| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/0075/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/82 |
| Огноо | 2026-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2026/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.А хохирогчийн өмгөөлөгч Л.Н , шүүгдэгч Д.Г, Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Г.С, Д.Г нарт холбогдох эрүүгийн 2539000000302 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Д.Г, Г.С нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2025 оны 8 дугаар сарын 22-ны шөнө Хэнтий аймгийн ****** сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах "****** " бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Г-тай маргалдан зодолдож түүний биед зүүн бугуйнд шарх, баруун нүдний дотор булан, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэг, хүзүү, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн шанаа, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539000000302 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Э.А : “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж байр суурийг илэрхийлсэн болно.
Шүүгдэгч нар “шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно, гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлгүүдийг гаргажээ.
1.Шүүгдэгч Д.Г, Г.С нар нь бүлэглэж хохирогч Э.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Г, Г.С нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2025 оны 08 дугаар сарын 22-ны шөнө Хэнтий аймгийн ****** сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах "****** " бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Г-тай маргалдан зодолдож түүний биед зүүн бугуйнд шарх, баруун нүдний дотор булан, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэг, хүзүү, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн шанаа, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч Э.Г-ын “...Би 2025 оны 8 дугаар сарын 22-ны шөнө эхнэртэйгээ хамт удаан уулзаагүй Д гэх найзтайгаа уулзаад ....... аялгуу нэртэй караоке руу ороод 0.5 литрийн савлагаатай 1 шил архи 4 лаазтай пиво хувааж уугаад дуулж дуусаад бүжиглэмээр санагдаад шөнийн 2 цагийн үед эхнэр ****** цэцэг, найз Д , түүний эхнэр гээд 4-лээ ****** баар луу орсон. Д гийн эхнэрийн нэрийг мэдэхгүй байна. ****** баар луу ороод бүжгийн талбайд дээр бүжиглэж байтал санамсаргүй нэг хүнийг мөрлөөд муудалцсан. Тэгээд цаашаа юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг сэрэхэд намайг нэг төмрөөс гавлачихсан хэдэн талаас танихгүй хүмүүс татаж чангаагаад цохиж зодож байсан. Яг хэдэн хүн байсан талаар санахгүй байна. Тухайн үед манай эхнэр ****** цэцэг, найз Д хоёр миний хажууд байсан... Сайн санахгүй байна. 4 хүн л байсан байх... Манай эхнэр, манай найз Д , түүний эхнэр тэгээд намайг цохиж зодож байсан 4 хүн байсан... ****** баарны хамгаалагч намайг гавласан... Тиймээ гэмтлийн зэрэг тогтоолгоно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дугаар тал),
-Гэрч Б.****** -гийн “...2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр Г нь өөрийн найз Д гэх хүнтэй түүний эхнэртэй хамт удаан уулзаагүй гээд ....... аялгуу нэртэй караокед уулзаад нэг өрөө рүү өрөөд 0.5 литрийн савлагаатай архи 4 лааз пиво аваад хувааж уусан. Тэгээд караокеноос гарахад 12 цаг өнгөрч байсан. Тэгээд бид хэд замаас хойшоо гараад ......... нэртэй лоунж руу ороод 6 лаазтай пиво аваад нэмж уусан. Тэгээд лоунжаас гараад манай нөхөр найзтайгаа удаан уулзаагүй юм чинь гээд баар орно гээд ****** нэртэй баар руу очсон. Баар луу ороод бүжгийн талбай дээр бүжиглээд байж байтал манай нөхөр нэг танихгүй залуутай муудалцаад байсан. Тэгээд манай нөхрийг хэдэн танихгүй залуучууд дарж унагаагаад манай нөхрийн хамар хэсэг рүү цохисон. Хамраас нь цус гарч байсан. Тэгээд ****** баарны хамгаалагч нь ирээд салгасан. Тэгээд нөгөө муудалцдаг залуучууд нь манай нөхрийг гараад ир үзье гээд байсан. Тэгээд хамгаалагч нь та нар гараад зодолд гээд манай нөхрийг баарнаас чирч гаргасан. Тухайн үед би Д гийн эхнэртэй хамт баарнаас гарахад манай нөхрийг баарны үүдэнд нэг төмрөөс гавлачихсан байсан. Д гээд найз нь манай нөхрийн урд зогсож байсан. Нэг танихгүй залуу манай нөхөр дээр ирээд уучлалт гуйх гэсэн юмаа гээд манай нөхрийн толгойны ардаас тэвэрч байгаад нүүр хэсэг рүү цохисон. Бид нар тухайн залууг түлхэж холдуулаад байж байтал нэг савхитай залуу ирээд уучлаарай хөгшөөн гээд гар барья гээд гар барихдаа татаж байсан тамхины цогоор манай нөхрийн гарыг түлсэн. Тэгээд баарны хамгаалагчид хэлээд нөхрийнхөө гавыг тайлуулаад ****** баарнаас урагш цэцэрлэгийн хашаа руу яваад нөгөө хүмүүс нь эвлэрнэ гээд бөөнөөрөө дайраад байсан. Тэгээд хоорондоо маргалдаад байж байтал баарны хамгаалагч нь дахиад манай нөхрийг гавласан. Тэгээд би уурлаад яагаад манай нөхрийг ганцааранг нь гавлаад байгаа юм бэ гэсэн чинь тэр нэг савхитай залуутай хамт гавласан. Тэгээд удаагүй цагдаа нар ирээд бид нарыг бүгдийг нь цагдаа дээр авчирсан...Огт танихгүй 4 залуу зодож цохисон... Бааран дотор эхлээд хар саарал өнгийн өмдтэй хар хөх өнгийн цамцтай залуу манай нөхрийг заамдсан. Дараа нь гадаа гарахад өмссөн хувцсыг нь санахгүй байна нэг залуу манай нөхрийн нүд рүү нь цохисон. Гадуураа хар өнгийн савхитай залуу тамхины цогоор манай нөхрийн гарыг түлсэн... Манай нөхөр, нөхрийн найз Д , түүний эхнэр, манай нөхрийг зоддог 4 залуу байсан... Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),
-Гэрч Б.М-ийн “...2025 оны 8 дугаар сарын 22-ны шөнө би найз Г түүний эхнэр ****** цэцэг болон өөрийн эхнэр О нарын хамт ....... аялгуу караоке руу ороод 0.5 литрийн савлагаатай архи 4 лаазтай пиво хувааж уугаад 2 цаг дуулаад гараад бид 4 ......... руу ороод дахиад ганц лааз пиво уугаад гараад ****** баар луу очсон. ****** бааранд очоод нэг лааз пиво аваад уух гээд байж байтал Г нэг танихгүй залуутай ноцолдоод бие биеэ унагаагаад би очоод дундуур нь ороод салгаад байж байтал хамгаалагч нь ирээд бид хэдийг баарнаас гаргасан. Баарнаас гаргаад Г ыг баарны гадаа хаалганы баруун талд төмрөөс гавлачихсан байсан. Тэгсэн бааран дотор Г тай муудалцдаг залуу Г дээр ирээд эвлэрье хөгшөөн гээд гар барихдаа гараас нь татаад толгой хэсэг рүү нь мөргөсөн... Хар савхитай залуу мөргөсөн. Өөр Г ыг зодож цохисон хүн байгаагүй... Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),
-Гэрч Б.О ын “...2025 оны 8 дугаар сарын 22-ны шөнө манай нөхрийн найз Г уулзъя гээд түүний эхнэр ****** цэцэг болон М бид 4 ....... аялгуу караоке руу ороод 0.5 литрийн савлагаатай архи 4 лаазтай пиво аваад Г М хоёр хувааж уусан. Тэгээд 2 цаг дуулаад гараад бид 4 ......... руу ороод дахиад ганц лааз пиво уугаад шөнийн 2 цаг өнгөрөөж гараад ****** баар луу очсон. Бааранд ороод манай нөхөр Мөнхдөл, Г хоёр бүжиглэж байгаад манай нөхөр ажлынхаа газрын залуутай таараад цаашаа яваад өгсөн. Г бүжгийн талбай дээр ганцаараа бүжиглэж байгаад нэг танихгүй залуутай муудалцсан. Хар савхитай залуу нь байсан. Тэгсэн баарны хамгаалагч нь ирээд Г ыг хэт согтуу байна гээд түрүүлээд гаргасан. Тэгээд араас нь гарсан чинь Г ыг хаалганы хажууд нэг төмрөөс гавлачихсан байсан. Тэгээд бид хэд баарны гадаа хоорондоо маргалдаад хэрэлдээд байж байсан чинь хар савхитай залуу ирээд Г ыг гар барьж тэвэрснээ толгой руу мөргөсөн. Тэгээд нэг харсан чинь хамгаалагч нь баарны урд талын ногоон хашаанд Г ыг савхитай залуутай хамт гавлачихсан байсан. Тэгээд цагдаа нар ирсэн... Танихгүй савхитай залуу мөргөсөн...Тухайн савхитай залуу дахиад өөр танихгүй 3 залуутай хамт явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),
-Гэрч Д.Б-ийн “...2025 оны 8 дугаар сарын 22-ны шөнө би хамт ажилладаг .......****** , М , С гээд бид 4 Эзэнт гүрэн гээд лоунжинд жоохон ууж сууж байгаад тэрнээс гараад ****** баар руу орсон. Ороод нээх нэг лааз пиво уусан. Тэгсэн ***** нэг залуутай бүжгийн талбай дээр муудалцаад байж байсан. Тэгээд хамгаалагч бид хэдийг баарнаас хөөж гаргаад манай найз С-ийг гавлахаар нь бид хэд маргалдаад тэгсэн Г-ыг муудалцдаг залуутай нь хамт гавласан. Тэгээд би муудалцдаг залуу дээр очоод учраа ольё гээд хэлтэл муудалцдаг залуугийн эхнэр нь хажуугаас нь хэрүүл хийгээд байсан. Хоорондоо зохилцож зодолдсоныг бол би хараагүй. Удаагүй цагдаа нар ирээд бид нарыг цагдаа дээр авчирсан...би хараагүй... Тухайн үед би ****** , М , С, муудалцдаг залуу эхнэртэйгээ, бас нэг эрэгтэй эмэгтэй хоёр байсан. Өөр хүн байгаагүй... Ган****** ас өөр зодож цохисон хүн байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),
-Гэрч Б.М ийн “...2025 оны 8 дугаар сарын 22-ны шөнө хамт ажилладаг Ган****** , Баярцэвэл, Сумъяабэйс гэх хүмүүстэй хамт ....... аялгуу караоке руу ороод 0.5 литрийн савлагаатай архи 4 лаазтай пиво хувааж уугаад 2 цаг дуулаад гараад бид 4 ......... руу ороод дахиад ганц лааз пиво уугаад гараад ****** баар луу очсон. ****** бааранд очоод нэг лааз пиво аваад уух гээд байж байтал Г нэг танихгүй залуутай ноцолдоод бие биеийгээ унагаагаад би очоод дундуур нь ороод салгаад байж байтал хамгаалагч нь ирээд бид хэдийг баарнаас гаргасан. Баарнаас гаргаад Г ыг баарны гадаа хаалганы баруун талд төмрөөс гавлачихсан байсан. Тэгсэн бааран дотор Г тай муудалцдаг залуу Г дээр ирээд эвлэрье хөгшөөн гээд гар барихдаа гараас нь татаад толгой хэсэг рүү нь мөргөсөн... Хар савхитай залуу мөргөсөн. Өөр Г ыг зодож цохисон хүн байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Н-ийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 512 дугаартай “...1.2.Э.Г-ын биед зүүн бугуйнд шарх, баруун нүдний дотор булан, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэг, хүзүү, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн шанаа, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтүүдээс зүүн бугуйнд шарх нь гэмтэл нь халууны үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүдээс зүүн бугуйнд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун нүдний дотор булан, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэг, хүзүү, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн шанаа, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дугаар тал),
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 39-42 дугаар тал),
-Шүүгдэгч Д.Г-н яллагдагчаар өгсөн “...2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий ****** сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ****** гэх нэртэй бааранд ажлын хамт олноороо орцгоосон юм. Тэгэхэд би бага зэргийн согтолттой байсан ба иргэн Г гэх залуутай мөрлөлцөхөд Г нь намайг бөгжтэй гараараа нүдний дээд талд хөмсөг хэсэгт цохихоор нь газар унагаахад доороос намайг төмсөг рүү өвдөглөсөн чинь хамгаалагч бид 2-г аваад баарнаас гаргасан. Тэгээд гадаа гараад учраа олох гэсэн чинь элдэв бусаар хараагаад болохгүй байсан ба гар барих гээд очиход шилдээд татахаар нь уурандаа нэг удаа нүүр хэсэг рүү нь толгойгоороо мөргөсөн асуудал гаргасан. Одоо бол алдаагаа ухаарч гэмшиж байна. Ахиж ийм үйлдэл гаргахгүй байх болно. Хохирогчдоо ямар ч байсан эмчилгээний зардал мөнгийг өгч хохирол гомдолгүй болгоно.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дугаар тал),
-Шүүгдэгч Г.С-ийн яллагдагчаар өгсөн “...2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий ****** сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ****** гэх нэртэй бааранд ажлын хамт олноороо орцгоосон юм. Тэгэхэд би бага зэргийн согтолттой байсан ба иргэн Г нь манайн найз болох Ган****** тай хэрүүл маргаан үүсгээд байхаар нь очоод салгах гэхэд миний цамцны араас нэг нь татаад толгой руу цохисон тэгэхээр нь би баарнаас гарсан. Гараад цамцаа тайлаад эргээд баар руугаа орсон чинь өөдөөс Г болон манай найз ****** нарыг хамгаалагч нь гадагшаа гаргаж байсан. Тэгээд би манай найзын хөмсөгний доод талаас цус гарч байхаар нь уур хүрээд очоод Г ыг нэг удаал нүүр рүү нь цохисон асуудал гаргасан. Хохирогчдоо ямар ч байсан эмчилгээний зардал мөнгийг өгч хохирол гомдолгүй болгоно.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дугаар тал),
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 4367 дугаартай “...1. Г /РД:СД9911.../-ын 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. 2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 3.Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 102-103 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Хэргийн үйл баримтыг дүгнэхэд шүүгдэгч Д.Г, Г.С нар нь тухайн үед үүссэн маргааны улмаас үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч Э.Г ыг бүлэглэн зодож түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед зүүн бугуйнд шарх, баруун нүдний дотор булан, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэг, хүзүү, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн шанаа, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Прокуророос хэргийг зүйлчлэхдээ шүүгдэгч нарыг бүлэглэн хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн бөгөөд энэ нь хэргийн бодит байдалтай бүрэн нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон зөв байна гэж дүгнэлээ.
Хууль зүйн дүгнэлт:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр бүлэглэж халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Д.Г, Г.С нар нь бүлэглэж хохирогч Э.Г-ын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед зүүн бугуйнд шарх, баруун нүдний дотор булан, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэг, хүзүү, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн шанаа, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Д.Г, Г.С нар нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Д.Г, Г.С нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Г, Г.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж” үйлдсэн гэж зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарыг “бүлэглэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч нар нь хохирогч Э.Г т хохиролд тооцож 3,900,000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтыг шинээр гаргаж өгсөн, мөн шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “..3,900,000 төгрөгийн хохирол авсан, санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй шүүх хуралд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Г, Г.С нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл нь учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, учирсан хохирлыг сайн дураараа арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Г, Г.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч Д.Г, Г.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.С, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Г, Г.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Г.С нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлсөн, хохирогч цаашид нэхэмжлэх хохиролгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г, Г.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН