Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 00258

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-д холбогдох эрүүгийн 1738001890061 тоот хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Д, 1996 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвд Т.Д-ыг зодож түүний эрүүл мэндэд хамрын нуруунд шарх, тархинд доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвд Т.Д-ыг зодож түүний эрүүл мэндэд хамрын нуруунд шарх, тархинд доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Г.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед найз Б, Б, Б нарынхаа хамтаар Хатгал тосгоны “Улаан мод” гэх газарт пиво уугаад сууж байхад бид нарын хажуугаар манай нутгийн Д гэх залуу мотоцикльтой өнгөрч явсан. Түүнийг өнгөрч явахад /Хожгор/ Б түүнийг дуудаж зогсоогоод өдөж маргалдсан. Б түүнтэй маргалдаж байхдаа мотоциклийнх нь кирлоныг өшиглөж хугалсан, мөн түүний толгой руу өшиглөж өмсөж явсан мотоциклийн хамгаалалтын малгайг хагалсан. Тэр үед Б, Б бид гурав түүнийг салгасан. Тэгэхэд Д мотоциклио асаагаад явсан. Түүнийг яваад өгөхөөр нь бид нар морин дээрээ суугаад түүний араас явсан. Д явсаар байгаад ах М-хаа гэрийн гадаа очсон. Бид нар Д-ын ахынх нь гэрийн гадаа очиход Д-ын ах М гарч ирсэн. М ах гэрч ирээд Д-аас юу болсон бэ гэж асууснаа, шууд Б-ийг бариад авсан. Тэгэхэд Д бас Б-ийн хажууд оччихсон түүнийг барьж авсан байхаар нь би мориноос буугаад шууд Д-ыг татаад нүүрлүү нь гараараа цохисон. Намайг цохих үед Д мотоцикльдоо тээглээд надтай хамт газарт давхралдаж унасан. Би түүнтэй хамт газарт уначхаад түрүүлж босож ирээд түүний хэвлий хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Намайг Д-ыг өшиглөхөд миний гутлын ул салаад унасан. Би түүнийг өшиглөчхөөд шууд морин дээрээ мордсон, морин дээрээ мордчихоод Д-аар салсан гутлынхаа улыг газраас авахуулсан. Д миний газарт унасан гутлын улыг авч өгөхөөр нь уг гутлынхаа улаар түүний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхэд Д надаас зугтаагаад хашааруугаа яваад орчихсон. Тэгэхээр нь би араас нь морьтойгоо түүний ахын хашаа руу орсон. Намайг хашаа руу ороход Д надтай зөрөөд гарч яваад мотоциклио асаагаад явсан. Тэгэхээр нь би тэндээсээ Б-ийг аваад шууд хөдөө гэрлүүгээ явсан ....” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Хохирогч Т.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 17-ны 19 цагийн үед хөдөө “Уст” гэх газраас гэрээсээ мотоцикльтой Хатгал тосгоны төв орохоор явж байгаад “Улаан мод” гэх газарт гар утас дуугарахаар нь зогсоод утсаа үзэж байтал араас 4 морьтой залуу ирээд мэнд усаа мэдээд байж байтал зүс таних Хожгор гэдэг залуу нилээд согтуу мориноосоо бууж ирээд “пизданууд минь намайг барах уу” гээд миний мотоциклийн толь руу гараараа цохисон, тэгэхээр нь би “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд нөгөө залуу “чи муу ямар шинэ унаа унасан пизда вэ” гээд мотоциклийн маань урд кирлоныг хага өшиглөсөн, тэгэхээр нь би мотоцикль дээрээсээ “чи яагаад над руу агсраад байгаа юм, би чамд ямар гэм хийсэн юм” гэхэд Хожгор “пизда минь чадалтай юм бол ганц юм аваад өгчих” гэхээр нь би “надад одоо юм алга, Т чи энэ Хожгорыгоо аваач” гэхэд морьтой 4 хүний нэг нь бага ангид байсан Т буюу Б гэдэг залууд “Хожгорыгоо аваач, яагаад агсраад байгаа юм” гэхэд Хожгор “наад унаанаасаа буугаад ир” гээд татаад мотоцикльтой маань унагаасан, тэгээд намайг газарт унасан байхад толгой руу өшиглөхөд миний өмсөж явсан хамгаалалтын малгай буюу каск маань хага үсрээд унасан, тэгэхээр нь би босч ирээд Т-г “чи энэ хүмүүсээ аваад яваач, би та нарт ямар гэм хийсэн юм бэ” гэхэд тэд нартай хамт явсан Д гэдэг залуу нь над руу ирээд “пизда минь чи 07 сарын 13-нд бид хоёр руу томроо биздээ гэсэн, тэгэхээр нь би санахгүй байна юу яриад байгаа юм” гэхэд “Тэр өдөр Устын голд О эгчийнд таараа биз дээ” гэсэн. ...тэгээд Хожгор, М ах хоёр барьцалдаад авсан байхад Д гүйж ирээд мөн М ахыг бариад авсан, тэгэхээр нь би Д-ыг таттал Д намайг гараараа нүүр рүү цохиод, өшиглөх үед ард мотоцикль таараад мотоцикль дээр хоёулаа унасан, тэр үед Д босонгуутаа элэг рүү өшиглөчхөөд М ах, Хожгор хоёр руу явсан, тэгэхээр нь би та нар одоо больцгоо би та нарт янз бүрийн юм ярихгүй гээд байхад яахаараа араас ирээд зодоон хийгээд байгаа юм бэ гэж хэлэхэд Хожгор энэ яасан том пизда вэ энэ цагдаад хэлсэн байна, хутга байна уу, хутга шаачихъя гээд байсан, тэгээд Хожгор гүйгээд ирэхээр нь Хожгорыг түлхээд М ахыг битгий зодоон хий, хашаа руугаа ор гээд оруулсан чинь Хожгор намайг холдож бай би М ахтай өөрөө эр хүн шиг ярина чи муу пизда эр хүн шиг биш биздээ гээд намайг түлхчихээд хашаа руу яваад орсон тэгтэл Д мориндоо мордчихсон салсан гутлынхаа улаар миний толгой руу цохисон, тэгээд би хашаа руу гүйгээд ортол Д араас морьтойгоо хашаа руу ороод ирсэн, би буцаж зугтаад хашаанаас гараад мотоцикль дээрээ очиход хашааны гадаа Т морио барьчихсан зогсож байхаар нь чи эд нараа аваад яв гээд байхад яагаад дагуулж ирээд байгаа юм бэ гэхэд Т дуугарахгүй байсан, тэгэхээр нь мотоциклио асаагаад явах гэтэл Төмөрөө намайг чи хаачих гээд байгаа юм орж ярилцъя гээд байхаар нь би чи оруулж бай би араас чинь орлоо гэж хэлээд Төмөрөөг хашаа руу оруулчхаад мотоциклио асаагаад хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед би Хатгал тосгоны Улаан мод гэх газарт Б, Д, Б нарын хамтаар пиво ууж байсан юм. Тэгэхэд бид нарын хажуугаар манай нутгийн Д гэх залуу мотоцикльтой өнгөрсөн, түүнийг өнгөрч байхад Б түүнийг дуудаж зогсоогоод түүнээс хэрүүл өдөөд түүнтэй маргалдсан. ...Салаад байж байхад Д мотоциклио унаад төв рүү явсан. Тэр үед Б гэрлүүгээ харилаа гээд явсан. Б, Д бид гурав байж байхад Б Д-ын араас явъя гэж байсан, тэгэхээр нь Д бид хоёр түүнийг дагаад явсан. Д-ын араас дагаж явсаар байгаад очиход Д М гэдэг ахынхаа гэрийн гадаа очсон, түүнийг очиход М гэрээсээ гарч ирсэн. М нь тухайн үед юу болоод байгаа юм бэ гэснээ Б-ийг бариад авсан, тэр үед Д бас Б рүү очсон, гэхэд нь Д мориноосоо буугаад Д дээр очоод шууд гараараа нүүр лүү нь цохисон. Тэгээд Д зодолдоод унасан, тэр хоёр зодолдож байх хооронд би М, Б хоёрыг салгасан. Намайг тэр хоёрыг салгаж байх хооронд Др, Д хоёр зодолдож дуусаад Д мотоциклио унаад зугтаагаад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 529 дугаартай:

  1. Т.Д-ын биед хамрын нуруунд шарх, тархинд доргилт бүхий гэмтэл учирсан байна.
  2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Тухайн цаг хугацаанд үүссэн байна.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Т.Д нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1738001890061 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  4. Эрүүгийн 1738001890061 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.ЭРДЭНЭ-ОЧИР