| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/0083/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/90 |
| Огноо | 2026-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2026/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч , шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2639000000004 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Б нь Хэнтий аймгийн******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 22 цагийн орчим Д.Г-тай утсаар ярьсан асуудлаас шалтгаалан маргалдаж, улмаар хохирогчийн хамрыг хазах, нүүр хэсэгт мөргөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд "хамарт хазагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1, 2-р шүд, зүүн 1-р шүдний сулрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2639000000004 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Д.Ч : “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж байр суурийг илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Б.Б : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно...” гэжээ.
1.Шүүгдэгч Б.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдсон байна гэж дүгнэв. Үүнд:
-Хохирогч Д.Г-ын “...2025 оны 11 сарын 28-ны өдөр ажлын инженер буюу А ******* сумын 4 дүгээр багт байрны найр хийгээд манай ажлын хамт олон бүгдээрээ 17 цагийн үед очоод гэрт нь сууж байгаад 21 цагийн үед ганцаараа байрнаас нь гараад Э рүү залгаад намайг ирээд авчих ажил дээр очиж цагаа бүртгүүлье гэхэд Э зам дагуу алхаж бай одоо очиж бай гэхээр нь би харьцдаг охинтой утсаар яриад зам дагуу урагшаа буюу ажил руугаа алхаж байхад Э ирээд би Рrius-30 маркийн машинд суугаад ажил руу явсан, тэгээд би найз охинтойгоо утсаар яриад машины ард талд суугаад явж байхад ажлын инженер Б намайг яадаг болцын гээд над руу агсраад над руу улаан өнгийн цүнх шидэхээр нь би цүнхийг хажуудаа тавиад та яагаад байгаа юм бэ гэж Б д хэлэхэд чи надтай ингэж ярих болоогүй гээд эргэж хараад намайг заамдаж аваад миний хамрыг хазаад эмнэлгийн урд талын 4 уулзвараас эхэлж хазаад ажлын газар хүртэл хазсан чигээрээ явсан, тэгээд би арай гэж салгаад машинаас буугаад хоёулаа муудаад яах вэ учраа олий гээд гар бариад байж байтал ажил дээр өөр ажлын хүмүүс ирээд та нар юу болж байгаа нь гээд эргээд харахад Б намайг шууд мөргөөд миний үүдний гурван шүд хөдөлсөн, тэгээд миний хамрын цус тасралтгүй гоожоод Э гэр рүү хүргэж өгсөн, гэр рүүгээ ороход эмээ миний хүү яасан юм бэ гэхээр нь би эмээ хүү нь хүнд зодууллаа гээд хамаатны ахыгаа дуудаад эмнэлэг рүү явсан. Ийм л зүйл болсон... Б гэх хүн нэлээн согтолттой байсан... Би Б тай муудалцаж, маргалдаж байсан удаа байхгүй, ажил дээр нээх таараад байдаггүй таарвал мэнд устай л явдаг хүмүүс... Бид 2-ыг муудаж маргалдаж байх үед хажууд Э байсан өөр хүн байгаагүй... Надад гомдол санал байна. Миний хамар гэмтсэн хүний гоо сайхан, үүдний гурван шүд хөдөлсөн, шүдээ зуухад хүндрэлтэй байгаа, тийм болохоор би гомдолтой байна... Надад өөр нэмж ярих зүйл байна. Б бид 2 машинаас буугаад намайг мөргөсний дараа бид 2 барьцалдаад унахад Б нь миний нүд рүү хуруугаа хийгээд хуруугаа татаж авахдаа нүдний доод талыг урж, маажсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дүгээр тал)
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Н-ийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 681 дугаартай “1.2.Д.Г-ын биед хамарт хазагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1,2-р шүд, зүүн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),
-Иргэний нэхэмжлэгч С.Х-н “...хохирогч Д.Г нь 51030 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн 090090100900020080 дугаарын данс руу шилжүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар тал),
-Шүүгдэгч Б.Б ийн “...2025 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр ажилтан А ийн гэрийн найранд очоод бага зэрэг архи уугаад, тэгээд тэр айлаас гараад гадуур ганцаараа явж байгаад дүү Э тэй уулзаад Рrius-30 маркийн машинд нь суугаад манай гэр рүү явах гээд явж байхад Гантулга гэх ажлын залуу замаас машинд суусан юм шиг байна лээ би Д.Г-ыг хаанаас яаж машинд суусныг мэдээгүй, тэгээд Д.Г-ыг утсаар ярьж байхад нь надтай ярьж байна гэж бодоод маргалдаад хазсан, эхлээд яг яаж хазсанаа мэдэхгүй байсан ч сүүлд машин зогсох үед Д.Г-ын хамрыг хазаж байгаагаа мэдсэн. Тэгээд бид 2 машинаас буугаад ярилцаж ойлголцож байхдаа Би Д.Г-ыг нэг удаа мөргөсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. дахиж ийм үйлдэл гаргахгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ Хэнтий аймгийн******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 22 цагийн орчим Д.Г-ын утсаар ярьсан гэх шалтгаанаар маргалдаж улмаар хамрыг хазах, нүүр хэсэгт мөргөх зэргээр зодож хамарт хазагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1, 2-р шүд, зүүн 1-р шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Г-ын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед хамарт хазагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1, 2-р шүд, зүүн 1-р шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Б.Б ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн хамрыг хазах, нүүр хэсэгт мөргөх үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд хамарт хазагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1, 2-р шүд, зүүн 1-р шүдний сулрал гэмтэл хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.Г-д шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй шүүх хуралд оролцохгүй” гэж мэдэгдсэн, мөн шүүх хуралдаанд мэндийн даатгалын санд хохирол төлсөн болох нь гүйлгээний баримтаа гаргаж өгсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх саналыг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН