Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0539

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Б******* /РД:*******/,                                           

Хариуцагч: Г*******арт холбогдох Г*******рын тэтгэвэр тогтоохоос татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгч Л.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн Л.Б******* нь тус шүүхэд хандан Г*******рын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01-1.1/16******* тоот тэтгэвэр тогтоохоос татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Л.Б******* намайг өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг Г*******арт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Л.Б******* нь 1967 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн бөгөөд 1987 оноос өнөөдрийг хүртэл хөдөлмөр эрхлэн 56 нас хүрсэн.

2.2. Анх 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Замын-Үүд дэх гаалийн газарт мөнгөн касс, тооцооны нярав албан тушаалд томилогдож[1], хамгийн сүүлд Г*******рын даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/147 дугаартай тушаалаар[2] У*******т гаалийн улсын байцаагчаар томилогдож ажилласан.

2.3. Улмаар нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Г*******рын Хүний нөөцийн хэлтэст 2022 оныг дуусгаад өндөр насны тэтгэвэрт гарах тухай өргөдөл өгсөн.

2.4. Түүний дараа өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг Г*******арт 2023 оны 01 дүгээр сарын 23-нд гаргасан[3]. Г*******рын Хүний нөөцийн хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэх хуудсаар[4] Л.Б*******гийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон тэтгэвэрт гарах, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдсэн.

2.5. Гэтэл дээрх мэдэгдлийг Г*******ар үл биелүүлсэн тул нэхэмжлэгч 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Г*******арт /гаальд/ 22 жил, улсад 36 жил ажилласан, 56 нас хүрсэн хуульд заасан бүх болзол шаардлагыг хангасан тул тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан.[5]

2.6. Энэ хүсэлтийн хариуд Г*******рын Хүний нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Бгаас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01-1.1/16******* дугаартай албан бичгээр ... Таныг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/******* тоот шийтгэх тогтоолыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон гаалийн улсын байцаагчийн эрх болон албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн байна. Одоогоор өндөр насны тэтгэвэрт гарах асуудлыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд шүүхээс эцсийн шийдвэр гарсан үед асуудлыг дахин хянан үзэх болно гэсэн хариу өгсөн.[6]

2.7. Нэхэмжлэгчийн зүгээс ...Г*******рын тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.1-д даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч нь хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэсэн заалтыг зөрчиж миний тэтгэвэр тогтоолгох эрхийг зөрчиж байна. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана гэсэн заалтыг Г*******ар зөрчиж байна.Г*******раас 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэн тул 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тэтгэвэрт гаргах тухай мэдэгдэл өгсөн тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүй гаргасан тул хууль бус ... Хамгийн сүүлд миний гаргасан өргөдлийн дагуу Г*******ар 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01-1.1/16******* тоот албан бичгээр дэвтэр тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн татгалзсан хариу өгсөн. Энэхүү татгалзсан хариу нь Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.8. Хариуцагчийн зүгээс ... Нэхэмжлэгч нь Г*******рын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байх үедээ ажлын байрандаа албан тушаалын үүргээ гүйцэтгэж байхдаа хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/******* шийтгэх тогтоолоор төрийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасах ял авсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Г*******рын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/166 дугаар тушаалаар Л.Б*******гийн гаалийн улсын байцаагчийн эрх болон албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тушаал гаргасан. Тушаал гаргасан үндэслэл нь Л.Б*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байх тул эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Г*******рын зүгээс хуулиар тогтоосон эрх хэмжээнийхээ хүрээнд албан үүргээ биелүүлэхийг нь түдгэлзүүлэх тушаал гаргасан. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй улмаас гаалийн улсын байцаагчийн эрхийг сэргээх эсхүл Гаалийн албанаас халах зэрэг асуудлыг шийдвэрлээгүй байх тул Г*******аас нэхэмжлэгч Л.Б*******гийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

3.1. Нэхэмжлэгч Л.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Лхамсүрэнгийн Б******* 1967 оны 03 дугаар сарын 22-нд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн бөгөөд 1987 оноос өдийг хүртэл улсад хөдөлмөр эрхлэн 56 нас хүрсэн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг Г*******арт 2023 оны 01 дүгээр сарын 23-нд гаргасан. Г*******рын Хүний нөөцийн хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэх хуудсаар Л.Б******* намайг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тэтгэвэрт гарах, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдсэн. Мөн 2022 оны 9 дүгээр сард ирсэн хориод хүний нэрийг өндөр 55 нас хүрсэн байна гэсэн мэдэгдэлд байсан. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Г*******рын хүний нөөцөд 2022 оныг дуусгаад өндөр насны тэтгэвэрт гаръя гэсэн өргөдлөө бичиж өгсөн байсан. Гэтэл дээрх мэдэгдлийг Г*******ар үл биелүүлсэн тул миний бие 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Г*******арт гаальд 22 жил, улсад 36 жил ажилласан, 56 нас хүрсэн хуульд заасан бүх болзол шаардлагыг хангасан тул тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг гаргасан. Гэвч 2023 оны 05 дугаар сарын 04-ний 01-1/16******* дугаартай албан бичгээр таны ажлыг түдгэлзүүлсэн байна. Одоогоор өндөр насны тэтгэвэрт гарах асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Ийнхүү Г*******рын тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.1-д даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч нь хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэсэн заалтыг зөрчиж миний тэтгэвэр тогтоолгох эрхийг зөрчиж байна. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана гэсэн заалтыг Г*******ар зөрчиж байна.Г*******раас 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэн тул 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тэтгэвэрт гаргах тухай мэдэгдэл өгсөн тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон Захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүй гаргасан тул хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр тогтоолгохыг Г*******арт даалгаж өгнө үү. Тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4195 дугаарт захирамжид дурдсан Г*******рын 2023 оны Б166 дугаар тушаалтай миний бие маргаагүй. Харин хуульд заасан тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд хариуцагчаас хууль бусаар үндэслэлгүйгээр миний тэтгэвэр тогтоолгох эрхийг зөрчиж тэтгэвэр тогтоохгүй эс үйлдэхүй гаргаж миний эрхийг зөрчиж байна. Хамгийн сүүлд миний гаргасан өргөдлийн дагуу Г*******ар 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01-1/16******* тоот албан бичгээр дэвтэр тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн татгалзсан хариу өгсөн. Энэхүү татгалзсан хариу нь Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр билээ. Ийнхүү миний хуулиар олгогдсон тэтгэвэр тогтоолгох эрхийг захиргааны байгууллага үндэслэлгүйгээр зөрчиж байх тул миний бие уг шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу 30 хоногийн дотор ийнхүү зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно. Нэхэмжлэлийн шаардлага нь Г*******рын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01-1/16******* дугаар тэтгэвэр тогтоолгохоос татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Л.Б******* намайг өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг Г*******арт даалгаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Б******* Г*******рын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байх үедээ ажлын байрандаа албан тушаалын үүргээ гүйцэтгэж байхдаа хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/******* шийтгэх тогтоолоор төрийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасах ял авсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Г*******рын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/166 дугаар тушаалаар Л.Б*******гийн гаалийн улсын байцаагчийн эрх болон албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тушаал гаргасан. Тушаал гаргасан үндэслэл нь Л.Б*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байх тул эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Г*******рын зүгээс хуулиар тогтоосон эрх хэмжээнийхээ хүрээнд албан үүргээ биелүүлэхийг нь түдгэлзүүлэх тушаал гаргасан. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй улмаас гаалийн улсын байцаагчийн эрхийг сэргээх эсхүл Гаалийн албанаас халах зэрэг асуудлыг шийдвэрлээгүй байх тул Г*******аас нэхэмжлэгч Л.Б*******гийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд иргэн Л.Б*******д холбогдох эрүүгийн хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд Г*******ын зүгээс хууль тогтоомжийн хүрээнд дараагийн шийдвэрийг гаргана гэж үзэж байна. Г*******ын зүгээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг зөрчиж иргэн Л.Байгальмаагийн тэтгэвэр тогтоолгох эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Хамгийн гол нь иргэн Л.Б******* нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийн буруутай үйлдлийн улмаас эрүүгийн гэмт хэрэгт холбогдож хэрэг хянан шийдвэрлэж дуусаагүй буюу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүйн улмаас албан тушаалын эрхийг түдгэлзүүлсэн. Үүнтэй холбоотойгоор тэтгэвэр тогтоолгох өргөдлийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн. Иймд Л.Б*******гийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хянан шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус гэж үзэх боломжгүй бөгөөд Г*******рын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01-1/16******* тоот тэтгэвэр тогтоохоос татгалзсан албан бичиг хууль бус болохыг тогтоож өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг даалгасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Маргаж буй Г*******рын Хүний нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Бгийн гаргасан 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01-1.1/16******* тоот албан бичгийн агуулгаас үзэхэд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасан захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр байх тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд тус хуулийн дурдсан заалтын дагуу татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг хариуцагчид даалгах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн татгалзсан шийдвэрт холбогдуулан, өндөр насны тэтгэвэр тогтоолгох асуудлыг үндэслэлгүйгээр шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус гэх агуулгаар маргаж байгаа энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн холбогдох хуулиудын хэм хэмжээг дараах байдлаар тайлбарлаж байна. Тодруулахад:

3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй., мөн зүйлийн 3 дахь хэсэгт Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болно. гэж заажээ.

4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. гэж зохицуулжээ.

5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тухайлан тогтоогоогүй байгаа тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй байна.

6. Тодруулбал, даатгуулагч иргэн 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байхаар зохицуулжээ.

7. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон нөхцөл байдлаас авч үзэхэд, нэхэмжлэгч Л.Б******* нь 1967 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн бөгөөд 1987 оноос өнөөдрийг хүртэл хөдөлмөр эрхлэн 56 нас хүрсэн, г*******ад анх 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Замын-Үүд дэх гаалийн газарт мөнгөн касс, тооцооны нярав албан тушаалд томилогдож, хамгийн сүүлд Г*******рын даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/147 дугаартай тушаалаар У*******т гаалийн улсын байцаагчаар томилогдож ажилласан үйл баримт тогтоогдлоо.

8. Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгчид Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх хуулийн дагуу үүссэн байна.

9. Хэдийгээр хариуцагчийн зүгээс тайлбарлаж буй Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоол[7], Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ДШМ/******* дугаартай магадлалаар[8] Л.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэснийг Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн[9] нь нэхэмжлэгч Л.Б*******гийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхэд шууд нөлөөлөхгүй, тухайн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

10. Учир нь, Г*******рын даргын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/166 дугаартай тушаалаар[10] Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/******* тоот шийтгэх тогтоол гарсан тул Л.Б*******г 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс гаалийн улсын байцаагчийн эрх болон албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлж шийдвэрлэхдээ Гаалийн тухай хуулийн 2711.1 дүгээр зүйлийн 2711.1.10, 2711.1.11 дэх заалтыг үндэслэжээ.

11. Гаалийн тухай хуулийн 2711.1 дүгээр зүйлийн 2711.1 дэх хэсэгт Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд, мөн зүйлийн 2711.1.10 дахь заалтад гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох;, 2711.1.11 дэх заалтад гаалийн улсын байцаагчийн эрх олгох, эрхийг нь түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах; гэж заажээ.

12. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, гаалийн алба хаагчийг түдгэлзүүлэх гэдэг нь гаалийн улсын байцаагчийн албан үүргээ хэрэгжүүлэхийг түдгэлзүүлэх, гаалийн улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх гэдэг нь улсын байцаагчийн эрхтэй гаалийн байцаагчийн хувьд улсын байцаагчийн хувиар хуулиар олгосон эрхийг хэрэгжүүлэхийг түдгэлзүүлэх агуулгатай байх бөгөөд Г*******рын дарга нь энэ агуулгаар эрүүгийн хэргийн шүүхээс Л.Б*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан ялыг биелүүлсэн байна.

13. Гэхдээ энэ нь хууль зүйн агуулгаараа нэхэмжлэгч Л.Б*******гийн Нийгмийн даатгалын тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхэд нөлөөлөхгүй, тус эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

14. Тиймээс Г*******рын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01-1.1/16******* тоот тэтгэвэр тогтоохоос татгалзсан албан бичгийг хуульд нийцээгүй гэж шүүх дүгнэлээ.

15. Мөн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй. гэж заасныг хариуцагч Г*******ар анхаарвал зохино.

16. Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Г*******рын Хүний нөөцийн хэлтэст 2022 оныг дуусгаад өндөр насны тэтгэвэрт гарах тухай өргөдөл өгсөн, түүний дараа өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг Г*******арт 2023 оны 01 дүгээр сарын 23-нд дахин гаргасан, Г*******рын Хүний нөөцийн хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэх хуудсаар Л.Б*******гийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон тэтгэвэрт гарах, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдсэн байгаа энэ тохиолдолд хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Л.Б*******гийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй гэж үзнэ.

17. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1 дэх хэсэг, 2711.1.10, 2711.1.11. дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Г*******рын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01-1.1/16******* тоот тэтгэвэр тогтоохоос татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Л.Б*******д өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг Г*******арт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид Хх гэх/ 25 дахь тал

[2] Хх 54 дэх тал

[3] Хх 12 дахь тал

[4] Хх 10 дахь тал

[5] Хх 15 дахь тал

[6] Хх 16 дахь тал

[7] Хх 67-80 дахь тал

[8] Хх 81-106 дахь тал

[9] https://supremecourt.mn/home?page=judgments&id=17&pr=0&tp=list&pg=1 /нийтэд илэрхий үйл баримт/

[10] Хх 11 дэх тал