Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0549

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Тэнгэр-Уул констракшн ХХК /РД:2792745/,                                           

Хариуцагч: Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Батжаргал, Б.Алтанзул нарт холбогдох нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгохтой холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрал, Г.Мөнхбат, хариуцагч А.Батжаргал, Б.Алтанзул, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дайриймаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Тэнгэр-Уул констракшн ХХК нь тус шүүхэд хандан Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Батжаргал, Б.Алтанзул нарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Тэнгэр-Уул констракшн ХХК нь 2005 оноос барилга засвар, гадаад худалдаа, кабель суурилуулах, автомашины засвар үйлчилгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Баянгол дүүргийн татварын хэлтэстэй харилцаж ирсэн.[1]

2.2. Баянгол дүүргийн татварын хэлтсээс 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр Татварын улсын байцаагч С.Дашмаа, Ё.Энх-Оюун нар 2010-2011 оны албан татвар ногдуулалт, төлөлтийг анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, санхүүгийн тайлан, албан татварын ногдуулалтын тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт хяналт шалгалт хийж, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 260028 дугаартай Татварын улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэж,[2] 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

2.3. Түүний дараа буюу 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр татварын улсын байцаагч нар Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай илтгэх хуудас үйлдсэн[3] бөгөөд нэхэмжлэгч компанийн 2010-2011 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Дашмаа, Ё.Энх-Оюун нар 260028 тоот дүгнэлт /263313 тоот акт/-ээр 731.1 мянган төгрөгийн төлбөр ногдуулж, мөн Дөрвөн гангууд ХХК-ийн 79031.4 мянган төгрөгийн, Хүслийн дээд ХХК-ийн 215635.3 мянган төгрөгийн, Түмэн хишиг сайхан ХХК-ийн 293727.5 мянган төгрөгийн борлуулалтын орлого байдлаар хуурамчаар хий падаан бичигдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг тайлагнасан зөрчил гаргасан гэж үзсэн.

2.4. Улмаар дээр дурдсан 2011 онд 293,727,455 төгрөгийн хуурамч падаантай худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр зах зээлээс худалдан авсан гэж тайлагнасан нь төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчил гэж татварын байцаагч нар үзэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно., мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт худалдан авагч нь бэлтгэн нийлүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэснийг зөрчсөн, мөн 2010 оны зөрчилд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хариуцлага ногдуулаагүй /Тухайн татварт нөхөн татвар, торгууль, алданги ногдох ёстой байтал татварын албанаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ногдуулаагүй. Мөн 2011 оны зөрчилд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу торгууль, алдангиас чөлөөлсөн/ гэж үзээд 29 372 745.5 /хорин есөн сая гурван зуун далан хоёр мянга долоон зуун дөчин таван төгрөг 50 мөнгө/ төгрөгийн нөхөн татвар бүхий маргаж буй НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актыг үйлджээ.[4]

2.5. Анх гаргасан 2012 оны 260028 тоот дүгнэлтэд холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 705 дугаартай тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.[5]

2.6. Ингэхдээ явцын дунд буюу 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр татварын улсын байцаагч нараас Илтгэх хуудас үйлдсэний маргааш буюу 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч компаниас Баянгол дүүргийн татварын хэлтсийн Хас банк дахь дансанд НӨАТ-ын нөхөн татвар гүйлгээний утгаар 58 839 500.00 /тавин найман сая найман зуун гучин есөн мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлсэн.[6]

2.7. Баянгол дүүргийн татварын хэлтэс нь 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 705 дугаартай тогтоолыг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/3506 тоот албан бичгээр хүлээн авчээ.[7]

2.8. Нэхэмжлэгчийн зүгээс ... Нэгдүгээрт, төлөгдсөн татварыг давхардуулж авсан байна. Төлөгдсөн татвартай холбогдох материалууд хоёр талаас бүрэн ирсэн байсан. Материал нь ирсэн тул энэ асуудал нэг талд нь гарсан гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, хөөн хэлэлцэх хугацааны асуудал. Татварын улсын байцаагч нарын тавьсан акт 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гарсан прокурорын тогтоолыг 2020 онд хүлээж авснаар, гардаж авсан гэдэг үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаагаа тасалдсан гэж үзсэн. Маргаан таслах зөвлөл бас тэгж үзсэн байсан. Шинээр 2019 онд батлагдсан Татварын ерөнхий хуулийг үзэхэд эцсийн шийдвэрийг хүлээж авсан, гардаж авсан гэдэг асуудал байхгүй. Эцсийн шийдвэр гарсан тохиолдолд л гарсан гэнэ. Хэзээ эцсийн шийдвэр гарсан тухай асуудлыг бид ярих хэрэгтэй болно. Эцсийн шийдвэрийг тухайн үеийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.4-т зааж өгсөн. Тогтоол гараад 3 хоногийн дотор мэдэгдэнэ. 7 хоногийн дотор гомдол гаргана гэж заасан ... 2015 онд хэрэгсэхгүй болсон хэргийг 2017 онд урьд нь төлсөн байсан татварыг ондоо төрлийн татвар руу суутгасан. Нөхөн татварыг нь тайлангийн татвар руу ногдлыг нь бууруулаад буцаан суутгасан. Энэ суутгал нь Татварын хуульд ямар байдаг гэвэл одоогийн болон тухайн үеийн Татварын хууль дээр ч байгаа. Зөвхөн илүү төлсөнд татварыг буцаж суутгадаг. Буцааж бууруулж суутгахад татвар төлөгчийн зөвшөөрөл байх ёстой. Энийг яаж нотолж байгаа гэвэл татварын байцаагч 2022 онд хяналт шалгалт хийх үедээ ярилцлагын тэмдэглэл дээр зөвшөөрөл ирсэн үү гэж асуусан байсан. Зөвшөөрлөөр тайлангаа буулгасан уу? Бид зөвшөөрөөгүй. Бид 2013 онд тухайн ногдуулсан татвараа төлсөн байсан. Төлсөн татвараа хэрэг хаагдаад дууссан гэж ойлгоод явж байсан. Түүний дараа 2017 онд татвар төлөгчид мэдэгдэлгүй бууруулсан юм шиг байгаа юм. Хэрвээ зөвшөөрөлтэй бол нотлох баримтаа үзүүлнэ биз. Татварын албаны цаг хугацаа алдсан байдлаас болоод 2021 оны 10 дугаар сард албан бичиг ирсэн. Энэ албан бичгийг 2022 оны 04 дүгээр сард томилолтуудыг үүсгэсэн байгаа юм. Дээрээс нь 2015 онд хэрэг хэрэгсэхгүй болсон байхад 2017 онд илүү төлсөн татвар гэж үзээд тайлангийн татвар гээд суутгасан. Ингэж суутгахдаа татварын байцаагч нар яагаад утасдаад асууж болоогүй юм бэ? ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.9. Хариуцагч нарын зүгээс ... 2011 онд 293,727,455 төгрөгийн хуурамч падаантай худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр зах зээлээс худалдан авсан гэж тайлагнасан байдаг нь төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчил гэж үзэж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг худалдан авагч нь бэлтгэн нийлүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй. Хяналт шалгалтын явцад ямар нэгэн хасаж тооцсон зүйл байхгүй. 2010 оны зөрчилд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хариуцлага ногдуулаагүй. Тухайн татварт нөхөн татвар, торгууль, алданги ногдох ёстой байтал татварын албанаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ногдуулаагүй. Мөн 2011 оны зөрчилд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу торгууль, алдангиас чөлөөлсөн байдаг. Торгууль, алдангиас чөлөөлж байна гэдэг нь тухайн татвар төлөгчийн байдлыг дээрдүүлж үзсэн гэж үзээд НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн. Үндэслэл нь юу гэвэл Тэнгэр-Уул констракшн ХХК-ийн гарган ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар худалдан авалтын жагсаалтыг нэгтгэж үздэг. Тэнгэр-Уул констракшн ХХК нь Түмэн хишиг сайхан ХХК-иас 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 164,487,000 төгрөг, 129,240,000 төгрөгийн тус тус нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авсан байдаг. Нийтдээ 293,727,455 төгрөгийн худалдан авалтыг хийсэн ... Татварын хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэж гарсан байдаг. Энэ хуулийн 7 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хугацааны тасалдлыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль буюу одоо үйлчилж байгаа шинэ хуульд заасны дагуу тогтооно гэсэн байдаг. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж үзэж байгаа. Тэгэхээр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан хугацааг бид хөөн хэлэлцэх хугацааг тасалдана гэж үзэж байгаа. Мөн Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газраас тухайн маргаад байгаа асуудалтай холбоотойгоор чиглэл ирүүлсэн байдаг. Үүнийг үндэслэсэн. Мөн татварын улсын байцаагч С.Дашмаа, Ё.Энх-Оюун буюу тухайн 2012 онд татварын хяналт шалгалт хийгээд 10 дугаар сарын 31-ний өдөр дүгнэлтийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байдаг. Цагдаагийн ерөнхий газрын улсын мөрдөн байцаах газарт шалгуулахаар 2012 онд шилжүүлж, 2015 онд прокурорын тогтоол гарсан. Энэ тогтоолыг бид бүгд 2020 оны 07 дугаар сард гардаж авч байгаа учраас тухайн хөөн хэлэлцэх хугацаа тасалдлыг дор дурдсанаар тооцсон ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид татварын улсын байцаагчийн тавьсан актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл дээрээ хоёр үндэслэл гаргасан. Нэгдүгээрт төлөгдсөн татварыг давхардуулж авсан байна. Төлөгдсөн татвартай холбогдох материалууд хоёр талаас бүрэн ирсэн байсан. Материал нь ирсэн тул энэ асуудал нэг талд нь гарсан гэж ойлгож байгаа. Хоёрдугаар асуудал нь хөөн хэлэлцэх хугацаа. Татварын улсын байцаагч нарын тавьсан акт 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гарсан прокурорын тогтоолыг 2020 онд хүлээж авснаар, гардаж авсан гэдэг үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаагаа тасалдсан гэж үзсэн. Маргаан таслах зөвлөл бас тэгж үзсэн байсан. Шинээр 2019 онд батлагдсан Татварын ерөнхий хуулийг үзэхэд эцсийн шийдвэрийг хүлээж авсан, гардаж авсан гэдэг асуудал байхгүй. Эцсийн шийдвэр гарсан тохиолдолд л гарсан гэнэ. Хэзээ эцсийн шийдвэр гарсан тухай асуудлыг бид ярих хэрэгтэй болно. Эцсийн шийдвэрийг тухайн үеийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.4-т зааж өгсөн. Тогтоол гараад 3 хоногийн дотор мэдэгдэнэ. 7 хоногийн дотор гомдол гаргана гэж заасан. Эрүүгийн хуулийн холбогдолтой хугацаа ярьж байгаа учраас бид Эрүүгийн хуулийн зарчмуудыг үзэх ёстой. Эрүүгийн хууль шуурхай шийдвэрлэгдэх зарчимтай байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт дээр заасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрд зохих ялыг шударгаар оногдуулах гэж байдаг. Хэрвээ шуурхай шийдэх ёстой бол Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 96 дугаар зүйлд цаг хугацааг яаж тоолох асуудал байдаг. 96.1 дээр хугацааг цаг, хоног, сар, жилээр тоолно. 96.3-т хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлчийн хоногийн 24 цагт дуусна гэж заасан. 209.4-т хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг сэжигтэн, яллагдагч, хохирогчид 3 хоногийн дотор мэдэгдэж, гомдол гаргах журмыг тайлбарлан өгнө. Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газраас Хуулийн хэрэгжилт хангах газраас 2021 онд бичиг ирсэн. Үүн дээрээ жишээ дурдсан. Энэ дурдсан бичгээр үндэслээд байцаагч нар акт тавьсан гэж хариу тайлбартаа бичсэн байсан. Энэ нь асуудалтай. Учир нь 2015 онд хэрэгсэхгүй болсон хэргийг 2017 онд урьд нь төлсөн байсан татварыг ондоо төрлийн татвар руу суутгасан. Нөхөн татварыг нь тайлангийн татвар руу ногдлыг нь бууруулаад буцаан суутгасан. Энэ суутгал нь Татварын хуульд ямар байдаг гэвэл одоогийн болон тухайн үеийн Татварын хууль дээр ч байгаа. Зөвхөн илүү төлсөнд татварыг буцаж суутгадаг. Буцааж бууруулж суутгахад татвар төлөгчийн зөвшөөрөл байх ёстой. Эдгээр заалтууд нь байхгүй байна. Энийг яаж нотолж байгаа гэвэл татварын байцаагч 2022 онд хяналт шалгалт хийх үедээ ярилцлагын тэмдэглэл дээр зөвшөөрөл ирсэн үү гэж асуусан байсан. Зөвшөөрлөөр тайлангаа буулгасан уу? Бид зөвшөөрөөгүй. Бид 2013 онд тухайн ногдуулсан татвараа төлсөн байсан. Төлсөн татвараа хэрэг хаагдаад дууссан гэж ойлгоод явж байсан. Түүний дараа 2017 онд татвар төлөгчид мэдэгдэлгүй бууруулсан юм шиг байгаа юм. Хэрвээ зөвшөөрөлтэй бол нотлох баримтаа үзүүлнэ биз. Татварын албаны цаг хугацаа алдсан байдлаас болоод 2021 оны 10 дугаар сард албан бичиг ирсэн. Энэ албан бичгийг 2022 оны 04 дүгээр сард томилолтуудыг үүсгэсэн байгаа юм. Дээрээс нь 2015 онд хэрэг хэрэгсэхгүй болсон байхад 2017 онд илүү төлсөн татвар гэж үзээд тайлангийн татвар гээд суутгасан. Ингэж суутгахдаа татварын байцаагч нар яагаад утасдаад асууж болоогүй юм бэ? Татварын ерөнхий хууль дээр байж байгаа. Эдийн засагч нь тэр үедээ тайлангуудаа гаргаад, жил болгон жилийн эцсийн нэгтгэлүүдээ гаргаж байгаа. Эдгээр нь бүгд хийгдээгүй, хэрэг хаагдаагүй гэдэг байдлаар явж байгаад 2015 оны хэрэгсэхгүй болсон тогтоолыг 2017 онд асуугаагүй. 2017 онд асуусан бол энэ асуудал үүсэхгүй. 2021 онд бичиг ирэхэд нь дор нь асуусан бол өмнөх 2010 оны асуудал орох ёстой байсан. Гэтэл тэгээгүй 2022 онд үүссэн. Энэ нь өөрсдийн цаг хугацааны алдагдлын асуудал байгаа юм. Тэгээд энийгээ албан бичгээр тайлбарладаг нь хуульд нийцэхгүй байна ... Би өөрөө татварын албанд 20 гаруй жил ажилласан хүн. Тухайн үед ч байсан. Тухайн үед нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой хэрэг гээд 6000 гаруй падааны асуудал үүссэн. Үүнийг улсаас яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр шүүхийн байгууллагаас зөвлөмж гараад, хэрвээ тухайн байгууллагын хүмүүс нь өөрсдөө хэргээ хүлээн зөвшөөрөөд нөхөн татвараа төлөх бол хэргийг нь хэрэгсэхгүй болгоно гэдэг байдлаар шийдэж байсан. Тиймээс бүх байгууллагынхан хэрвээ хүлээн зөвшөөрөөд төлбөл хэргийг нь шийдээд явж байсан. Энэ бараг кампаничилсан арга хэмжээ болж байсан ... Төрийн алба тухайн цаг үедээ илүү төлсөн татвар, дутуу төлсөн татваруудын хоорондох асуудлуудыг бүгдийг нь тооцоог нь тухайн үед эдийн засагч гаргадаг байсан. Эдгээрийг гаргаад хариуцсан байцаагч нартаа танайх илүү төлөлттэй, танайх дутуу төлөлттэй байна гэдэг асуудлуудыг гаргаж тавиад, түүгээр нь байцаагч чиглэл чиглэлээр ажилладаг журамтай. Энэ нь тухайн үеийн Татварын ерөнхий хууль, журам дээр нь тусчихсан байгаа. Миний асуух гээд байгаа зүйл нь хэзээ ч хүний юмыг ингэж тавьж болохгүй гэж яриад байна. Тэгэхээр илүү төлсөн татвар гэж үзэж байгаа болоод буцааж суутгасан гэдэг нь ойлгомжтой болж байна. Буцааж суутгасан юм бол хүсэлтийг нь нотолсон нотлох баримт байна уу? Хүсэлт бичгээр өгсөн юм уу? Тэр өгсөн бичиг нь байгаа юм уу? Байвал тэрийгээ үзүүлчих ээ л гэж хэлэх гээд байгаа юм ... Эцсийн дүндээ яг юу болоод байгаа гэхээр татвар төлөгчийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татварыг цаг тухайд нь зөв бүртгэж аваагүй. Энийг яаж авдаг байсан бэ гэдгийг нь би мэдэж байгаа. Түр дансанд авч байгаад тухайн үед нь хаагаад хаагаад явчихдаг байсан юм. Үүнийг цаг тутамд нь хийж байх ёстой байсан. Үүнийгээ хийгээгүй хаячихсан л асуудал байгаа юм. 2015 онд эцсийн шийдвэр гарч байхад 2017 онд суутгаж байгаа юм. Суутгахдаа утасдаад асуучихсан бол ийм асуудал гарахгүй шүү дээ. 2021 онд гарч байхад тэрийг бас 2021 онд бичиг ирэхээр нь ахиад 2022 онд явуулж байгаа юм. гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дайриймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Батжаргал, Б.Алтанзул нар Хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж. 2622401073 тоот томилолтоор Хууль хяналтын байгууллагын хүсэлтээр иж бүрэн шалгалтыг тухайн компанид хийж гүйцэтгэсэн. 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны буюу 1 жилийн хугацаанд татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын иж бүрэн хяналт шалгалтыг хийж дуусгасан. Энэхүү шалгалтын явцад дараах нөхцөл байдлууд тогтоогдсон. Тэнгэр-Уул констракшн ХХК нь 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Дашмаа, Ё.Энх-Оюун гэдэг байцаагч нар 2010-2011 оны байдлаар албан татвар ногдуулалт, төлөлтийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, санхүүгийн тайлан, албан татварын ногдуулалт төлөлтийн болон хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Үүний дараагаар 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 260028 тоот дүгнэлт бичсэн байдаг. Тухайн дүгнэлтийг 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эрүүгийн шинжтэй байна гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Цагдаагийн байгууллага шалгаж үзээд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 705 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдаг. Эрүүгийн хариуцлагын тухайд ярьж байгаа юм. Энэ нь төсөвт төлөх татвараа бууруулсан буюу захиргааны шинжтэй үйлдлийг нь дээрх тогтоол дээр дурдаагүй байдаг. Энэ бол тухайн захиргааны байгууллагаар хянаж шалгагдаж шийдэгдэнэ гэсэн үг. Мөн 2011 онд 293,727,455 төгрөгийн хуурамч падаантай худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр зах зээлээс худалдан авсан гэж тайлагнасан байдаг нь төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчил гэж үзэж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг худалдан авагч нь бэлтгэн нийлүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй. Хяналт шалгалтын явцад ямар нэгэн хасаж тооцсон зүйл байхгүй. 2010 оны зөрчилд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хариуцлага ногдуулаагүй. Тухайн татварт нөхөн татвар, торгууль, алданги ногдох ёстой байтал татварын албанаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ногдуулаагүй. Мөн 2011 оны зөрчилд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу торгууль, алдангиас чөлөөлсөн байдаг. Торгууль, алдангиас чөлөөлж байна гэдэг нь тухайн татвар төлөгчийн байдлыг дээрдүүлж үзсэн гэж үзээд НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн. Үндэслэл нь юу гэвэл Тэнгэр-Уул констракшн ХХК-ийн гарган ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар худалдан авалтын жагсаалтыг нэгтгэж үздэг. Тэнгэр-Уул констракшн ХХК нь Түмэн хишиг сайхан ХХК-иас 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 164,487,000 төгрөг, 129,240,000 төгрөгийн тус тус нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авсан байдаг. Нийтдээ 293,727,455 төгрөгийн худалдан авалтыг хийсэн. Түмэн хишиг сайхан ХХК нь тухайн үед хуурамч падаан зардаг гэдэг нь нотлогдоод явж байсан. Дээрээс нь Тэнгэр-Уул констракшн ХХК ч гэсэн энэхүү хяналт шалгалтын явцад хуурамч падаан авсан эсэх, үнэхээр ажил үйлчилгээ хийж байгаад авсан борлуулалт буюу худалдан авалт байсан эсэхийг анхан шатны баримтуудаар нотлоогүй байдаг. Тэнгэр-Уул констракшн ХХК нь шүүхэд хоёр үндэслэлээр гомдол гаргасан. Эхнийх нь урьд төлөгдсөн татварыг давхардуулан ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн урьд төлсөн татварыг давхардуулсан байна гэж үзсэн байсан. Үүн дээр нь тухайн татвар төлөгч нь 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн татварын улсын байцаагч Х.Батхишиг, Д.Амаржаргал нартай хийсэн ярилцлагын тэмдэглэлд өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч улсад учруулсан хохирол болох 58,839,500 төгрөгийн албан татвараа төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. 2013 оны 05 дугаар сарын 09-нд хяналт шалгалтын 02 төрлөөр төлсөн боловч шүүхийн шийдвэр, эцэслэн шийдвэрлэгдэж захиргааны хариуцлага буюу нөхөн ногдуулалтын акт гараагүй байхад суутган тооцоолол хийгдсэн байгаа нь татварын алба хэзээ ч өөрсдөө дур мэдэж хийдэггүй. Тухайн байгууллагатай ярилцаж байж хийдэг. Тайлангаар ногдуулсан өрөндөө суутгуулсан байдаг. Энэ нь тухайн онд үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10.1.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шударга байх зарчим, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу тухайн төрлийн татварын өрийг төлж дууссан гэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь тухайн төрлийн татварыг төлж дуусгасан гэдэг татвар төлөгчийн тайлбартай огтхон ч нийцэхгүй байна. Дээрх үндэслэл нь ярилцлагын тэмдэглэл, төлбөрийн баримт, суутган тооцооллыг нотлох баримтаар хавсралтаар хүргүүлсэн. Мөн сая нэхэмжлэгч тал яриад байна. Суутган тооцоолол хийсэн, татварын тайлангаар үүссэн өрийг төлсөн гэсэн. Энгийнээр тайлбарлавал хяналт шалгалтаар үүссэн өрөө төлсөн байлаа. Гэтэл дараа жил нь тайлангаар ногдсон өр нь гараад ирж байгаа.Тэрийгээ төлөөгүй үлдээсэн байлаа гэж бодъё. Тэгэнгүүт нэгдүгээр улирлаар ногдсон өр нь төлөөгүй байтал хоёрдугаар улирлынх нь гараад ирнэ. Нийлүүлээд тухайн байгууллага төлөх ёстой нийт татвар хэдэн төгрөг гээд тайлагнасан байгаа. Багцаагаар улирал болгон 5, 5 сая төгрөгийн тайлангийн ногдолтой гараад төлөхөөр гараад байсан байлаа гэж бодоход жилийн эцэст дөрвөн улирал 20 сая төгрөг болно. Энэ бол жишээ шүү. Гэтэл түүний 10 сая төгрөг нь суутган тооцоолол хийгдсэн байна гээд алга болсон бол 20 сая төгрөг тайлагнах байтал яагаад 10 сая төгрөг гараад ирэв? 10 саяыг нь төлөөд, үлдсэн төлөх ёстой татвар маань хаачив гэдэг байдлаар татвар төлөгч өөрсдөө татварын албанд хандах ёстой байсан. Суутган тооцооллыг татварын алба хэзээ ч дур мэдэж хийдэггүй. Тэгэхээр тухайн байгууллагын нэхэмжлэл гаргаж байгаа нэг дэх үндэслэл нотлогдохгүй байна. Хоёрт нь прокурорын газрын бичигтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааны тухай ярьдаг. Баянгол дүүргийн татварын хэлтэс 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/1406 тоот албан бичгээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хандсан байдаг. Дээрх хүсэлтийн дагуу прокурорын 705 тоот тогтоолыг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан. Энэ өдрөө тухайн шийдвэрийг хүлээн авсан буюу хууль, хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гарсан, татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан өдөр хэмээн үзсэн. Энэ хүлээж авсан шийдвэр 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гарсан бөгөөд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.4, 209.5 дахь хэсэгт зааснаар 3 хоногийн дотор хэргийн оролцогч нарт мэдэгдэж, 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийн хуулийн зохицуулалттай бөгөөд энэ хоногууд дуусгавар болсноор тогтоол хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Татварын улсын байцаагч нар хууль, хяналтын байгууллага эцсийн шийдвэр гаргаснаас хойш 8 жилийн дараа шалгалт хийсэн нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгатай зөрчилдөж байна. Татварын хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэж гарсан байдаг. Энэ хуулийн 7 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хугацааны тасалдлыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль буюу одоо үйлчилж байгаа шинэ хуульд заасны дагуу тогтооно гэсэн байдаг. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж үзэж байгаа. Тэгэхээр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан хугацааг бид хөөн хэлэлцэх хугацааг тасалдана гэж үзэж байгаа. Мөн Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газраас тухайн маргаад байгаа асуудалтай холбоотойгоор чиглэл ирүүлсэн байдаг. Үүнийг үндэслэсэн. Мөн татварын улсын байцаагч С.Дашмаа, Ё.Энх-Оюун буюу тухайн 2012 онд татварын хяналт шалгалт хийгээд 10 дугаар сарын 31-ний өдөр дүгнэлтийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байдаг. Цагдаагийн ерөнхий газрын улсын мөрдөн байцаах газарт шалгуулахаар 2012 онд шилжүүлж, 2015 онд прокурорын тогтоол гарсан. Энэ тогтоолыг бид бүгд 2020 оны 07 дугаар сард гардаж авч байгаа учраас тухайн хөөн хэлэлцэх хугацаа тасалдлыг дор дурдсанаар тооцсон. Мөн тухайн байгууллага нь төсөвт төлөх татвараа хий бичилт буюу хуурамч худалдан авалтаар худалдаж авсан байдаг. Татварын албанд үнэн зөвөөр тайлангаа мэдүүлэх ёстой. Тэр үүргээ хэрэгжүүлээгүй, төсөвт төлөх татварыг буруулсан. Мөн тухайн компани нийтдээ 588 сая төгрөгийн худалдан авалт хийсэн байдаг. Төсөвт төлөх татвар нь 58 сая төгрөг болж тогтоогдсон боловч бид хөөн хэлэлцэх хугацааны үндэслэлээр 293 сая төгрөг буюу 29 сая төгрөгийн татвар ногдуулсан. Тиймээс тухайн хуулийн этгээд нэг ёсны азтай байгаа юм. Хуурамч падаан хийгээд 58 сая төгрөг төлөх байтал бид хөөн хэлэлцэх хугацааг нь үндэслэсэн байгаа. Тийм учраас 58 сая төгрөг нь 29 сая төгрөг болоод багассан. Тиймээс нэхэмжлэгчийн гаргаж буй гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна ... Бид бүгд хуулийн дагуу ажиллагаагаа явуулаад тухайн компанид нөхөн ногдуулалтын актыг тавьсан. Тухайн компани удаа дараагийн цагдаагийн дүгнэлт, 2 удаагийн хяналт шалгалт дүгнэлт гэдэг зүйлүүд яригддаг. Дээрээс нь төсөвт төлөх татвараа удаа дараа бууруулсан байдаг. Тухайн компанийн торгууль алдангийг чөлөөлсөн. Мөн дээрээс нь тухайн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь би татварт ажиллаж байсан, тухайн үеийн үйл явдлыг мэдэж байгаа, та нар мэдэхгүй байна гэж ярьж байна. Албаны үнэт зүйл гэж байдаг. Тухайн үед мэдээж тэр ажлын хэсэгт нь ороод ажиллаж байсан, шийдвэрийг нь гаргах түвшний хүн байсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр тухайн үед энэ нь буруу юм гэдэг байдлаар шийдвэр гаргаж явж байгаад буруу үйл ажиллагаа хийж байсан, улсад төлөх татвараа бууруулчихсан байгаа компанийн талд ороод явж байгаа нь хэр ёс зүйтэй юм бэ? Энэ байдлыг шүүгч харж үзээсэй гэж үзэж байна. Мөн дээрээс нь татварын алба хуульд заасны дагуу л арга хэмжээгээ авч байгаа. Энэ компанийн татвар төлөгчийн байдлыг бид нар дордуулахгүй гэдэг үүднээс, Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан, тийм учраас торгууль алдангийг нь тооцоогүй. Бид татвар төлөгчийнхөө байдлыг дээрдүүлж үзсэн. Тийм учраас нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.

3.3. Хариуцагч А.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэнгэр-Уул констракшн ХХК нь анхнаасаа гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч явсан. Татварын хяналт шалгалт сүүлд хийгдэх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаагаараа нийт 58 сая төгрөгөөс 29 сая төгрөг нь акт болж үйлдэгдэж гарч ирсэн байгаа. Тэгэхээр 50 хувийг нь бууруулсан. Нэг ёсондоо хяналт шалгалтаар тайлан гаргах өрөө 58 сая төгрөгөөр суутган тооцоолол хийж бууруулсан. Ингэж явж байгаад 29 сая төгрөгийг танайх төлөх ёстой юм байна. Хөөн хэлэлцэх хугацаагаараа гэдэг асуудал гаргаж ирж байхад энэ компани үндсэндээ төлөх ёстой, хяналт шалгалтаар ч тэр тайлан гаргагч дээр улсад төлөх татварыг нийтдээ 58 сая төгрөгөөр бууруулчхаад байгаа юм. Энэ бууруулснаас 29 саяыг нь эргүүлж улсдаа төл, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэдэг байдлаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Маргаж буй Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Батжаргал, Б.Алтанзул нарын үйлдсэн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч компанийг 2011 онд 293,727,455 төгрөгийн хуурамч падаантай худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр зах зээлээс худалдан авсан гэж тайлагнасан нь төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчил гэж үзэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно., мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт худалдан авагч нь бэлтгэн нийлүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэснийг зөрчсөн тул 29 372 745.5 /хорин есөн сая гурван зуун далан хоёр мянга долоон зуун дөчин таван төгрөг 50 мөнгө/ төгрөгийн нөхөн татвар ногдуулжээ.

2. Харин тус компанийн 2010 оны зөрчилд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хариуцлага ногдуулаагүй /Тухайн татварт нөхөн татвар, торгууль, алданги ногдох ёстой байтал татварын албанаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ногдуулаагүй. Мөн 2011 оны зөрчилд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу торгууль, алдангиас чөлөөлсөн/ байна.

3. Талуудын маргаж буй НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын акт нь 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 260028 дугаартай Татварын улсын байцаагчийн дүгнэлт, 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн татварын улсын байцаагч нарын гаргасан Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай илтгэх хуудасны үргэлжлэл болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд хэлсэн тайлбаруудаар тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгчийн зүгээс маргааны хүрээг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгчээс өмнө төлсөн нөхөн татварыг давхардуулан ногдуулсан, анх гарсан 2012 оны 260028 тоот дүгнэлтэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 705 дугаартай тогтоолыг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/3506 тоот албан бичгээр хүлээн авсан өдрийг хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гарсан хугацаа гэж тооцож, татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байсан гэж үзсэн нь хуульд нийцээгүй буюу хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гарснаас хойш 8 жилийн дараа татварын хяналт шалгалт хийсэн нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг зөрчсөн гэж тодорхойлсон.

5. Гэхдээ нэхэмжлэгчээс маргаж буй НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргахдаа дээр дурдсан хоёр үндэслэлээс зөвхөн Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсэгт заасан татварын хяналт шалгалт хийх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актыг гаргасан нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр маргажээ.

6. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаартай тогтоолоор[8] ... 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 705 дугаартай тогтоолыг Баянгол дүүргийн татварын хэлтсийн дарга 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/1406 тоот албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт хүргүүлэн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ... Прокурорын тогтоолыг хүлээн авч ... түүнийг гардан авсан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулж тоолохоор байна. Иймд гомдол гаргагчийн хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нөхөн ногдуулалтын акт үйлдсэн гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй ... гэсэн үндэслэлээр нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

7. Захиргааны эрх зүйн онолд reformatio in peius хориглолт буюу гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэхийг хориглох зарчим үйлчилдэг.

8. Тодруулбал, хэдийгээр нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актыг энэ шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4-т дурдсан хоёр үндсэн агуулгын хүрээнд хянуулахаар нэхэмжлэл гаргасан боловч гомдлыг хянан шийдвэрлэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага болох Татварын маргаан таслах зөвлөлд гомдохдоо зөвхөн нэг үндэслэлээр /татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад татварын хяналт шалгалт хийсэн нь буруу гэх/ хандсаныг шүүх гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэхийг хориглох зарчмын үүднээс анхаарч үзэх ёстой.

9. Мөн энэхүү зарчим Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтуудад бэхэжжээ. Тодруулахад:

10. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.18 дахь хэсэгт Маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчилнө, мөн зүйлийн 47.19 дэх хэсэгт Татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй., 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт Татварын алба болон татварын улсын байцаагчийн гаргасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараах харьяаллаар гомдол гаргаж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй: гээд, мөн зүйлийн 81.1.3 дахь заалтад татварын улсын байцаагчийн үйлдсэн татварын акттай холбогдсон гомдлыг харьяаллын дагуу Маргаан таслах зөвлөлд;, 81.1.4 дэх заалтад Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбогдсон гомдлыг шүүхэд. гэж тус тус заажээ.

11. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, шүүх reformatio in peius хориглолт буюу гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэхийг хориглох зарчмын үүднээс нэхэмжлэгчийн зүгээс Татварын маргаан таслах зөвлөлд гомдсон агуулгыг тус зөвлөлөөс шийдвэрлэсэн үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй байна.

12. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нарын гаргасан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын акт нь татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа гарсан тул хуульд нийцээгүй гэж үзлээ.

13. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хугацааны тасалдлыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу тогтооно. гэж хэрэглэх хуулийг 2019 оны Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ байхаар заажээ.

14. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй. гэж, мөн зүйлийн 15.4 дэх хэсэгт Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. гэж зохицуулжээ.

15. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотойгоор гарсан нөхөн ногдуулалтын актад хамаарах хөөн хэлэлцэх хугацаа нь 4 жил байх бөгөөд хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар зохицуулжээ.

16. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсаны эрх зүйн үр дагаврыг Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно. гэж зохицуулсан.

17. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн зүгээс хэлсэн тайлбараас үзэхэд, хариуцагч нар нь анх 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 260028 дугаартай Татварын улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 705 дугаартай тогтоолыг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/3506 тоот албан бичгээр хүлээн авсан өдрийг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан өдөр гэж үзэж, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актыг гаргасныг 4 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор багтсан гэж тайлбарлаж байгаа нь дээр дурдсан хуулийн зохицуулалтуудад нийцэхгүй байна.

18. Учир нь, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт ... эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар ... татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаас үзэхэд хууль тогтоогч хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэрийг хүлээн авсан /гардан авсан/ хугацааг бус, харин эцсийн шийдвэр гарсан хугацааг онцлон хуульчилжээ.

19. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 260028 дугаартай Татварын улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 705 дугаартай Прокурорын тогтоол нь 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гарсан болох нь тогтоогдож байна.

20. Өөрөөр хэлбэл, тус прокурорын тогтоол гарах хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд түүнээс хойш буюу 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш татварын хяналт шалгалтын хөөн хэлэлцэх хугацаа буюу 4 жилийн хугацааг шинээр тоолно.

21. Ийнхүү тоолоход дээрх хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсон байх бөгөөд тийм байхад хариуцагч нар 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр маргаж буй НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актыг гаргасан нь хуульд нийцээгүй байна.

22. Мөн хариуцагч нарын зүгээс дээрх байдлаар татварын хөөн хэлэлцэх хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 705 дугаартай тогтоолыг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/3506 тоот албан бичгээр хүлээн авсан өдрийг хүртэлх хугацаанд тасалдсан байсан гэж тайлбарлахдаа Татварын ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 06/2272 тоот Ажил сайжруулах тухай албан бичгийг[9] үндэслэл болгож байгаа нь хуульд нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ.

23. Учир нь, дээрх албан бичигт татварын хяналт шалгалтын хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулж тоолох талаар чиглэл өгөхдөө Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийн ... эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар ... гэснийг шийдвэрийг гардан авсан хугацаагаар гэх агуулгаар буруу тайлбарласан байна.

24. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.

25. Шүүхээс нэгэнт хариуцагч нарын гаргасан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актыг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг зөрчиж гарсан гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн гаргасан бусад үндэслэл болох 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгчээс өмнө төлсөн нөхөн татварыг давхардуулан ногдуулсан гэх үндэслэлд тухайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

26. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4, 47 дугаар зүйлийн 47.18, 47.19, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэг, 81.1.3, 81.1.4 дэх заалт, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Тэнгэр-Уул констракшн ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Батжаргал, Б.Алтанзул нарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ