 2 тооны хар болон 1 тооны улаан алаг зүсмийн 3 тооны эм ямаа, 5 настай 2 тооны улаан эм ямаанууд  байсан. Миний ямаанууд бүгд 2 эвэртээ ногоон будагтай. Харин хонь нь хондлой дээрээ хөндлөн ногоон будагтай байсан...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 206-207 дугаар тал),

-Гэрч З.Х-ын “...Миний нөхөр А  2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр малаа тоолоход нь 7 тооны бог мал болох 5 ямаа, 2 хонь дутсан гэсэн...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 219-220 дугаар тал),

-Гэрч Э.Б-гийн “...Миний нөхөр Э-д  чонын арьсаар хийсэн хүрэм байдаг юм. Манай дунд охин Ц-гийн  найз залуу манай гэрт 2024 оны 10 дугаар сарын эхээр ирээд манай гэрт байсан чонын арьсан хүрмийг сонирхоод байхаар нь миний нөхөр Э 2 хониор зарна гэхэд Д  би худалдаж авъя би 2 хонио гэртээ очоод хийгээд явуулъя гэж хэлж байсан. Тэгэхээр нь танихгүй хүн биш болохоор нь тухайн чонын арьсан хүрмийг өгөөд явуулсан. Тэгээд тухайн өдрөөс бараг 2 сар гаруй хугацааны дараа миний охин Ц  Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгонд байрлах найз залуугийндаа очоод ирэхдээ идэшний бярууны мах болон 2 тооны хонины гулууз аваад замын унаагаар хүрээд ирсэн. Бид өмнө нь нэг идэшний бярууны наймаа хийх талаар ярьсан байсан учир бөөнд нь явуулсан байсан... Тухайн 2 хонины арьс, толгой, шир, гэдэс, гүзээ гээд бүгд ирээгүй. Зөвхөн мах нь ирсэн...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 227-228 дугаар тал),

-Гэрч Р.Э-ийн “...чонын арьсан хүрмийг сонирхоод байхаар нь би миний хүү 2 хониор авахгүй юу гэхэд Д  би худалдаж авъя би 2 хонио гэртээ очоод хийгээд явуулъя гэж хэлж байсан. Тэгэхээр нь шууд тухайн чонын арьсан хүрмийг өгөөд явуулсан. Тэгээд тухайн өдрөөс бараг 2 сар гаруй хугацааны дараа миний охин Ц  Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгонд байрлах найз залуу Д гийнд очоод ирэхдээ идэшний бярууны мах болон 2 тооны хонины гулууз аваад замын унаагаар хүрээд ирсэн. Бид Д гаас нэг идэшний бярууны 400,000 төгрөгөөр худалдан авсан учир тухайн идэшний бярууны мах болон 2 тооны хонины гулууз мах бүтнээр нь явуулсан байсан... Тухайн 2 хонины арьс, толгой, шир, гэдэс, гүзээ гээд бүгд ирээгүй. Зөвхөн мах нь ирсэн...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 231-232 дугаар тал),

-Гэрч Э.Ц-гийн  “...Би 2024 оны 12 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны хөдөө хэсэгт оршин суух өөрийн найз залуу Д гийн гэрт замын унаанд сууж очсон Очоод 2-3 хоноод шинэ жилээр гэртээ байх гээд буцаад явах гэтэл Д  намайг явахын өмнөх өдөр өөрийн хоттой хониноос 2 хонь барьж тэр дор нь ажилласан/ хийсэн. Тухайн 2 хонийг манай аав Энхсүхтэй чонын арьсан хүрэм авсныхаа хариуд өгнө гэж байсан. Мөн манайх Д гаас өвлийн идэшний бяруу 400,000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд маргааш орой 21 цагийн үед Д  өөрийн 13-19 ТӨУ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр 1 бярууны мах, 2 тооны хонины гулууз мах ачаад намайг машиндаа суулгаад Хэнтий аймгийн Жаргалтхаан сум руу хүргэж өгөөд намайг замын унаа тосож суулгаад явсан. Би ч тэр шөнөдөө 02 цагийн үед хотод гэртээ ирсэн... Намайг Улаанбаатар хотоос очиход Д  манайд зарсан бяруугаа ажиллачихсан байсан. Харин нөгөө 2 тооны хонийг намайг очсон байх үед Д  гэр дотроо төхөөрсөн... Би тухайн 2 тооны хонийг хийхэд нь 1 хониных нь гэдсийг арилгаж өгсөн. Нөгөө хонины гэдсийг арилгаагүй хаясан... Би тухайн 2 тооны хонины им, тэмдэг, зүсийг санахгүй байна... Д  тухайн 2 хонийг өөрийнхөө хониноос барьсан... Намайг Д гийн хөдөө гэрт байх үед бид 2 хоёулхнаа байдаг байсан. Манай хадам ээжийн дүү нь осолд ороод ухаангүй байна гээд хадам ээж Увс аймаг руу явсан байсан. Надтай хамт байхдаа шөнө, орой гарч явдаггүй байсан... Би тухайн 1 тооны бяруу болон 2 тооны хонины арьс, толгой, ширийг хаана байгааг мэдэхгүй байна. Ямар ч байсан 2 хонины арьс, толгойг нь Д  машин дээрээ ачиж байсан. Надад өгч Улаанбаатар хот руу явуулаагүй. Хамгийн сонин нь манай идэшний үхрийн гэдэс нь огт байгаагүй. Дээрээс нь маш туранхай байсан... Д  надтай цуг байхдаа дээрх 2 хониноос өөр мал төхөөрч байгаагүй... Д  манай гэр бүл болон надад өөр мал мах зарж өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 235-237 дугаар тал),

-Хөрөнгийн Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 143 дугаартай “...7 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 1,420,000 төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (II хавтаст хэргийн 241-243 дугаар тал),

-Хөрөнгийн Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 164 дугаартай “...Hyundai Porter маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 4,600,000 төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (II хавтаст хэргийн 250 дугаар тал, III дугаар хавтаст хэргийн 1-3 дугаар тал),

-Хохирогч Ч.А-гын “...Миний хулгайд алдсан бяруу ямар ч им тэмдэг, будаггүй байгаа. Угаасаа өөрөө их содон зүстэй. Хүрэн толгойтой цагаан алаг бяруу байгаа... Би алдсан малаа эргүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг (III хавтаст хэргийн 70-72 дугаар тал),

-Гэрч З.Х-ын “...2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд биднийг Улаанбаатар хот яваад ирэх хооронд манай малаас хүрэн толгойтой цагаан алаг бяруу алга болсон...” гэх мэдүүлэг (III  хавтаст хэргийн 84-85 дугаар тал),

-Гэрч Э.А-гийн  “...Эгчийн найз залуу Д  надаас нэг идэшний үхэр зах зээлийн үнээс хямдаар аваарай гэж хэлж байсан. Манай эгч Ц  нь хотод ирэхээрээ гэртээ байж байгаад сардаа 10-14 хоног хөдөө найз залуугийнхаа гэр лүү явчихдаг байсан. 2024 оны 12 дугаар сарын эхээр Ц  эгч хөдөө найз залуугийнхаа гэр рүү явчихсан байх үеэр манай гэрийн хоолны мах дуусах дөхөөд ирэхээр нь манай ээж Ц  эгч рүү залгаад гэрийн хоолны мах дуусаж байна. Нөгөө идэшний үхрээ одоо авъя гэж хэлэхэд эгч за гэж хэлээд бараг 20 орчим хоногийн дараа өөрөө идэшний махаа аваад замын унаанд суугаад ирсэн. Би тухайн идэшний үхрийн мөнгийг дээрх Хаан банкны 5830163758 дугаарын дансанд өөрийн Хаан банкны 5954212958 дугаарын данснаас А -с гэх гүйлгээний утгатай 300,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үхрийг манай гэр бүл Д гаас нийт 400,000 төгрөгөөр худалдаж авсан. Би эхний 300,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс өмнө миний ээж Б  100,000 төгрөгийг шилжүүлсэн гэж ярьж байсан. Тэр талаар миний ээж сайн мэдэх байх... Д  тухайн идэшний үхрээс гадна манай ааваас чонын арьсан хүрэм буюу чонын арьсан дахыг 2 тооны хониор худалдаж авч байсан. Тухайн 2 тооны хонины махыг идэшний үхэртэй цуг явуулсан санагдаж байна. Тэрнээс өөрөөр мал, мах өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (III хавтаст хэргийн 92-93 дугаар тал),

-Гэрч Э.Б-гийн “...Миний охин Ц  гэртээ үлдээд байж байгаад 2024 оны 12 сарын эхээр найз залуу болох Д гийн гэр рүү явсан. Тэгээд охин Ц г явсны дараахан манай гэрийн хоолны мах дуусаж байсан учир би охин Ц  рүү залгаад нөгөө Д гийн яриад байсан идэшний үхрээ авъя гэж хэлсэн. Тэгээд хэлснээс хойш бараг 20-иод хоногийн дараа буюу 2024 оны 12 дугаар сарын сүүл үеэр 28-ны өдөр хавьцаа миний охин Ц  идэшний махаа аваад замын унаанд суугаад гэртээ хүрээд ирсэн. Махаа явуулахаас өмнө охины найз залуу Д  мөнгөний хэрэг гарсан гээд надаас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөг авсан. Би тухайн мөнгийг Хаан банкны 5830163758 дугаарын дансанд өөрийн Хаан банкны 5954215959 дугаарын данснаас ЭЭЖ НЬ гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Тэр өдрөөс 2 хоногийн дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин мөнгөний хэрэг гарсан гээд 300,000 төгрөг өгчих гэхээр нь би бага охин А-гаар  шилжүүлж өгсөн. Би идэшний бярууны мөнгийг л шилжүүлсэн... Д  тухайн идэшний үхрээс гадна миний нөхрөөс чонын арьсан хүрэм буюу чонын арьсан дахыг 2 тооны хониор худалдаж авч байсан. Тухайн 2 тооны хонины махыг идэшний үхэртэй цуг явуулсан. Тэрнээс өөрөөр мал, мах өгсөн зүйл байхгүй... Тухайн 1 тооны бярууны арьс, толгой, шир, гэдэс, гүзээ гээд бүгд ирээгүй. Зөвхөн мах нь ирсэн...” гэх мэдүүлэг (III хавтаст хэргийн 96-97 дугаар тал),

-Гэрч Р.Э-ийн “...Тэгээд 2024 оны 12 дугаар сарын эхээр манайх хоолны махгүй болоод миний эхнэр Б  охин Ц  рүү яриад хоолны махгүй болсон нөгөө идэшний бяруугаа авъя гэж хэлсэн. Тэгээд 10 гаруй хоногийн дараа манай хүргэн Д  залгаад шатахууны мөнгөний хэрэг гарсан гээд миний эхнэрээс 100,000 төгрөг авсан байсан. Тэгээд бид сүүлдээ ямар ч махгүй болоод Д  руу ярихад удахгүй явуулна надаа дахиад 300,000 төгрөгийн хэрэг гарлаа гэж хэлэхэд нь миний бага охин А  300,000 төгрөг шилжүүлж өгсөн гэсэн. Тэгж явсаар бараг он гарахын алдад 2024 оны 12 дугаар сарын 28-29-ний өдрийн хооронд миний охин Ц  идэшний бярууны мах болон 2 тооны хонины гулууз мах аваад гэртээ хүрээд ирсэн. Уг нь анх 700,000 төгрөгөөр зарна гэж байсан юм. Тэгээд явуулсан бярууны мах нь бараг идэх юмгүй шахуу тэгээд дээрээс нь гэдэс нь байхгүй дан мах л ирсэн. Тэгээд ийм идэшний үхэрт 400,000 төгрөг болно гэж хэлээд дахиж мөнгө өгөөгүй... Тухайн 1 тооны бярууны арьс, толгой, шир, гэдэс, гүзээ гээд бүгд ирээгүй. Зөвхөн мах нь ирсэн... Д  бидэнд өөр мал, мах зарж, өгсөн зүйл байхгүй. Явуулсан махнууд нь дандаа хариугүй юмнууд ирдэг байсан. Дахиж ч Д тай наймаа хийе гэж бодогдохоо больсон...” гэх мэдүүлэг (III хавтаст хэргийн 100-101 дүгээр тал),

-Гэрч Э.Ц-гийн  “...Би 2024 оны 10 дугаар сард өөрийн найз залуу Д тай хамт Д гийн Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг. .............. тосгонд байрлах хөдөө гэрээс нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо "One family" апартмент хотхоны 59А байрны 1 дүгээр орц 17 давхар 270 тоотод байрлах өөрийн гэртээ ирсэн. Тухайн үед Д  манай гэр бүлийнхэнтэй юм ярьж байгаад идэшний бярууны наймаа хийхээр болоод 3-4 хоноод ганцаараа буцсан. Тэгээд би Д гийн араас нь 2024 оны 12 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгонд байрлах хөдөө гэрт нь замын унаанд сууж очсон. Би очоод 2-3 хоноод 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буцаад Улаанбаатар хот руу явах болоход Д  надад нэг бярууны бүтэн мах болон 2 тооны хонины гулуузны махнуудыг өгөөд өөрийнхөө 13-19 ТӨВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр Хэнтий аймгийн Жаргалтхаан сум руу хүргэж өгөөд намайг Жаргалтхаан сумын засмал зам дээрээс замын унаанд суулгаж өгсөн. Тухайн бярууг манай аав, ээжтэй наймаа хийж 400,000 төгрөгөөр зарсан байсан. Тухайн бярууны мөнгийг миний ээж Б  болон миний дүү А  нар Д гийн данс руу шилжүүлсэн. Харин 2 тооны хонины гулуузыг бас манай аав Энхсүхтэй чонын арьсан хүрмээр наймаалсан...Намайг Улаанбаатар хотоос очиход Д  манайд зарсан бяруугаа ажиллачихсан байсан. Харин нөгөө 2 тооны хонийг намайг очсон байх үед Д  гэр дотроо төхөөрсөн... Би тухайн 2 тооны хонийг хийхэд нь 1 хониных нь гэдсийг арилгаж өгсөн. Нөгөө хонины гэдсийг арилгаагүй хаясан...Би тухайн 2 тооны хонины им, тэмдэг, зүсийг санахгүй байна... Д  тухайн 2 хонийг өөрийнхөө хониноос барьсан... Намайг Д гийн хөдөө гэрт байх үед бид 2 хоёулхнаа байдаг байсан. Манай хадам ээжийн дүү нь осолд ороод ухаангүй байна гээд хадам ээж Увс аймаг руу явсан байсан. Надтай хамт байхдаа шөнө, орой гарч явдаггүй байсан... Би тухайн 1 тооны бяруу болон 2 тооны хонины арьс, толгой ширийг хаана байгааг мэдэхгүй байна. Ямар ч байсан 2 хонины арьс, толгойг нь Д  машин дээрээ ачиж байсан. Надад өгч Улаанбаатар хот руу явуулаагүй... Д  надтай цуг байхдаа дарх 2 хониноос ер мал төхөөрч байгаагүй...Д  манай гэр бүл болон надад өөр мал мах зарж өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг ( III хавтаст хэргийн 104-106 дугаар тал),

-Хөрөнгийн Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 144 дугаартай “...1 тооны үхэр зах зээлийн үнэлгээг 1,500,000 төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (III хавтаст хэргийн 110-112 дугаар тал),

-Хөрөнгийн Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 150 дугаартай “...Hyundai Porter маркийн ............улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 7,900,000 төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (III хавтаст хэргийн 120-123 дугаар тал),

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (IV хавтаст хэргийн 4-8 дугаар тал),

-Гэрч Б.Хангайгийн “...Би сэжигтэн С.Д гаас мэдүүлэг авахдаа ..............  сумын цагдаагийн хэсгийн 13 дугаарын зөвшөөрөлтэй мэдүүлэг авахаар тусгайлан бэлтгэсэн мэдүүлэг авах өрөөнд мэдүүлэг авч байсан... 13 дугаарын зөвшөөрөлтэй мэдүүлэг авахаар тусгайлан бэлтгэсэн мэдүүлэг авах өрөө дуу дүрсний бичлэг хийдэг байх. Тухайн өрөөнд хяналтын камер байдаг. Ямар хугацааны дуу дүрсний бичлэг хадгалдаг талаар мэдэхгүй байна. Тухайн үед би ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны хэсгийн төлөөлөгч байсан юм...” гэх мэдүүлэг (IV хавтаст хэргийн 48-49 дүгээр тал),

-Гэрч Д.А-ын “...Хяналтын камер байдаг... Тухайн хяналтын камер 1 сарын хугацааны бичлэгийг хадгалдаг. 1 сар өнгөрвөл шууд устгагддаг... 2025 оны 3 дугаар сарын бичлэг устгагдсан байх. 1 сарын бичлэгийг хадгалах багтаамжтай...” гэх мэдүүлэг (IV хавтаст хэргийн 52-53 дугаар тал),

-Хөрөнгийн Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 470 дугаартай “...1 тооны үхэр зах зээлийн үнэлгээг 1,000,000 төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (IV хавтаст хэргийн 77-79 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл шүүгдэгч нь

Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны ".............. " гэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед малыг машин механизм ашиглаж А.Э-гийн 1 хонь, 1 ямаа буюу нийт 2 тооны бог малыг хулгайлж, түүнд 290,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны "....................  ” гэх газраас 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр машин механизм ашиглаж Ч.А-гын 2 хонь, 3 ямаа буюу нийт 5 тооны бог малыг хулгайлж, түүнд 1,070,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны "....................  " гэх газраас 2024 оны 10 дугаар сарын 02-ны орой машин механизм ашиглаж Ч.А-гын 5 ямаа, 2 хонь буюу нийт 7 тооны бог малыг хулгайлж, түүнд 1,420,000  төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны "....................  " гэх газраас 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр машин механизм ашиглаж Ч.А-гын 1 хонь, 2 ямаа буюу нийт 3 тооны бог малыг хулгайлж, түүнд 560,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны "....................  " гэх газраас 2024 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-ны хооронд машин механизм ашиглаж Ч.А-гын 1 тооны хүрэн толгойтой, цагаан алаг бярууг хулгайлж, түүнд 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны "................." гэх газар 2025 оны 03 дугаар сарын 05-ны орой машин механизм ашиглаж өөрийнх нь хонинд нийлсэн Л.Б-ын 6 тооны хониноос 5 тооны хонийг,  2025 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 1 тооны хонийг тус тус хулгайлж, түүнд 1,310,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт болжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Хууль зүйн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.

Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж”, 2.4-т “машин механизм ашиглаж” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт ”Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон.

Шүүгдэгч нь тус тусдаа үйлдлээр нийт 1 тооны бод, 23 тооны бог мал хулгайлсан

болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг “олон тооны мал” хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн түүнчлэн шүүгдэгч нь Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны ".............. " гэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед хохирогч А.Э-гийн 1 хонь, 1 ямаа буюу нийт 2 тооны бог малыг хулгайлахдаа машин механизм ашиглаж буюу Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл ашигласан,

Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны "....................  ” гэх газраас 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч  Ч.А-гын 2 хонь, 3 ямаа буюу нийт 5 тооны бог малыг хулгайлахдаа машин механизм ашиглаж буюу Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл ашигласан,

Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны "....................  " гэх газраас 2024 оны 10 дугаар сарын 02-ны орой хохирогч  Ч.А-гын 5 ямаа, 2 хонь буюу нийт 7 тооны бог малыг хулгайлахдаа машин механизм ашиглаж буюу Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл ашигласан,

Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны "....................  " гэх газраас 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хохирогч  Ч.А-гын 1 хонь, 2 ямаа буюу нийт 3 тооны бог малыг хулгайлахдаа машин механизм ашиглаж буюу Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл ашигласан,

Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны "....................  " гэх газраас 2024 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-ны хооронд хохирогч Ч.А-гын 1 тооны хүрэн толгойтой, цагаан алаг бярууг хулгайлахдаа машин механизм ашиглаж буюу Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл ашигласан,

Хэнтий аймгийн ..............  сумын 1 дүгээр баг .............. тосгоны "................." гэх газар 2025 оны 03 дугаар сарын 05-ны орой өөрийнх нь хонинд нийлсэн хохирогч Л.Б-ын 6 тооны хониноос 5 тооны хонийг, 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 1 тооны хонийг тус тус хулгайлахдаа машин механизм ашиглаж буюу Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл ашигласан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын малыг хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан”, 2.4-т заасан “машин механизм ашиглан хулгайлсан” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн, гэм буруугийн шууд санаатай үйлдэл болно.

 

Хохирлын талаар:

Хохирогч А.Э д 290,000 төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт (IV хавтаст хэргийн 111 дүгээр тал),

Хохирогч Л.Б-т 1,240,000 төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт (IV хавтаст хэргийн 110 дугаар тал), мөн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 70,000 төгрөгийн хохирол төлсөн интернэт банкны гүйлгээний баримт,

Хохирогч Ч.А-гын “...миний бие С.Д гаас 1 үхэр, 10 ямаа, 5 хонь хүлээн авч хохирол бүрэн барагдсан болно. С.Д нь хохирол бүрэн барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотариатаар батлуулсан тодорхойлолт зэргийг гаргасан байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “шүүгдэгч С.Д-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хохирогч нарт хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Гэмт хэрэг үйлдэхдээ ............улсын дугаартай  Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл болон ............ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг тус тус ашигласан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан ............улсын дугаартай  Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл болон ............ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслүүд бусдын эзэмшлийнх тул түүний үнэлгээ /Шинжээчийн дүгнэлт/ 4,600,000 төгрөг, 7,900,000 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлогод оруулах саналтай, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд хорих ялын санал гаргасан тул цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт ............улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тул прокурорын тогтоолыг хэвээр үлдээх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон тул шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэсэн саналыг гаргаж байна. Энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан учирсан хохирлыг төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзнэ үү. Мөн миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын тухайд залуу насан дээрээ явж байгаа, урьд нь хэрэгт холбогдож байгаагүй, ээж нь хөгжлийн бэрхшээлтэй буюу 70 хувийн сэтгэцийн өвчтэй, группт байдаг нөхцөл байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж өгнө үү. Ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн хохирлын хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатанд өөрөө хохирогч нар луугаа ярьж, дансыг нь авч хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Ганцхан А  гэх хохирогчийн хохирол төлбөр үлдсэн байсан бөгөөд миний үйлчлүүлэгч хохирол төлөх мөнгөө үрчихнэ гээд өмгөөлөгчийнхөө дансанд хадгалуулсан. А тай холбогдоход мөнгө авахгүй малыг малаар нь авсан учраас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ бичгээр өгсөн. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэгчид  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн 1 машиныг битүүмжилсэн байгаа. С.Д нь худалдаж авсан гэх нөхцөл байдлыг мэдүүлсэн, мөн Г гэх хүн худалдсан гэх мэдүүлгийг өгсөн. Иймээс дээрх үндэслэлээр машиныг 2025 оны 07 сард авчирч битүүмжлээд өнөөдрийг хүртэл битүүмж хүчин төгөлдөр байгаа учраас тухайн машиныг улсын орлого болгох хүсэлтэй байна. Харин нөгөө машин зарагдсан тул үнэлгээгээр тогтоогдсон 4,600,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэх саналыг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан.

 

Шүүгдэгч С.Д нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлыг биет байдлаар нь төлсөн, бусдад төлөх хохирол, хор уршиггүй, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

 

Бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

“Бодит үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 165 дугаартай “...Hyundai Porter маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 4,600,000 төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 46-49 дүгээр тал),

“Бодит үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 150 дугаартай “...Hyundai Porter маркийн ............улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 7,900,000 төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (III хавтаст хэргийн 120-123 дугаар тал)-ээр үнэлэгдсэн.

Шүүгдэгч С.Д нь бусдын олон тооны малыг хулгайлахдаа Hyundai Porter маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Hyundai Porter маркийн ............улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг тус тус ашигласан.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Hyundai Porter маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,600,000 төгрөгийг, Hyundai Porter маркийн ............улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7,900,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

Хэрэгт иргэний нэхэмжлэгчээр С.Г-ыг тогтоосон бөгөөд тэрээр шүүгдэгчид өөрийн эзэмшлийн 13-19 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслээ худалдаж, одоо 1,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, энэ мөнгөө нэхэмжилнэ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байна.

Энэ хэрэгт С.Г-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлгүй болжээ. Учир нь С.Г , шүүгдэгч С.Д нар хоорондоо автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, 1,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх ба С.Г нь уг 1,000,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэ гэмт хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаар шийдвэрлэхгүй.

Харин тухайн худалдаж авсан гэх тээврийн хэрэгслээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгслийг улсын орлогод хураах учиртай.

Гэтэл уг тээврийн хэрэгсэл /............улсын дугаартай/ гэмт этгээдийн өөрийн эзэмшлийнх болоогүй байгаа нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгслийн үнэ /7,900,000 төгрөг/-ийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

Мөн түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул уг тээврийн хэрэгслийн үнэлгээ /4,600,000 төгрөг/-г шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг улсын орлого болгосонтой холбогдуулан прокурорын 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 67 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Борлууд ургийн овогт Сүхбаатарын Д г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 (нэг) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Hyundai Porter маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,600,000 төгрөгийг, Hyundai Porter маркийн ............улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7,900,000 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгосугай.

7.Гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг улсын орлого болгосонтой холбогдуулан прокурорын 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 67 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН