| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2026/0038/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/51 |
| Огноо | 2026-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2026/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч У.Гантуяа,
Шүүгдэгч, хохирогч ************,
Шүүгдэгч, хохирогч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************, ************ нарт холбогдох 2526002770387 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *************** оны 03 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******** сумын *********** дугаар багийн ********* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ************ /РД:*****************/,
Монгол Улсын иргэн, ************ оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн ******** суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, компьютерын оператор мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн ******** сумын ************* дугаар багийн ********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ************ /РД:***********************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь 2025 оны 06 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******** сумын 5 дугаар багийн баруун дөрвөн замын гэрлэн дохионы ойролцоо хохирогч ************ийн биед халдаж зодож баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цээж, зүүн бугалга, шуу, сарвууны эрхий хурууны 3 дугаар үе, гуя, баруун шууны, цээжинд сорви гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******** нь 2025 оны 06 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******** сумын 5 дугаар багийн баруун дөрвөн замын гэрлэн дохионы ойролцоо хохирогч ************ын биед халдаж зодож баруун чихний хэнгэргэн хальсанд урагдал, баруун, зүүн нүдний салстад цус харвалт дээд, доод зовхи, дээд уруул, баруун чиний дэлбэн, тохой, шуу, зүүн чихний дэлбэн, гуя, цээжинд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй”
Хохирогч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Намайг хот руу явж томограф заавал хийлгэх шаардлагатай гэж аймгийн эмч нар хэлсэн. Би хот руу явж Супер Нова гэдэг эмнэлэгт томограф хийлгээд 450,000 төгрөг төлсөн. Тэр энд ерөөсөө хавсаргагдаагүй байна. Хамрын талаар ямар ч мэдүүлэг, өвчний түүх хавсаргагдаагүй байна. Миний хамар зөөлөн эдийн гэмтэлтэй, бага зэргийн далийсан, дээрээсээ доош мөгөөрс нь цөмөрсөн байна гэж гарсан. Энэ яваандаа гайморит үүснэ. Тэгвэл зайлшгүй хагалгаанд орох заалттай гэсэн өвчний түүх хавсаргасан байгаа. Тэгсэн чинь энд ерөөсөө ороогүй байна. Миний нүдэнд цус хурсан гэж байгаа. Тухайн үед миний хоёр нүдэнд цус хурсан, нүүр ам хавдаж хөхөрсөн байсан. Хоёр нүд хоёулаа улайсан байсныг эмч үзээд хүний нүд бол их эмзэг эрхтэн. Тийм болохоор дараа нь үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед үзүүлээгүй явж байгаад саяхан нүдээ үзүүлэхэд миний нүдэнд тухайн үеийн асуудлаас болоод нүдэнд гэмтэл үүссэн байна гэнэ. Хараандаа нөлөөлөөд нүдний даралттай болсон байна гэнэ. Би анх үзүүлж байхдаа нэг их зарим гэмтлээ мэдээгүй байсан бол сүүлд нь ингэж гэмтэл нь илэрдэг юм байна л даа. Тухайн үед миний шүд тагнай дотроо бондойгоод байсан. Тагнай дотор шүдний дээд тал дээр бондойгоод байсан чинь шүд тухайн үед хөдөлсөн юм байна. Тэгээд шүд хөдөлсөн байна гэж эмч хэлсэн. Тэгээд сая миний шүд хугараад унасан. Би одоо хиймэл шүдтэй явж байгаа. Зарим нэг юм ерөөсөө хавсаргагдаагүй байна. 3 жилийн хугацаанд бид хоёр аягүй гоё найзууд байсан. Тэрийгээ бодоод мөнгө төгрөг нэхэмжилнэ гэсэн юм байхгүй байна. Гэхдээ би их гомдолтой байна. Тухайн үед бид хоёр ерөөсөө муудалцаагүй. Ерөөсөө хоорондоо муудаагүй, ********тай ч муудаагүй. Би нөхөртэйгөө баарны гадаа жоохон муудалцсан. Тэр уураараа энд бууя гээд тэгсэн. Тэгээд буулгахгүй болохоор тухайн үед зун байсан, машины цонх онгорхой байсан учраас уурлаад утсаа шидсэн. Яагаад уучлалт гуйгаагүй юм бэ? Уг нь надаас уучлалт гуйх ёстой хүн байгаа юм. Яах аргагүй уучлалт гуйх ёстой хүн байгаа юм. Уучлалт гуйхгүй байгаад нь гайхаж байна. Одоо тэгээд яах вэ? дээ хүн чанар зулгаагаад найз байсан цаг хугацаагаа бодоод нэхэмжлээд ч яах вэ? дээ. Тэр томографт 450,000 төгрөгөөр үзүүлсэн, хамрын хагалгаанд орох заалт гээд найз байсан хугацаагаа бодоод хүн чанар зулгаагаад нэхэмжилж яах вэ? дээ. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр үеэс болоод нөхөр бид хоёрын харилцаа хөндий болсон. Нэг ёсондоо хамтран амьдрагч маягийн болчихсон гэх юм уу? Би хүүхдүүдийнхээ өрөөнд хүүхдүүдтэйгээ унтаж байхад намай нөхөр том өрөөндөө унтдаг. Санхүүгийн асуудал гэхэд хамаг юмаа над дээр үүрүүлчихсэн. Өр зээл гэхэд л байр, машин гээд зээл төлбөрүүдээ бүгдийг нь надад хариуцлага үүрүүлсэн. Намайг хааяа гарч ороод найзуудтайгаа уулзах гэхээр яасан хүнтэй унтаж хэвтээд заваарч завхайрч яваад ирэв үү? гэдэг. Хэдий нэг гэрт байгаа ч гэсэн хамтран амьдрагчийн маягтай болоод 3, 4 сар болж байна. Надад гомдол санал гээд байх юм байхгүй. Тэр үеийн зодооноос болоод би цагаан сарын дараа хот руу 1 дүгээр эмнэлэг рүү явж нүдэндээ номер аваад хагалгаанд орохоор болсон. ...Миний нүдний хараа 6 сарын дотор баруун нүдний хараа 0.5 болсон. Надад гомдол санал, элдэв янзын нэхэмжлээд байх юм байхгүй. Гэхдээ найз нөхөр гэж олон жил явчихаад найзынхаа нөхрийн ямар зантай, ямар хартай болохыг нь мэдэж байж нөхөрт нь тэгж хэлээд гарсанд гомдож байна. Гэхдээ гомдол гаргахгүй. Миний нүдний хараа эрс муудсан. Гэхдээ надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч ************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн ******** сумын 2 дугаар багт байх ********ийн гэрт ********тэй хамт очоод гэрт нь банштай цай хийж байхад манай нөхөр манай Дашзэвэг хүүхдүүдийн хамт араас ирж тэнд банштай цай ууцгаасан.Тэнд ******** ********ийн нөхөр Тулгаа манай нөхөр Дашзэвэг найз ******** бид тавуулаа 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво 3 ширхгийг уусан.Тэгээд тэндээс Альфа баар орохоор болоод шөнө 22 цагийн үед ********ийнхээс гарч Альфа бааранд ирсэн Тэнд нэг ширээн дээр суугаад хүний 2,2 шил 0,45 литрийн хэмжээтэй “Сэнгүр” пиво уугаад Альфа баарнаас 02 нэлээн өнгөрөөгөөд гарцгаасан. Альфа баарны гадаа гараад нөхрийгөө явъя гэсэн чинь манай найз ********тэй хамт машиных нь хажууд ********г хүлээж байна гээд зогсоод байсан нь би яваад очсон Тэгээд буцаж ороод ********г аваад гарч ирээд ********гийн машинд суугаад ******** машинаа бариад хажуу талд нь ******** суугаад арын суудал дээр би нөхөртэйгөө хамт суусан. Тэгээд баруун дөрвөн замын гэрлэн дохиогоор өгсөж явахдаа намайг бууя энд буулгачих гэсэн чин буулгахгүй болохоор нь уурандаа цонхоор өөрийнхөө гар утсыг шидсэн тэгээд би гар утсаа авъя, бууя гэсэн чинь буулгахгүй болохоор нь явж байгаа өөрөө үсрээд буучихсан. Тэгээд зогсоод ******** ******** 2 бууж ирээд намайг колонкын хажууд хэвтэж байхад “чи яаж байгаа юм бэ” гээд ******** хэд хэдэн удаа миний толгой нүүр рүү алагдаж цохисон. Мөн ******** нь үснээс зулгаагаад барилцаж авсан. Тэндээс тэр 2-оос салаад гэрлэн дохио өгсөөд алхаж явтал нэг машин хажууд ирээд такси авах уу гэхээр нь тэгье гээд суугаад ********ийнд хүүхдүүдээ авах гэж очсон. Тэгээд гэрт нь ороод хүүхдүүдээ авах гэтэл ******** нь мөн намайг үсдэж аваад дарж хэвтүүлээд дээр гарч сууж байгаад, гараараа миний нүүр толгой гар руу хэд хэдэн удаа цохиж үснээс зулгаагаад газар толгойгоор мөргүүлээд байсан. Тэгээд болиоч ээ гэж байж нэг юм гайгүй болоод би 3 хүүхдээ аваад гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Хохирогч ************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн ******** сумын 2 дугаар баг 2-29 тоотод байх манай гэрт ******** бид хоёр ирж, банштай цай хийгээд ********ын нөхөр Дашзэвэг, 3 хүүхдийг нь дуудаж цай ууцгааж байгаад ******** руу ярьж ирж цай уу гээд удалгүй ******** ирсэн. Тэгээд цайгаа ууж дуусаад 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво 3 ширхгийг уугаад тэндээсээ Альфа баар орохоор ярилцаад ********, ********, ********ын нөхөр Дашзэвэг, манай нөхөр Баттулга, бид тавуулаа 22 цагийн үед явсан. Альфа бааранд ирээд тэнд ширээн дээр суугаад хүний 2. 2 шил 0.45 литрийн “Сэнгүр” пиво уусан, тухайн үед ******** машин барьж байгаа гээд у угаагүй, гадаа найз нь ирчихсэн байна гээд түрүүлээд гараад явсан. Бид нар тэнд пивоо ууж бүжиглээд шөнө 02 цагийн үед тэндээс гарсан. Гадаа гараад ********гийн машины хажууд зогсож байгаад ******** руу залгасан чинь найзынхаа машинд байна одоо буугаад очлоо гээд хүлээж байсан чинь ******** нөхрийгөө хайгаад буцаад Альфа руу ороод удалгүй гарч ирээд нөхөр болох Дашзэвэг, ******** 2-ыг хаагуур яваад ирж байгаа юм бэ гээд уурлаад байсан. Тэгээд бид нар машиндаа суугаад дээшээ өгсөөд дөрвөн замын уулзвар хавьцаа ******** гар утсаа шидээд утсаа авмаар байна, зогсоодох гэхээр нь ******** дөрвөн зам дээр явна, тэгээд ч ард машин байна, уулзвар өнгөрөөд зогсъё гээд явж байтал дөрвөн зам өнгөрөөд ус зайлуулах төмөр байдгийн тэнд пэд, пад гээд явчихсан. Юу болов гэсэн чинь ******** машинаас үсэрсэн байсан. Тэгээд ********г зогс гээд би түрүүлж буугаад ******** дээр очиход газар дээшээ хараад хэвтэж байсан. Тэгсэн ******** та нар намайг хаяад явлаа гээд уурлаад байхаар би араас нь тэврээд замын хажуу руу гаргасан. ******** машинаа байрлуулаад нөхөр Дашзэвэгтэй нь хамт ирсэн. Тэгсэн нөхөр рүүгээ уурлаад нөхрийгөө 2, 3 удаа гараараа цохиод авсан, ******** бид 2 боль гээд хорьсон чинь бид хоёрыг гараараа цохиж аваад, маажиж хазаад байсан. Тэгээд болиулах гэтэл намайг түлхэж унагаагаад цохиод байсан. Тэгсэн нөхөр нь ******** бид 2-т “та нар найзыгаа л өмөөрдөг, ямархуу байдалтай байдгийг нь хар” гээд орхиод яваад өгсөн. Тэгээд ******** бид 2, ********ыг явъя гэсэн явахгүй байхаар нь орхиод явах гэсэн чинь нэг эрэгтэй хүн хүрээд ирэхээр нь буцаж ирээд авч явах гэтэл таксинд суугаад явчихсан. Тэгээд ******** бид 2, манай гэрийн гадаа ирээд байж байтал араас ирээд ******** манай гэр рүү орсон, ******** бид 2 араас нь орсон. Тэгсэн ******** хүүхдээ тэврээд зогсож байсан, ******** ********оос “чи яагаад нөхрөө надтай хардаад байгаа юм бэ” гэсэн чинь ******** ********г түлхэж унагаагаад үсдээд байсан. Тэгэхээр нь би очоод болиулах гэтэл миний гарыг хазаж, маажсан, тэгснээ эргээд ********г гараараа цохиод байхаар нь би ********ыг тэврээд зогсож байтал манай нөхөр орж ирээд намайг бариад авсан. Тухайн үед намайг ********той зодолдож байна гэж бодсон юм шиг байна лээ. Манай нөхрийг барьж байхад ******** миний цээж рүү 2 удаа өшиглөж, маажсан. Тэгэхээр нь нөхөртөө уурлаад тавиач гэсэн нөхөр тавиад буйдан дээр очоод суусан. Тэгсэн ******** манай нөхөр Баттулга, ******** 2-ыг харж байгаад намайг зодууллаа гэхээр нь би харин чи л зодоод байгаа юм биш үү гээд 2 гарыг нь дараад дээр нь суучихсан. Тэгсэн миний зүүн гарыг 2 удаа хазсан. Тэгэхээр нь би 1 удаа алгадаад авсан, хөл гараас маажаад байхаар нь дахиад дараад суусан чинь миний гуянаас хазахаар нь би босоод явчихсан. Тэгээд би ********ын нүүрний зургийг, мөн өөрийнхөө нүүр болон гар, хөлийн зургийг авсан чинь ******** “чи сайн дар, надад хэрэгтэй” гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 06 дугаар 12-ны өдөр 17 цагийн үед Өвөрхангай аймгийн ******** сумын 2 дугаар баг 02-29 тоотод гэртээ байхад эхнэр ******** най ********ын хамт ирсэн. Тэд нар будаатай, банштай цай хийгээд ********ын нөхөр, хүүхдийг, мөн найз ********гаа дуудаад банштай цай ууцгаасан. Тэгээд эхнэр ********, ********ийн найз ********, ********ын нөхөр Дашзэвэг, ******** бид 5-уулаа 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво 3 ширхгийг уусан. Тэгээд эхнэр ********, ********, ********, Дашзэвэг нар бааранд жоохон сууж байгаад ирье гээд гарцгаасан. Хэдэн цагт гарсныг мэдэхгүй, ямар ч байсан харанхуй болсон байсан. Шөнө дундын үед хэдэн цагийг мэдэхгүй эхнэр ********, ********, ******** нар ирээд хоорондоо маргалдаад эхнэр ******** ********ыг “машинаас үсрээд, чи өвчтэй юм уу” гээд хэлсэн чинь ******** битгий хуц, пизданууд минь гээд орилоод байсан. Тэгээд би гарч тамхи татаад зогсож байтал манай хүүхдүүд ээжийг хазчихлаа гэхээр нь гэр рүүгээ ортол эхнэр гуяа барьчихсан буйдан дээр сууж байсан. ******** ******** руу яаж байгаа юм ба гээд орилоод байсан. Тэгсэн эхнэр өвдөж байна ш дээ гэхээр нь ********т “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь “манай эхнэрийн талаар муухай юм яриад эхэлсэн. ...Тэгснээ ******** манай эхнэрийг хөлөөрөө өшиглөөд авсан, тэгсэн эхнэр уурлаад 2, 3 алгадаад авсан. Тэгээд би болиулаад сууж байтал шууд үсэрч орж ирээд эхнэрийн хүзүү, цээжийг нь маажаад авсан. Тэгээд эхнэр уурлаад ************ыг газар суулгаад дээрээс дараад хоёр гараараа нүүр рүү нь 2 талаас нь алгадсан, хэд алгадсаныг мэдэхгүй байна. Тэгээд би шөнө болсон хойно хэрүүл, маргаан, зодоон цохион хийгээд хүүхдүүд айлгаад ********ыг яв гээд хөөсөн, ******** эхнэрийг элдэв хангайгаар хэлээд тэгж тэгж л явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Гэрч О.********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар 12-ны өдөр ...22 цагийн үед бид 5-уулаа Альфа баар орсон. Бааранд тэр дөрөв уусан байх, би уугаагүй машинд сууж байсан. Баарнаас 01 цагийн үед гарч ирсэн. Би өөрийн эзэмшлийн 23-99 ӨВО улсын дугаартай приус-41 маркийн тээврийн хэрэгсэлд бид 5 бүгд сууж хөдөлсөн. Бид маргасан зүйл машинд суухад байгаагүй. Тэгээд баарнаас дээшээ өгсөөд явж байтал зүүн гэрлэн дохионы наана гэнэт ************ машинаа зогсоо би үсэрлээ шүү гэсэн. ************ чи өвчтэй юм уу” гээд хэлсэн чинь ************ орилоод машинаас үсэрсэн. Би замын хажуу руу машинаа тавиад бууж очсон ********, ******** 2 маргалдаад эхэлсэн. ********, ********ийг цээж хэсэг рүү 2 удаа цохиод авсан. Дараа нь ********, ********ыг 1 удаа алагдаад авсан. Тэгээд би ********ийг дагуулаад машин руу явсан. ******** нөхөртэйгөө хамт зам дээр үлдсэн. Би тэгээд ********ийг гэрт нь хүргэж өгсөн. ******** 20 минутын дараа араас машинтай хүнтэй ирсэн. ******** Баттулгын гэр рүү түрүүлээд орсон араас нь бид хоёр орсон. Би ороод ********ыг чи яагаад явж байсан машинаас үсэрч байгаа юм бэ гэж хэлэхэд ******** намайг үсдээд дарсан. Баруун гарнаас хазсан духнаас маажсан. Тэгээд ******** чи яагаад зүгээр байгаа хүн рүү дайраад байгаа юм бэ гэтэл тэр 2 хоорондоо барилцаад авсан. Тухайн үед тэр хоёр барилцаж аваад босоод иртэл ********ын баруун нүд нь бондойгоод хавдаад босоод ирсэн тэгээд ******** гурван хүүхдээ аваад Баттулгын гэрээс гарсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 12-ны ...шөнө 03 цаг нэлээн өнгөрч байхад ******** эгч нэлээн ууртай орж ирснээ, хүүхдүүдээ явъя гээд хувцсаа өмс гээд зогсож байтал араас нь ******** эгч орж ирсэн. Тэр 2 хоорондоо маргалдаж байхад араас нь ээж ******** орж ирсэн. Ээж ******** эгч, ******** эгч нарын маргааныг салгах гэж дундаар нь ороод ******** эгчид хэд, хэдэн удаа цохиулсан. Тэгсэн та нар ийм ш дээ, гээд ******** эгч рүү дайраад байхаар нь ээж ******** эгчийн дээрээс нь дараад газар хэвтүүлээд дээр нь суусан, тэгсэн ******** эгч хөлөө савчуулаад, ээжийг зүүн гуяны дотор талаас хазчихсан. Яг тэр үед нь би ээжийг татаад буйдан дээр суулгасан чинь аав Баттулга гаднаас орж ирсэн, тэгсэн мөн ******** эгч ээж рүү дайраад, баруун гарынх нь шууг хазаад, энгэр болон баруун гарыг нь маажсан. Ээж ******** уурлаад тэр 2 газар ноцолдож, ээж ******** эгчийн дээр суугаад чи ямар махчин амьтан уу, найз руугаа яаж байгаа юм бэ гэж уурлаад нүүр рүү нь хэд, хэдэн удаа алгадсан. Тэгээд ээж ******** хазсан газраа үзүүлэх гээд өмдөө шуутал, аав Баттулга хойноос барьсан чинь ******** эгч хөлөөрөө 2 удаа тийрсэн. Тэгээд ******** эгчийг түлхээд миний цээжийг ийм болгож байхдаа яахав дээ гээд байсан. ...Тэгснээ тэд нар хэсэг маргаж байгаад ******** эгч хүүхдүүдээ аваад 04 цагийн үед явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр орой 20 цагийн үед аав Дашзэвэг, дүү Билэгдэмбэрэл, Дэлгэрнаран нарын хамт Өвөрхангай аймгийн ******** сумын 2 дугаар багт байх ******** эгчийнд очсон. Тэднийд ээж ******** байсан, биднийг ирж банштай цай уу гээд бид нар ******** эгчийнд очсон. Тэнд цай уугаад нэлээн орой болсон, тэгээд аав Дашзэвэг, ээж ********, ********, ******** эгч нар, ********ийн нөхөр Баттулга ах, тавуулаа бааранд орж, жаахан бүжиглэж байгаад ирье гээд би 2 дүүгийн хамт, ******** эгчийн 4 хүүхдийн хамт, 7-уулаа гэрт нь үлдсэн. Тэгээд шөнө 2 цагийн үед байх ******** эгчийн нөхөр болох Баттулга ах ирсэн. Нэлээн байж байгаад араас нь ээж ********, ********, ******** эгч 3 хоорондоо хэрэлдэж, маргалдсаар орж ирсэн. Ямар ч байсан хоорондоо хэрэлдэж, маргалдаад байсан, яг юу гэж хэлснийг нь санахгүй байна. ...Тэгсэн ******** эгч ээж ********ын дээр суучихсан, ээжийн нүүр рүү алгадаад байсан. Нэлээд олон удаа буюу 20-30 удаа алгадаж, толгойгоор нь газар мөргүүлээд байсан, тэгээд нөхөр болох Баттулга нь очиж салгах гээд чадаагүй. Тэгсэн хоорондоо үс толгойноосоо барилцаж аваад 2 биенийхээ хэвлий рүү өшиглөөд байсан. Тэгж байснаа 2-уулаа хэрэлдээд салцгаагаад ээж ******** бид 3-ыг аваад тэднийхээс гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Иргэн ************ нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс нийт 1,540,836 төгрөгийн тусламж авсан. ...иргэн ************ нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс нийт 81,972 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900080020 тоот дансанд төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ӨВХ0725/425 дугаартай
“1. ************ын биед баруун чихний хэнгэргэн хальсанд урагдал, баруун, зүүн нүдний салстад цус харвалт, дээд , доод зовхи, дээд уруул, баруун чихний дэлбэн, тохой, шуу, зүүн чихний дэлбэн, гуя, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ӨВХ0725/463 дугаартай
“1. ************ийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цээж, зүүн бугалга, шуу, сарвууны эрхий хурууны 3-р үе, гуя, баруун шууны, цээжинд сорви гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Г.********, Т.******** нарын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ӨВХ0825/192 дугаартай
1. Үзүүлэгч Санги Тайж овогт Хоондойн ********ын сэтгэцэд гэмтлийн дараах хариу урвалын шинж илэрсэнгүй.
2. Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлд хамаарахгүй.
3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 99-100 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Г.********, Т.******** нарын 2025 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн ӨВХ0825/193 дугаартай
1. Үзүүлэгч ************ийн сэтгэцэд гэмтлийн дараах хариу урвалын шинж илэрнэ.
2. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.
3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105-106 дугаар хуудас/,
Шүүгдэгч ************ын хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/,
Шүүгдэгч ************ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дугаар хуудас/,
Шүүгдэгч ************ийн хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/,
Шүүгдэгч ************ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ************ нь 2025 оны 06 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******** сумын 5 дугаар багт баруун дөрвөн замын гэрлэн дохионы ойролцоо хохирогч ************ийн биед халдан зодож баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цээж, зүүн бугалга, шуу, сарвууны эрхий хурууны 3-р үе, гуя, баруун шуу, цээжинд сорви гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ************ нь 2025 оны 06 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******** сумын 5 дугаар багт баруун дөрвөн замын гэрлэн дохионы ойролцоо хохирогч ************ын биед халдан зодож баруун чихний хэнгэргэн хальсанд урагдал, баруун, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи, дээд уруул, баруун чихний дэлбэн, тохой, шуу, зүүн чихний дэлбэн, гуя, цээжинд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн байна. Хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдлуудыг үгүйсгэсэн, няцаасан, хэргийн бодит байдалтай нийцэхгүй эргэлзээ төрүүлсэн үйл баримт тогтоогдоогүй. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч ************ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл 1 дүгээр зэрэглэлээр тогтоогдсон. Үүнийг шүүгдэгч ************оос гаргуулах, хохирогч ************ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдоогүй байна. Хохирогч ************, ************ нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй учраас шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч ************, ************ нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ************, ************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ************ өөрөө өөрийгөө өмгөөлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Эмчилгээний төлбөр авъя гэсэн хүсэлт байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ************ өөрөө өөрийгөө өмгөөлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Хохирол төлбөр нэхэмжлэх зүйл надад байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг нэхэмжлэхгүй. Найздаа жоохон тэвчээргүй зан гаргасанд уучлаарай л гэж хэлье” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ************, ************ нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ************ нь 2025 оны 06 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******** сумын 5 дугаар багт баруун дөрвөн замын гэрлэн дохионы ойролцоо хохирогч ************тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биед нь халдан зодож зүүн сарвууны эрхий хуруунд шарх, дух, дээд уруулд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ************ нь 2025 оны 06 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******** сумын 5 дугаар багт баруун дөрвөн замын гэрлэн дохионы ойролцоо хохирогч ************той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биед нь халдан зодож баруун чихний хэнгэргэн хальсанд урагдал, баруун, зүүн нүдний салстад цус харвалт, дээд , доод зовхи, дээд уруул, баруун чихний дэлбэн, тохой, шуу, зүүн чихний дэлбэн, гуя, цээжинд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Шүүгдэгч ************, ************ нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн Хохирогч ************ын “...Би 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ...шөнө 22 цагийн үед ********ийнхээс гарч Альфа бааранд ирсэн Тэнд нэг ширээн дээр суугаад хүний 2,2 шил 0,45 литрийн хэмжээтэй “Сэнгүр” пиво уугаад Альфа баарнаас 02 нэлээн өнгөрөөгөөд гарцгаасан. ...******** машинаа бариад хажуу талд нь ******** суугаад арын суудал дээр би нөхөртэйгөө хамт суусан. Тэгээд баруун дөрвөн замын гэрлэн дохиогоор өгсөж явахдаа намайг бууя энд буулгачих гэсэн чин буулгахгүй болохоор нь уурандаа цонхоор өөрийнхөө гар утсыг шидсэн тэгээд би гар утсаа авъя, бууя гэсэн чинь буулгахгүй болохоор нь явж байгаа өөрөө үсрээд буучихсан. Тэгээд зогсоод ******** ******** 2 бууж ирээд намайг колонкын хажууд хэвтэж байхад “чи яаж байгаа юм бэ” гээд ******** хэд хэдэн удаа миний толгой нүүр рүү алагдаж цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, хохирогч ************ийн “...Би 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ...Альфа баар орохоор ярилцаад ********, ********, ********ын нөхөр Дашзэвэг, манай нөхөр Баттулга, бид тавуулаа 22 цагийн үед явсан. ...Бид нар тэнд пивоо ууж бүжиглээд шөнө 02 цагийн үед тэндээс гарсан.... Тэгээд бид нар машиндаа суугаад дээшээ өгсөөд дөрвөн замын уулзвар хавьцаа ******** гар утсаа шидээд утсаа авмаар байна, зогсоодох гэхээр нь ******** дөрвөн зам дээр явна, тэгээд ч ард машин байна, уулзвар өнгөрөөд зогсъё гээд явж байтал дөрвөн зам өнгөрөөд ус зайлуулах төмөр байдгийн тэнд пэд, пад гээд явчихсан. Юу болов гэсэн чинь ******** машинаас үсэрсэн байсан. Тэгээд ********г зогс гээд би түрүүлж буугаад ******** дээр очиход газар дээшээ хараад хэвтэж байсан. Тэгсэн ******** та нар намайг хаяад явлаа гээд уурлаад байхаар би араас нь тэврээд замын хажуу руу гаргасан. ******** машинаа байрлуулаад нөхөр Дашзэвэгтэй нь хамт ирсэн. Тэгсэн нөхөр рүүгээ уурлаад нөхрийгөө 2, 3 удаа гараараа цохиод авсан, ******** бид 2 боль гээд хорьсон чинь бид хоёрыг гараараа цохиж аваад, маажиж хазаад байсан. Тэгээд болиулах гэтэл намайг түлхэж унагаагаад цохиод байсан. Тэгсэн нөхөр нь ******** бид 2-т “та нар найзыгаа л өмөөрдөг, ямархуу байдалтай байдгийг нь хар” гээд орхиод яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч ******** “...2025 оны 06 дугаар 12-ны өдөр ...эхнэр ********, ********, ********, Дашзэвэг нар бааранд жоохон сууж байгаад ирье гээд гарцгаасан. ...Шөнө дундын үед хэдэн цагийг мэдэхгүй эхнэр ********, ********, ******** нар ирээд хоорондоо маргалдаад. ...Тэгээд би гарч тамхи татаад зогсож байтал манай хүүхдүүд ээжийг хазчихлаа гэхээр нь гэр рүүгээ ортол эхнэр гуяа барьчихсан буйдан дээр сууж байсан. ...Тэгснээ ******** манай эхнэрийг хөлөөрөө өшиглөөд авсан, тэгсэн эхнэр уурлаад 2, 3 алгадаад авсан. Тэгээд би болиулаад сууж байтал шууд үсэрч орж ирээд эхнэрийн хүзүү, цээжийг нь маажаад авсан. Тэгээд эхнэр уурлаад ************ыг газар суулгаад дээрээс дараад хоёр гараараа нүүр рүү нь 2 талаас нь алгадсан, хэд алгадсаныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрч О.********гийн “...Би 2025 оны 06 дугаар 12-ны өдөр ...22 цагийн үед бид 5-уулаа Альфа баар орсон. Бааранд тэр дөрөв уусан байх, би уугаагүй машинд сууж байсан. Баарнаас 01 цагийн үед гарч ирсэн. ...Тэгээд баарнаас дээшээ өгсөөд явж байтал зүүн гэрлэн дохионы наана гэнэт ************ машинаа зогсоо би үсэрлээ шүү гэсэн. ************ чи өвчтэй юм уу” гээд хэлсэн чинь ************ орилоод машинаас үсэрсэн. Би замын хажуу руу машинаа тавиад бууж очсон ********, ******** 2 маргалдаад эхэлсэн. ********, ********ийг цээж хэсэг рүү 2 удаа цохиод авсан. Дараа нь ********, ********ыг 1 удаа алагдаад авсан. Тэгээд би ********ийг дагуулаад машин руу явсан. ******** нөхөртэйгөө хамт зам дээр үлдсэн. Би тэгээд ********ийг гэрт нь хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч ******** “...Би 2025 оны 06 дугаар сарын 12-ны ...шөнө 03 цаг нэлээн өнгөрч байхад ******** эгч нэлээн ууртай орж ирснээ, хүүхдүүдээ явъя гээд хувцсаа өмс гээд зогсож байтал араас нь ******** эгч орж ирсэн. Тэр 2 хоорондоо маргалдаж байхад араас нь ээж ******** орж ирсэн. Ээж ******** эгч, ******** эгч нарын маргааныг салгах гэж дундаар нь ороод ******** эгчид хэд, хэдэн удаа цохиулсан. ...******** эгч ээж рүү дайраад, баруун гарынх нь шууг хазаад, энгэр болон баруун гарыг нь маажсан. Ээж ******** уурлаад тэр 2 газар ноцолдож, ээж ******** эгчийн дээр суугаад чи ямар махчин амьтан уу, найз руугаа яаж байгаа юм бэ гэж уурлаад нүүр рүү нь хэд, хэдэн удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч ******** “...Би 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр орой 20 цагийн үед аав Дашзэвэг, дүү Билэгдэмбэрэл, Дэлгэрнаран нарын хамт Өвөрхангай аймгийн ******** сумын 2 дугаар багт байх ******** эгчийнд очсон. ...Тэгээд шөнө 2 цагийн үед байх ******** эгчийн нөхөр болох Баттулга ах ирсэн. Нэлээн байж байгаад араас нь ээж ********, ********, ******** эгч 3 хоорондоо хэрэлдэж, маргалдсаар орж ирсэн. ...Тэгсэн ******** эгч ээж ********ын дээр суучихсан, ээжийн нүүр рүү алгадаад байсан. Нэлээд олон удаа буюу 20-30 удаа алгадаж, толгойгоор нь газар мөргүүлээд байсан, тэгээд нөхөр болох Баттулга нь очиж салгах гээд чадаагүй. Тэгсэн хоорондоо үс толгойноосоо барилцаж аваад 2 биенийхээ хэвлий рүү өшиглөөд байсан. Тэгж байснаа 2-уулаа хэрэлдээд салцгаагаад ээж ******** бид 3-ыг аваад тэднийхээс гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Иргэн ************ нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс нийт 1,540,836 төгрөгийн тусламж авсан. ...иргэн ************ нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс нийт 81,972 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900080020 тоот дансанд төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/, хохирогч ************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ӨВХ0725/425 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/, хохирогч ************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ӨВХ0725/463 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, хохирогч ************ын “сэтгэцэд гэмтлийн дараах хариу урвалын шинж илэрээгүй, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлд хамаарахгүй” гэх Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Г.********, Т.******** нарын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ӨВХ0825/192 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 99-100 дугаар хуудас/, хохирогч ************ийн “сэтгэцэд гэмтлийн дараах хариу урвалын шинж илэрнэ. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэх Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Г.********, Т.******** нарын 2025 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн ӨВХ0825/193 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105-106 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ************, ************ нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Иймд шүүгдэгч ************, ************ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ************, ************ нарын үйлдлийн улмаас хохирогч ************, ************ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан.
Хохирогч ************ын “сэтгэцэд гэмтлийн дараах хариу урвалын шинж илэрээгүй, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлд хамаарахгүй” болох нь Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Г.********, Т.******** нарын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ӨВХ0825/192 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 99-100 дугаар хуудас/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч ************ нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн.
Хохирогч ************ийн “сэтгэцэд гэмтлийн дараах хариу урвалын шинж илэрнэ. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарах”-аар Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Г.********, Т.******** нарын 2025 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн ӨВХ0825/193 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105-106 дугаар хуудас/ гарсан боловч хохирогч ************ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч ************, ************ нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй байна.
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч Н.Төгс-Очир нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас ************ нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нийт 1,540,836 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн, “...************ нь 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нийт 81,972 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн, “...тул дээрх мөнгөн дүнг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр нэхэмжилсэн.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.
Хохирогч ************ нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт тусламж авсан баримт авагдсан боловч /хх-ийн 53 дугаар хуудас/ 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр авсан 110,484 төгрөгийн тусламж нь жирэмсэний хяналтын тусламж гэсэн байх тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс дээрх 110,484 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т тус тус зааснаар шүүгдэгч ************ээс 1,430,352 төгрөг, шүүгдэгч ************оос 81,972 төгрөг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжлэлээс 110,484 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч ************, ************ нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлэг өгсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд шүүгдэгч ************, ************ нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзаж шүүгдэгч нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гаргуулах, цагдан хоригдсон хоноггүй ба хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ************ нь өөрөө өөрийгөө өмгөөлж шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Торгуул төлнө гэхээр би дор хаяж 2 жилдээ боломжгүй л байна. Одоо жирэмсэн, ажил хийхгүй байгаа болохоор үүнийг өөр аргаар шийдвэрлэж болох болов уу? Би нөхөрөөсөө мөнгө төгрөг огт аваад байдаггүй. Хэрэглээний мөнгийг л гаргадаг. Тэгэхээр төлөх чадвар ойрын 2 жилдээ хараахан байхгүй байгаад байна. Өөр ял шийтгэл оногдуулж өгөх боломж байгаа болов уу? Би нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Одоо 4 дэх хүүхэд маань гарах гэж байгаа” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ************ нь өөрөө өөрийгөө өмгөөлж шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүл мэндийн даатгалын санд 1,430,352 төгрөг, үүн дээр нэмээд 1,350,000 төгрөгийн торгууль гэхээр энийг сар шинээс өмнө нь төлдөг юм болов уу? Энийг сар шинээс хойш төлж болдог болов уу? Энийг сар шинийн дараа 06 дугаар сарын үед торгуулаа төлөх боломж гарах учраас тэр үед төлөх саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ************, ************ нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч ************, ************ нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************, Төгс овогт Пүрэвдоржийн ******** нарыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************, ************ нарт оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ************, ************ нарт мэдэгдэж,
Шүүгдэгч ************, ************ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ************, ************ нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч ************ын сэтгэцэд хор уршгийн зэрэглэл тогтоогдоогүй, хохирогч ************ нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************, ************ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ************, ************ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************, ************ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************, Төгс овогт Пүрэвдоржийн ******** нарыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************, ************ нарт оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ************, ************ нарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ************, ************ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ************, ************ нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч ************ын сэтгэцэд хор уршгийн зэрэглэл тогтоогдоогүй, хохирогч ************ нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 1.1-т тус тус зааснаар шүүгдэгч ************ээс 1,430,352 төгрөг, шүүгдэгч ************оос 81,972 төгрөг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжлэлээс 110,484 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************, ************ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************, ************ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР