Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/999

 

 

 

 

     2021          11            23                                        2021/ДШМ/999

 

Б.Мад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг  даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Оюунбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.У, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2179 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ц.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Мад холбогдох эрүүгийн 2106000000990 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Б.М, 1988 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жил, 2 сар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөлийн тухай хуулиар эдлээгүй үлдсэн 4 жил 5 сар 22 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 473 дугаартай захирамжаар Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар эдлээгүй үлдсэн 3 сар 1 хоногийн хорих ялаас чөлөөлсөн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 584 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ХМШЗ/65 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө сулласан,

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 27-6546 тоотод М.Мжирэмсэн эхнэрийг минь зодлоо гэх шалтгаанаар Мын толгойн тус газар нь чулуугаар нь цохиж, улмаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

   Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                                  

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар амь хохирогч М.М нь 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр бусдад чулуугаар толгойн тус газраа цохиулж нас баржээ. Гэтэл прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Б.М нь М.Мжирэмсэн эхнэрийг минь зодлоо гэх шалтгаанаар Мын толгойн тус газар нь чулуугаар нь цохиж, улмаар амь насыг нь хохироосон гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан зүйл ангиар буруутгаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэж анхан шатны шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл яллагдагч Б.Мын шууд санаатай үйлдлийн улмаас М.Мын амь нас хохирсон байхад хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзлээ. Мөн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 905 тоот прокурорын яллах дүгнэлт нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлтийг хэт товчоор бичсэн нь яллагдагчийг ямар нотлох баримтаар буруутгаж байгааг мэдэх эрхийг зөрчсөн байна гэж дүгнэлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Б.Мад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ц.Батзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг талуудаас огт гаргаагүй. Шүүгч дангаараа санаачилж гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхэд энэ эрх байгаа хэдий ч уг хуулийн заалт нь шүүх хөндлөнгийн байх зарчмаа хэрэгжүүлээгүй. Нэг талыг буюу яллах талыг хэрэгжүүлж байна. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүгч өөрийн санаачилгаар гэдэг нь Үндсэн хууль зөрчих хуулийн үр дагаврыг үүсгэж байна. Шүүх үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэдэггүй. Хууль нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзвэл Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргах замаар шийдвэрлүүлэх боломжтой байдаг. Энэхүү асуудал дээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй. ...” гэж заасан. Гэтэл шүүх эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж дүгнэж, прокурорт хэргийг буцаасан нь яллах чиг үүргийг шүүх хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Энэ тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу яллагдагчид холбогдуулан зүйлчилсэн ялын зүйлчлэлийг хүндрүүлэх үүргийг прокурорт өгч байна. Шүүх гэм буруугийн асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт дурдсанаар шүүгдэгч Б.Мад холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодиттойгоор хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримт огт шинжлэн судалдаггүй. Нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан дүгнэлт хийдэггүй байгаа. Энэ тохиолдолд шүүгч санаачилгаараа дүгнэлтийг хийж гэм буруугийн асуудлыг дүгнэсэн гэж үзэж байгаа учраас Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2179 дугаартай “...прокурорт хэргийг буцаах тухай...” захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2179 дугаартай захирамж үндэслэлтэй гарсан. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Уын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийг бүхэлд нь хянах зарчмын хүрээнд хянаж шүүгчийн захирамж гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд хууль ёсны байх зарчмыг хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй. ...” гэж заасан. Энэхүү зарчмын хүрээнд шүүхээс захирамж гаргаж хэргийн зүйлчлэлийг хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар шинжлэн судлаж, хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэж дүгнэсэн. Харин гэм буруутай байна гэж шүүхээс дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг ямар үйлдлээр үйлддэг бэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан зүйлчлэлээс юугаараа ялгаатай бэ гэдгийг Улсын Дээд шүүхийн тогтоолд тодорхой заасан. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 589 дугаартай тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 550 дугаартай тогтоол, 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаар тогтоолуудад тодорхой тусгаж өгсөн. Энэхүү тогтоолууд хүчин төгөлдөр байгаа учраас хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Иймд шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ц.Батзаяагын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2179 дугаартай захирамж хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мад холбогдох хэргийг 2 үндэслэлээр прокурорт буцаасан. Анх шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татсан. Улмаар шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан. Амь хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлсэн бол амь нас нь аврагдах боломжтой гэж дүгнэлт гарсан. Амь хохирогч нь хүнд гэмтэл авч тухайн гэмтлийнхээ улмаас амь нас нь хохирсон гэж үзсэн. Тухайн үед хяналт тавьж байсан прокурор нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан зааснаар яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан байдаг. Яллах дүгнэлтийг хэт товч бичсэн байна. Яллагдагчид ойлгомжгүй байдал үүсгэсэн байна гэж шүүгчийн захирамжид дурдсан. Прокурор яллагдагч талд шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй уншиж тайлбарлах бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ц.Батзаяагын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Мад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт буй баримтыг судлахад, Б.Мад холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокуророос Б.Мыг “жирэмсэн эхнэрийг минь зодлоо гэх шалтгаанаар Мын толгойн тус газар нь чулуугаар нь цохиж, улмаар амь насыг нь хохироосон” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Өөрөөр хэлбэл 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор шинжээч эмч Э.Баасанжавыг томилж /1хх 45/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 840 дугаартай “...Талийгаач И.Мын цогцост зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн чамархай, дагз, суурийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн талын бөмбөлөгийн чамархайн дэлбэнгийн эдийн эвдрэл, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн булчин, ясны хальс хуйхны дотор гадаргуу, баруун бугуйн үе, сарвуунд цус хуралт. Зүүн сарвуунд шарх, баруун зовхи, хацар, чих, хүзүү, шуу, өвдөг, зүүн шанаа, чих, мөр, дал, шуу, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн чамархай, дагз, суурийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн талын бөмбөлөгийн чамархайн дэлбэнгийн эдийн эвдрэл, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, тархины баруун тал бөмбөлөгийн зулайн оройн аалзан доорх цус харвалт гэмтлүүд нь гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн сарвуунд шарх, баруун бугуйн үе, сарвуунд цус хуралт шарх, Баруун зовхи, хацар, чих, хүзүү, шуу, өвдөг, зүүн шанаа, чих, мөр, дал, шуу, нуруунд зулагаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдан төвийн гаралтай, амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн цогцост архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Ходоод нь хар ногоон өнгийн шингэн агууламжтай байна. Талийгаачийн цусанд 0.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Ходоодны шингэнд 0.7 промилли, шээсэнд 1.5 промилли спиртийн агууламж илэрсэн.  Цөсөнд спиртийн агууламж илрээгүй. Талийгаачийн цус нь 2-р бүлгийн харъяалалтай байна. Гавал тархины гэмтлийг гэмтэл авсан даруйд зөв оношилж яаралтай мэс засал хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. ...”/1хх 47-51/ гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Шинжээч эмч Э.Баасанжав “...Амь хохирогч И.Мд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсан уу гэхэд яаралтай богино хугацаанд гавал тархины битүү гэмтлийг оношилж мэс засал хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. Мөн тус гэмтлийг авсан даруйд нас бараагүй. Тархинд үүссэн цусан хураа нэмэгдэж тархийг дарах хүртэл шинжүүд буюу дотор муухайрах, бөөлжих, нүд бүрэлзэх, толгой эргэх зэрэг зовиурууд илрэх боловч тархи дарагдаж нас барах хүртэл хугацаанд идэвхитэй үйлдэл хийх боломжтой. Мөн цусан хураа хурдан, удаа үүсч буй нарийвчлан тогтоох боломжгүй. ...”/1хх 60-62/ гэж мэдүүүлжээ.

Шинжээч эмч Э.Баасанжав нь  дүгнэлтээрээ шинжээчид тавигдсан асуултад бүрэн хариулаагүй байна. Учир нь шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолд “гэмтэл тус бүрийн гэмтлийн зэрэг, цаг хугацааг тогтоох” гэжээ.Гэтэл энэ асуултын хариулт тодорхойгүй байна.

Шинжээч эмчийн дүгнэлтээр   дээрх асуултанд хариулаагүй бөгөөд” Гавал тархины гэмтлийг гэмтэл авсан даруйд зөв оношилж яаралтай мэс засал хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой” гэсэн дүгнэлийг тодруулахад амь хохирогч хэзээ ямар цаг хугацаанд хүнд гэмтэл авч, хэдий хугацаанд амьд байсан, гэмтэл авснаас хойш хэдэн цагийн дараа нас барсан байж болзошгүй талаар тодорхой дүгнэснээр түүний амь нас аврагдах боломжтой байсан эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлага үүсч байна.

Дээрх байдлыг тодруулсны үндсэн дээр хэргийн зүйлчлэл зөв эсэхэд прокурор болон шүүхийн зүгээс дүгнэлт өгөх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана.” гэж заажээ. Энэ талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй байх тул бүрэлдэхүүнтэй шинжээч томилж энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа яллагдагчийн зүйлчлэлд нөлөөлөх эсэх асуудал яригдана.

Иймд шүүгдэгч Б.Мад холбогдох хэргийг прокурорт буцаан нэмэлт мөрдөн ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэлээр бүрэлдэхүүнтэй шинжээч томилохыг нэмэлтээр даалгаж, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ц.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2179 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ц.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурорт очтол Б.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                     Б.АРИУНХИШИГ

           

                                 ШҮҮГЧ                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                      ШҮҮГЧ                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ