| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 194/2026/0595/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/615 |
| Огноо | 2026-03-05 |
| Зүйл хэсэг | 21.7.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2026/ШЦТ/615
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч П.Шижиртуяа,
хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Ц,
шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э-ийн М-д холбогдох эрүүгийн 2511036450091 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Э.М нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 168 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Лхагвасүрэнгийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 23300647/168/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн ******** улсын дугаартай “Тоёота рактис” маркийн тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор үрэгдүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хууль ёсны төлөөлөнч, иргэний нэхэмжлэгч Э.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тухайн эд хөрөнгийг битүүмжлээд Золбаяр гээд дүүд нь хариуцуулан үлдээсэн. Өөрөө нэг удаа ирж уулзаад түүнээс хойш хаягтаа байхгүй байсан ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 8-9 удаа очсон. Манай байгуулаагаас нэхэмжлэх зүйлгүй. Төлбөр төлөгчид нийт 7,084,557 төгрөгийн төлбөр байсан ба үүнээс төлсөн мөнгө нь 927,458 төгрөг үлдэгдэл 6,157,099 төгрөг байгаа” гэв.
Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2511036450091 дугаартай хэргээс:
Улсын яллагч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ГХ2023/00404 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-ийн 3-р хуудас/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 182/Ш32023/04426 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 4-5-р хуудас/, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, гэрч Н.Э-ийн мэдүүлэг, /хх-ийн 39-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээч Ц.Түвшинцэнгэлийн дүгнэлт /хх-ийн 43-49-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч Э.М нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Э.М-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Э.М нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 168 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Лхагвасүрэнгийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 23300647/168/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн ******** улсын дугаартай “Тоёота рактис” маркийн тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор үрэгдүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ГХ2023/00404 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-ийн 3-р хуудас/,
- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 182/Ш32023/04426 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 4-5-р хуудас/,
- Хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Ц-ын: “Миний бие 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс хойш өдрийг хүртэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээр 4 дэх жилдээ ажиллаж байна. Манай байгууллага нь иргэний төлбөр барагдуулах ажиллагаан дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, би Чингэлтэй дүүргийн 2, 13, 14 дүгээр хороог хариуцан ажиллаж байна. Хариуцан ажиллаж байх хугацаандаа 23300647 дугаартай гүйцэтгэх баримт бичиг дээр шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр битүүмжилсэн Тоёота рактис гэх нэртэй 2009 оны хар өнгийн 5157УБХ гэх улсын дугаартай тээврийн хэрэгслийг эд хөрөнгө битүүмжлэх 23300647/168/01 дугаартай тогтоолоор Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20 дугаар гудамжны 473 тоотод битүүмжилсэн боловч төлбөр төлөгч нь дээрх эд хөрөнгийг нуун дарагдуулж, уг битүүмжилсэн газар тээврийн хэрэгсэл маань байхгүй. Төлбөр төлөгч нь тус хашаагаа түрээслээд утсаар нь холбогдох гэхэд авахгүй алга болсон байх тул Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 217 дугаар зүйлд заасны дагуу цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
- Гэрч Н.Э-ийн: “Би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20-473 тоотод 2019 оноос хойш М-ийн ээж Янжинсүрэнтэй амьдардаг байсан. Тэгтэл Янжинсүрэнгийн хүү болох М нь эхнэр Ариунжаргалаас салаад Ариунжаргал нь тухайн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20- 473 тоотод байрлах хашаа байшингаа зараад явсан. Тэгээд бид нар нүүхээс өөр сонголтгүй болсон. Тэгтэл 2025 оны 4 дүгээр сард М-ийн эхнэр Ариунжаргал хашаанд байсан. Тоёота рактис маркийн 5157 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг энэ машинаа ав гэсэн. Тэгээд авсан эзэн нь хүртэл машинаа ав гэж хөөгөөд байсан бөгөөд уг машин нь мотор явдаггүй байсан учир би хүн гуйж хашаанаас гаргаж гудманд 1 сар гаран байлгаж байгаад 2025 оны 8 сард төмөр авдаг хүн дуудаад машиныг нь өгсөн. Тухайн машин нь моторгүй явдаггүй бас кузов нь эвдэрхий суурь нь ханзарчихсан зөв талын хойд тал нь мөргөлдчихсөн машин байсан тул төмрийнхөн 800,000 төгрөгөөр би бэлнээр зарсан. Би тухайн тээврийн хэрэгслийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас битүүмжилсэн тээврийн хэрэгсэл байсныг мэдээгүй ээ, М ч надад хэлээгүй. Гэнэт п эхнэртэйгээ гэр бүлийн асуудлаас болоод салаад алга болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-49-р хуудас/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.М-ийн яллагдагчаар өгсөн: “Би эд хөрөнгө битүүмжлэх №23300647/168-1 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг өөрийн төрсөн дүү болох Золбаяраас гардаж авсан. Би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлааст 20-473 тоотод 2019 оноос хойш өөрийн салсан эхнэр Ариунжаргал болон 3 хүүхдийн хамт 6 жил амьдраад 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тухайн Отгонцэцэг гэх эмэгтэй нэхэмжлэлээс болон өр зээлийн асуудлаас болж хоорондоо маргалдаж салахаар болоод Баянзүрх дүүрэгт байрлах дүүгийнх рүү амьдрахаар явсан. Тэгээд тухайн битүүмжилсэн байсан тээврийн хэрэгслийг хөдөлгөж болохгүй тул. Чингэлтэй дүүргийн дүүргийн Хайлааст 20-473 тоотод үлдээгээд явсан. Уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн гэдгийг би болон манай дүү Золбаяр болон эхнэр Арвинжаргал нар нь мэдэж байсан. Мэдээд ганц ч хөдөлгөдөггүй байсан. Түүний дараа 2025 оны 03 дугаар сард манай эхнэр болох Арвинжаргал гэх хүн нь тухайн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлааст 20-473 тоотод хашаа байшинг өөр хүнд зараад манай ээж болон хамтран амьдрагч нар нь нүүсэн байсан. Тэгээд түүний дараагаар авсан эзэн нь хашаанаас уг 5157УБХ улсын дугаартай тоёота рактис гэх тээврийн хэрэгслийг ав гэсэн тул манай ээжийн хамтран амьдрагч болох Э гэх хөгшин Чингэлтэй дүүргийн Хайлаастын эцэст байрлах автобусны буудал дээр байлгаж байгаад 2025 оны 9 дүгээр сард төмрөнд тушаасан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийх гэмт хэргийн объект нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэвийн үйл ажиллагаа бөгөөд гэмт этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, дүр эсгэн биелүүлсэн, битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, дүр үзүүлсэн гэрээ байгуулсан идэвхитэй үйлдэл хийсэн байхыг шаарддаг боловч уг үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн шинжтэй, гэмт үйлдэл хийснээр төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.
Шүүгдэгчид холбогдох шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөртэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтад “хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах, эсхүл хөрөнгийг хамгаалах” гэсэн заалтын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 168 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 23300647/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор ******** улсын дугаартай “Тоёота рактис” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна.
Шүүгдэгч Э.М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.8 дэх хэсэгт заасан “Битүүмжилсэн, барьцаалсан хөрөнгийг захиран зарцуулахыг хориглосон, эсхүл түүнийг эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах тухай шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг төлбөр төлөгч зөрчсөн бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэх үүргийг хэрэгжүүлж байх хугацаандаа шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжилсэн байсан ******** улсын дугаартай “Тоёота рактис” маркийн тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор үрэгдүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсооно” гэж заасныг зөрчсөн байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Э.М нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 168 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Лхагвасүрэнгийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 23300647/168/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн ******** улсын дугаартай “Тоёота рактис” маркийн тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор үрэгдүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө үрэгдүүлсэн, оршин суугаа газраа өөрчилсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирол учраагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Э.М нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2596 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн дагуу төлбөр авагч А.Отгонцэцэгт нийт 7,084,557 төгрөгийн төлбөр төлөх байснаас 927,458 төгрөгийг төлж, үлдэгдэл 6,157,099 төгрөгийн төлбөр байгаа болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 11 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах ” саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулсан нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулан, эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Э-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө үрэгдүүлсэн, оршин суугаа газраа өөрчилсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.
6. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ