Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/1055

 

 

 

 

 

    2021            12            16                                       2021/ДШМ/1055   

 

Б.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Отгонсүрэн,

яллагдагч Б.М-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/1647 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 41 дугаартай эсэргүүцлээр Б.М-т холбогдох эрүүгийн 2110008740379 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Бадамхандын М-,

2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2004 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

2007 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 11 сар 29 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 7 жил 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 29 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоож, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 27 хоногийн хорих ял болгон дүйцүүлж, нийт эдэлсэн 5 жил, 4 сар, 21 хоногийн ялыг хасаж сулласан,

2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ял шийтгүүлж, 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;

 

Б.М- нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан

1.1 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо И-март худалдааны төвийн гадна хохирогч Ж.Цэвээнжаваас 480.000 төгрөгийг,

1.2 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр КFС-ийн урд зам дээр хохирогч Ө.Бат-Эрдэнээс “ачаа ачуулах гэсэн” юм гэж 500.000 төгрөгийг,

1.3 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүчит шонхор” худалдааны төвийн гадаа таксигаар хүргүүлж буухдаа “задгай мөнгийг бүхэл мөнгө болгож өгнө” гэж хохирогч М.Буянтөрөөс 400.000 төгрөгийг,

1.4 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн Хаус хотхоны орчмоос машинаар үйлчлүүлэн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо “Бэрс” дэлгүүрийн үүдэнд буухдаа “10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг, 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт болгон бусдад өгнө” гэж хохирогч В.Алтаннавчаас 300.000 төгрөгийг,

1.5 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн автомашинаар үйлчлүүлж байхдаа “мөнгийг нь бүхэлдэж өгнө” гэж хохирогч З.Ренчинжагдагаас 970.000 төгрөгийг,

1.6 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүрэг Хайлааст орчмоос О.Байгалийн машинаар үйлчлүүлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Zaisan Hill цогцолбор хүргүүлж буухдаа “солонгос хүмүүсийн зураг авахуулахад таны бөгжийг зүүлгээд буцааж өгнө гэж хохирогч О.Байгалаас 2 ширхэг монетон бөгжийг авч, 552.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.7 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр автомашинаар үйлчлүүлэн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “Оргил” худалдааны төвийн зогсоол дээр буухдаа 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт болгон бусдад өгнө гэж Б.Дэлгэрзаяагаас 580.000 төгрөгийг,

1.8 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний зах” дотор Хаан банкны АТМ-ээс мөнгө авсан байсан хохирогч Д.Цэндийн “2.000.000 төгрөгийг тоолоод өгье” гэж авч буцаан өгөхдөө 1.100 000 төгрөгийг,

1.9. 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunday” худалдааны төвийн орчимд тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ түүний эзэмшлийн 14 грамм монетон гинжийг “худалдаж авна” гэж хохирогч Л.Мөнхбаяраас 1 680.000 төгрөгийг,

1.10 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөл хэсэгт “хүнээс өрөндөө авах Prius 20 машин байгаа, 4.500.000 төгрөгөөр зарна” гэж хохирогч Ц.Нямхүүгээс 1.600.000 төгрөгийг,

1.11 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 22 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын үйлчилгээний төвөөс “Toyota corolla” загварын 8512 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байхдаа “данснаасаа мөнгө гаргаад манай охинд өгчих. Би мөнгийг нь чамд очоод өгчихье” гэж хохирогч Б.Мөнхтулгаас 430.000 төгрөгийг,

1.12 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” худалдааны төв дотор цэцэг худалдаж байсан хохирогч Б.Товуухоролоос “Их тэнгэрийн аманд байгаа ажилчдынхаа цалинг өгөх гэсэн юм, картандаа байгаа мөнгөө өгчих, уг мөнгөтэй чинь нийлүүлээд нэг сая төгрөг өгнө, бүх цэцгийг чинь худалдаж аваад хамт явцгаая” гэж 550.000 төгрөгийг,

1.13 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Дүнжингарав” худалдааны төв орчим “Налайх дүүрэг рүү хүнсний барааны эд зүйлс зөөлгөнө, мөн Замын-Үүд рүү  ачаа ачуулна 1.500.000 төгрөг өгнө, надад АТМ-с 10.000 төгрөгийн дэвсгэртээр 600.000 төгрөг аваад өг, нийт 2.100.000 төгрөг дансаар юм уу бэлнээр өгье" гэж хохирогч А.Эрдэнэбатаас 600.000 төгрөгийг,

1.14 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сансар” супермаркетын үүднээс машинаар үйлчлүүлэхдээ “надад дандаа 20.000 дэвсгэрт болоод байна, би хүмүүсийн цалин тавих гэсэн чинь 5000, 10000 дэвсгэр хэрэтэй байна” гэж хохирогч Г.Бумансүрэнгээс 500.000 төгрөгийг,

1.15 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн автомашины зогсоол дээр 6317 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор сууж байхдаа  “мөнгө задлаад өгөөч” гэж хохирогч С.Батсүхээс 1.300.000 төгрөгийг,

1.16 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны орчим “монетон гинж, ээмэг, бөгжийгчинь  худалдаж авъя гэж хэлээд дугтуйтай мөнгө үзүүлэн хохирогч Д.Нандинцэцэгээс монетон ээмэг, бөгжийг авч, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.17 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сансар” захын үүдэнд “надад задгай мөнгө хэрэгтэй байна” гэж хохирогч Б.Гэрэлээс 500.000 төгрөгийг,

1.18 2020 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр Налайх дүүргээс машинаар үйлчлүүлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Marshall town хотхоны гадна буухдаа “бэлэн мөнгө байна уу, түр хэрэглээд буцаагаад өгье” гэж О.Урантуяагаас 2.300 000 төгрөгийг,

1.19 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын төвөөс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны гадна буухдаа “1.080 000 төгрөгийг 1.300 000 төгрөг болгож өгнө” гэж иргэн А.Чулуунбаатараас 1.080.000 төгрөгийг,

1.20 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг 11 дүгээр байрны дэргэд өөрийгөө барилгын компанийн захирал хэмээн танилцуулж, 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг харуулан маргааш ажилчдын цалин тавих болохоор задгай мөнгө хэрэгтэй байна” гэж хохирогч Д.Ганбаатараас 390.000 төгрөгийг,

1.21 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны орчмоос таксигаар үйлчлүүлэхдээ хүний цалин тавих хэрэг байна, мөнгө байна уу гэж хохирогч С.Төрбатаас 80.000 төгрөгийг,

1.22 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Велла март дэлгүүрийн гадна талд хөөргийг чинь худалдаж авъя, яаралтай хөөрөгний хэрэг байна” гэж хохирогч Ч.Автахгүймөнхөөс дунд гарын халтар манан хөөрөг, хөөрөгний даалин зэргийг авч, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.23 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Marshall town хотхоны хашаанд “ачаа ачуулна” гэж хохирогч Ц.Мөнхөөгөөс 1.800.000 төгрөгийг,

1.24 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргилуун төвийн орчим “чи надад бүхэл мөнгөө аваад өгөөч би чамд гэрээс очоод 5000 төгрөгийн дэвсгэртүүд гаргаж өгье” гэж хохирогч Л.Баттулгаас 1.440.000 төгрөгийг,

1.25 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “Натур” худалдааны төвийн орчим “400.000 төгрөгөө задлаад 5000, 10000 төгрөгийн дэвсгэртүүд болгочихмоор байна” гэж М.Мөнхбатаас 390.000 төгрөгийг,

1.26 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр хорооллын орчим 10.000 дэвсгэртийг 20.000 дэвсгэрт болгох гэсэн юмгэж хохирогч Х.Ренчиндоржоос 340.000 төгрөгийг,

1.27 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын орчим хохирогч Б.Энхболдоос “хөөрөг болон монетон бөгж худалдан авахаар тохиролцон” улмаар мөнгийг нь өгөлгүй 2 ширхэг монетон бөгжийг залилан авч, 1.014.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.28 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жоби” худалдааны төвд байрлах Хаан банкны орчмоос “Зайсангийн Энхжин хотхон руу ачаа ачуулах гэсэн юм. Надад 1.000.000 төгрөг түр өгчих би буцах замдаа өгье” гэж хохирогч З.Содномдаржаас 1.000.000 төгрөгийг,

1.29 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо. 19 үйлчилгээний төвийн орчимд “надад задгай мөнгө хэрэгтэй байна, байгаа задгай мөнгө өгчих, мөнгө задалж өгвөл 60.000 төгрөг өгье гэж хохирогч Ч.Түмэннастаас 1.700.000 төгрөгийг,

1.30 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар байрны орчимд “43.000.000 төгрөгийн үнэтэй машиныг худалдан авна. 4.800.000 төгрөг бэлнээр өгчих, машины мөнгөн дээр нэмээд өгье” гэж хохирогч Б.Болдбаатараас 3.000.000 төгрөгийг,

1.31 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “хүмүүсийн цалин тавих гэсэн юм миний мөнгө бүхэлдээд болохгүй байна, та надад туслаад АТМ-ээс мөнгө аваад өг би танд задгай мөнгөө өгье” гэж хохирогч Т.Чулуунбатаас 1.280.000 төгрөгийг,

1.32 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Их цайз худалдааны төвийн орчимд “надад бүхэл мөнгө л байна танд задгай мөнгө байвал өгөөч” гэж хохирогч Б.Халтараас 1.600.000 төгрөгийг,

1.33 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Home plaza” төвийн гаднаас “би маргааш ажилчдынхаа цалинг тавих гэсэн юм, миний мөнгө дандаа бүхэл болоод байна, та надад задгай мөнгө гаргаад өгчих би таньд бүхэл мөнгө өгье” гэж хохирогч Д.Баатаржаваас 1.000.000 төгрөгийг,

1.34 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатын орчимд “мөнгө задалж өгвөл 50.000 төгрөг өгье” гэж хохирогч С.Хүрэлчулуунаас 200.000 төгрөгийг,

1.35 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ачаа ачуулахаар тохиролцож улмаар “бэлэн мөнгө байна уу, түр зээлээд өгнө” гэж хохирогч Ч.Эрдэнэбаатараас 670.000 төгрөгийг,

1.36 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд Ар” хорооллын гаднаас автомашинаас үйлчлүүлж байхдаа “цалин тавихад 10.000 төгрөгийн дэвсгэрттэй мөнгөнүүд хэрэгтэй байна, та мөнгөтэй бол мөнгөө өгөөч би танд 50.000 төгрөгийг шагнал болгож өгье” гэж хохирогч Д.Аварзаяагаас 310.000 төгрөгийг,

1.37. 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13-14 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жетро” дэлгүүрийн орчим “ би “Буянт” гэх барилгын компанийн захирал, ажилчдынхаа цалинг тавих гээд задгай мөнгө хэрэгтэй байна, та бэлнээр болон дансанд байгаа мөнгөө өгвөл өгсөн мөнгөн дээр чинь 70,000 төгрөг нэмж өгнө” гэж хохирогч Ц.Болормаагаас 235.000 төгрөгийг,

1.38 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Zaisan square” төвийн гадаа “задгай мөнгө хэрэгтэй байна” гэж хохирогч Н.Нацагаас 490.000 төгрөгийг,

1.39 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Marshall тown” хотхоны эсрэг талд “ах нь мөнгөө буталмаар байна. Чи данснаасаа аваад өгчих” гэж хохирогч М.Буянхүүгээс 940.000 төгрөгийг,

1.40 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Smart zone” худалдааны төвд дотор “гар утас худалдаж авна. Гар утасны наалт аваад ирээч” гэж хохирогч Н.Хандсүрэнгээс “I phone 8загварын хоёр ширхэг гар утсыг залилан авч, 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.41 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Чандмань төвийн орчимд “ачаа ачуулна, надад задгай 5000, 10.000-тын дэвсэртүүд хэрэгтэй байна” гэж хохирогч П.Энхтайванаас 240.000 төгрөгийг,

1.42 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Zaisan square” төвийн гадна талын ил зогсоол дээр “машин бариулах ажил байна, өдрийн 270.000 төгрөгийн цалинтай, ажилчдын цалин тавих гэсэн юм, та мөнгө бүхэлтгээд өгөөч” гэж хохирогч Ж.Дариймаагаас 450.000 төгрөгийг,

мөн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар,

2.1 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Зүчи” зочид буудлын орчим Ц.Арсландоржийн “Toyota prius 20” загварын 1058-УБС улсын дугаартай машинаас түрийвчтэй бэлэн 740.000 төгрөгийг хулгайлан авсан,

2.2 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн автомашины зогсоол дээр иргэн С.Батсүхийн 6317 УБИ улсын дугаартай автомашинаас буухдаа “Samsung J6 plus” загварын хар өнгийн гар утасыг хулгайлан авч, 260.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.3 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сансар” захын үүдэнд Б.Гэрэлийн автомашинаас буухдаа “Samsung S8” загварын гар утасыг хулгайлан авч, 382.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.4 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах КFС түргэн хоолны гадна байсан хохирогч Б.Ганхуягийн 0126 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээс буухдаа 1.000.000 төгрөгийг хулгайлан авсан,

2.5 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын үйлчилгээний төвийн гадна буухдаа хохирогч А.Батбаярын эзэмшлийн “Toyota Prius 20” загварын 1274 УНО улсын дугаартай автомашинаас бэлэн 1.200.000 төгрөгийг хулгайлан авсан,

2.6 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шилтгээн хотхоны 29/2 дугаар байрны 10 тоотод оршин суух хохирогч Ц.Бэгзсүрэнгийн гэрээс түүний хөөрөгний алтан нуухтай шүрэн толгойг хулгайлан авч, 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.М-т холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй.  Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна” гэж, 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж, 4 дэх хэсэгт “хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэнэ” гэж, 7 дахь хэсэгт “прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж тус тус заасан. Хан-Уул дүүргийн прокуророос яллагдагч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар нийт 42 үйлдэлд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 6 үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2006042281217 дугаар тогтоолоор Б.М-ыг 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн авто машины зогсоол дээр иргэн С.Батсүхийг өөрийн эзэмшлийн 63-17 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор сууж байхад түүнтэй очиж уулзан боодолтой 20.000 төгрөгийн дэвсгэрт үзүүлэн, “мөнгө задлаад өгөөч” гэж хэлсний дагуу С.Батсүх нь Зайсангийн “Оргил” худалдааны төвийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 1.300.000 төгрөг авч 13 цагийн үед “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн төв хаалганы харалдаа ирэхэд зогсоол байхгүй байсны улмаас Б.М-аар зогсоол харуулахаар машинаасаа буулгахад Б.М- нь түүний эзэмшлийн “Samsung J6 plus” загварын хар өнгийн гар утас болон 1.300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /8хх 27-28/, улмаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 398 дугаар яллах дүгнэлтийн ТОГТООХ хэсгийн 1.15-д дээрх үйлдлийг “2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн автомашины зогсоол дээр С.Батсүхийг “мөнгө задлаад өгөөч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1.300.000 төгрөгийг залилсан” гэж, мөн 2.2-т “2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн автомашины зогсоол дээр С.Батсүхийн 63-17 УБИ улсын дугаартай автомашинаас буухдаа нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр С “Samsung J6 plus” загварын хар өнгийн гар утсыг хулгайлан 260.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж тус тус бичжээ. Яллагдагч нь хоёр өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж нэг яллах дүгнэлт үйлдсэн атлаа эрүүгийн 2006042281217 дугаартай дээрх хэргийг яллагдагч Б.М-т холбогдох эрүүгийн 2110008740379 дугаартай хэрэгтэй нэгтгээгүй, нэгтгэсэн тухай прокурорын шийдвэр хэрэгт авагдаагүй, тухайн хэргүүдийг нэгтгээгүй талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй (хэргийг нэгтгэлгүйгээр тусгаарласан тухай баримт үгүй) нь яллагдагч Б.М-т холбогдох хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд хэргийн материал танилцуулах талаар хуульчилсан бөгөөд мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг дууссан, хэргийн бодит байдпыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хэргийн материал танилцахыг мэдэгдэх, танилцуулсан бол тэмдэглэл хөтлөх, оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан бөгөөд яллагдагч Б.М-т холбогдох хэргийн мөрдөн шалгах бүх ажиллагаа дууссаны дараа хэргийн оролцогч нарт (яллагдагч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт) хэргийн материал танилцуулаагүй, танилцуулах талаар мэдэгдээгүй, мэдэгдсэн талаар баримтгүй, прокурор оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, хавтаст хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдпыг шийдвэрлэсэн эсэхийг хянаагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдпүүлээгүй, тэдний эрхийг хязгаарласан нөхцөл байдал байна. Иймд мөрдөн шалгах дээрх ажиллагааг хийлгэхээр яллагдагч Б.М-т холбогдох эрүүгийн 2110008740379 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Отгонсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2006042281217 дугаартай тогтоолоор Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас харьяалал тогтоож ирүүлсэн хэргийг хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай 178 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэнэ” гэсэн үндэслэлээр нэгтгэсэн бөгөөд уг тогтоол 7 дугаар хавтаст хэргийн 233-234 хуудаст авагдсан.

Мөн хэргийн материалыг хэргийн яллагдагч, хохирогч нарт танилцуулсан болон утсаар холбогдож мэдэгдсэн талаархи тэмдэглэл 7 дугаар хавтаст хэргийн 67-100 дугаар хуудаст хавсаргагдсан байгаа тул анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/1647 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Яллагдагч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 1 жилийн хугацаанд цагдан хоригдож байна. Миний биеийн байдал муу байгаа тул хэргээ хурдан шийдвэрлүүлмээр байна. ...” гэв.

 

Яллагдагч Б.М-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Хэргийг буруу тусгаарласан нь хэрэгт авагдсан нөхцөл байдлаас харагдана. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэнэ” гэж заасан үндэслэлээр нэгтгэсэн нь 7 дугаар хавтаст хэргийн 233-234 хуудаст авагдсан гэж тайлбарласан. Энэ нь хууль хэрэглээний болон процедурын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, яллагдагч хоёр өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн байхад нэг яллах дүгнэлт үйлдсэн. 2006042281217 дугаартай эрүүгийн хэргийг Б.М-т холбогдох 2110008740379 эрүүгийн хэрэгт нэгтгээгүй. Өмгөөлөгчийн хувьд энэ хэргийг шалгаж байгаа мөрдөгчтэй хоёр удаа хэргийн материалтай танилцах, нотлох болон эдийн мөрийн баримттай холбоотой хүсэлт гаргах талаар уулзахад “хэрэг прокурор дээр хянагдаж байгаа, болохоор нь танд мэдэгдэнэ” гэж хэлсэн. Прокурор дээр очиход прокурор ээлжийн амралттай байсан. Ийм байдлаар энэ олон хавтаст хэргийг өмгөөлөгч надад танилцуулалгүйгээр хэрэг шүүхэд шилжсэн. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарч байгаа зөрчил гэж үзэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан. Хэргийн материалтай шүүхийн шатанд танилцах асуудал яригдсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн материалтай танилцах, шүүхийн шатанд танилцах нь хоёр өөр ойлголт. Энэ нь өмгөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан асуудал. Би өнөөдрийг хүртэл хавтаст хэрэгтэй танилцаагүй байна. ...” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.М-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд хохирогч С.Батсүхийн гар утас болон бэлэн мөнгө алдсан гэх үйлдэлд Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол үйлдэж /8хх 27-28/ 2006042281217 дугаартай эрүүгийн хэргийг Б.М-т холбогдох 2110008740379 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 178 дугаартай прокурорын тогтоол 7 дугаар хавтаст хэргийн 233-234 дүгээр талд авагджээ.

Хэргийг нэгтгэсний дараа яллагдагч Б.М-ын хохирогч С.Батсүхийн автомашинаас “Samsung J6 plus” загварын хар өнгийн гар утас авсан үйлдлийг хулгайлах гэмт хэргээр, 1.300.000 төгрөг авсан үйлдлийг залилах гэмт хэргээр тус тусад нь зүйлчилсэн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 120 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол 9 дүгээр хавтаст хэргийн 200-210 дугаар талд авагдсан байх ба эдгээр ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Мөн 7 дугаар хавтас хэргийн 67-100 талд хохирогч, яллагдагч нарт хэргийн материал танилцуулсан болон утсаар мэдэгдсэн баримт байгаа хэдий ч өмгөөлөгчид танилцуулсан баримт байхгүй байна. Гэвч яллагдагч Б.М- нь хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлж байгаагийн зэрэгцээ өмгөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт байгаа эсэх нь тодорхойгүй байх тул шүүхийн шатанд өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулах арга хэмжээг авч, эцэст нь оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх замаар нөхөн гүйцэтгэх нь зүйтэй.

 

Иймд шүүхээс яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Б.М-т холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шижлүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/1647 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.М-т холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Б.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН