Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 00256

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч П.Итгэл,

Хохирогч Г.О, Б.Г,

Хохирогч Г.Оын өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 1738000970030 дугаар хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  Б.М, 1980 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Отгонширэвгэр ХХК-д захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 24-19 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр 35 дугаар гудамжны шороон зам дээр 02-12 ХӨВ улсын дугаартай Toyoto Prius маркийн автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Г.О-ын жолоодож явсан улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж Г.О, Б.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр 35 дугаар гудамжны шороон зам дээр 02-12 ХӨВ улсын дугаартай Toyoto Prius маркийн автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Г.О-ын жолоодож явсан улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж Г.О, Б.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн орой 21 цаг 20 минутын үед байхаа би өөрийнхөө приус 10 маркийн 02-12 ХӨВ улсын дугаартай машинаараа Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сум руу явах гэж байсан юм. ...Тэгээд Алаг-Эрдэнэ сум руу буцах гээд 10 дугаар хорооноос хойноосоо урагшаа чиглэлтэй уруудаад явж байхад гудамжнаас хурдтай мотоцикльтой хүн гарч ирэхээр нь би зогсоох арга хэмжээ аваад тоормос гишгэсэн боловч нөгөө мотоцикль хүн хурдтай чигээрээ явсаар байгаад машины маань баруун урд дугуй руу мөргөөд онхолдчихсон. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод буугаад мотоциклийн жолооч дээр очиход зүс таних О гэдэг залуу байсан, тухайн үед О ухаантай ёо ёо гээд ёолж байсан, О-той хамт явсан эмэгтэй доошоогоо харчихсан уйлчихсан сууж байсан. Тэгээд байж байхад О-ын эхнэр, Ггийн ээж хоёр бид нар дээр ирсэн. Тухайн үед О-ын эхнэр нь би чамайг аяархан явж бай гэж хэлдэг биз дээ гээд орилоод цохиод уйлаад байсан, тэгэхээр нь би боль ахын дүү гээд болиулсан. Тэгээд би өөрийнхөө гар утсаар цагдаа болон эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 91 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Г-гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн орой 20 цагийн үед манай төрлийн Г.Э, нөхөр О-ын хамт манай гэрт ирсэн, тэгээд би О-той хамт мотоцикльтой сундалдаад Мөрөн сумын 10-34-13 тоотоос гараад зүүн талын үзүүрлүүгээ явсан. Би баруун талруугаа хараад явж байхад гэнэт л мотоцикль маань машинтай мөргөлдөөд түс гээд явчихсан. Үүнээс хойш юу болсныг сайн санахгүй байгаа, нэг ухаан ороод сэрэхэд гар маань хугарчихсан байсан. Тэгээд удаагүй байхад түргэн тусламж ирээд О бид хоёрыг эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очоод үзүүлэхэд миний гар хугарчихсан байсан. Тэгээд би Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийт 10 гаруй хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. ...Би одоогийн байдлаар эмчилгээндээ 700.000 гаруй төгрөг зарцуулчихаад байгаа. Эмчилгээнд гарсан зардлыг маань жолооч М барагдуулсан байгаа. Надад эмчилгээнд гарсан зардалтай холбоотой баримт байхгүй. М-ын өгсөн бүх мөнгөөр л эмчилгээндээ зарцуулж дуусгасан. Би гомдолтой байгаа. Би цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ…” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Хохирогч Г.О-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр би Алаг-Эрдэнэ сумаас хүүхдийнхээ шүдийг үзүүлэхээр Мөрөн суманд эхнэр Эрдэнэчимэгийн хамтаар өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикльтойгоо 13 цагийн үед орж ирсэн. Тэгээд Мөрөнд ирээд хүүхдийнхээ шүдийг эмнэлгээр явж үзүүлчихээд эхнэрийн хамаатны хүн болох Г-гаас зээлсэн мөнгөө авахаар тэдний гэрт очсон. Тухайн үед Г-гийн гар утас руу залгасан боловч гар утас нь холбогдох боломжгүй байсан, тиймээс тэдний гэрт очихоор болоод 19 цагийн үед очсон. Бид хоёрыг Г-гийн гэрт очиход Г нөхөр хүүхдүүдтэйгээ хамт байсан. Г-гийн гэрт очоод хэсэг байж байхад Г хоёулаа хамт манай ээжийн гэрт оччихоод ирье гэхээр нь би өөрийнхөө мотоциклиор түүнтэй хамт явсан. Г-гийн ээжийнх нь гэр тэдний гэрийн хажуу талын гудамжинд байсан. Ггийн гэрээс ээжийнх нь гэр харагдаж байсан. Тэгээд би Г-тай хамт түүний ээжийн гэрт оччихоод буцаад Г-гийн гэрлүү хөдлөөд гудамжнаас гарах гээд явж байхад гэнэт хойноос машин гарч ирээд мотоциклийг хамаад аваад явчихсан. Түүнээс хойш би юу болсныг мэдэхгүй байна, нэг ухаан ортол эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн байсан. ...Би гомдолтой байна, мотоциклио бүтнээр нь төлүүлж авмаар байна...эмчилгээний зардал 2.077.000 төгрөг нэхэмжилнэ. Үүнээс шүүгдэгчийн өгсөн 1.267.200 төгрөгийг хасч тооцно” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч Т.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн орой 22 цагийн үед байхаа /яг цагийг нь сайн санахгүй байна./ М гэдэг хүнтэй хамт Алаг-Эрдэнэ сум руу явах гэж байсан юм. Тухайн үед М өөрийнхөө приус 10 маркийн машинаа унаж явсан. М бид хоёр Алаг-Эрдэнэ сумаас гарахын өмнө Мөрөн сумын 10 дугаар хорооны ард талаар явж байгаад доошоогоо буюу ертөнцийн зүгээр урагшаа чиглэлтэй уруудаад явж байхад гудамжнаас буюу баруун гар талаас хурдтай мотоцикльтой хүн гарч ирээд машины баруун тал руу шууд мөргөчихсөн. Би тухайн үед жолоочийн хажуу талын сандал дээр сууж явсан. Тэгээд осол болсны дараа машинаас буугаад харахад мотоцикль барьж явсан залуу баруун талд мотоцикльтойгоо уначихсан, зүүн талд нь хамт явсан эмэгтэй уначихсан байдалтай байсан. Тухайн үед газарт унасан байсан эмэгтэйн хамраас цус гарчихсан, гар өвдөөд байна гээд гараа бариад байж байсан. Тэгж байхад М эмнэлэг болон цагдаад дуудлага өгч тэмдэглүүлсэн. Дуудлага өгсний дараа эхэлж эмнэлэг ирсэн, эмнэлэг ирээд мотоцикльтой хоёр хүнийг хоёуланг нь аваад явсан. Тэр хүмүүсийг явсны дараа цагдаагаас хүмүүс ирээд үзлэг шалгалт хийгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Гэрч Б.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр ахлах мөрдөгч Шижирын хамтаар 24 цагийн үед жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдрийн орой 21 цаг 30 минутын үед Мөрөн сумын 10 дугаар хороонд машин, мотоцикль мөргөлдлөө гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу очиж миний бие холбогдох шалгалтыг хийсэн. Шалгалтын явцад осол болсон газар нь адил замын уулзвар байсан приус 10 маркийн машин нь ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан, харин мотоцикль нь ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байгаад осол гаргасан байдалтай байсан. Энэ гарсан осолд би ослын акт гаргасан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаартай:

  1. Г.О-ын биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Г.О-ын биед зүүн эгэм ясны далд хугарал, тархи доргилт, нуруу, даланд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
  5. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  6. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 444 дугаартай:

  1. Б.Г-гийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Б.Г-гийн биед зүүн шуу ясны ил хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шилбэ, уруулд шарх, зовхи, алимны салст, цээж, гуя, хацарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
  5. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  6. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн:

  1. 2017 оны 07-р сарын 06-ны өдөр Мөрөн сумын 10-р багийн 35-р гудамжны үзүүрт Тоёото приус-10 маркийн 02-12 ХӨВ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.8-р зүйлд “Адил замын уулзварт жолооч баруун талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг
  2. Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.О нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2-р зүйлийн 2.1А-р зүйлд “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх”, мөн дүрмийн 2-р зүйлийн 2.3В-д “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг
  3. Уг осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй.
  4. 2017.07.06-ны өдөр Мөрөн сумын 10-р баг 35-р гудамжны үзүүрийн хөрсөн замд тоёота приус маркийн 02-12 хөв улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.8-р зүйлд “Адил замын уулзварт жолооч баруун талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол үүсгэсэн гэж үзэв.

-Мустанг маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.О нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2-р зүйлийн 2.1А-р зүйлд “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх”, мөн дүрмийн 2-р зүйлийн 2.3В-д “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчин замын хөдөлгөөнд оролцсон байна гэж үзэв гэх дүгнэлт /хх-ийн 72 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн:

1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-р баг 35-р гудамжны зүүн талын осол болсон уулзвар нь адил замын зохицуулдаггүй уулзварт хамаарах ба энэ уулзварт баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх ёстой. Зам тавьж өгөх үйлдэл гэдэг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р зүйлийн 1.2-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл”-ийг хэлнэ гэж заасан. Иймд Тоёото приус 10 маркийн 0212 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь мотоциклийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхгүйгээр зам тавьж өгөх үйлдлийг гүйцэтгэж чадаагүй, мөн хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд А цэгээс хойд зүгт 8 метр зайд тоормосны чирэгдсэн мөр үүссэн байна, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зурган дээр тэмдэглэгдсэн тоормосны мөр зэргээс үзэхэд Б.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9-р зүйлийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчин хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийнхээ хурдыг сонгож яваагүй байна. Автомашины жолооч Б.М нь мотоцикль баруун гар талаас гарч ирэхийг хараагүй болох нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дээрх арга хэмжээ авах үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Мотоциклийн жолооч Г.О нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9-р зүйлийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин аюул саадыг хараад тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаж тээврийн хэрэгслээ зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй байх боломжтой.

2. Хэрэгт авагдсан гэрч Т.Гантулгын “Гадаа харанхуй болох гэж байсан. Гэхдээ тухайн үед хэт харанхуй болоогүй үзэгдэх орчин харагдаж байсан”, хохирогч Г.Оын “Тухайн үед гадаа нар жаргаж байсан, үзэгдэх орчин сайн байсан”, гэрч Г.Эрдэнэчимэгийн “Ггийн гэрийн гаднаас Ггийн ээжийн гэр харагдаж байсан, намайг нэг харахад Г ээжийнхээ гэр лүү орчихоод бараг 5 минут орчмын дараа гарч ирээд наашаагаа хөдлөх шиг болсон”, гэрч Б.Лхагвасүрэнгийн “Намайг нэг харахад О эхнэр Г хоёр маань хадам ээжийн гэрийн гаднаас хөдөлж байгаа харагдсан” гэсэн мэдүүлгүүдээс харахад тухайн осол болох үед харанхуй болоогүй үзэгдэх орчин сайн байсан байдал ажиглагдаж байсан. Улирал, сар бүр 21 цагийн үед харагдах орчин өөр өөр байх ба 21 цагийн үед буюу нар жаргаж байхад ийм арга хэмжээ авна гэж одоо мөрдөж буй Монгол улсын Замын хөдөлгөөний хууль дүрэм, журамд тусгагдаагүй байна гэх дүгнэлт /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14 дүгээр хуудас/,

Хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 15 дугаар хуудас/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 16 дугаар хуудас/,

Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 83 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд Хохирогч Г.О нь эмчилгээний зардал 2.077.000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын хэмжээнд 1.998.300 төгрөгийг тооцож, шүүгдэгчийн төлсөн 1.267.200 төгрөгийг хасч тооцон үлдэх 731.100 төгрөг, мотоциклийн эд зүйлийн үнэлгээ 132.000 төгрөг, бүгд 863.100 төгрөгийг  шүүгдэгч Б.М-аас гаргуулж хохирогч Г.О-д олгож, хохирогч Г.О, Б.Г нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Эрүүгийн 1738000970030 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  Б.М-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Маас 863.100 /найман зуун жаран гурван мянга нэг зуу/ төгрөгийг  гаргуулж, хохирогч Г.Оод олгосугай.
  5. Эрүүгийн 1738000970030 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.О, Б.Г нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   М.ЭРДЭНЭ-ОЧИР