| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/0084/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/99 |
| Огноо | 2026-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2026/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.М , шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.М ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С-т холбогдох эрүүгийн 2539008690019 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Н.С нь согтуурсан үедээ Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар баг ********** -р байрны 34 тоотод орших гэртээ 2025 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 18 цагийн орчимд өөрийн төрсөн охин Н.Н-тай маргалдан "архи уухаа боль гэсэнд нь дургүйцэж" улмаар түүнийг цохиж зодож биед нь толгойн баруун зулай хэсгийн хуйханд язарсан шарх, хүзүү, баруун шуу, зүүн сарвуу, баруун зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн сарвуу, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539008690019 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Н.М : “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж байр суурийг илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Н.С : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно...” гэжээ.
1.Шүүгдэгч Н.С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдсон байна гэж дүгнэв. Үүнд:
-Хохирогч Н.Н-гийн “...Тухайн өдрийн 13 цаг 40 минутын орчимд миний бие өөрийн ажлын газар байсан ба ээж С гэртээ ирсэн байна, гэрийн түлхүүргүй тулд миний бие оройлгож өгөөч гэж 98110664 дугаараас ярьсан. Миний бие гэртээ очиход үл таних эмэгтэй хүнтэй халамцуу байдалтай гэрийн үүдэнд зогсож байсан. Тэд гэрт орж шөл хийж ууна гэж ярьсан. Замын компанид ажилладаг тул байнгын хөдөө байрлаж ажилладаг ба хааяа аймгийн төвд ирдэг байсан. Тэр эмэгтэйг өөрийн компанийн нягтлан бодогч гэж танилцуулсан ба Ц гэж дуудаж байсан. Тухайн үед болсон процессыг яривал "Би өрөөндөө орж чихэвчээр дуу сонсож 2 цаг орчим болоход тэдний дуу чангарч байсан тул гарч харахад нэмж пиво задалж ууж байсан. Би нэгдүгээрт та гэгээн цагаан өдөр айлд архидан согтуурлаа, 2-рт энэ гэрт миний 6 настай охин амьдардаг. Одоо удахгүй ааваараа хүргүүлээд гэртээ ирнэ. Тэрнээс өмнө уухаа боль гэсэн шаардлага тавьсан. Үүнд Н.С би гэртээ хэнийг дагуулж ирж юу хийхээ өөрөө мэднэ гэж хэлээд уг нь удахгүй гарах гэж байсан юм бүр дургүй хүргэчихлээ, нэмж ууна, шөнөжин ууна гэхчлэн үгнүүдийг хэлж эгчдээ кроп пиво аваад манай ир гэхчлэн хэд хэдэн хүн рүү ярьж, чатаар дуу бичлэг явуулж байсан. Би за тэгвэл та дуртайгаа хий, гэхдээ адилхан хамт амьдарч байж нэг нэгнийгээ хүндэтгэе, би тэгвэл охиноо ирүүлэхээ болиод /тухайн үед охин аавынхаа асрамжид байсан./ аавтай нь хонуулъя гээд зурагтаа асааж үзэх гэхэд төхөөрөмжүүдийг салгаж, эвдэлж, над руу хөлдөөгч дээр байсан Ц гийн авч ирсэн хүүхдийн ундаагаар шидсэн. Би мөн тухайн үед сүүлийн үед ихээр ууж иддэг болсон, нойр булчирхай чинь өвддөг, надаас өөр танд битгий уу биеэ бод гэж хэлэх хүн байхгүй гэх мэтээр хэлж байсан. Ц гэгч эмэгтэй бид хоёрын хэрүүлийг чимээгүй сонсож байгаад С-т би лав ээждээ ингэж хэлж чадахгүй, ээжтэйгээ яасан муухай харьцдаг хүн бэ? хүмүүжилгүй хүүхэд байна. Би гэртээ ууж идэж л байдаг. Манай хүүхдүүд тэгдэггүй гэхчлэн шордсон үг хэлэхэд С гэнэт босож ирээд намайг цохиж авч, үргэлжлүүлэн үснээс зулгаах гэх мэтээр зодож эхэлсэн. Энэ үед Ц сандал дээр сууж, нойлын өрөө орж гарах гэх мэтээр ямар ч салгах оролдлого хийгээгүй. Байдал бүр ширүүсэж цагдаа дуудлаа гэхэд С утсыг минь шүүрэн авч газар маш хүчтэй унагаснаас мэдрэгч нь ажиллахаа больсон учир тусламж дуудаж чадалгүй бүр их зодуулсан. С намайг буйдан дээр унагаж байгаад цохиж байхад Сайнбаяр, Ц /алиных нь байсныг мэдээгүй/-гийн хүрмийн халааснаас кассет шиг хэлбэртэй дөрвөлжин төмөр зүйл гарч ирэхэд С түүнийг авч миний толгой руу цохисноор маш их цус гарч буйдангийн дэрнүүд цус болсон. Мөн дахиж толгой руу цохих гэж дайрахад би гараараа хамгаалан гараа шархдуулсан боловч зогсолтгүй таарсан газар бүртээ төмөр зүйлээрээ цохисоор байсан. Жижиг өрөөндөө ороод хаалгаа хаасан боловч түгжээгүй байсан учир онгойлгож орж ирээд мөн төмөр зүйлээрээ таарсан газраа цохиж байсан. Би зодож эхлэх үеэс маш чангаар хашхирч, туслаарай гэж орилж байсан боловч Ц гэгч эмэгтэй зүгээр л харж суугаад надад туслах ямар ч оролдлого хийгээгүй. Би арайхийн нойлын өрөөндөө зугтан орж дотроос нь түгжиж тайвшрахыг нь хүлээсэн боловч нойлын өрөөний хаалгыг хүчтэй цохих, цоожийг нь эвдэхээр тасралтгүй оролдож байсан. Энэ үед буйдан болон гэрийн эргэн тойрон ундуй сундуй, цус, ус холилдсон маш аймшигтай нөхцөл байдалтай байв. Нойлд нуугдаж сууж байхад миний охины хэрэглэдэг гар утас байж таарч би охиныхоо аав руу залгаж тусламж хүссэнээр даруй ирж намайг авч гарсан. Би гэрийн хувцас, тавчигчтайгаа цусанд будагдсан толгойтой охиныхоо аавын гэрт очиж цусаа угааж хувцас сольж өмсөөд эмнэлэг орж цус тогтохгүй байсан тул толгойндоо 1 оёдол тавиулсан. Мөн гарын шуу, хөлийн хэсгүүдэд төмрөөр сийчүүлсэн ором, хумсны ором болон хөхрөлтүүд үүсэж баруун хөлийн эрхий хурууны үе маш хөндүүр гутал өмсөхөд хүндрэлтэй болсон байсан тул цагдаагийн байгууллагат би бичгээр хандсан ийм л зүйл болсон... Миний 2 гарын шуу, хөлийн 2 шилбэ болохоор намайг цохисон төмөр зүйлээр зүсэгдсэн байсан миний толгойны ар хэсгээр тэр цохисон төмөр зүйлээр бас зүсэгдсэн байсан хоёр хөлийн гуя хэсэг хөхрөлт, няцралттай, баруун хөлийн эрхий хурууны үе нь хөхөрч хавдсан мөн баруун гарын тохой хавдаж хөхөрсөн байсан хүзүү дээр хумсаар маажсан бололтой 3 ширхэг шархтай байсан миний учирсан гэмтэл болгоныг тэр төмрөөр цохиж гэмтэл учруулсан...Тэрийг бол сайн мэдэхгүй байна тасралтгүй цохиж зодсон...Тэрийг яг нэрийг нь бол сайн мэдэхгүй булан ирмэг нь төмөр гол хэсэг нь хуванцар байж магадгүй санагдсан... Ц гэх ээжийн танил, тэгээд манай ээж болон би байсан сүүлд нөхөр Эрдэнэсүх ирсэн...Би тогтоолгох болно... би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дүгээр тал),
-Хохирогч Н.Н-гийн “...Би Улаанбаатар хотод сургуульд сурч байгаад хэдхэн хоногийн өмнө Хэнтий аймагт ирээд байгаа юм. Өмнө нь ээжтэй хэрүүл маргаан бол болж байсан гэхдээ миний биед халдаж гэмтэл учруулж байгаагүй. Цагдаагийн байгууллагат анх удаал дуудлага мэдээлэл өгч байна, тэрнээс өмнө бол өгч байгаагүй...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),
-Гэрч Л.Ц-ийн “...2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хамт ажиллаж байсан эгч болох С-тай уулзахад эгч нь тайлангаас юм асууя гээд тэгсэн. Тэгээд бид 2 гадаа сууж байхад С эгч 2-лаа хамт манай гэр рүү оръё манайд орж шөл хийж ууя миний охин мах гаргасан байгаа гэж хэлсэн. Тэгээд С эгчтэй хамт дэлгүүр орж 4-н ширхэг лаазтай пиво аваад гэр рүү нь орсон. Тэгээд гэрт нь ороод С эгч махаа хэрчээд бид 2 шөл хийж уусан. Тэгэхэд бид хоёр 1,1 ширхэг пиво уусан ахиад 1,1 ширхэг үлдсэн уугаагүй байж байхад охин нь болох Н нь өрөөнөөсөө гарч ирээд ээжтэйгээ хэрэлдээд муудалцаад байсан. Ээжийгээ чи намайг хайрлаж өсгөөгүй ш дээ угаасаа энэ тэр гэж хэрэлдээд байсан. Тэгээд би нойл руу нь орж бие засаад С эгчээ би гэр рүүгээ явлаа гээд үүдэнд нь гутлаа өмсөж байсан чинь С эгч жаахан байж бай гээд намайг ширээн дээр суулгасан чинь охин нь чи битгий гуталтайгаа яваад бай гэж хэлээд охин нь өрөө рүүгээ яваад орсон. Тэгсэн чинь С эгч чи юу гээд байгаа гээд охиныхоо өрөө рүү орох гээд явахад нь би явлаа шүү гэж дохио зангаагаар хэлээд гэрээс нь гараад явсан. Тэгээд би гэр рүүгээ алхаад харьсан. Тэрнээс бол миний хажууд зодолдсон барьсан асуудал байхгүй хэрэлдэж муудалцаад л байсан. Энэнээс өөр бол мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),
-Иргэний нэхэмжлэгч С.Х-ийн “...Хохирогч Н.Н нь 105,462 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн 090090100900020080 дугаарын данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Н-ийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 577 дугаартай “1.2.Н.Н-гийн биед толгойн баруун зулай хэсгийн хуйханд язарсан шарх, хүзүү, баруун шуу, зүүн сарвуу, баруун зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн сарвуу, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүдээс толгойн баруун зулай хэсгийн хуйханд язарсан шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-42 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3864 дугаартай “1. Н /РД:СР9612...../-ийн сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. 2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 3.Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45-47 дугаар тал),
-Шүүгдэгч Н.С ын яллагдагчаар өгсөн “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгсөн болохоор нэмж ярих зүйл бол байхгүй байна. Хохирогчоо гомдол саналгүй болсон байгаа. Хийсэн хэрэгтээ бол маш их гэмшиж байна. Ахин ийм хэрэгт холбогдохгүй байх болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дүгээр тал) зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 18 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар баг ********** -р байрны 34 тоотод өөрийн охин Н.Н-тай маргалдаж, цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож биед нь Н гийн биед толгойн баруун зулай хэсгийн хуйханд язарсан шарх, хүзүү, баруун шуу, зүүн сарвуу, баруун зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн сарвуу, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Н.С нь хохирогч Н.Н-гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед толгойн баруун зулай хэсгийн хуйханд язарсан шарх, хүзүү, баруун шуу, зүүн сарвуу, баруун зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн сарвуу, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Н.С нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Н.С ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Н.С тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч цохих, үснээс нь зулгаах зэрэг идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд толгойн баруун зулай хэсгийн хуйханд язарсан шарх, хүзүү, баруун шуу, зүүн сарвуу, баруун зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн сарвуу, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Н.С ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Н.Н д шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралд оролцохгүй, санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан гэм хорин хохирол нэхэмжлэхгүй” гэжээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ авч байсан болох нь хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон С.Х-ийн мэдүүлэг, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 27 дугаар тал) зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд 105,462 төгрөгийн хохирол учирчээ.
Иймд шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 105,462 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэв.
Мөн хохирогч Н.Н гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх саналыг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С ыг 1,200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 105,462 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй тул шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Хохирогч Н.Н гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН