Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2026/ШЦТ/93

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул, улсын яллагч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.М , хохирогч М.Г , түүний өмгөөлөгч П.З /цахимаар/, шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.М ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Б-т холбогдох эрүүгийн 2539009920043 дугаартай хэргийг 2026 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь согтуурсан үедээ Хэнтий аймгийн **********  сумын нутаг дэвсгэрт 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр М.Г тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас биед нь баруун нүдний эвэрлэгт шарх, хаван, торлогийн язралт, хуулралт, шилэнцэрийн цус хуралт, баруун нүдний хараагүйдэл, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б ыг согтуурсан үедээ Хэнтий аймгийн **********  сумын нутаг дэвсгэрт 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр М.Г-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас биед нь баруун нүдний эвэрлэгт шарх, хаван, торлогийн язралт, хуулралт, шилэнцэрийн цус хуралт, баруун нүдний хараагүйдэл, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Н.Б ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна, хохирогч М.Г ын мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 20-21 дүгээр тал), иргэний нэхэмжлэгч С.Х-н мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал), Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Ч-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 45-48 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүл мэндийн даатгалын санд 1,004,680 төгрөгийг төлж барагдуулсан болох нь интернэт банкны шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 75 дугаар тал),

Хохирогч Г.Г “...тухайн хэрэгт сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, шинжээч томилуулж дүгнэлт гаргуулахгүй гэдгээ илэрхийлсэн. Цаашид дээрх хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй болно” гэх хүсэлт (хавтаст хэргийн 35 дугаар тал) гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгч нь нүдээ эмчлүүлж хагалгаанд орох тул цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан болно.

Хохирогч Г.Г гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэгтэй бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б ыг 11,000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Хохирогч Г.Г гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6.Шүүгдэгч Н.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              А.МӨНХСАЙХАН