Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 157/ШШ2024/00018

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч М.*******, Ц.******* нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт .... улсын дугаартай, ХСМС маркийн авто ачигч машиныг гаргуулах, М.*******аас жонш борлуулж шилжүүлсэн гэх 40,000,000 төгрөг гаргуулах” тухай,

хариуцагч М.*******ын сөрөг нэхэмжлэлтэй Д.*******од холбогдох “67,500,000 төгрөг гаргуулах” тухай,

хариуцагч Ц.*******ын сөрөг нэхэмжлэлтэй Д.*******, “....................” нөхөрлөл /ЗБН/-д холбогдох “түрээсийн гэрээний үүрэгт 63,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагч М.*******, хариуцагч Ц.*******, түүний өмгөөлөгч Д.Цагаандарь, “....................” нөхөрлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэцэгдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч М.*******, Ц.******* нараас  “.... улсын дугаартай авто ачигчийг, М.*******аас 40,000,000 төгрөгийг тус тус гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

1.1.Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дашзэвэгийн ******* миний бие Мэргэнбаатарын *******ыг айл саахалтын хүрээнд олон жилийн өмнөөс танина. Анх 2021 оны 7 дугаар сард М.******* нь "өөрийн хүргэн дүүгийнх нь эзэмшилд байгаа ковшийг 30 сая төгрөгөөр зармаар байна" гэж ирсэн. Тухайн үед би бэлэн мөнгө байхгүй гэхэд мөнгийг нь хувааж өгч болно гэхээр нь авахаар тохиролцоод, ковшийг хүлээн авсан, гэхдээ бид бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Би өөрийн ажлын орлогоос мөнгийг шилжүүлж эхэлсэн. 2021 оны 9 сарын 27-ны өдрөөс эхлээд жил гаруйн хугацаанд М.*******ын Хаан банкны ................ тоот дансанд ковш машиныг худалдан авах төлбөрөө их бага хэмжээгээр тасралтгүй шилжүүлж байсан ч, "Хугацаа удаашралтай байна, төлбөрөө 5,000,000-аар нэмэгдүүллээ" гэж хэлсэн. Тийнхүү ярьж хэлснийхээ дагуу төлбөрийг шилжүүлсээр 2022 оны 10 cap гэхэд 2.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Тухайн үед "Одоо ковшийнхоо бичиг баримтыг өөрийн нэр дээрээ шилжүүлж авъя. Тэгээд үлдсэн мөнгө төгрөгөө өгөөд тооцоогоо дуусгая" гэхэд М.******* янз бүрийн шалтаг шалтгаан үүсгэж маргалдан, миний хэрэглэж байсан ковш машиныг зөвшөөрөлгүй дур мэдэж авч явсан. Ковшийн бүх төлбөрийг М.*******ын нэр дээрх дансанд шилжүүлж байсан. М.******* нь цааш нь ковшийн эзэмшигчийн дансанд тухай бүр шилжүүлж байсан уу үгүй юу гэдгийг би мэдэхгүй. Ковшийн төлбөрт 2021.9.27-нд 8.000.000 төгрөг, 2022.3.12-нд 10.000.000 төгрөг, 2022.5.14-нд 10.000.000 төгрөг, 5.000.000 төгрөг, нийт 33.000.000 төгрөгийг шилжүүлсэн.

Тухайн хугацаанд ковш машинд эвдрэл гэмтэл удаа дараа үүсч, засварын ажилд 13,000,000 төгрөгийг, мөн ковшийн жолоочийн цалин хөлсөнд 14,580,000 төгрөгийн бүх зардлыг би өөрийн зүгээс гаргаж ирсэн. М.*******тай ямар нэг гэрээ байгуулж, хамтран ажиллаж байсан зүйл байхгүй. Ковш машинаа надад зарсан, тэр мөнгөө авахын тулд намайг дагаад явдаг байсан. М.*******аар зуучлуулан жонш зарж байсан. Тухайн борлуулсан жоншны мөнгийг *******ын дансаар шилжүүлэн авч байсан. Жоншийг би өөрийн төрсөн ах *******ын ажиллуулж байгаа 13-ын уурхай дээрээс ачсан. 2021.7.23, 27-нд Октябрь2021.8.16-нд , 2022.9.22-нд *******, 2022.8.20-нд ******* зэрэг хүмүүстэй борлуулалт хийж *******ын дансанд шилжин орж байсан. Зарим борлуулалт хийсэн хугацааг тодорхой санахгүй байна. М.******* жонш зарсан мөнгөнөөс өөртөө авч үлдэж байсан, надаас мөнгө зээлж байсан зэргийг нэмэхээр 40.000.000 төгрөг энэ хүнээс авахаар байна. Энэ хүн миний ажилтан биш тул цалин өгөх шаардлагагүй юм. М.******* нь 2022 оны 10 сард надад шилжин ирэх ёстой ковш машиныг дур мэдэн авч явснаасаа хойш миний утасны дугаарыг блок хийснээр холбогдож чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Одоо дам сонсоход өөр газарт тэрхүү ковш машиныг түрээслүүлэн ажиллуулж байгаа юм байна. М.******* нь надад ковш машин зарахаар аман тохиролцоо хийж, намайг дагаж явдаг байсан учир шалтгаан нь надад итгэл үнэмшил төрүүлж, надаас мөнгө салгаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж надад шилжиж ирэх ёстой байсан эд хөрөнгийг шилжүүлэхээс татгалзан, түрээслүүлж ашиг олсоор байна. Асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэж итгэн өнөөг хүрсэн ч шийдэгдэхгүй удаж байгаа тул энэхүү асуудлыг хууль дүрмийнх нь дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Одоо тэрхүү ковш машиныг өөр газарт тасралтгүй ашиглаж байгаа нь тухайн машинд ямар эвдрэл гэмтэл үүссэн, үүсч байгааг мэдэхгүй. Би эвдрэл гэмтэлтэй эд хөрөнгө өөр дээрээ авахаас татгалзаж байна. М.*******аас нийт 73.000.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. /хх-ийн 1-3 хуу/

 

1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* нь хариуцагчаар Ц.*******ыг нэмж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн байна.

“Д.******* болон түүний дүү Ц.******* /Цанлиг овогтой *******, РД: ...................../ нараас ********** улсын дугаартай ХСМС маркийн ***************** бүртгэлийн дугаартай, ковш буюу өөрөө ачигч машиныг 33 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд хариу тайлбарт дурдсан тус автомашиныг түрээсэлсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм. Энэ нь Д.*******ын цагдаагийн байгууллагад өгч байсан "... 2021 оны 05 сараас манай хотод байдаг дүүгээс бид хоёр хамтарч нэг ковшийг авах болоод мөнгийг хоёулаа дундаасаа төлье гэж би ярьж байсан юм. Анх дуу 38 сая төгрөг гэхэд Гэрэлтболд 35 сая болгоё гээд байхаар нь би 3 саяыг нь өөрөө өгье гэж бодоод 35 сая гэж Гэрэлтболдтой тохирсон юм." гэх мэдүүлгээс тухайн ковшийг анхнаасаа худалдан авсан, ямар нэгэн түрээсийн тохиролцоо байгаагүй гэдэг нь нотлогдоно. Харин Д.******* нь хууль шүүхийн байгууллагад зориудаар худал тайлбар гаргаж гайхаж байна.

Тус автомашиныг 30 сая төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон боловч үндэслэлгүй 3 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Миний бие нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 8,000,000 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 10,000,000 төгрөгийг, мөн өдөр 7,000,000 сая төгрөг нийтдээ Ц.*******ад 35,000,000 төгрөгийг төлбөрийг тус тус төлөөд байгаа юм. Энэ бүхнээс үзвэл Ц.******* болон Д.******* нарт ковшийн төлбөр 33,000,000 төгрөгийг бүрэн төлсөн, мөн нэмээд 2 сая төгрөгийн илүү төлөлттэй болох нь тодорхой харагдана. Хэрэв тухайн ковшийг түрээсэлж байсан бол 13,000,000 төгрөгийн засвар үйлчилгээг өөрөө санаачилагаараа хийхгүй, түрээсийн эд хөрөнгө байсан гэж үзвэл Ц.*******, Д.******* нараас тус мөнгийг гаргуулах нь тодорхой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа Д.*******аас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,000,000 төгрөгийг гаргуулах гэснийг Д.*******, Ц.Мөнхбат нараас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд .... улсын дугаартай, ХСМС маркийн, ***************** бүртгэлийн дугаартай, ковш буюу өөрөө ачигч машиныг гаргуулах гэж өөрчилж байна” гэжээ.

 

1.3.Нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж дараах тайлбарыг гаргасан:

Би 40,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Яагаад татгалзаж байна вэ гэхээр тухайн ковш дээр зарцуулсан завсрын төлбөр, ковш машиныг ажиллуулсан хөлс орсон нэхэмжлэлийн шаардлага байсан. Үүнээсээ татгалзаж байна. М.*******, Ц.******* нараас ковш машиныг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн хүрээнд шүүх хуралдаанд оролцоно. ... *******ын зүгээс 3 сая төгрөгөөс дээш хэмжээний гүйлгээ тухайн дансаар нь гарах боломжгүй нөхцөл байдал тухайн цаг хугацаанд байсан. Тийм учраас М.******* руу тухайн ковшийн төлбөрийг шилжүүлээрэй гэдэг байдлаар шилжүүлсэн. М.******* нь Ц.*******ад шилжүүлсэн үйл баримт тогтоогддог. Өөрөөр хэлбэл Гэрэлтболдын зүгээс ковшийн төлбөрийг М.*******т шилжүүлэхээр даалгасан. М.******* нь шилжүүлж авсан ийм нөхцөл байдал байгаа. М.******* нь тухайн ковштой холбоотойгоор яагаад хариуцагч болж байгаа вэ гэхээр үүнтэй холбоотойгоор маргаан үүсээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл М.******* нь тухайн ковшийг нь аваад явсан. Тийм учраас ковшоо авъя гэдэг маргаан анх цагдаагийн байгууллагад үүссэн. М.*******ын зүгээс цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ Ц.*******ын ковшийг би мэднэ гэдэг байдлаар тайлбарлаж байсан. Гэрэлтболд ч гэсэн мөн адил дүү бид хоёрын ковш чамд зарж байна гэдэг агуулгаар  тайлбарласан. Эдгээр хүмүүсийн хооронд ямар нэгэн түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй. Өөрөөр хэлбэл анхнаасаа худалдах худалдан авахаар тохиролцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн төлсөн төлбөрийг өөрт ашигтай байдлаар урвуулан тайлбарлаж түрээсийн гэрээний харилцаа байсан болгодог. Бид хэд худалдах худалдан авах гэрээ хийгээгүй гэдэг ийм асуудал ярьдаг. Хэрвээ түрээсийн гэрээний харилцаа байсан бол тухайн автомашиныг засварлахад 13,000,000 төгрөгийн зардал гаргахгүй. Хэрвээ түрээс байсан болбол тухайн автомашины ковшийн жолооч болон бусад холбогдох зардлыг Гэрэлтболдын зүгээс гаргахгүй. Хариуцагч нарын зүгээс нэгэнтээ бий болчихсон анхнаасаа худалдах худалдан авах харилцаагаар үүссэн тохиолдлыг өөртөө ашигтай байдлаар урвуулан бусдын итгэлийг эвдэх замаар ийм тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. ... Гэрээн дээр Гэрэлтболд тухайн цаг хугацаанд ашиглаж байсан. Тийм учраас ямар нэгэн түрээсийн гэрээний харилцаа яригдахгүй байна. М.*******ын зүгээс Ц.******* руу шилжүүлсэн шилжүүлэг гэрээний хуулгыг хэрхэн яаж шилжүүлэх талаар Гэрэлтболдод хамааралгүй. Өөрөөр хэлбэл мөнгө шилжсэн үү шилжсэн, анхнаасаа худалдан авах тохиролцоо байсан уу байсан асуудал байна гэж үзэж байгаа. Тийм учраас ковшийг гаргуулах үндэслэлтэй. Яагаад гэхээр гэрээний төлбөрийг бүтэн төлсөн тийм нөхцөл байдал байна. Нөгөө талаас ч гэсэн худалдах худалдан авах гэрээ анхнаасаа хийж байсан гэдэгтээ маргаагүй. Төлбөр төлөгдсөн нөхцөл байдлыг өөрт юугаар ашиглаад тайлбарлаад байгаа вэ, Гэрэлтболд эхлээд .................... ХХК-тай түрээсийн гэрээтэй байсан гэж үзсэн. Дараа нь Гэрэлтболдтой түрээсийн гэрээтэй байна гэж үзсэн. ... Худалдах худалдан авах гэрээг бичгээр хийгээгүй. Гэхдээ хуульд зааснаар бичгээр хийхийг хориглоогүй. Амаар хийж болно. Худалдах худалдан авах гэрээ нөгөө талаасаа түрээсийн гэрээний шаардлага чинь өөрөө бичгээр хийх шаардлага. Хуульд тусгайлан зааснаас бусад түрээсийн гэрээний асуудлыг бичгээр хийх шаардлагыг хангаагүй учраас тусгайлан заасан гэрээ. Бичгийн шаардлагатай аж ахуйн үйл ажиллагаанд зориулагддаг ковш машин нь өөрөө аж ахуйн үйл ажиллагаа тэр холболтын үйл ажиллагааны шинжтэй асуудал байгаа учраас заавал бичгээр хийгдэх шаардлагатай. ... Гэтэл энэ нөхцөл байдал дээр худалдах худалдан авах гээд ард нь төлбөр шилжүүлсэн баримт дээр үндэслээд өөрийн хамаарал бүхий хүнээр Гэрэлтболдын хувьд нэг алдаа гарсан нь М.*******аар төлбөр шилжүүлээд байсан. ... Энэ нь хэлцэлд ноцтой нөлөөлж хэлцлийг өөрөөр тайлбарлах ийм үндэслэл болохгүй” гэв.

 

1.4.Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Манай хөрш Д.******* нь 2021 оны 04 сард санал тавьж 13-ын уурхайд хамтран ажиллая гэж дахин дахин гуйсан тул борлуулалтын ажилд тус дэм болоод ашгаа тэнцүү хувааж аваад хамтран ажиллахаар  болоод 2021 оны 05 сараас 2022 оны 10 сарын дунд хүртэл 16 сар хамтран ажилласан. Гэтэл одоо намайг дагаж явдаг хүн ч гэх шиг манай ажилтан биш ч гэх шиг ийм байтлаа данс тооцооны асуудалд холбогдуулж төлбөр тооцоо нэхэмжилж ойлгомжгүй асуудал гаргаад байна. Д.******* бид хоёрын хамтран ажиллаж байсныг нотлох гол баримт нь өдөр тутмын орлого, зарлага ажилчдын ирц бүртгэл, цалин хөлс олголт, жонш борлуулалт зэргийг би өөрийн гараар бичиж тэмдэглэдэг байсан саарал гадартай дэвтэр *******од байгаа. Д.*******ын Хаан банкны данс өдөрт 3 саяас дээш гүйлгээ хийх эрхгүй учир миний дансыг ашиглаж орлого, зарлагыг хийж байсан. Хамт ажиллаж байсан *******, *******, ******* гэх хүмүүс байгаа. Ажиллах явцад гар ялгалтын ажил дээр ковш хэрэгтэй байсан учир Д.******* нь надад ковш олдох арга байна уу гэж асуусан. Аавын хашаанд хүргэн дүүгийн  ковш байдаг байсан. Үүнийг би Д.*******од хэлсэн. Д.*******ыг зөвшөөрсний үндсэн дээр би хүргэн дүү Ц.*******тай утсаар ярьж асуусан. “Ахаа би түрээсэлнэ” гэж хэлсэн. Ингээд Д.******* бид хоёр амаар харилцан тохиролцож 2021 оны 06 сараас эхлэн ажиллуулсан. Ковшийг аавын хашаанаас Д.*******той цуг авч явсан. Ковшийн түрээсийн мөнгийг тухайн үеийн ашиг орлогынхоо өөрт ноогдох 50, 50 хувийг миний дансаар шилжүүлэн төлдөг байсан. 2021.09.27-нд 8,000,000 төгрөг, 2022.03.12-нд 10,000,000 төгрөг, 2022.05.14-нд 10,000,000, 5,000,000 төгрөг дундын тооцоогоор явуулсан. Мөнгөн дүнг шилжүүлэх болгонд түрээс гэж шилжүүлсэн байгаа. Ингээд 2021 оны 12 сараас Д.******* нь данс тооцоо орлого, зарлага өөрөө хариуцаж хийж эхэлсэн. Уг  газар нь /13-ын уурхайн гэх/ Д.*******ын ах Д.*******ын  компанийн  нэр дээр байдаг хүдрийн овоолгоос гар ялгалт хийж *******оос нь ялгалтын 30 хувийг Д.******* бид хоёр авч ажилчдын цалин үйл ажиллагааны зардал ашгаа 50, 50 хувиар хуваан авдаг байсан. Үйл ажиллагаа хэвийн  явж байсан. Нэг өдөр Д.******* нь хэлэхдээ 13-р хүдрийн биетийг та 3 дангаараа хариуцаж ажиллуул гэж хэлсэн. Үүний үндсэн дээр Д.*******, ******* бид гурвын 7 сарын 25-аас эхлэн ажиллаад 10 сарын 25-н буюу 3 сар ажиллаад миний бие М.******* нь үл ойлголцох шалтгаанаар уг ажлаас татгалзсан. Нэхэмжлэлд дурдагдсан 73,000,000 төгрөгийн зардал тайлбарыг дор сийрүүлэв.

2021.07.23-нд Октябриас 40,000,000 төгрөг, 2021.07.27-нд Октябриас 10,000,000 төгрөг нэхэмжлэлийн зарлага  нь:

 Д.*******ын эхнэр түүний дүү Сувд-Эрдэнийн Хаан банк **************** данс руу 2021 оны 07 сарын 23-нд 30,000,000 төгрөг, 2021.07.27-нд 12,280,000  төгрөгийг шилжүүлсэн.

ын 9,830,000 төгрөг 2021.08.16-нд

Зарлага нь: Д.*******ын эхнэр Д.ын Хаан банкны **************** дугаарын дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн.

******* 2022.08.20-нд 5,000,000 төгрөг

Зарлага нь: Д.*******ын Хаан банкны ************** дугаарын данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 3,000,000 төгрөг М.*******ын ашиг данс ................

Мөн 2022.09.22-нд 7,200,000 төгрөг

*******ын данснаас /Хаан банк **************/

Зарлага нь: 2022.09.22-нд Д.*******ын Хаан банкны ************** данс руу 3,503,000 төгрөг шилжүүлэв.

*******ын данс руу 2022.09.22-нд 2,020,000 төгрөг 5946070862 шилжүүлэв. Үлдэгдэл болох 1,680,000 М.*******ын ашиг гэж үлдсэн. Нэхэмжилсэн мөнгөн дүн 0 болсон.

...М.******* миний бие нь Д.*******той XGMA-50 ковшийг худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. Нэгдүгээрт би ковшийн эзэн биш. Хоёрдугаарт М.******* нь *******той эрх зүйн харилцаанд орох шаардлагагүй. Ийм учир энэ бүх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна ” гэжээ. /1-р хх-ийн 17-22, 83 хуу/

 

1.5.Хариуцагч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... ******* ажиллахдаа ашгаа 50 хувь хуваагаад ажиллая ярьсан. Дараа нь 06 дугаар сараас дахиж уулзаад хамтарч ажиллая ковшийг чинь аваачъя гээд 06 дугаар сарын дундуур худалдан худалдан авах гэрээ гэж хэлж яриагүй. Анх түрээслээд аваачъя гээд арваад хоног ажиллаж байснаа ер нь хоёулаа ашиг орлогоороо хуваагаад төлөөд авъя гэхээр нь би дүү рүүгээ ярьсан ковшийг худалдаад авъя гэнэ гэсэн чинь манай дүү 42,000,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Эргээд *******од 42,000,000 төгрөгөөр зарна гэж байна гэсэн чинь ахаа үнэтэй байна гэсэн. Эргээд дүүтэйгээ яриад ******* арай үнэтэй байна гэсэн чинь  Тэгвэл 38,000,000 төгрөгөөр заръя гэж хэлсэн. Тэгээд би хэлсэн чинь дахиад үнэтэй байна гэхээ нь би тэртээ тэргүй тэндээс ажиллаж байгаа болохоор 3,000,000 төгрөгийг нь би өөрөө өгье гээд дүүдээ хэлээд Гэрэлтболдод 35,000,000 төгрөг гэж хэлсэн. Манай дүү шаардлага дээрээ та тэнд ажиллаж байгаа юм бол урьдчилгаа танаас авахгүй. Харин 9 сард хүүхдийн хичээл орох учраас 3 сарын хугацаанд мөнгөө төлөөд дуусвал хамаагүй ковшоо худалдаад ав. Би бичиг баримтыг нь шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Тэгтэл нөгөө 3 сардаа мөнгөө төлөөгүй 2021 оны 09 дүгээр сарын 27-нд эхний 8,000,000 төгрөгийг төлсөн. Тэр 8,000,000 төгрөгийг ******* өөрөөсөө гаргаж төлсөн мөнгө биш. Бид хоёр хамтарч ажиллаад овоолго ялгуулаад зарсан мөнгөний ашиг юм. Тэрнээс 8,000,000 төгрөгийг дүү рүүгээ шилжүүлсэн. Тэрнээс хойш бүтэн жил гаран яваад 2022 оны 03 дугаар сарын 12-нд 10,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 14ий өдөр 10,000,000 төгрөг гэж хийсэн. Тэр хугацаанд надад мөнгө төгрөг орохгүй байна, бид хоёрт мөнгө төгрөг орохгүй болохгүй байна гээд л байсан. Би сая дансных нь хуулгыг харахад тэр хугацаанд өчнөөн мөнгө төгрөг дамжаад 20-30-аад саяараа орж байсан байна. Тэрийг өгөхгүй байсан нь ямар учиртай юм ойлгохгүй байна” гэв.

 

1.6.Хариуцагч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.******* миний бие нь Д.*******ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн  зөвшөөрөхгүй байна. Д.*******, М.******* нар миний XGMA үйлдвэрийн XG955 III маркийн өөрөө ачигч техникийг түрээслэх, худалдан авах талаар ярьсан.

Миний бие 3-н сарын дотор төлбөрөө бүрэн төлөөд нэр шилжүүлэх, 3-н сараас цааш төлбөрөө бүрэн төлөхгүй сунжруулбал түрээсээр тооцож төлбөр төлөхөөр ярьсан. Би *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх 2021 оны 05 дугаар сараас эхлээд М.******* ах яриад манай найз яриад байна ковшийг чинь бид хоёр хамтраад түрээсэлье. Ажил хийх гэж байгаа юм гээд гуйсан. Би тэгээд ахдаа тэг, тэг хоёулаа шинэ юм эхлүүлж байгаа хамтарч байгаа найзууд юм байна. Түрээсийн ханшийн талаар тайлбарласан. Түрээсийн тухайн үеийн ханш нь сарын 15,000,000 төгрөг байна. Та нар өөрсдөө оператораа цалинжуулаарай. Операторын цалинд 3,000,000 төгрөгийг зарцуулаад цаана нь 12,0000,000 төгрөг үлдэнэ. Сар тус бүр 12,000,000 төгрөг үлдэнэ. Таныг байгаа учраас засвар үйлчилгээ болон бүх зүйлийг хийгээд явна биз дээ. Надад 12 сарынхаа түрээсийн 6,000,000 төгрөгийг шилжүүлээрэй. Би ийм, ийм байдлаар түрээсэлнэ. Та хоёрт боломж олгож миний туслалцаа ийм байна. Урьдчилгаа авахгүй гэсэн чинь хэд хоног ажиллаж байснаа ковшийн ажил, юм хумыг нь харчхаад эргээд утасдаад ер нь худалдаж авъя, худалдаж авбал хэдээр зарах вэ гэсэн. Тухайн үеийн түрээсийн ханшийг онлайн заруудаас хараад ерөнхийд нь ойлгох байх. 45,000,000-48,000,000 төгрөгийн ханштай байна. Би та хоёрт юм эхлүүлж байгаа учраас 42,000,000  төгрөгөөр заръя гээд хэлсэн чинь эргээд утасдсанаа нэг жоохон доош буулгаад өгөөч гэхээр тэгвэл 38,000,000 төгрөг болгоё. Хэрвээ 38,000,000 төгрөгөөр худалдаж авбал 9 сарын 1-нд хичээл орохоос өмнө 3 сарын дотор 100% хийчхээ. Та хоёр юм эхлэх гэж байгаа мөнгөгүй  юмаа хямдруулаач гээд байхаар нь ямар ч байсан 3 сардаа ажил үүргээ хийгээд жоншоо борлуулаад мөнгөтэй болчхоод 3 сардаа багтаагаад өгчхөөрэй тэгвэл нэрээ шилжүүлээд ковш машины бичиг баримтыг нь өгье гээд явуулсан. Тухайн үеийн 2021 оны 06 дугаар сарын 01-нээс түрээсээр мөнгө орж ирэхгүй учраас эхэлсэн он нь 6 сарын 1-нээс эхлээд түрээсээр явлаа. Төлбөр тооцоогоо түрээсээрээ хийгээд яваарай. Нэгэнт хугацаа нь 4 сар, 5 сар, жил гаран болчихсон. Мөнгөө өгөхгүй сунжруулчихсан. Тухайн үед яагаад мөнгөө хийхгүй байна гэхээр цаанаас  мөнгө нь орж ирэхгүй байна, санхүү нь болохгүй байна гээд хойшлоод яваад байсан. Тэгээд түрээсээр төлбөр тооцоогоо хийгээд явсаар байгаад  нийт 33,000,000 төгрөг хийсэн. Иймд эдний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

2.Хариуцагч М.******* нь Д.*******од холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“Миний бие М.******* нь 2022 оны 07 сарын 25-аас 10 сарын 25-ны хүртэл ажиллаж байх хугацаанд 13-ын уурхайн талбай дээр 5000 тн хүдэр зарахад бэлэн болсон бүтээгдэхүүн үлдсэн. Үүнд миний гар бие оролцон хөдөлмөр шингэсэн, цаг нар  орсон  гэж бодож байгаа. Анхнаасаа Д.*******, ******* бид гурвын адил тэнцүү хувааж авна гэж ярилцан тохиролцсон байсан. Хүдэр 1тн=33,000 төгрөг, 500тн=165,000,000 төгрөг. Үүнийг 3 хүндээ хуваагаад 1 хүнд ногдох 55,000,000 төгрөг. Надад ногдох хувийг гаргуулж өгнө үү.

Хоёрт: Ажилчдад зориулж явуулын вагончиг 15 сая төгрөгөөр Ц.******* бид хоёр  авсан. Түүнийхээ 50 хувийг 7,500,000 төгрөгийг мөн гаргуулна.

Гуравт: Ажиллаж байх үедээ уурхай дээр аваачиж тавьсан камаз машины чиргүүлийн рам, тэвш 1 ширхэг тэнхлэг 2 ширхэг зэргийг  Д.******* нь мэдэж байгаа хэрнээ мэдэн будилж, намайг ажлаас гарсны дараа зарж үрэгдүүлэн мөнгийг нь дансандаа шилжүүлэн завшсан. ...Д.*******оос машины чиргүүлийн үнэ 5,000,000 төгрөг. Д.*******оос нийт 67,500,000 төгрөг гаргуулж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү ” гэжээ. /хх-ийн 23-25 хуу/

 

2.1.Хариуцагч М.******* шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа:

... *******той хамтарч ажиллаж байхдаа тэнд дахиад нэг явуулын сууц хийе ээ гээд би энэ хуучин ажиллаж байсан газартаа нэг чиргүүл худалдаж авчихсан байсан юм. Тэгээд тэрнийхээ рамыг тэр уурхай дээр аваачиж тавиад хоёулаа нийлүүлээд одоо мөнгөөрөө дахиад нэг явуулын сууц хийе гэж ярьж байсан юм. Тэгээд нөгөө маргалдаад болихдоо би орхиод явчихсан. ...Тэрийг аваад ир гээд авгайгаа явуулсан чинь ******* тэр Анхбаярын юм гэж юу байдаг юм зарчихсан, төмрийн хогонд өгчихсөн гэж хэлсэн байсан юм. Тэгэнгүүт манай эхнэр уурлаад ирэнгүүтээ цагдаад гомдол гаргасан чинь цагдаад хэрэгсэхгүй болгосон юм. ... Хамтарч ажиллаж байх хугацаандаа гэдэг хүнээс явуулын сууцыг ажилчдынхаа байр болгох гэж худалдаж аваад 15 саяар авсан юм. Эхлээд бас түрээс гэж 300 мянгаар сарын түрээс гэж авчхаад тэгээд сүүлдээ 15 саяар аваад авахаар болоод бид 2 бас л олсон орлогынхоо 50, 50 хувиар энийгээ төлье өө гээд. Тэгээд нөгөө сардаа борлуулсан жоншны мөнгө орж ирэхээр ******* таны төлөх мөнгө чинь алив энэнээс чинь суутгалаа минийхийг нь гээд руу явуулдаг байсан юм. Тэгээд 10 сард би болихын өмнө 5 мянган тонн хүдэр байсан. Тэр болохоор 7 сарын хорьдоор олборлодог хоёр амын нэг амыг нь ....................”-ын захирал нь Болдоо, ******* та гурав ингээд хамтраад наадхаа ашиглаад ашгаа өөрсдөө хуваагаад ав, бид нарт хэрэггүй та нар өөрсдөө л яв гэсэн. Тэгээд тэрийг ухаж эхэлсэн юм 7 сараас ухаж эхэлж байгаад 9 сарын аравдаар энэ 16-гийн баяжуулах руу зарсан юм 695 тонныг 33 мянгаар зарсан юм аа тэгээд 22 сая төгрөг орж ирэхэд нь үйл ажиллагааны зардал гэж нөгөө Дэвжин дэлгэрэхээс түлш авдаг байсан. Тэрнийхээ төлбөрт 10 гаран саяыг өгөөд, үлдэгдэл 7 саяыг нь *******, ******* бид гурав хувааж авсан юм. Тэндээс 600 хэдэн тонныг зарцуулсан. Намайг 10 сарын 20-д хүртэл ажиллахад тэнд ойролцоогоор 5 мянган тонн хүдэр үлдсэн юм. Би тэрийг борлуулж чадахгүй явсан. Тэгээд тэрний борлуулалтын мөнгө төгрөг гэж надад орж ирээгүй юм.” гэв.

 

2.2.Нэхэмжлэгч Д.******* нь М.*******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа:

“....Хариуцагчийн зүгээс өөрийн гаргасан хариу тайлбартаа "...Д.*******ын Хаан банкны данс өдөрт 3 саяас дээш гүйлгээ хийх эрхгүй учир миний дансыг ашиглаж орлого зарлагыг хийж байсан." гэж тайлбарласан. Энэхүү тайлбар нь үндэслэлтэй бөгөөд зарим төлбөр тооцоог Хаан банкны дансны хязгаарлалтаас шалтгаалан Д.*******аар хийлгүүлж байсан нь үнэн. Гэтэл Д.*******ын зүгээс дансны гүйлгээ хийж байсан гэдгээ урвуугаар ашиглан, жонш ялгах ажилд ашиг хуваах хэлбэрээр хамтран ажиллаж байсан мэтээр төөрөгдүүлсэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Д.*******ын зүгээс ялгасан гэх жонштой холбоотой ямар нэгэн хөрөнгө оруулсан, өөрийн зүгээс зардал гаргасан зүйл байхгүй. Харин жонш худалдан авдаг хүмүүс таньдаг учир би худалдан борлуулалтад тусалъя гэсэн саналыг хүлээн зөвшөөрсөн учир тухайн үйл ажиллагаанд оролцсон. Тодорхой хэмжээний жонш худалдан авах сонирхолтой хүмүүс олж өгснийхөө шагналыг авчихсан, харин худалдан борлуулсан жоншны хэмжээг худал хэлж надад 40,000,000 төгрөгийн хохирол учруулаад байна. Иймд М.*******ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. /хх-ийн 78 хуу/

 

2.3.Нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тэгэхээр энэ 5 мянган тонн хүдэр олборлосон, тонн нь 33000 төгрөг байдаг, тэгээд борлуулалт хийсэн гээд байгаа. ...Энэ талаар үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан. ...Энэ дээр Гэрэлтболдын ганц алдаа л байдаг юм. Тэр нь 3 сая төгрөгөөс дээш төгрөгийн гүйлгээ тухайн үедээ өөрийнх нь дансаар гарч байгаагүйтэй холбоотой  асуудал. Тэгээд энийг нь аль аль талууд нь хүлээн зөвшөөрдөг.  ******* өөрийнхөө эхний нэхэмжлэлийн шаардлага гаргасан хариу тайлбар дээрээ бүр тодорхой биччихсэн ингэж ингэж зарцуулаад 0 үлдсэн гэж маш тодорхой бичсэн. Хариу тайлбар дээр тэгсэн хэрнээ өөрөө ингээд одоо ямар нэгэн зүйл нэхэхгүй л бол болохгүй гэдэг өнцгөөр хандаад тэгээд 5 мянган тонн байсан тэгээд 33 мянгаар зардаг байсан гээд мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Гэрэлтд шилжүүлээд дуусчихсан Цэцэгбал нь Гэрэлтдтой харилцаанд орсон. ...Тэгээд яг рам нь хэдэн төгрөгийн үнэлгээтэй вэ ямар асуудлыг нэхээд байгаа юм. Рам байсан юм уу үгүй юм уу тэр талаар ямар ч нотлох баримт байхгүй. Чиргүүлийн үнэ 5 сая төгрөг ингээд 67,500,000 төгрөг болсон. Нэхэмжлэлийн шаардлага бол бүхэлдээ үндэслэлгүй ор худал зүйлийг бол бичсэн өөрсдийнх нь хариу тайлбартай зөрдөг... ” гэв.

 

3. Хариуцагч Ц.******* нь Д.******* болон “....................” ЗБН-д холбогдуулан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Д. *******, М. ******* нар миний XGMA үйлдвэрийн XG955 III маркийн өөрөө ачигч техникийг түрээслэх, худалдан авах талаар ярилцсан. Миний бие гурван сарын дотор төлбөрөө бүрэн төлөөд нэр шилжүүлэх, гурван сараас цааш төлбөрөө бүрэн төлөхгүй сунжруулбал түрээсээр тооцож төлбөр төлөх, түрээсийн төлбөр нь нэг сарын 6'000'000 (зургаан сая) төгрөг байхаар ярьсан. Уг техникийг 2021 оны 6 сараас 2022 оны 10 cap хүртэл ******* захиралтай "...................." ХХК-д нийт 16 cap ажиллуулсан. Техник ажиллаж эхэлснээс хойш:

- 4 сарын дараа буюу 2021 оны 9 сарын 27-нд 8'000'000 (найман сая) төгрөг

- 10 сарын дараа буюу 2022 оны 3 сарын 12-нд 10'000'000 (арван сая) төгрөг

- 12 сарын дараа буюу 2022 оны 5 сарын 14-нд 10'000'000 (арван сая) төгрөг

- 13 сарын дараа буюу 2022 оны 6 сард 5'000'000 (таван сая) төгрөгийг тус тус төлсөн. 16 сарын төлбөр болох 96,000,000 (ерэн зургаан сая) төгрөгөөс төлсөн 33'000'000 (гучин гурван сая) төгрөгийг суутгаж үлдэгдэл 63'000'000 (жаран гурван сая) төгрөгийг ******* захиралтай "...................." ХХК болон ******* нараас гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ. / хх-ийн 94 хуу/

 

3.1 Хариуцагч Ц.******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэгэнт худалдан авах ярьсан яриандаа хүрээгүй, төлбөр орж ирээгүй, жил гаран болсон учраас түрээсээр явна гэдгээ хэлж байсан. Тэгээд сөрөг нэхэмжлэл гаргасан. ... Ковшийн түрээсийн ханш тухайн үед 15 саяас 18 сая төгрөгийн хооронд үнэлгээтэй байсан. ... За тэгээд одоо та хоёрт хамгийн хямдаар нь 15,000,000 төгрөгөөр түрээсэлье. Тэр 15,000,000 төгрөгөөс өөрсдөө операторынхаа зардалд 3,000,000 төгрөгийг нь зарцуулаад 12,000,000 төгрөгийн 6,000,000 төгрөгийг  сар болгоны эвдрэл гэмтэлд зарцуулаарай гэсэн. Би тогтмол 6,000,000 төгрөгийг авъя гэж ярьсан. Тэгээд 6,000,000 төгрөгөөр засвар хийгээгүй ч эд нарт боломж олгоод өгсөн. Тэгээд 2022 оны 6 сарын 1-нээс 2022 оны 10 сарын 1-н гэж тооцоход 16 сарын хугацаанд миний ковш эдний ажлыг хийж өгсөн. Үүнийг 16 сарын хугацаанд 12,000,000 төгрөгөөр нь тооцох юм бол 192,000,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй ажил хийсэн. Үүнээс талыг нь хэлсэн ёсоороо засвар үйлчилгээнд 96,000,000 төгрөгийг нь зарцуул гээд өгсөн байдаг. Өнөөдрийн байдлаар 4 удаа эвдрээд 13,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн бол цаана нь ахиад 70,000,000 гаран төгрөгийн бололцоо боломж үлдэж байгаа гэсэн үг. Өшөө цаана нь тал хувь буюу 6,000,000 төгрөг буюу 96,000,000 төгрөг миний түрээсэнд орж ирэх ёстой. Би үүнээс надад цувруулж өгсөн 33,000,000 төгрөгийг хасаад 63,000,000 төгрөгөө нэхэмжилсэн.” гэв.

 

3.2 Хариуцагч Ц.*******ын өмгөөлөгч Д.Цагаандарь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ц.*******ын сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна. Энэ түрээсийн гэрээ байсан. Түрээслүүлэхдээ 15,000,000  төгрөгөөр түрээслүүлсэн. 3,000,000 төгрөгийг нь операторын хөлсийг ******* өөрөө төлж байгаа гэсэн үг, үлдсэн 6,000,000 төгрөгийн засвар үйлчилгээний урсгал зардалд та нар хэрэглээрэй надад 6,000,000 төгрөгийн түрээс өгөөрэй гэж тохирсон байдаг. Ингээд тооцоод үзэхээр 16 сарыг 6,000,000 төгрөгөөр үржүүлээд 96,000,000 төгрөг болж байгаа. Үүнээсээ 33,000,000 төгрөг өгсөн гэдэг нь нотлогдож байгаа учраас 63,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ үндэслэлтэй шаардлага байна гэж үзэж байгаа. Яг түрээсийн гэрээ байсан. Худалдах худалдан авах гэрээ байсан гэдэг дээр өмгөөлөгчийн зүгээс хэлэхэд угаасаа  худалдах худалдан авах гэрээ хийсэн бол хавтаст хэрэгт авагдсан тэр Гэрэлтболдын мөнгөний хуулга банкны хуулга байдаг. Тэр нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний байдлаар 58,477,332 төгрөгийн үлдэгдэл байсан гэдэг нь харагддаг. Үнэхээр худалдах худалдан авах гэрээтэй байсан бол 3 сарын дотор төлчих бүрэн боломжтой байсан. Тэгэхээр түрээсээр явж байсан гэдэг баримтаар хүртэл нотлогдож байна. Яагаад гэх юм бол түрээсэлж байгаа учраас энэ бэлэн мөнгө өөрт нь байж байхад сар болгон түрээсийг нь өгнө гэсэн байдлаар хандсан байж болзошгүй ийм байдал харагддаг. Тэгэхээр энэ бол түрээсийн гэрээ байсан. Энэ түрээс ер нь худалдъя гэсэн энэ саналыг хүлээж авсан. Гэхдээ энэ нь Иргэний хуулийн 44.2-т заасан болзол тавьж хийсэн хэлцэл хэрвээ 3 сард төлөхгүй бол түрээс болно шүү гээд хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл байгаа учраас энэ бол түрээсийн мөнгөө нэхэмжлэх хууль зүйн шаардлага үндэслэл байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв

 

3.3 Нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн нь Ц.*******ын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...1 дүгээрт нь энэ түрээсийн гэрээ биш байсан. ... эхлээд худалдан худалдан авах байж байгаад дараа нь түрээсэлчихсэн юм аа гээд л ярьж байсан. Тэгснээ сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээрээ болохоороо эхлээд түрээслэхгүй байж байгаад дараа нь худалдах худалдан авах болсон юм аа гэж байна. Тэгээд 3 сарын хугацаа өгсөн 3 сарын дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд түрээсээр тохиролцсон шүү гэдэг. Тэгэхээр энэ хугацаанд нь үүргийг гүйцэтгэл гэдэг чинь өөрөө хугацаа тодорхойлох бас Иргэний хуулийн тодорхой журам байна. ... 3 сарын хугацаа болбол ямар нэгэн байдлаар тохиролцоогүй ээ эд хөрөнгийг шилжүүлээд шилжүүлсэн худалдах худалдан авахад үүний дараа үнийг хэсэгчлэн төлж дуусгасан ийм л асуудал. 6 сараас хойш би хугацаагаа тооцож байгаа юм аа гэдэг. Яг бодит байдал дээр 2021 оны 7 сарын 20-ноос хойш тухайн ажил эхэлсэн. ...Тэгэхээр ер нь болбол хугацааны хувьд бол 7 сараас эхэлсэн. Тэгээд 6 сараас хойш төлбөр авна гэдэг. Үнэхээр түрээс байсан юм болбол яагаад түрээслүүлсэн он сар хугацаагаа яагаад мэдэхгүй байгаа юм. 2 дугаарт нь энэ хэрвээ түрээсийн гэрээ байсан юм болбол яагаад бичгээр байгуулагдаагүй юм. ... Түрээсийн гэрээний гол онцлог шинж бол хугацаа тохирно,  үнэ тохирно, бас адилхан сард ноогдох үнийг тохирно. Тэгэхээр энэ чинь бүхэл бүтэн 6 сарын дараа ахиад тэр 9 сарын 27-нд ковшийн 8 сая төгрөг шилжүүлээд, бүхэл бүтэн 9 сарын 27-ноос 3 сарын 12-ны өдөр 10 сая төгрөг шилжүүлээд, зогсоож болох байсан ч зогсоогоогүй. Яагаад гэхлээр энэ түрээсийн харилцаа явагдаагүй байхгүй юу. Түүнээс ахиад 2 сарын дараа 10 сая төгрөг шилжүүлээд ийм үнэхээр харилцаа хэсэг нь шууд зогсох ёстой. ... Түрээсийн гэрээ байсан юм болбол хугацаа болон үнийг нөгөө тал нь хүлээн зөвшөөрөөд харилцан тохиролцох ёстой байсан. Түрээсийн гэрээний болон түрээсийн гэрээний зүйлтэй холбоотой үнэ хугацаа тийм зүйл тохиролцоогүй ээ. Энэ дээр зөвхөн худалдах худалдан авах л харилцаа байсан. Тэгээд Анхбаяраас 35 сая төгрөг, үнэ нь ийм төгрөг байна аа гэдгийг ******* хүлээн зөвшөөрч байна шүү дээ.  3 сая төгрөг буулгаад за чи 35 саяд нь зарахаар боллоо шүү гэдэг асуудлыг бол тодорхой ярьж байгаа юм. ” гэв.

 

4.Нэхэмжлэгч Д.*******оос:  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 101 дугаартай прокурорын тогтоол (хх-ийн 123-124 дүгээр хуудас), М.*******, Д.******* нарын цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 125-130 дугаар хуудас), О.ын тайлбар (хх-ийн 134 дүгээр хуудас),

 

5.Хариуцагч М.*******аас: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 08.28-ны өдрийн 39 дугаартай хариу мэдэгдэх хуудас (хх-н 27 дугаар хуудас), М.*******ын Хаан банкин дахь депозит дансны хуулга (хх-ийн 28-59 дугаар хуудас),

 

6.Хариуцагч М.*******ын хүсэлтээр Н.*******, Г.*******, Б.*******, Ц.******* нараас гэрчээр мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийг  (хх-ийн 74-75,  84, 153-154, 157, 164-181 дүгээр хуудас), нэхэмжлэгч Д.*******ын Хаан банкны ************** дугаартай дансны хуулга (хх-н 164-181 хуу), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Д., Н. нараас гэрчийн  мэдүүлэг авсан ба эдгээр нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн болно.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

    

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн нь /итгэмжлэлд олгосон эрхийн дагуу/ хариуцагч М.*******т холбогдуулан гаргасан 40,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч Ц.******* нь “....................” ЗБНөхөрлөлд холбогдуулан гаргасан 63,000,000 нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримталж нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

  1. Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч М.*******, Ц.******* нараас .... улсын дугаартай, ХСМС маркийн ковш буюу өөрөө ачигч машиныг гаргуулж өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай, хариуцагч М.*******ын сөрөг нэхэмжлэлтэй Д.*******од холбогдуулан 67,500,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Ц.*******ын сөрөг нэхэмжлэлтэй Д.*******од холбогдуулан гаргасан өөрөө ачигч машиныг түрээслэн ажиллуулсны төлбөр 63,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Д.******* болон түүний дүү Ц.******* нараас .... улсын дугаартай ХСМС маркийн ковш буюу өөрөө ачигч машиныг 33,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 8,000,000 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 10,000,000 төгрөгийг, мөн өдөр 7,000,000 сая төгрөг нийтдээ Ц.*******ад 35,000,000 төгрөгийн төлбөрийг тус тус төлсөн. Хэрэв тухайн ковшийг түрээсэлж байсан бол 13,000,000 төгрөгийн засвар үйлчилгээг өөрөө санаачилагаараа хийхгүй байсан. Мөн хуульд заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй. Тухайн ковш машины төлбөрийг төлсөн хэмжээ, хугацааг анзаарвал түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, харин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь харагдана. Иймд тус өөрөө ачигч машиныг миний өмчлөлд шилжүүлж өгнө үү” гэж

 

  1.  Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.            Хариуцагч М.******* нь “Тухайн өөрөө ачигч машиныг Д.*******од худалдаагүй түрээсээр ашиглуулж байсан. Түрээсийн мөнгийг Д.******* бид хоёр тухайн үеийн орлогынхоо 50, 50 хувиар миний дансаар шилжүүлж төлдөг байсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.” гэж

  Хариуцагч Ц.******* нь “Д.*******, М.******* нар миний өөрөө ачигч техникийг түрээслэх, худалдан авахаар ярилцсан. Гурван сарын дотор төлбөрөө бүрэн төлбөл нэр шилжүүлэхээр, гурван сараас цааш төлбөрөө бүрэн төлөөгүй бол түрээсээр тооцохоор тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж

 

  1. Хариуцагч М.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

“-2022 оны 07 дугаар сарын 25-аас 10 дугаар сарын 25 хүртэл Д.*******той хамтран ажилласан. Дээрх хугацаанд 13-ын уурхайн талбай дээр 5000 тонн хүдэр борлуулахад бэлэн болгож үлдээсэн. Тухайн хүдрийг 1 тонныг нь 33,000 төгрөгөөр бодоход 165,000,000 төгрөг болно. Үүнийг гурван хүн буюу Д.*******, н.******* бид гурав хувааж авахаар тохирсон тул нэг хүний 55,000,000 төгрөг болно.

-Ажилчдад зориулж явуулын вагончигийг 15,000,000 төгрөгөөр худалдаж авсан, үүний 50 хувь буюу 7,500,000 төгрөгийг гаргуулна.

-Ажиллаж байх хугацаандаа уурхай дээр Камаз маркийн автомашины чиргүүлийн рам, тэвш, тэнхлэг зэргийг аваачиж тавьсан үүний үнэ 5,000,000 төгрөгийг, нийт 67,000,000 төгрөгийг Д.*******оос гаргуулна” гэж

 

  1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч М.*******ын сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан.  

“Хаан банкны дансны хязгаарлалтаас шалтгаалан М.*******ын дансаар төлбөр, тооцоог хийдэг байсан. Үүнийг хамтран ажиллаж байсан мэтээр мушгин гуйвуулж байна. М.*******ын зүгээс ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулсан зүйл байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж

 

  1. Хариуцагч Ц.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

“Д.*******, М.******* нартай миний өөрөө ачигч техникийг түрээслэх, худалдан авах талаар ярилцсан. Худалдаж авахаар бол гурван сарын дотор төлбөрөө бүрэн барагдуулна, барагдуулаагүй тохиолдолд нэг сарын түрээсийн төлбөрийг 6,000,000 төгрөг байхаар ярьсан. Миний техник нийт 16 сар ажилласан төлбөр болох 96,000,000 төгрөгөөс Д.*******, М.******* нарын төлсөн 33,000,000 төгрөгийг хасаад 63,000,000 төгрөгийг Д.*******оос нэхэмжилж байна.” гэж

 

Нэхэмжлэгч Д.******* сөрөг нэхэмжлэлийг “Ц.******* гэж хүнийг танихгүй, түүнтэй ямар нэгэн байдлаар техник түрээслэх, худалдан авах талаар амаар болон бичгээр тохиролцсон зүйл байхгүй, өөрийгөө уг хэргийн хариуцагч биш гэж үзэж байна” гэх үндэслэлээр няцаасан. 

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн М.*******ын Хаан банкны ................ дугаартай, Д.*******ын Хаан банкны ************** дугаартай дансны хуулга, гэрч Г.*******, Ц.*******, Д., Н. нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

     Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

     Д.*******, М.******* нар нь Ц.*******ын өмчлөлийн .... улсын дугаартай өөрөө ачигчийг 33,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 8,000,000, 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000, 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000, 2022 оны 06 дугаар сард 5,000,000 төгрөгийг нийт 33,000,000 төгрөгийг Ц.*******ын дансанд шилжүүлжээ.

    

     Шилжүүлсэн мөнгөн дүнгийн талаар талууд маргаагүй бол гэрээ байгуулагдах үед өөрсдийн илэрхийлсэн хүсэл зоригийн агуулгыг өөр өөрөөр тайлбарлаж байгаагаас шалтгаалан талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, гол нөхцөлийг тогтоох шаардлага бий болсон болно. Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний төрөлд хамаардаг бол түрээсийн гэрээ нь бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэх гэрээний төрөлд хамаарч өөр өөр эрх зүйн үр дагаврыг бий болгодог.

      Хэрэгт авагдсан М.*******, Д.******* нарын дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлэг, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн агуулга зэрэгт дүгнэлт хийж үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

     Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээгээр түрээслэгч нь тохиролцсон адил хэмжээний төлбөрийг тогтмол хугацаанд түрээслүүлэгчид төлж үүргээ биелүүлдэг. /ихэвчлэн/ Тэгвэл хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагчийн дансны хуулганд дүн шинжилгээ хийхэд төлбөрийг тогтоосон нэг хугацаанд, адил хэмжээгээр төлж байгаагүй болох нь харагдана. Мөн хэрэгт авагдсан гэрч Г.*******, Д., Н. нарын мэдүүлэгт Д.*******, М.******* нарыг маргаан бүхий хөрөнгө болох өөрөө ачигчийг худалдан авах талаар хүсэл зоригоо илэрхийлэн ярилцаж байсныг гэрчлэн мэдүүлсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Гэрээний дагуу талуудын ашиг сонирхлыг хангахын тулд гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан, хүчин төгөлдөр байх ёстой бөгөөд тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцлийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Хариуцагч талаас хэлэлцэн тохирсон гурван сарын хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй буюу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлснээс худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарлан мэтгэлцэх боловч талуудын анх тохиролцсон маргаангүй үнийн дүн болох 33,000,000 төгрөгийг худалдан авагч тал болох Д.*******, Ц.******* нар нь бүрэн шилжүүлсэн, хариуцагч Ц.*******аас нэхэмжлэгч талыг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн талаар ямар нэгэн шаардлага гаргаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Худалдах, худалдан авах гэрээ нь дээр дурдсанчлан бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх гэрээний төрөлд хамаардаг. Нэхэмжлэлийн шаардлага ч маргаан бүхий хөрөнгө болох өөрөө ачигчийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах талаар байна. Хэрэгт авагдсан нотлох баримт болох банкны дансны хуулгаар нэхэмжлэгчийн ************** дугаартай данснаас хариуцагч М.*******ын ................ дугаартай данс руу тодорхой гүйлгээний утга бүхий мөнгө зарлага болон гарчээ. Тухайлбал:

  1. 2021.09.27-нд “m” гэх утгаар 1,000,000 төгрөг,
  2. 2021.10.17-нд “boldoo гэх утгаар 1,700,000 төгрөг,
  3. 2021.10.20-нд “anhaad гэх утгаар 5,000,000 төгрөг,
  4. 2022.03.12-нд “boldoogoos гэх утгаар 20,000,000 төгрөг,
  5. 2022.03.14-нд “boldoo гэх утгаар 500,000 төгрөг,
  6. 2022.04.15-нд “b” гэх утгаар 100,000 төгрөг,
  7. 2022.04.19-нд “11” гэх утгаар 50.000 төгрөг,
  8. 2022.04.30-нд “boldoo гэх утгаар 6,000,000 төгрөг,
  9. 2022.05.10-нд “boldoo гэх утгаар 9,900,000 төгрөг,
  10.  2022.05.14-нд “zarlag гэх утгаар 16,800,00 төгрөг,
  11.  2022.05.15-нд “b гэх утгаар 114,000 төгрөг,
  12.  2022.05.18-нд “boldoo гэх утгаар 3,700,000 төгрөг,
  13.  2022.05.30-нд “boldoo гэх утгаар 400,000 төгрөг

   Дээрх дансны гүйлгээгээр ковш буюу өөрөө ачигчийн үнийг зөвхөн Д.******* ганцаар төлдөг байсан гэх тайлбар няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл Д.*******оос М.*******т шилжүүлсэн мөнгөн дүн өөрөө ачигчийн үнийн дүнгээс хэтэрсэн байгаа нь тухайн гүйлгээ зөвхөн өөрөө ачигчийг худалдан авахад зарцуулагдаж байгаагүйг, 2021 оны 09 дүгээр сарын 27-нд Ц.*******ад шилжүүлсэн 8,000,000 төгрөгийн тодорхой хувийг М.******* өөрөөсөө гаргаж байсныг болон М.*******ын “тухайн өөрөө ачигчийг Д.******* бид хоёр 50, 50 хувиар үнийг нь төлж худалдан авах гэж байсан юм” гэх тайлбарыг давхар нотолж байна гэж үзлээ.

   Энэхүү нотлох баримтуудаар тухайн маргаан бүхий өөрөө ачигчийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах тухай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан шаардах эрхийг нэхэмжлэгч Д.******* дангаар хэрэгжүүлэх боломжгүй байна гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

   Хариуцагч М.*******ын 67,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн талаар:

   Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь диспозитив зарчим буюу оролцогчдын хүсэлт, санаачилгын үндсэн дээр явагддаг. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх зэрэг харилцан зөвшилцөн сайн дурын үндсэн дээр асуудлаа өөрсдийн хүсэл зоригоор шийдвэрлэх боломжтой гэсэн ойлголт юм. Ийнхүү талуудын хүсэл санаачилгын үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаг тул талууд мөн өөрийн нэхэмжлэлийн шаардлага, татгалзал түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргийг хүлээдэг.

   Хариуцагч М.******* нь “13-ын уурхайн талбай дээр 5000 тонн хүдэр гаргасан, 1 тонныг нь 33,000 төгрөгөөр тооцож гурван хүн болох *******, ******* бид гурав хувааж авахаар тохирсон. Мөн уурхай дээр камаз автомашины чиргүүлийн рам, тэвш зэргийг аваачиж тавьсан тул тэдгээрийн үнийг гаргуулна” гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. М.*******ын хүсэлтээр нэр бүхий гэрчүүдээс мэдүүлэг авсан боловч энэхүү үйл явдлыг нотолсон мэдүүлгийг өгөөгүй болно.

   Мөн сөрөг нэхэмжлэлд дурдсан явуулын вагончигийг Д.*******ын хамт 15,000,000 төгрөгөөр худалдан авсан тул 50 хувь болох 7,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай нь холбогдуулан нэхэмжлэгч талаас О. гэх хүний тайлбарыг шүүхэд ирүүлсэн. /хх-н 134 хуу/ Тайлбарт “тус зөөврийн сууцыг Д.*******од худалдахаар аман гэрээ хийсэн, төлбөрийг бүрэн төлж дууссан тул зөөврийн сууц Д.*******ын өмч болсон” гэх утга агуулга тусгагджээ. Энэхүү нотлох баримттай холбогдуулан М.*******аас хариу тайлбар, хүсэлт, нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул дээрх тайлбарыг үнэн зөв гэж үнэлсэн болно.

Үүнийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч М.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан “зохигч ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэх хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үр дагаварт хүргэдэг.

  

Хариуцагч Ц.*******ын 63,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагчаас өөрийн өмчлөлийн авто ачигч /ковш/-ийг нэхэмжлэгч нийт 16 сар өөрийн уурхай дээр ажиллуулсантай холбоотойгоор түрээсийн төлбөр 63,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх үндсэн нэхэмжлэлийн талаарх дүгнэлтийг хийхдээ талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.*******, хариуцагч М.*******, Ц.******* нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Мөн хариуцагч М.*******ын  нэхэмжлэлийн шаардлагын талаар хийсэн дүгнэлттэй адил буюу нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч Ц.*******ын нэхэмжлэлийг нотлогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул зохигчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөн дүнг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож шийдвэрлэсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч М.*******, Ц.******* нараас “.... улсын дугаартай, ХСМС маркийн ковш буюу авто ачигч машиныг гаргуулж өөрийн өмчлөлд шилжүүлэх” тухай,

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.*******ын сөрөг нэхэмжлэлтэй Д.*******од холбогдуулан гаргасан “67,500,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******ын сөрөг нэхэмжлэлтэй Д.*******од холбогдуулан “63,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522,950 төгрөг, хариуцагч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495,450 төгрөг, хариуцагч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,950 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар .... улсын дугаартай, ***************** бүртгэлийн дугаартай, ХСМС маркийн ковш буюу авто ачигч машиныг битүүмжилсэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Р.БАТБАЯР