Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/935

 

 

 

 

 

 

     2021           11             2                                        2021/ДШМ/935                               

 

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Гантулга,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/603 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2103001470202 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б-ын Б, .... оны ... дүгээр сарын.....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, .........мэргэжилтэй, .................оюутан, ам бүл ......, эцэг, эх, дүү нарын хамт ........дүүргийн .... дүгээр хороо, .... дугаар хорооллын.... дүгээр байрны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:/.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 16 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн .... дүгээр хороо ”....... ” авто угаалгын урд зам дээр Ниссан Тийда маркийн ....... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтөй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас явган зөрчигч Б.Бын хөлийг дайрч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, улмаар мөн дүрмийн 3.5-д заасан ”Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ” гэх хэсгийн а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/осолд орсон хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж  болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн  жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглээд уг газартаа буцаж ирнэ, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэг, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд  мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” үүргээ зөрчин хэргийн газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх торгох ялын нийт хэмжээг 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1299428 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч Б.Бд буцаан олгож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгаас 5.424.250 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бт олгож, хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан зардлын болон бусад баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б нь гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх хохирлыг ч цаашид нөхөн төлөхөө анхан шатны шүүх хурал дээр илэрхийлсэн. Иймд шүүхээс гэм буруутайд тооцсон болон Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэсэн асуудалд ямарваа гомдол саналгүй.

Харин шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээг тогтоохдоо “хор уршиг” гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд бодит байдалтай тохирохгүй байна гэж үзэж байна.

Учир нь хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримтууд дотор ихэнх баримтууд нь хэрэгт хамааралгүй,  баримтын шаардлага хангахгүй байдаг ба шүүхээс дээрх баримтуудыг үнэлж, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд тооцсонд гомдолтой байна. Тухайлбал, тэдгээр баримтууд дотор гэр бүлийн хүнсний бараа бүтээгдэхүүн /архи хх-155, 163/, тамхи /хх-155, 157, 167/, пиво /хх-156-167/, ундаа, жүүс, ус, чипс, зайрмаг, талх, хиам, бохь, чихэр /хх-155-165/, шарсан тахиа, пицца, бусад хүргэлтийн хоол /хх-167/ гэх мэт, мөн гэр бүлийн ахуйн хэрэглээний бараа болох ариун цэврийн хэрэглэл /хх-165/, суултуур угаагч, биеийн тос, аяга угаагч порлон гэх мэт, мөн гэмтэлтэй холбогдолгүй эм, бэлдмэл, нэмэлт бүтээгдэхүүн /хоолойн хүлхмэл эм /хх-63, 65/, хамрын цацлага, дусаалга /хх-63, 65/, даралтны эм /хх-187/, гэдэсний эм /хх-61/, ханиад халууны эм, лаа /хх-63, 65/ гэх мэт, мөн хүүхдийн хичээлийн хэрэгсэлтэй холбоотой бараа бүтээгдэхүүн болох балын харандаа, амны хаалт, тодруулагч, үзгэн бал /шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт/ гэх мэт, мөн тээврийн хэрэгсэл, автомашины шатахуунтай холбоотой баримт болох ямар улсын дугаартай, ямар машин, хаашаа, хэдэн удаа зөөсөн нь тодорхойгүй /хх-86-88, 157, 167/ баримтууд, юнивишн, скаймедиа /IPTV/-ийн төлбөрүүд нь хэрэгтэй шууд холбоогүй бөгөөд хохирогчийн хэрэглээний зардалд хамаарах /хх-85, 160/, гар утас, нэгжний зардлууд болох баримтууд нь хохирогч Б.Бын эзэмшдэг дугаар биш, дүү Д.Энхцэцэгийн эзэмшдэг дугаарын нэгжний баримтууд ихэвчлэн авагдсан /хх-177, шүүх хуралд гаргаж өгсөн баримтууд/ баримтууд нь хэрэгт огт хамааралгүй, үндэслэлгүй бараа худалдан авсан талаарх и-баримтуудыг хэрэгт гаргаж өгснийг шүүх ямар нэгэн шалгуургүйгээр шууд хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ он, сар, өдөр болон баримтуудыг гаргасан байгууллагын нэр, хаяг зэргийг зориуд дарж балласан болон арилж танигдахгүй болсон баримтуудыг шаардлага хангаж байгаа эсэхийг хянаагүй.

Хохирогчийн 20 гаруй тооны хүнсний болон сүлжээ дэлгүүрүүдээс /Кристал супермаркет, Номин супермаркет, Тулга минимаркет, И-март супермаркет, Эгг март, Баянзүрх зах, Миний сүлжээ, Боршоо минимаркет, Наадам март, Жое март, Та чи март, Эко супермаркет, Тайж супермаркет, Оргил-Амгалан центр, Дэлгэрэх супермаркет, Сити 84, Номин тамир, Тэнгэр плаза, Аз хүнсний дэлгүүр гэх мэт/ худалдан авсан гэх хүнс, гэр ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний баримт нь энэхүү хэрэгт хамааралтай эсэх, хор уршиг мөн эсэхэд шүүхээс анхаарч үзэлгүй, бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Ялангуяа хэрэгт авагдсан мезинфорте, имопек гэдэсний эм, диротон бөөрний гаралтай цусны даралт ихсэхэд хэрэглэдэг эм, сиптолете тотал, кофлет, стахисан, никсар, мидозалм, тимэйр денк хоолойны эм, хүлхмэл алкафан, назаль, галазолин хамрын цацлага, дусаалга, терафлю, витагрипп, нэрсний үрэл, барагшууны үрэл, витамин с, миксагрипп, энхжин цай, барагшун ханиад, халуун, дархлааны эмнүүд, хлорфенамин харшлын эм, магнезиум 400 дархлаа сульдааны  дусал тариа, долоогоны ханд зүрхний эм бэлдмэл, декса тариа дотоод шүүрлийн хямрал, хэрх өвчин, арьсны өвчин, харшлын өвчин, нүдний өвчин, ходоод гэдэсний хямрал, амьсгал эрхтэн цусны өвчин, бөөрний, хорт хавдар, тархины хаван, шок зэрэгт хэрэглэдэг тариа, панзинорм хоол боловсруулах төрлийн эм, урсафальк нярай хүүхдийн шарлалт бууруулах эм зэрэг маш олон төрлийн өөр өөр өвчний үед хэрэглэдэг эм, бэлдмэлүүдийг худалдан авсан баримтуудыг үнэлэхдээ хохирогчийн гэмтэлтэй холбоотой эсэхийг анхаарч үзээгүй.

Харин миний зүгээс хохирогч хөлийнхөө рентген зураг авахуулах, эмчийн үзлэг хийлгэх, кальци, цайр авч хэрэглэх буюу зүүн хөлийн ясны далд хугарал гэмтэлтэй холбоотой хийсэн эмчилгээний зардлуудыг төлөх талаар маргаан байхгүй.

Мөн шүүхээс хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны цалингаа иргэний журмаар нэхэмжлэн авах эрхтэй гэж тайлбарласан ба түүний энэ хугацаанд хэрэглэсэн хоол хүнс, гэр ахуйн зардлыг миний бие давхар хариуцах нь шударга ёсны болон бодит байдалтай нийцэхгүй байгааг анхаарч үзнэ үү.

Иймд хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтууд нь энэ хэргийн шууд хохирол мөн эсэх, анхан шатны шүүхийн “хор уршиг” мөн гэж үзэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг тус тус хянаж, хохирлын хэмжээг бодитоор тогтоож өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Х.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч гэм буруу болон болсон үйл явдал дээр маргадаггүй. Харин хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримт нь энэ хэргийн хор уршиг гэж үзэж болох эсэх дээр давж заалдах гомдол гаргасан. Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хэмжээн дээр маргах эрхийг хязгаарлахгүй. Зүүн хөлийн өвдөгний ясны далд хугарал гэх гэмтэл учирсан. Энэ гэмтлийн улмаас маш их хэмжээний буюу 5.424.250 төгрөгийн хохирлын баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Барааны нэр төрөл нь тодорхойгүй баримтыг шүүх үнэлсэн. Гэмтэлтэй ямар нэг шалтгаант холбоогүй баримт байсан гэж үзэж байна. Архи тамхи, дарс, пиво, ундаа зэрэг хүнсний баримт байсан. Мөн аяга угаагч, хүүхдийн хичээлийн хэрэгсэл, нярай хүүхдийн шарлалтын эсрэг эм зэрэг нь гэмтэлтэй ямар холбоотой юм бэ. Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт учирсан хохирол хор уршигт шалтгаант холбоо байх ёстой. Гэтэл энэ хэрэгтэй ямар ч холбогдолгүй зардал гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэдэгтэй санал нэг байна. Харин мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэм буруу дээр маргаагүй, хохирлыг бодитоор гаргаж ирэх юм бол төлнө гэдгээ илэрхийлсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.8 дугаар зүйлд “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. Анхан шатны шүүх гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулж түүнийгээ өршөөн хэлтрүүлсэн нь Өршөөл үзүүлэх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх Б.Бгийн тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг шийдвэрлээгүй орхигдуулсан. Шүүгдэгчийн төлөх ёстой үнийн дүнгээс 60.000 төгрөгийг хасаж тооцох ёстой байсан. Бодит хохирлыг төлөхөд ямар нэг маргаан байхгүй” гэв.

 

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэргийн хор уршигтай холбоотой 6.112.190 төгрөгийн баримт хэрэгт авагдсан. Үүнээс төлсөн мөнгийг хасч, 5.424.250 төгрөгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тогтооно гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 603 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүх хуралд Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн. Үүний дагуу анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх хуулийг хэрэглэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч Б.Бгийн гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хоёр зүйл хэсэгт зааснаар торгох ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэж, хохиролд 5.424.250 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Бт олгохоор шийдвэрлэхдээ дараахь хууль хэрэглээний болон нотлох баримтыг шалгаж, үнэлэх талаар зохицуулсан процессын хуулийн зарим шаардлагыг хангаагүй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн болох нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас тогтоогдов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г шүүх хуралдааны явцад нотолсон байхыг, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт “шүүх ...нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж, мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”-ыг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдсан байхыг тус тус хуульчилжээ.

 

Цаашлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ... 36.7 ... дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө гэж заасан байна.

 

Анхан шатны шүүх хохирогч Б.Бт учирсан хохирлын талаарх баримтуудыг үнэлэхдээ хэргийн 35, 58-94, 143-190, 208-224 дүгээр талуудад авагдсан баримтуудын аль нь хохирогчийн эмчилгээтэй холбоотой буюу “шууд хохирол” болох, аль хэсэг нь “шууд бус хохирол” болох, эдгээрийг хэрэгт хамааралтай гэж үзсэн үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй нь буруу болсон ба үүнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, шаардлагагүй.

 

Мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол өршөөлийг зүйл хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ гэснийг зөрчиж, шүүгдэгч Б.Бд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэсний дараа Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн нь буруу юм.

 

Иймд хохирогч Б.Бын давж заалдсан гомдлоос “хохирлын хэмжээг бодитоор тогтоож өгөх” тухай хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/603 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                       Б.ЗОРИГ