| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/0113/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/113 |
| Огноо | 2026-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2026/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.М , шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т , шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.М ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О-д холбогдох эрүүгийн 2639000290044 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Г.О-ийг согтуурсан үедээ 2025 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 23 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг Эрчмийн 40-28 тоотод орших н.Т ын гэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж Э.А-тай маргалдан улмаар түүний толгой руу цохих, нүүр хэсэгт өшиглөх зэргээр зодож биед нь баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2639000290044 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Н.М : “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж байр суурийг илэрхийлсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т : “Г.О-д хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч Г.О болон өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч оролцоно” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.
Шүүгдэгч: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлжээ.
1.Шүүгдэгч Г.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдсон байна гэж дүгнэв. Үүнд:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-16, 19-21 дүгээр тал),
-Хохирогч Э.А-ын “...Би 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрээсээ 14 цагийн орчимд найз М-той уулзахаар ******* сум 4 дүгээр багт гэрт нь очсон. Би найз М-той юм ярьж байсан чинь О гэх найз М-той утсаар яриад нэг үл таних залуутай гаднаас архи уучихсан байдалтай орж ирсэн. Тэгээд бид хамтдаа Т гэх эмэгтэй найзынх руугаа явъя гээд бөөндөө М-оос гарч Т ынд очсон. Тэнд бид 7 уулаа байсан. Бид Хараа 750 граммын архи бөөндөө хувааж ууж байгаад О эрэгтэй хүнтэй маргаад толгой руу нь цохиод байхаар нь би болиоч гэж хэлтэл намайг чи юу гээд байгаа гичий вэ гээд хэлэхээр би чам шиг ахтайгаа унтаж ахынхаа хүүхдийг гаргахгүй гэж хэлсэн чинь намайг чам шиг эцэггүй хүүхэд төрүүлэхгүй гөлөг минь гээд намайг нүүр рүү зөндөө өшиглөж зодсон. Намайг О тай маргалдаж байх хооронд М байгаагүй дэлгүүр явсан байсан. Намайг О бараг 10 минут орчим нүүр рүү өшиглөж зодсон. Би газар унасан огт босож чадаагүй юм. Би М-г гаднаас орж ирэхээр нь зөрж гараад цагдаа дуудсан. Өөр ярих зүйл байхгүй... Т оо, Б , Төмөрөө нар нь хажууд байсан... Би О д зодуулах үед төрөх хугацаа болцон жирэмсэн байсан... Нүүр хэсэг битүү хөхөрч хавдсан. Толгой мөн хоёр талаараа битүү хавантай хөндүүр зовуурьтай байна. Хоёр нүд хавдаж хөхөрсөн дотор хэсэг улайсан байна. Хамар хөндүүр зовуурьтай байна... О д зодуулсны улмаас миний төрөлтөд сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй... шүүх шинжилгээний байгууллагад үзүүлнэ... Би жирэмсэн байсан тул маш хүнд байсан Би сэтгэл санааны хохирол тогтоолгоно... Надад гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дугаар тал),
-Гэрч Б.Э-гийн “...Би 2025 оны 12 дугаар сарын 11-ний орой 14 цагийн орчимд манай охин гэрээсээ ганцаараа салхинд гарчхаад ирье гээд гарсан. Би хүүхдүүдтэй нь гэртээ үлдсэн юм. Охин надад хэлэхдээ эмэгтэй найзындаа очоод ирье гэж хэлсэн. Тэгээд намайг шөнийн 23 цагийн орчимд охин өөрийнхөө дугаараас ээж би зодуулаад эмнэлэгт хүлээн авах дээр ирээд байна гэж хэлсэн. Би шууд эмнэлэг дээр иртэл охины нүүр битүү хөхөрсөн хавантай болсон байсан. Охины хувцас нь битүү цустай болсон байсан. Би охиныхоо цустай хувцсыг хаясан. Охин толгой их өвдөлттэй байна гээд байсан. Охин надад би таньдаг охинд зодуулчихлаа гэсэн. Би тэр охин руу нь утсаар залгасан огт утсаа авахгүй ирж уулзахгүй ч үгүй байсан. Тэгэхээр би 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандсан юм. Өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Ч-ын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 029 дугаартай “1.2.Э.А-ын биед баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-24 дүгээр тал),
-Шүүгдэгч Г.О-ийн яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 12 дугаар сарын 11-ний орой 18 цагийн орчимд ******* сум 4 дүгээр баг ******* гийн 10-09 тоотод найз Г очсон. Тэнд А, Г хоёр том 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво уугаад сууж байсан. Тэгээд хойшоо бид хамтдаа найзынх руугаа ******* сум 4 дүгээр Эрчим рүү хамтдаа явсан. Тэгээд найзындаа орж А-тай хамт Хараа 750 граммын архи 2 шилийг ууж сууж байгаад найз А-тай үл ойлголцож хүн хөөгөөд байхаар нь би уурандаа айлд байж хүн хөөлөө боль гэсэн чинь намайг хуц ахынхаа хүүхдийг төрүүлээ биз дээ чи гээд эхэлсэн. Тэгэхээр нь би уурандаа босож очоод юу яриад байгаа юм гээд нүүр хэсэг рүү гараа нэг удаа алгадаж газар унахаар нь ахиад нүүр хэсэг рүү алгадсан. Мөн газар унасан байхад нь А-ын нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгтэл А-ын хамраас цус гарсан байсан. Тэгээд А цагдаа дуудна гээд гэрээс гараад явсан. Яг намайг А-тай маргалдаж байхад Г дэлгүүр явсан байсан. Харин Т сүрэн гэх найз болсон үйл явдлыг бол харсан. А миний биед халдсан зүйл огт байхгүй. Би гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулахад санал гомдол байхгүй. Би цагдаад мэдэгдэхгүй Улаанбаатар хот хувийн ажлаар явсан нь үнэн. Мөн цагдаад дуудахад ирээгүй үнэн. Өөр ярих зүйл байхгүй... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 0-7 насны хүү, охин хоёртой, хүүхдээ ганцаараа тэжээж хардаг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ 2025 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 23 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* 40-28 тоотод орших н.Т ын гэрт Э.А-тай маргалдаж толгой руу нь цохих, нүүр хэсэгт өшиглөх зэргээр зодож биед нь баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хохирогч жирэмсэн болохыг мэдсээр байж” санаатайгаар эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол учруулсан гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй тохирсон байна.
Тодруулбал, хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Г.О нь хохирогч Э.А-ын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна хохирогч тухайн цаг хугацаанд төрөх дөхсөн жирэмсэн байсан нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Г.О-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Г.О тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийг цохих, өшиглөх зэрэг идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогч жирэмсэн болохыг мэдсээр байж” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Э.А шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралд оролцохгүй, санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй” гэжээ.
Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож өгнө үү” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 24 хоногийн хорих ялыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарах бөгөөд хорих ял оногдуулахаар хуульчлаагүй тул шууд түүнд ялуудыг нэмж нэгтгэн хорих ял оногдуулах боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үйлдсэн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаа эдэлж дуусмагц эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ийг 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан /600 нэгжээр торгосон ялыг хорих ялаар солиулсан/ ялаас тусад нь эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгчид шүүхээс оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаа эдэлж дуусмагц эдлүүлсүгэй.
7.Шүүгдэгч Г.О нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН