Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 00261

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг,

Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-д холбогдох эрүүгийн 1738001470029 дугаар хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С.А, 1991 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч С.А нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Мустанг” бааранд иргэн Д.О-тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь дух ясны цөмөрсөн хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.А нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Мустанг” бааранд иргэн Д.О-тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь дух ясны цөмөрсөн хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч С.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр манай Жаргалант суманд Б гэдэг хүний цолны мялаалгын наадам болж, орой нь цолны цайллага болсон юм. Би цолны цайллага дээр байж байгаад шөнийн 02 цагийн үед найз Д, До, С, Г, О нарын хамтаар сумынхаа караокед орсон. Бид нарыг караокед очоод сууж байтал О хэсэг гарч явсан, бид нарыг пивоо уугаад бөх яриад сууж байтал гаднаас О нэг том пиво барьсаар орж ирсэн. Бид нарыг бөх яриад сууж байхад О чи намайг насаараа ч амжихгүй, эрэмбээрээ ч амжихгүй, би байнга чиний урд талд явна гээд надтай хэрүүл өдсөн. Тэгэхээр нь би хоёулаа хүмүүсийн дунд хэрэлдээд яах вэ гээд босоод түүнтэй гар барих гээд очиход О миний нүүрлүү гараараа 2 удаа цохисон, тэгэхээр нь нүүрээ дараад яаж байна гээд хойшоо сандал дээр суусан. Сууж байхдаа нүдээ тэмтэрч үзэхэд нүд маань хавдчихсан байсан. Тэгэхээр нь би уурандаа босож ирээд О-ыг сандал дээр сууж байхад гараараа түүний дух хэсэг рүү нь нэг удаа хүчтэй цохисон. Намайг цохисны дараа тэнд байсан найзууд маань бид хоёрыг салгасан. О бид хоёр салсны дараа О хэсэг сууж байгаад гараад явчихсан, түүнийг гарч яваад хашаа явсныг нь мэдэхгүй байна. Би тэгээд тэндээсээ шууд гэрлүүгээ харьж амарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Хохирогч Д.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017.07.19-ний өдөр манай суманд аймгийн шинэ начны мялаалгын наадам болсон юм. Би хүмүүсийн хамт Мустанг бааранд орж бөхчүүдийг хүлээн авсан юм. Тэнд манай сумын харьяат С.А байсан. А бид хоёр бага зэрэг маргалдаж эхэлсэн. Ингээд бид хоёр хальт барилцаж авч ганц хоёр хоорондоо цохилцсон. Миний гар хөхөрсөн, А-гийн хөмсөг шалбарсан харагдаж байсан. Ингээд бид хоёр салаад зэрэгцээд сандал дээр суусан. Бид хоёрын дунд Д гэдэг залуу сууж байсан. А, Б, До нартай юм ярьж байгаад гэнэт босож ирээд санамсаргүй байхад баруун нүдэн тус газар цохисон. Тэгтэл би урагшаа сөхрөөд суутал миний хамраас цус гараад тогтохгүй болсон. Тэгээд би эмнэлэг орсон. Эмнэлэг ороод ч миний цус тогтоогүй. Хоёр хоногийн дараа сумынхаа эмнэлгийн машинаар Мөрөнд ирсэн. Мөрөнд эмнэлэгт 3-4 хоноод Улаанбаатар хотод очиж хагалгаанд орсон. Миний ухархайн дээд талын дух яс хугарсан байсан. Дотор нь төмөр тавьж хагалгаа хийсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Ч.Р-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид нар тавуулаа бааранд 3-4 ширхэг, 2.5 литртэй том пиво хувааж уусан. Уугаад дуусаж байтал А, О нар хоорондоо маргалдсан. Анх юунаас болж маргалдсан талаар би мэдээгүй намайг гадагшаа бие засах гээд гарсан хойно маргаан болсон байсан. Дотор ороод ирэхэд хэрэлдэж байсан, яг юуны талаар хэрэлдэж байсныг мэдээгүй, тэгж байтал О нь ширээний цаана нь урдаас нь хараад сууж байсан А-гийн /аль талыг нь сайн санахгүй байна/ дээд хөмсгөнд нь цохиход жаахан язарсан байсныг бид нарт үзүүлсэн. Тэгээд бид нар салгаад байж байтал тэр хоёр гар бариад эвлэрсэн. Эвлэрлээ гээд ширээн дээрээ суутал А суугаад шууд О-ын /аль талын духыг сайн санахгүй байна/ духан дээр нь атгасан гараараа нэг удаа цохиход дух нь жаахан хавдсан байсан. Бид нар маргалдаад байгаа болохоор салгаад дээд хонх гэх баарнаас гарсан, О ч салаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч М.Сэ-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...орой нь дөрөлж дээр А, О, Р, Дэ бид нар гэрлүүгээ гарах гэж байснаа бүгдээрээ баар орж пиво ууя гэж би хэлэхэд тэгье гээд бүгдээрээ Б-гийн бааранд орж 3 том пиво хувааж уусан. Тэгээд удалгүй О, А нар юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна хэрэлдээд хуц нохой дээрээ тулаад О А-г сандал дээр сууж байхад цохиод авсан, тэгэхээр нь бид нар салгаад юунаас болж маргалдаад байгаа юм больцгоо гэж гар бариулаад сандал дээрээ сууцгаасан, тэр хоёрын дунд Дэ суусан, тэгээд жаахан байж байгаад юм ярьж байгаад А нь О-ыг цохихоор нь бид нар салгаад нэг нэгээр нь аваад гарсан, гараад бид нар гэр гэрлүүгээ салаад явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн

  1. Өмнө нь гаргасан шинжээч эмч М.Батмөнхийн гаргасан2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 502 тоот дүгнэлт үндэслэлгүй болно. Духны өмнөд ханын цөмөрсөн хугарал нь 3.1.2-д зааснаар хүнд зэрэгт хамаарахгүй болно. Их тархины баруун тал бөмбөлгийн субарахнойд зайд бага зэргийн цус хуралт нь 3.1.3-д заасан хүнд гэмтэлд /Тархины ховдлын цус хуралт, тархины хүнд няцралт, хатуу зөөлөн бүрхүүлийн дээр доор цус хуралт/ хамаарахгүй байна.
  2. Д.О-ын биед КТГ-ын зургаас духны өмнөд ханын цөмөрсөн хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн субарахнойд зайд бага зэргийн цус хуралт зэрэг гэмтэл үүссэн байна.
  3. Д.О-ын биед үүссэн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 3.1.1-д зааснаар хөдөлмөрийн чадварыг 15% алдагдуулах гэмтэлд хамаарна. Холбогдох эмнэлгийн баримтуудаас үзэхэд гэмтсэн гэх цаг хугацааг тогтоох боломжгүй байна.
  4. Д.О-ын биед учирсан гэмтэл ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.А нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Д.О нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1738001470029 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  4. Эрүүгийн 1738001470029 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЧИР