Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2026/ШЦТ80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.М ,  шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.М ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2539000000256 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.Б нь 2025 оны 7 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн орчимд Хэнтий аймгийн ...........  сумын 2 дугаар баг  .............27-09 тоотод орших өөрийнх нь гэрт цэнэглэхээр орхисон иргэн Б.Б-ын өмчлөлийн 585,000 төгрөгийн үнэ бүхий "Redmi note 14C" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Б-т 585,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2539000000256 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Н.М ээс: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Э.Б : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэж мэдүүлсэн болно.

 

1.Шүүгдэгч Э.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдсон байна гэж дүгнэв. Үүнд:

-Хохирогч Б.Б-ын “...Би 2025 оны 7 дугаар сарын 13-ны өдөр өглөө 8 цагийн үед Хэнтий аймгийн ...........  сумын 2-р баг ............27-7-р гудамжны урд унаж явсан машинтайгаа шаварт суугаад байж байсан чинь зүс таних Б гэх хүн тэрүүгээр явж байсан. Тэгээд би очиж уулзаад шаварт суучихлаа гэсэн чинь Б гэх хүн “би ганцаараа амьдардаг юм, уг нь жоохон байж байгаад манайд машинтай хүмүүс ирнэ тэгээд татаад гаргаад өгье” гэж хэлэхээр нь “за” гэсэн. Тэгээд Б гэх хүн машин иртэл манайд ороод байж байя гэхээр нь тэднийх рүү ороод утсаа цэнэглээд орхисон. Тэднийд хоёр хүн ирэхээр нь би тэр хоёр хүнийг машин түрээд өгөөч гэж гуйсан. Тэгээд тэр хоёр хүнээр машинаа түрүүлэхээр гарсан. Тэгсэн Б гэх хүн гэртээ ганцаараа үлдээд араас гарч ирсэн. Би нөгөө хоёр хүнээр машинаа түрүүлээд шавраас гарахгүй болохоор нь за больё угаасаа гарахгүй юм байна гэж хэлээд больсон. Тэгээд тэр хоёр хүн ч явсан, би утсаа гэрээс нь авах гээд ороход миний утас байхгүй байсан. Тэгэхээр нь утас яасан бэ гээд Б гэх хүнээс асуусан чинь би мэдэхгүй, чи өөрөө аваад гарсан биз дээ гээд уурласан. Тэгээд би бараг цаг гаруй утсаа нэхсэн, гаргаж өгөхгүй болохоор нь орхиод гэр рүүгээ явсан. Маргааш өдөр нь дахиж очиж асуусан чинь би аваагүй манайд байсан хоёр хүн авсан байх нэг эсвэл чи өөрөө аваад явсан гээд хоёр өөр өөр юм яриад байхаар нь би нөгөө хоёр хүний гэрийн хаягийг асуухад ............12-06 тоот гэж хэлсэн. Би хаяг дээр нь очоод асуухад тэр хоёр хүн бид хоёр аваагүй, мэдэхгүй, бид хоёр тийм юм хийхээр хүмүүс биш гэж хэлэхээр нь би эргээд Б гэх хүнийх рүү очсон гэртээ байхгүй болохоор нь хойд талын айлын хүнээс Б гэх хүн хаачсан юм бол би утсаа алдчихаад байгаа юм гэсэн. Тэр эгч саяхан энэ хүн манай ээжид 30,000 төгрөгөөр утас зарна гээд явж байсан гэсэн. Би ямар утас байсан юм бол гээд асуухад тэр эгч манай ээж утсан дээр тэр утасны зургийг дараад авсан байгаа гэсэн гэж хэлэхээр нь тэднийх рүү ороод зураг харсан яг миний утас мөн байсан. Тэгээд би 2025 оны 7-р сарын 18-ны өдөр Цагдаагийн газар өргөдөл гаргаж өгсөн юм... Би утсаа 2024 оны 10 сард 650,000 төгрөгөөр авч байсан... Утсаа л олоод авчихмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дугаар тал),

-Гэрч Т.Э-гийн “...Би хашааныхаа хажуу талын буланд ус аваад явж байсан. Тэгэхэд нэг залуу явж байхаар нь миний дүү  юу эрж яваа юм бэ гэж асуухад би утсаа энэ урд айлд цэнэглээд орхисон байсан чинь энэ хүн би аваагүй гээд болдоггүй гэхээр нь би энэ урд хашааны залуу утас зарна гээд манай ээжид  бариад явж байсан ш дээ гэж хэлсэн. Тэр залуу ээжтэй уулзсан миний утас мөн байна гэсэн. Тэгээд тэр залуу явсан... Манай гадаа ирээд хар өнгийн Redmi  маркийн утас нэг шил архины мөнгөөр авах уу гээд явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),

-Гэрч Б.Т-ын “...би гэртээ байж байсан манай охин нэг залуу дагуулаад ирсэн. Би юун залуу дагуулаад ирсэн бэ гэж асуусан манай охин энэ залуу утсаа алдсан гэнэ гэж хэлсэн... Өглөө манай охин усанд явахаар гарахад нь манай урд хашаанд байдаг Б гэх залуу утас 30,000 төгрөгөөр авах уу зарна гээд хашааны хаалга дээр зогсож байсан гэсэн. Тэгээд би очиж уулзаад юун утас юм бэ яах гэж байгаа юм гэсэн. Тэр Б “эмээ та энэ утсыг 30,000 төгрөгөөр авчих, би урьд шөнө жоохон уугаадаа дахиад жоохон юм уух гээд 30,000 төгрөгөөр зарах гэж байгаа юм” гэсэн. Би авахгүй эмээ нь өөрөө утастай гэж хэлэхэд эмээ тэгвэл гэртээ оруулаад 10 минут жоохон цэнэглээд өгчих гэхэд нь би за тэгье гэж хэлээд цэнэглэж өгөхдөө юун магад гэж бодоод утасны зургийг дарсан юм. Тэгээд утсыг нь буцаагаад өгсөн. Тэгэхэд Б та авахгүй бол би урагшаа аваачаад хүнд өгчихнө гээд явсан. Тэгээд би 2, 3 хоногийн дараа хөөе чи нөгөө утсаа хэнд өгсөн бэ гэж асуухад тэр залуу вокзал дээр очиж хөдөөний бололтой хүнд 30,000 төгрөгөөр өгсөн гэж хэлсэн Тэгээд дахиж харагдаагүй... Загварыг нь мэдэхгүй ямартай ч хар өнгийн утас байсан. Утсаа алдсан гээд яваад байгаа залууд зургийг нь харуулахад миний утас мөн байна гээд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дугаар тал)

-Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 327 дугаартай шинжээчийн “...Redmi note 14C маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 585,000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-24 дүгээр тал),

-Шүүгдэгч Э.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Болсон асуудал гэвэл нэг машин манай гэрийн зүүн талд шаварт суусан байсан. Тэгсэн гэр рүү нэг хүн орж ирээд машин суучихлаа ахаа танд доор нь тавьчихаар хүрз, банзны юм байна уу гэж надаас асуухаар нь би гэрээс гараад хашааны банзнаасаа 2 ширхгийг хуулаад машин дээр нь очиход найз нь гээд нэг залуу машин дотор нь унтаж байсан ба Б-аас  архи үнэртэж байсан ба халамцуу байсан. Тэгээд машиныг шавраас гаргаж чадалгүй байж байгаад тухайн залуу машин дотроосоо утсаа аваад манай гэр рүү надтай хамт ирсэн. Ирээд ах нэг пиво уучих гээд надад лааз пиво өгөхөөр нь би тэрийг нь уугаад сууж байтал манай гэрт гаднаас таньдаг 2 хүн орж ирсэн. Надад нэг шил архитай ирсэн ба тухайн архийг ууж эхэлсэн. Тэгээд нөгөө Б  нь манайд ирсэн 2 хүнийг гуйгаад машины араас дэмнүүлье гээд аваад гарахаар нь удалгүй би араас нь очиход гарахгүй хий эргээд байна гээд байцгааж байсан. Б  нь манай гэрт утсаа цэнэглэж байгаад орхиод гарсан ба би гэртээ үлдсэн утас нь манайд үлдсэн би согтуу тасарсан байсан. Утас нь манай гэрт алга болсон учраас би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байх болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал) зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч нь 2025 оны 7 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн орчимд Хэнтий аймгийн ...........  сумын 2 дугаар баг  .............27-09 тоотод орших өөрийнх нь гэрт цэнэглэхээр орхисон иргэн Б.Б-ын өмчлөлийн "Redmi note 14C" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.

Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Э.Б нь 2025 оны 7 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн орчимд Хэнтий аймгийн ...........  сумын 2 дугаар баг  .............27-09 тоотод орших өөрийнх нь гэрт цэнэглэхээр орхисон иргэн Б.Б-ын өмчлөлийн "Redmi note 14C" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд тэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Б-ийн дээрх хууль бус үйлдлүүд, хохирогч Б.Б-т учирсан 585,000 төгрөгийн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Б-т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүгдэгчээс Redmi note 14C маркийн гар утасны мөнгийг нэхэмжилнэ” гэжээ.

Хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр Redmi note 14C маркийн гар утас зэх зээлийн үнийг 585,000 төгрөгөөр тогтоосон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 585,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т олгуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөртэй зэргийг тусгуулах саналтай байна” гэх саналыг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад шийдвэрийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт 9 хоног цагдан хоригдсон нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 9 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Б нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б энэ хэрэгт цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Шүүгдэгч Э.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 585,000 /таван зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т олгуулсугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН