| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/0038/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/70 |
| Огноо | 2026-02-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2026/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго /цахимаар/, шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох эрүүгийн 2439006300411 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь Хэнтий аймгийн **************** сум 7 дугаар баг ****************тосгоны хөдөө хэсэг “****************” гэх газар 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр .............улсын дугаартай Toyota land cruiser J76 загварын тээврийн хэрэгсэл жолоодож ухрах хөдөлгөөн үйлдэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14.Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж, автомашины ард байсан Я.Н-ыг дайрч түүний эрүүл мэндэд “баруун, зүүн, уушгинд няцрал, цээжний баруун хөндийд хий хуралдалт, цээжний баруун талд 1, 2, 3, 4, 5, 6, зүүн талд 1, 2, 3, 4-р хавирганы хугарал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлтдээ:
Улсын яллагч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Ц.С-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ “Гэм буруу дээр маргаан байхгүй тул шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, өмгөөлөгчийн хувьд ял хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно.” гэж тус тус дүгнэлт, тайлбараа гаргажээ.
1.2.Эрүүгийн 2439006300411 дугаартай хэргээс талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хавтаст хэргийн 14-17 дугаар тал),
-Хохирогч Я.Н-ын “...Би 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн **************** сумын 7 дугаар баг ************ тосгоны нутаг ************ гэх газарт байх Агро импекс гэх компанид томилолтоор ажилласан юм. Тухайн өдөр 17 цагийн үед Улаанбаатар хот руу буцахаар хөдөлсөн юм. Тухайн үед жолооч С ажилтан О нарын хамт Ниссан патрол маркийн .............улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан ба замдаа 17 цаг 40 орчим минутын үед бие засахаар тээврийн хэрэгслээ зогсоосон ба тухайн үед ************ тосгоны нутгаас гараагүй байсан ба юу гэдэг нэртэй газар зогссон гэдгээ мэдэхгүй байна. О бид хоёр буугаад зураг дарчхаад О эхлээд суучихсан ба би тээврийн хэрэгслийн ард талд бие засаж байтал машин ухраад миний биеийн нуруу хэсэг рүү мөргөсөн ба би дээш хараад унатал машин миний дээгүүр гарчихсан. Миний дээгүүр гарах үед би машины 2 дугуйны голд унасан байсан ба машины доод эд ангиуд миний цээж хэсгийг шүргэж гэмтээсэн. Тэгээд миний дээгүүр гараад зогсоод жолооч С , зорчигч О хоёр бууж ирээд юу болсон бэ яасан бэ гээд л сандарцгаагаад намайг машиндаа суулгаад бид сүлжээнд гарч эмч рүү залгаж зөвлөгөө аваад компаниас зөөлөн машин дуудаад Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шууд очсон... Миний биеийн зүүн болон баруун талын 2-8 дугаар хавирга 8 газар хугаралттай, баруун талын далны доод хэсэгт хөхөрч, няцралт үүссэн, сүүжний дээд хэсэгт хөхөрсөн, баруун талын 4 дүгээр хавирга хугараад уушгины хальсыг гэмтээсэн, баруун хөлийн чагтан холбоос урагдалтай, зөөлөн эдийн гэмтэлтэй, нурууны 4-6 дугаар нугалмын сэртэнгийн хугарал зэрэг гэмтэл учирсан... Намайг мөргөх үед тээврийн хэрэгслийн жолооч болох С жолоодож явж байсан... Жолооч ухрах үедээ бууж ирж тээврийн хэрэгслийн ар талыг шалгаагүй өндөр машин учир хоёр толь болон голын тольд би харагдах боломжгүй байсан... Тухайн тээврийн хэрэгсэл нь Хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжлийн нэгжийн албаны тээврийн хэрэгсэл... Осол болохын үед болон ослын өмнө жолооч болон би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Тээврийн хэрэгслийн ойр орчимд надаас өөр хүн байгаагүй... Жолооч намайг хаана бие засаж байгааг мэдээгүй. Эмэгтэй хүн бие засаж байгаа болохоор хараагүй байх би бас нуугдаж суусан. Би буухдаа бие засна гэдгээ хэлээгүй зураг дарах гэж буусан юм... Жолооч болох С ийн ээж нь осол болохын өмнөхөн нас барсан жолооч сэтгэл санааны хувьд зовуурьтай байсан гэж бодож байна. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),
-Гэрч Д.О гийн “...Миний бие Улаанбаатар хотоос 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр "Хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжил нэгж"-ийн албан томилолтоор ажилтан Я.Н , жолооч Б.С нарын хамт гурвуулаа Хэнтий аймагт ажиллахаар явсан. Энэ хугацаандаа 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө аймгийн төвөөс ****************/************ / тосгон руу гарсан. Уг газарт очоод захиргааны ажилчидтай уулзаад тэндээсээ 14 цагийн орчимд **************** сумын 7 дугаар багт байрлах **************** гэх газарт "Агро Импекс" ХХК-ийн төсөл хэрэгжүүлэлтэд мониторинг хийгээд 17 цагийн орчимд **************** сум руу хөдөлгөөн үйлдсэн. Хөдөлгөөн үйлдсэнийхээ дараа холоос тариалангийн газар, фермийг бүхэлд нь харуулсан зураг дарахаар уулын өндөрлөг хэсэгт түр зогссон /зогссон газрынх нь нэрийг нь мэдэхгүй/. Тэгээд зогссоны дараа жолооч С хаалгаа онгойлгож, хөлийн гишгүүр хэсэгт гишгэж дээш болж байгаад зураг дарж байх үед нь миний бие машинаас бууж жолоочид харагдахгүйн тулд машины ард талд сууж бие зассан. Тэгээд намайг бие засаад босох үед Н эгч машинаас бууж миний хажууд ирээд машины ард талд мөн адил бие засахаар надтай зөрсөн. Харин би машиндаа суугаад хаалга чанга хаагаад тариалангийн талбайг харж байтал жолооч намайг машинд суусныг хараад хажуудаа утсаа тавиад урд талд нь байсан овгор хэсгийг тойрч гарахаар, машинаа шууд арагш ухрааж, хөдөлгөөн үйлдсэн чинь Н эгч орилж, хашхирсан. Тэр үед нь жолооч бид хоёр машинаас буугаад харахад Н эгчийн хамраас нь цус гарсан байдалтай ёолоод машины хажууд хэвтэж байсан. "Би машины ард бие засаж байсан шүү дээ" гэж хэлсэн. Тэр үед жолооч бид хоёр Н эгчийг дэмнээд машиндаа суулгасан. Уг зогссон газарт сүлжээ барихгүй газар байсан учраас бид төв зам руу хөдөлгөөн үйлдэж яваад ****************тосгоноос баруун зүгт байдаг үрийн агуулахын ойролцоо очих үед бидний утасны сүлжээ муу орж ирсэн болохоор тус газарт түр зогсож байгаад "Агро импекс" ХХК компанийн захирал Батжаргал руу ярьж зөөлөн явдалтай машинтай учраас дуудаж түүний машинд шилжин суусан. /учир нь ****************тосгоны зам нь донсолгоо ихтэй, овон товон ихтэй ба Н эгчийг доргиохгүй гэж бодоод машинаа сольсон/. Мөн Н ын дүү Б эмч рүү залгаж болсон асуудлын талаар хэлж хаана ямар эмнэлэгт очих ёстой талаар асууж зөвлөмж авсан. Тэр үед Б эмч сумын эмнэлэгт хангалттай багаж, техник байхгүй тул Улаанбаатар хот руу явснаас Хэнтий аймгийн эмнэлэг ойрхон тийшээ яв гэж зөвлөсний дагуу явсаар байгаад Хэнтий аймагт 2024 оны 11 дүгээр сарын 20-ны орой 20 цаг 26 минутад МТ колонкийн дэргэд ирээд шууд нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Ийм л асуудал болсон... Бид гурав гурвуулаа цагаан өнгийн Toyota land cruiser J76 маркийн ********** улсын дугаартай автомашинтай явж байсан... Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан... Манай жолооч Б.С нь 2009 оноос хойш манай байгууллагад ажиллаж байна... Тухайн үед нар жаргаж, улаан туяа татчихсан байсан. Гадаа гэгээтэй ч бүрэнхий болж эхэлж байсан. Бидний зогссон газарт уулын сүүдэртэй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Ч-ын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 591 дугаартай “1.Я.Н ын биед баруун, зүүн уушгинд няцрал, цээжний баруун хөндийд хий хуралдалт, цээжний баруун талд 1, 2, 3, 4, 5, 6, зүүн талд 1, 2, 3, 4-р хавирга, сээрний 12-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, уруулд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Баруун, зүүн уушгинд няцрал, цээжний баруун хөндийд хий хуралдалт, цээжний баруун талд 1, 2, 3, 4, 5, 6, зүүн талд 1, 2, 3, 4-р хавирганы хугарал гэмтэл нь нийлээд амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг, сээрний 12-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул тус журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Уруулд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 39-42 дугаар тал),
-Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “1.Жолооч Б.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14.Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийх тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч шаардлагатай аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол нь гарсан байна” гэх магадалгаа (хавтаст хэргийн 66 дугаар тал),
-Авто тээврийн Үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар тал),
-Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 72 дугаар тал),
-Шүүгдэгч Ц.С-ийн яллагдагчаар өгсөн “...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би өмнөх мэдүүлэг дээрээ болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Надад нэмж ярих зүйл байхгүй... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
1.3.Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход Б.С нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн **************** сум 7 дугаар баг ****************тосгоны хөдөө хэсэг “****************” гэх газар Toyota land cruiser J76 маркийн .............улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасныг зөрчсөний улмаас автомашины ард бие засаад сууж байсан Я.Н-ыг дайрч мөргөж зам тээврийн осол гаргажээ.
Энэхүү үйлдлийн улмаас хохирогч Я.Н ын эрүүл мэндэд баруун, зүүн уушгинд няцрал, цээжний баруун хөндийд хий хуралдалт, цээжний баруун талд 1, 2, 3, 4, 5, 6, зүүн талд 1, 2, 3, 4-р хавирганы хугарал гэмтэл бүхийн хүнд хохирол учирчээ.
Дээрх хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Я.Н ын мэдүүлэг, гэрч Д.О гийн мэдүүлэг Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Ч-ын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 591 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн магадалгаа зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
1.4.Хэргийн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт:
Прокуророос шүүгдэгч Ц.С эд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулсан” гэж зүйлчилсэн нь зөв, тохирчээ.
Шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч Б.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болжээ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй байдаг.
Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч нь аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийнэ гэдгийг мэдсээр байж хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж тооцож өөртөө найдсанаас уг осол гарсан.
Энэхүү Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн санаатай үйлдлийн улмаас хохирогч Я.Н ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Ч-ын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 591 дугаартай дүгнэлт ( I хавтаст хэргийн 39-42 дугаар тал)-ээр тогтоогдсон байх тул шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ц.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Я.Н нь “...өөрийн назгай, анзааргагүй, сонор сэрэмжгүй байдлаас бусдыг буюу жолооч С ийг осол аваар үйлдэх нөхцөл үүсгэснээ хүлээж жолооч С эд гомдолгүй гэдгээ энэ өргөдлөөр уламжилж байна” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолт (хавтаст хэргийн 126 дугаар тал) мөн шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Гэвч энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдлыг харгалзаж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх зүйтэй байна.
Хоёр.Шүүгдэгч Ц.С эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Ц.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” саналыг гаргасан бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ганцаараа хөдөлмөр эрхэлдэг, жолоочийн ажлаа хийж амьдарлаа залгуулдаг иймд нэмэгдэл ялаас чөлөөлж, тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэж тус тус саналаа гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй. Үүнд:
-Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарахаар байна;
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг буюу гэмт үйлдэлдээ санаатай, хор уршигт болгоомжгүйгээр хандсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг санаатайгаар зөрчихдөө хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах санаа зорилго агуулаагүй үйлдэгддэг гэмт хэрэг;
-Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон;
-Үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй;
-Гэмт хэргийн улмаас хохирогч хохирол хор уршиг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн;
-Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид хуульд заасан тохирох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Нэмэгдэл ялаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй дүгнэлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, хэдийгээр болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны хийгээд шударга ёсны зарчимд бүрнээ нийцэх тул аливаа эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилээр хасах нэмэгдэл ялыг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.С ийг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4.Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилээр хасах нэмэгдэл ялыг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоосугай.
6.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН