| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/0069/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/102 |
| Огноо | 2026-02-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2026/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.А , шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н , шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б-д холбогдох эрүүгийн 2539005960384 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ш.Б нь Хэнтий аймгийн ************ сумын 4 дүгээр баг 2025 оны 6 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчимд хохирогч М.Н-той "уусан архиа шингээж чадахгүй" гэх харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохих, газарт унагаан өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд эрүү ясны зүүн булангийн зөрүүгүй хугарал, зүүн шанааны зөвлөн эдийн няцрал, зүүн доод 8-р шүдний сулрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539005960384 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шинээр хохирол төлсөн нотлох баримт гаргаж өгч байна. Гэм буруугийн хувьд маргаангүй байр суурьтай оролцоно” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Ш.Б : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.
1.Шүүгдэгч Ш.Б ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь Хэнтий аймгийн ************ сумын 4 дүгээр баг 2025 оны 6 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчимд хохирогч М.Н-той "уусан архиа шингээж чадахгүй" гэх харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохих, газарт унагаан өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд эрүү ясны зүүн булангийн зөрүүгүй хугарал, зүүн шанааны зөвлөн эдийн няцрал, зүүн доод 8-р шүдний сулрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч М.Н-ийн “...Би машин жолоодож явсан болохоор их уугаагүй. 2 хундага уусан. Ц.Ч , Н.Б нар хувааж уусан. Н.Б нь хүүхдээ дагуулаад явж байсан учраас хүргэж өгье гэж явтал Ц.Ч ын гэрийн урд эгнээ буюу ************ сумын 4 дүгээр баг ***** 5 дугаар эгнээнд орой дээрээ тод гэрэлтэй унагалдай явж байхаар нь өмнө хууль бусаар шуудуу ухсан унагалдай мөн гэж бодоод очиж уулзахаар явж очоод урд нь гарч машины сигналаа дуугарган зогсоосон. Манай суманд унагалтай трактор байхгүй болохоор шуудуу ухсан унагалдай мөн гэж бодоод зогсооход нүх ухсан техник биш байсан. Техникийг жолоодон явсан Д.М ах сая Ш.Б ээр машинд нь ачуулаад хотоос авчирлаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал Ш.Б явган, зүүн талын гудамжнаас ирээд үгийн зөрөөгүй шууд “муусайн согтуу юмнууд ууснаа шингээхгүй” гэж хэлээд намайг эхлээд миний нүд, хамар хоёрын дунд баруун гараараа цохиход хамраас цус гоожоод би нүүрээ дараад доош харж хэвттэл дээрээс 4 удаа өшиглөсөн. Унагалдай жолоодон явсан Д.М ах чи боль гэж хэлээд Б-ийг надаас холдуулахад машинаас буугаад хараад зогсож байсан Ц.Ч рүү мөн дайраад маргалдаад байсан. Тэгээд би төрсөн ах Октябрийг дуудсан ба сумын эмнэлэгт үзүүлсэн. 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр эмчид үзүүлэхэд өнөөдөр шууд аймаг явж хамар болон эрүүний зураг авхуул гэсэн...нэгдсэн эмнэлгийн эрүү нүүрний тасагт зураг авхуулахад эрүү давхар хугарсан хамар гэмтсэн байна шууд Улаанбаатар хот руу яв гэсэн...яагаад намайг зодох болсон талаар би мэдэхгүй байна зүгээр байж байгаад хүнд зодуулж хамар болон эрүү нүүрэндээ гэмтэл авсандаа маш их гомдолтой байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-14 дүгээр тал),
-Гэрч Н.Б-ийн “...2025 оны 6 дугаар сарын 14-ний өдөр би ************ сумын ******* 4-р багт өөрийн танил Ч ахтай уулзахаар 20 цагийн үед гэрийнх нь гадаа очиход манай сумын ******* 4-р багийн Засаг дарга ажилтай М.Н-той таарсан. Тэгээд бид 3 М.Н-ийн машинд нь юм ярьж байхад М.Н машинаасаа 0.75 литрийн "ЕХ" нэртэй архи гаргаж ирээд 3-уулаа хуваагаад уучих уу гэхээр нь тэгье гээд бид 3 машинд нь юм ярьж байгаад ууж дуусгасан. Тэгээд 22 цагийн үед намайг хүүхдээ дагуулаад явж байсан болохоор М.Н намайг гэрт чинь хүргэж өгье гээд хөдөлтөл Ч ахыг урд талын урд эгнээгээр тод хурц гэрэлтэй ковш байж байхыг хараад М.Н нь нөгөө Б булгийн уурхай дээр хууль бусаар нүх ухсан унагалдай нь мөн байна очиж уулзъя гээд бид хэд тэр техникийн хажууд очиж зогсоход тэр нь нүх ухдаг унагалдай биш түрдэг ковш машин байсан. Тэгээд М.Н түрүүлж буугаад байж байхыг бол харсан би машины ард талын суудал дээр суучихсан утас оролдож байсан болохоор сайн анзаараагүй юм. Тэгтэл урд сууж байсан Ч ах гэнэтхэн нөгөө Н хүнтэй зодолдоод унаад өглөө гээд л машинаас бууж байгаа харагдсан би цуг араас нь буух гэтэл машины хаалга нь гацаад онгойхгүй байсан. Тэгээд би хаалгатай ноцолдоод минут гаран болсон байх хаалга онгойлгоод буухад Ч ах манай нутгийн залуу болох Б ах хоёр хоорондоо барьцалдаад хэрэлдээд байсан. Тэр үед ковш жолоодож явсан Б ах, манай сумын Г ах нар дундуур нь ороод салгаж байсан. Тэгээд Б ах ковшийн ард байсан машиндаа суугаад явсан. Тэгтэл удахгүй М.Н-ийн төрсөн ах болох М.О ах машинтай ирээд "Яасан юм наад эрүү ам чинь болохгүй байгаа бол эмнэлэг оръё" гээд машинтайгаа бид хэдийн дагуулаад ардаас нь М.Н машинаа бариад эмнэлэг рүү очсон. Тэгээд М.Н эмнэлэг рүү ороод явчихсан тэгээд удалгүй М.О ирээд би чамайг хүүхэдтэй чинь гэрт чинь хүргэж өгье гэж хэлээд намайг гэрт маань хүргэж өгөөд явсан... Ер нь бол М.Н нь Ч ах бид хоёр дээр анх ирэхдээ архи үнэртүүлчихсэн ирсэн. Тэгээд бид 3 архиа ууж дуусгахад нээх айхтар согтсон зүйл бол харагдаагүй бид хоёртой зүгээр л "Б булгийн уурхайд ажилладаг хужаа нар хууль бусаар унагалдай траектороор газар ухаад байна танд энэ талаар мэддэг, зөвлөгөө өгөхөөр зүйл байна уу" гэж ярьж байсан. Айхтар согтчихсон хэл ам нь ээдэрчихсэн зүйл бол байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),
-Гэрч Ч.Г ийн “...2025 оны 06 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим Д.М бид 2 ************ сумын ******* 4-р багийн зүүн урд байдаг Ж-ын гэрийн гаднаас Улаанбаатар хотоос Ш.Б ийн том машины чиргүүл дээр ачигдаж ирсэн өөрөө явагч унагалдай нэртэй экскаваторыг авах гэж очсон юм. Тус Унагалдайг буулгаж аваад асааж Ж-ын гэрийг гаднаас хөдлөөд 100 метр гаруй яваад гацаад явахаа больсон. Тэгээд Д.М бид хоёр унагалдайг явуулах гэж оролдоод байж байтал унагалдайг ачиж ирсэн Б ирчихсэн "хоёр ах аа юу нь болохгүй болчхов" гээд ирчихсэн унагалдайн хажууд зогсож байсан би доогуур нь орж юу нь болохгүй болсон талаар хараад сууж байтал гэнэтхэн баруун талаас гэрэл гараад цагаан өнгийн Альфард маркийн машин бидний зогсож байсан газраас 10 гаран метрийн хол зогсоод зогсоо зайгүй 1 минут орчим сигнал аа дараад байсан. Тэгтэл сигнал дараад байгаа цагаан өнгийн Альфард машин руу Б очиж байгаа харагдсан тэгснээ буцаж ирээд би Дорнод руу явлаа одоо гарлаа гэж байсан тэгтэл нөгөө машин гэнэтхэн хөдөлж ирээд унагалдайны ард тулгаж зогсоод 4-р багийн Засаг дарга М.Н машины жолооч талаас бууж ирээд унагалдайг бүтэн тойрч ирээд М.М-той юм ярьж байсан Б дээр ирээд юм ярьж байсан. Тухайн үед унагалдай асаалттай байсан болохоор юм дуулдаагүй. Нэг эргээд хартал М.Н газар хажууд тийшээ хараад хэвтчихсэн хажууд нь Б зогсож байсан. Тэгтэл М.Н-ийн машинаас 2 хүн гараад ирээд Б рүү дайрсан. Тэгэхээр нь би унагалдайн доороос гарч ирээд Д.М дээрээс кабинаас бууж ирээд бид хоёр тэр 3-ийг салгасан. Тэгээд би Б-ийг "Чи яв аа чамайг явахгүй бол эд нар салахгүй юм байна аа * гэж хэлэхэд Б цаашаа яваад машинаа асаагаад явчихсан. Тэгээд М.Н-ийг би хэвтэж байхад нь татаж босгоод "Ахын дүү яв аа ямар их архи уугаа вэ машин жолоодож явж байж” гэж хэлэхэд М.Н миний урдаас юм яриагүй машиныхаа жолооч талд суулгаад дараа нь Ч ыг Д.М жолоочийн эсрэг талд суулгахад наанаас нь Б ирээд би машиныг чинь барьж явна гэхэд М.Н үгүй гэсэн бололтой Б хойно нь суугаад тэгээд тэр хэд хөдлөөд явсан...Би зодолдож байхыг нь бол хараагүй нэг л мэдэхэд М.Н хажуугаараа хараад газар хэвтэж байсан. Харин машинаас бууж ирсэн Ч , Б хоёр нь нэлээн согтуу Б тэй зууралдаад байсан. Харанхуй байсан болохоор би юу болсон талаар нь сайн хараагүй мэдэхгүй байна. Ямар ч гэсэн тэр хэд хоорондоо маргалдаад байхаар нь салгаад л явуулсан юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),
-Гэрч М.О-ийн “...2025 оны 6 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед манай төрсөн дүү болох М.Н-ийн эхнэр Ц нь над руу утсаар холбогдож "Н архи уугаад гадуур яваад байна тэгээд сая орж ирээд машин дотроо шаагилдаж байгаад нэг хүнтэй муудаад байгаа байдалтай ирээд явлаа та хаагуур яваа гэдгийг нь мэдээч" ах гэхээр нь би за гээд гэрээс гараад эмнэлгийн гадуур явж байтал М.Н-ийн машин эмнэлгийн гадаа байж байсан тэгээд би машин руу нь очтол М.Н-ийн машин дотор урд талын суудал дээр нь Ч суучихсан, ард талын суудал дээр нь Б сууж байсан тэгээд би өөрийн дүү болох М.Н-ийг хаана байгаа юм гээд асуусан чинь Ч нь нүүр ам нь цус болчихсон "Сая Ш.Б тэй таараад Ш.Б тэй муудалцаад Ш.Б манай найз М.Н-ийг цохиод унагачихаар нь би очоод салгаж М.Н-ийг босгох гэхэд над руу дайрч намайг Ш.Б нь цохичихсон юм аа М.Н эмнэлэг дотор байгаа" гэж хэлэхээр нь би эмнэлэг дотор ортол жижүүр эмч Т манай дүү М.Н-д үзлэг хийгээд байж байсан. Тэгээд би М.Н-ийг "Чи одоо яагаад архи дарс уугаад зодоон хийгээд яваад байгаа юм бэ" гээд загнасан чинь М.Н хэлэхдээ "Ш.Б дүүг нь зодчихдог байна шүү дээ миний эрүү, нүд нэг л хачин байна" гэж хэлэхэд Т эмч надад "Ах аа би үзлэг хийж байна та түр гараад байж бай" гэхээр нь би гараад байж байсан юм аа. Тэгтэл удалгүй Т эмч гарч ирээд эмчийн тодорхойлолт юмнууд нь маргааш гарчихна аа та дүүгээ аваад явж бай гэсэн тэгээд би М.Н-ийг машинд суулгаад М.Н "Яг юу болсон юм бэ" гэж асуухад М.Н нь "Уурхай дээр газар ухсан шиг унагалдай явж байхаар нь юун унагалдай юм бол гэж бодоод очоод жоохон маргалдаад тэрнээс болоод Ш.Б харин миний нүүр лүү цохидог байна ш дээ" гэж байсан. Тэгтэл цаанаас нь Ч "Харж байсан чинь найз М.Н-ийг маань шууд цохиод унагачихсан тэгтэл нэлээн удаан босохгүй хэвтээд байхаар нь босгох гээд очоод Ш.Б ээс яагаад найзыг маань цохичихсон юм бэ гэж асуутал намайг бас шууд цохичихлоо" гэж хэлж байсан. Тэгээд би Б , Ч нарыг гэр гэрт нь хүргэж өгөөд М.Н-ийг эхнэрт нь хүлээлгэж өгөөд явсан. Ийм зүйл л болсон... Яах вэ архи уусан нь бол манай дүү М.Н-ийн буруу. Гэхдээ согтуу хүнийг зодож цохиж байдаг нь Ш.Б ийн буруу шүү дээ. Одоо ингээд эрүү нь хугарчихсан хагалгаанд ороод 2 шүдийг нь авсан байна ингэтэл нь зодож гэмтэл учруулсанд нь гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),
-Гэрч Ц.Ч ын “...2025 оны 6 дугаар сарын 04-ний 20 цагийн үед орчим би Б той хоёулаа айлд юм хүргэж өгчхөөд манай гэр лүү орж байтал манай хашааны гадна цагаан өнгийн Альфард машин ирчихсэн зогсож байхаар нь очтол манай сумын ******* 4-р багийн засаг дарга ажилтай М.Н ирчихсэн өөрөөс чинь би нэг зөвшөөрөл авах гэсэн юм аа манай сумын Б ***** т байх "Талст орчлон ХХК нь хууль бусаар газар ухаж шуудуу гаргасан байна энэ талаар та зөвлөгөө өгөөч ээ би сайн мэдэхгүй байна гэж бид хоёр ярилцаж байтал М.Н машинаасаа 0.75 литрийн "ЕХ" нэртэй архи гаргаж ирээд энийг хуваагаад уучихъя гэхээр нь тэгье гээд Б , М.Н бид 3 хувааж уусан юм. Тэгээд 2 цаг гаран болсны дараа 22 цагийн үед бид 3 архиа хувааж ууж дуусчхаад Б хүүхэдтэй ирсэн учраас М.Н Б ийг гэр лүү нь хүргэж өгье гэж хэлж байсан. Тэгээд бид 3 манай хашааны гаднаас хөдлөөд манай эгнээний урд талын эгнээний урд явж байтал тод өнгийн гэрэлтэй унагалдай шанагаа хоёр тийш нь хөдөлгөөд байсан чинь М.Н "Нөгөө унагалдай чинь дахиад энд нүх ухаад байгаа юм биш үү хэдүүлээ очиж харъя" гээд очиход унагалдайны урд талаас нь Ш.Б ийн ачааны машин зүүн талаас нь гэрлээ тусгаад зогсчихсон байсан. Бид болохоор унагалдайны баруун талаас нь ирж зогсоод гэрлээ тусгаж зогсоод М.Н машиныхаа сигналыг дарж байтал Ш.Б жолооч талд ирж М.Н-той уулзаад буцаад яваад өгсөн. Тэгтэл М.Н машинтай дахиж ойртоод унагалдайтай тулгаж зогсоод М.Н буугаад Ш.Б тэй юм ярьж байсан. Тэгээд би ард сууж байсан Б той юм ярьж байгаад эргээд хартал М.Н Ш.Б унагалдай хоёрыг голд уначихсан босож чадахгүй байгаа юм шиг хэвтэж байсан тэгэхээр нь би энэ хоёр хоорондоо муудалцаад Ш.Б М.Н-ийг цохичихлоо гэж бодоод би машинаас бууж очоод Ш.Б д "Юу болоод байна аа” гэж асуутал Ш.Б миний урдаас юм хэлээд байх шиг байсан тухайн үед унагалдай асаалттай байсан болохоор юу гэж хэлж байгааг нь би ойлгоогүй шууд л нүүр лүү 2-3 удаа цохихоор нь би гараараа хаасан юм тэгтэл зүүн нүдний хөмсгөн дээр 1 цохилт нь таарсан тэгтэл миний хөмсөг язарч цус гоожоод ирсэн. Тэгтэл миний ардаас Б гарч ирээд Ш.Б тэй М.Н бид хоёрыг өмөөрч зодолдох гээд давшлаад байхаар нь би голоор нь ороод зодолдуулаагүй юм. Тэгтэл унагалдай унтраад кабинаас нь М ах, унагалдайны доороос Г ах гарч ирсэн. Тэгээд Ш.Б ийг цаашаа яв гэж явуулаад бид 3-ийг машинд суулгаж өгсөн. Тэгээд М.Н машинд суугаад бид хоёрт энэ хамар, нүүр болохгүй байна энгийн биш байна эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй юм байна, чиний бас нүүр чинь болохгүй байгаа юм биш үү чи орж үзүүлэхгүй юм уу гэж хэлж байсан тэгэхээр нь би "Би яах вэ чи орж үзүүл" гэж хэлэхэд М.Н машинаа бариад бид 3 эмнэлэг дээр ирээд М.Н эмнэлэг рүү үзүүлэх ээ орсон. Удалгүй М.Н-ийн төрсөн ах М.О ирээд М.Н-ийг хаана байгааг асуугаад намайг орж үзүүлэхгүй юм уу гэж асууж байсан тэгээд эмнэлэг рүү ороод удалгүй М.Н-той цуг гарч ирээд Б бид хоёрыг хүргэж өгөөд явсан...Бид 3 хоорондоо маргалдаж муудаагүй. Маргалдаж муудах шалтгаан ч байхгүй. Зөвхөн л тэр хууль бусаар газар ухсан талаар ярилцаж байгаад л явцгаасан...Би Ш.Б д цохиулсандаа гомдол байхгүй. Шүүх эмнэлгээр үзүүлэх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),
-Гэрч Д.М-ын “...2025 оны 6 дугаар сарын 04-ний орой би Улаанбаатар хотоос унагалдай авчруулах гээд манай сумын Ш.Б ийн том машинд ачиж авчруулсан юм. Тэгээд орой 22 цагийн үед намайг очиход манай компанид ажилладаг Ч.Г оччихсон ************ сум ******* 4-р багийн зүүн урд байдаг Ж-ын гэрийн хашаанаас нөгөө унагалдайг Ш.Б ийн машинаас буулгачихсан байсан. Тэгээд хашаанаас нь гаргаад явж байтал 100 метр хүрэхгүй газар яваад нөгөө унагалдай маань гинж нь гацаад хөдлөх өө болиод зогсчихсон юм. Тэгтэл Ж-ын хашаанаас Ш.Б ирээд "Ах аа яасан бэ юу болсон" гээд ирээд байж байсан юм. Тэгээд Ч.Г гинжийг нь үзээд би өөрөө унагалдай дээрээ гарчихсан хөдөлгөөд байж байтал унагалдайны ард талд нэг цагаан өнгийн Альфард маркийн тээврийн хэрэгсэл ирээд зогсчихсон үргэлжлүүлээд сигналдаад байсан. Тэгтэл Ш.Б очоод нөгөө цагаан өнгийн Альфард машины хүмүүстэй очоод уулзаж байгаа харагдсан тэгээд удалгүй Ш.Б ганцаараа хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Ш.Б ээс "Юу н хүмүүс вэ ямар учиртай хүмүүс явна" гэж асуухад Ш. Б надад М.Н байна халамцуу байх шиг байна яв гээд хэлчихлээ гэж хэлээд надтай юм ярьж байтал нөгөө цагаан өнгийн Альфард машин унагалдайны ард тулгаж зогсоод М.Н ганцаараа буугаад ирсэн. Тэгээд л нэг харахад М.Н унаж байгаа харагдсан. Тэгтэл нөгөө Альфард машинаас Ч , нэг залуу хоёр гарж ирээд Ш. Б тэй муудаад зодолдоод байх шиг болохоор нь би унагалдайгаа унтрааж буугаад Ч.Г бас доороос гарч ирээд бид 2 нөгөө хэдийн салгаад Ш.Б ийн боль гээд явуулаад Б , Ч 2-ыг машиндаа суу битгий хоорондоо маргалдаад бай гэж хэлэхэд Б нь надтай муудах гээд асгараад байсан. Тэгээд тэр хоёрыг М.Н-ийн машинд нь суулгаж байтал Ч.Г болохоор газар хэвтэж байсан Ш.Н босгож машинд суулгасан. Тэгээд тэр 3 машинтайгаа хөдлөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Т 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 402 дугаартай “1.2.3.8.М.Н-ийн биед эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн доод арааны сулрал, буйлны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5.6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 7.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дүгээр тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Т 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 514 дугаартай “1.2.М.Н-ийн биед эрүү ясны хугарал /нүүрний ясны хугарал засах мэс засал/ гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 72-74 дүгээр тал),
-Дорнод аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Н 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 015 дугаартай “1.Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн М.Н нь 2025 оны 6 дугаар сарын 04-нд бусдад зодуулсан гэх хэргээс шалтгаалан хохирогч М.Н сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. 2.Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. 3.Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн зөвлөгөө, заслын тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110-112 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 015 дугаартай “1.М.Н-ийн биед эрүү ясны зүүн булангийн зөрүүгүй хугарал, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн доод 8-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2.3.5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Хамар ясны хугарал хуучин гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсээгүй ба дангаараа хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 133-135 дугаар тал),
-Шүүгдэгч Ш.Б ийн яллагдагчаар өгсөн “...2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос газар ухдаг техник ************ суманд ачиж ирсэн. Тэгээд оройдоо үлдсэн ачаагаа Дорнод аймгийн Цагаан-Овоо сум руу хүргэж өгөх ажилтай машинтайгаа 23 цагийн үед гэрээсээ гараад явж байсан чинь ачиж ирсэн унагалдай маань замд зогсож байхаар нь машин тэрэг нь эвдэрсэн юм болов уу яасан юм бол гэж бодоод машинаасаа буугаад очиход унагалдай нь явахаа болиод тэгээд ажиллуулж мэдэхгүй байхаар нь Г , М нарын хамт зааж зөвлөөд зогсож байхад баруун зүгээс нэг машин ирээд гэрлээ тусгачхаад сигналдаад зогсоо зайгүй ойр ойрхон сигналдаад хүн бууж ирэхгүй байхаар нь хэн юм бол гээд машин дээр нь яваад очиход Н гэх залуу жолооны ард согтуу сууж байсан. Би дүлий болохоор чихээ цонх нь онгорхой байхаар нь чихээ ойртуулаад юу гэсэн бэ гэхэд архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгсэн Н надаас ямар техник юу байгаа юм гэж асуухаар нь хотоос ачиж ирсэн техник нь эвдэрчхээд зогсож байна гэж хэлээд чи согтуу байна харьж амар гэж хэлчхээд эргээд техник рүүгээ алхаж байтал араас гэнэт машины тусч байсан гэрэл хөдлөөд араас голлоод дайрах нь уу гэлтэй ирэхээр нь би замаас гарсан, тэгээд шууд унагалдайг мөргөн алдаад тулаад зогсохоор нь би хажуугаар нь зөрж өнгөрөөд М Г 2 дээр очоод байж байхад Н бууж ирээд Г ийг мөрөн дээрээс нь өөр лүгээ татахад нь яаж байна Г ахыгаа танихгүй байгаа юм уу гэж хэлсэн. Тэгээд над руу дөхөж ирээд юм хэлээд намайг хувцасны энгэр дээрээс татаад байсан, техник асаалттай чанга дуутай байсан, би өөрөө дүлий болохоор юу хэлж байгааг нь сонсоогүй тэгээд миний энгэрээс зулгаагаад байхаар нь цаашаа бай гээд гараараа урд хэсэг буюу цээж рүү нь түлхсэн чинь арагшаа ухарч алхаж байгаад хөлд алдаад бөгсөөрөө арагшаа унаж байгаа харагдсан яаж унаж байгааг нь бол сайн хараагүй. Тэгээд байж байхад машинаас эхлээд Ч дараа нь Б бууж ирсэн. Ч бууж ирэхдээ баруун гарынхаа шуунд юм ороочихсон юм уу гэж харсан эргүүлээд бууж ирсэн, үгийн зөрүүгүй над руу гартаа барьсан юмаа цохих гээд байгаа юм шиг эргүүлээд ирэхээр нь би хөөе Ч , хүүе Ч гэж 2 удаа хэлсэн. Тэгээд ухарч байгаад Ч , Б 2 намайг зодох гээд дайраад байсан, газар унасан Н босож ирээд зодох гээд бүгдээрээ ирэхээр нь цаашаа бай гэж хэлээд Ч ыг бол цохисон. Тэгээд л Г , М нар ирээд юу болцгоогоод байгаа юм боль гэж хэлээд салцгаасан. Тэгээд би Дорнод аймаг руу явах ажилтай болохоор тад нараас салаад Дорнод аймаг руу гараад тэгээд цаашаа хил гараад 7 хоногийн дараа шахуу ************ сумандаа ирэхэд Н ийн эрүү хугарсан. Н ийг хот руу явсан гэж сонсоод Н руу холбогдох гээд утас руу нь залгахад утсаа авахгүй байсан, тэгэхлээр нь очиж уулзахаар Улаанбаатар хот руу явсан боловч надтай уулзаагүй ээ тэгэхлээр нь буцаж сумандаа ирээд байж байгаад дахиж хот явж уулзсан чинь хотод эмнэлэгт хэвтэж байсан ба бие хааг нь асуугаад эмчилгээ домчилгоод чинь хэрэгтэй зүйл байна уу гэж асуухад одоохондоо бол юм байхгүй ээ сумандаа очоод уулзъя гэж хэлсэн тэгээд Н ийг хотоос ирснийг дуулаад уулзахаар ажлынх нь өрөөнд ороход бол бичиг цаасны ажилтай байна дуусгаад уулзъя гадаа хүлээж бай гэсэн, ингээд гадаа хүлээгээд сууж байхад Н гарч ирээд өөр хүмүүстэй уулзаад надтай уулзахгүй яваад байхаар нь араас нь дагаад явсан чинь өөр тийшээ ажилтай байна гээд мотоциклтой хөдлөөд явсан. Тэгээд би хүлээгээд үлдсэн боловч эргэж ирээд надтай уулзахгүй байсан тэгээд би гэр лүгээ явсан. Тэрнээс хойш бол хад хэдэн удаа утсаар холбогдох гээд холбогдож чадаагүй миний утсыг блоклосон юм уу яасан юм дийд дийд гээд байсан... Ер нь эрүү нь хугарсан гэж сонсоод бас яачив ийчэв яахав ийхэв гээд санаа зовоод биеийн асуух зорилготой байсан юмаа... Доод үүдэн 1 шүд хөдлөөд хөндүүр болсон байсан. Доод уруулын дотор тал язарсан байсан, Эрүүний баруун шанааны уг руу хөндүүрлэж юм зажлахаар өвдөөд байсан. Одоог хүртэл хөндүүр нь арилаагүй том ангайхаар гацаж байгаа юм шиг түг гээд дуугардаг. Мөн дээд доод уруул, шилэн хүзүү шалбарсан байсан... Тэр орой Н , Ч , Б 3 над руу дайрахад үүссэн гэмтэл, хэнийх нь үйлдлийн улмаас үүссэнийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-85 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Ш.Б нь хохирогч М.Н-ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Ш.Б нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Ш.Б ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ш.Б нь хохирогчийг нүүр хэсэгт гараараа цохих идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ш.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч М.Н шүүх хуралдаанд “...миний бие эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 5,500,000 төгрөг Ш.Б ээс авсан тул цаашид эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй болно. Иймд хохирол бүрэн барагдуулсан тул гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... Миний бие хохирлоо авсан тул шүүх хуралд оролцохгүй Ш.Б д торгуулийн хөнгөн ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: шүүгдэгч Ш.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт 1 ширхэг Сидиг хавсарган ирүүлсэн байх тул хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1; 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4; 36.6; 36.7; 36.8; 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б ийг 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Ш.Б нь энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт 1 ширхэг Сиди хураагдан ирснийг хэрэгт хадгалж, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН