Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2026/ШЦТ/78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг,

Улсын яллагч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  Э.А ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбацогт,

Шүүгдэгч Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.А аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Б-т холбогдох эрүүгийн 2539006030023 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б  нь Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ..........УЕВ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон Хэнтий аймгийн ..........  сумын 3 дугаар баг .......... гэх газарт 17 цагаас 18 цагийн орчимд замын хөдөлгөөнд оролцож байхдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зорчигч Д.М-ын биед зүүн дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн хугарал бүхий хүнд гэмтэл, зорчигч Б.М-гийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б  нь Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ..........УЕВ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон, Хэнтий аймгийн ..........  сумын 3 дугаар баг .......... гэх газарт 17 цагаас 18 цагийн орчимд замын хөдөлгөөнд оролцож байхдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зорчигч Д.М-ын биед зүүн дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн хугарал бүхий хүнд гэмтэл, зорчигч Б.М-гийн амь насыг хохироосон болох нь шүүгдэгч Г.Б-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (I хавтаст хэргийн 07-21 дүгээр тал), осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг (I хавтаст хэргийн 22 дугаар тал), Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (I хавтаст хэргийн 23-28 дугаар тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын мэдүүлэг (I хавтаст хэргийн 33-34 дүгээр тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М-ын мэдүүлэг (I хавтаст хэргийн 41-42 дугаар тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-ийн  мэдүүлэг (I хавтаст хэргийн 45-46 дугаар тал), насанд хүрээгүй хохирогч Г.А-ийн   мэдүүлэг (I хавтаст хэргийн 52-53 дугаар тал), хохирогч Д.М-ын мэдүүлэг (I хавтаст хэргийн 58-60, 63-64 дүгээр тал), гэрч Ц.О-ийн мэдүүлэг (I хавтаст хэргийн 67-69 дүгээр тал), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (I хавтаст хэргийн 80 дугаар тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (I хавтаст хэргийн 95-96 дугаар тал), Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Ч-ын 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 072 дугаартай дүгнэлт (I хавтаст хэргийн 100-105 дугаар тал), Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Ч-ын 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 407 дугаартай дүгнэлт (I хавтаст хэргийн 128-130 дугаар тал), Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Ч-ын 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 408 дугаартай дүгнэлт (I хавтаст хэргийн 152-153 дугаар тал), Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Ч-ын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 410 дугаартай дүгнэлт (I хавтаст хэргийн 163-164 дүгээр тал), Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Ч-ын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 411 дугаартай дүгнэлт (I хавтаст хэргийн 173-174 дүгээр тал), Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Ч-ын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 409 дугаартай дүгнэлт (I хавтаст хэргийн 182-183 дугаар тал), Хэнтий аймгийн Автотээврийн төвийн шинжээч С.Наранхүүгийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт (I хавтаст хэргийн 196-197 дугаар тал), 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Мөрдөгчийн магадалгаа (I хавтаст хэргийн 202-206 дугаар тал), иргэний нэхэмжлэгч С.Х-н мэдүүлэг (I хавтаст хэргийн 221-222), Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (I хавтаст хэргийн 79 дүгээр тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (I хавтаст хэргийн 84 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас... хүний амь нас хохирсон бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчлан тодорхойлсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүл мэндийн даатгалын санд 10,604,644 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шилжүүлгийн баримт (II хавтаст хэргийн 07 дугаар тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын “...Г.Б  ямар нэгэн гомдолгүй...” гэх хүсэлт (II хавтаст хэргийн 09 дүгээр тал),

Хохирогч Д.М-ын “...Б  гаргах гомдол хүсэл байхгүй...” гэх хүсэлт (II хавтаст хэргийн 11 дүгээр тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М-ын “...Б  ямар ч гомдол, санал байхгүй..” гэх хүсэлт (II хавтаст хэргийн 12 дугаар тал) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг тогтоогдоогүй тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Б  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Б  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилээр хасах нэмэгдэл ялыг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Б-ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилээр хасах нэмэгдэл ялыг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоосугай.

 

7.Шүүгдэгч Г.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН