Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 479

 

Б.Ш-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Амархүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар магадлалтай, Б.Ш-д холбогдох 817000000001 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1966 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Ш нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ш-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Ш нь гэм хорын хохиролд 5.610.000 төгрөг төлсөн, хохирогч З.Эрдэнэчимэг бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 48 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ш гаргасан гомдолдоо: “Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд цогцост олон тооны гэмтэл илэрсэн талаар дурьдсан ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны А/216/422 тушаалын нэгдүгээр хавсралтаар гэмтлийг авсан шалтгаан нөхцөл, гэмтэл авсан цаг хугацаа, гэмтлийн улмаас үүсэх хор уршгийг нарийвчлан тогтоохоор заасан байдаг. Шүүгдэгч нэг удаа хохирогчийн нүүрэн тус газар нь цохьсон үйлдлийн улмаас амь хохирогч толгойгоороо газарт унасан гэж байгаа нь нүүр болон тархинд учирсан гэмтлийг үүсгэсэн байх магадлалтай байна. Үүнээс улбаалж амь үрэгдсэн этгээд өөр байдлаар гэмтэл авсан байж болзошгүй нөхцөл байдлыг тодруулахаар хэрэгт ач холбогдолтой гэж үзэж, хэрэгт хавсаргахаар хүсэлт гаргаж цуглуулсан баримтыг хуульд заасан үндэслэл журмаар бэхжүүлж чадаагүй үрэгдүүлсэн байдаг. Энэхүү баримтаар амь үрэгдсэн этгээдийг хэрэг гарсан газрыг орхиж яваад хэр их хугацааны дараа гэртээ орсон болохыг тогтоох боломжтой байсан ба тэрхүү хугацаанд өөр байдлаар дээр дурьдсан гэмтлүүдийг авсан эсэх асуудлыг цаг хугацааны хувьд тодруулах боломжтой байсан.

Гэрчийн мэдүүлгээр хохирогчийг тодорхой цагт орж ирсэн гэдэг байдлаар тогтоосон бөгөөд тухайн хүний сэтгэхүйн онцлог, хэргийн нөхцөл байдалтай холбоотой сэтгэл хөдлөл зэргээс шалтгаалан шууд нотлох баримтаар тооцох боломжгүй гэдгийг мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа эрх бүхий этгээдээс тооцож үзээгүй байна. Гэрч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хэрэгт субъектив байдлаар мэдүүлэг өгөх боломжтой бөгөөд хэрэгт авагдаагүй гэх камерын бичлэг нь гадны ямар нэгэн нөлөөгүй, дээр бичсэний эсрэгээр нотолгооны хэрэгсэл болохын хувьд илүү ач холбогдолтой байх боломжтой байсан. Хүнийг алах гэмт хэргийн холбогдогчийг олж тогтоохдоо түүний цаадах учир шалтгааныг бүрэн тогтоох нь чухал ба мөрдөн шалгах ажиллагаа хийсэн байгууллага, түүнд хяналт тавьж буй албан тушаалтны хувьд хариуцлага алдсан болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээс харагдаж байна.

Шинжээчийн дүгнэлтэд тухайн гэмтлийг авсан этгээд эмнэлгийн тусламж авсан ч амь насыг нь аврах боломжгүй байсан гэж дүгнэжээ. Энэхүү шинжээчийн дүгнэлтэд нас барах үеийн, өөрөөр хэлбэл цохиулснаас хойш 12 орчим цагийн турш үүссэн буюу 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэмтлийн тухай тодорхойлж байна. Шүүгдэгчийн мэдүүлгээс үзвэл хохирогч нь шүүгдэгчийн эрүүл мэнд, эрх чөлөөнд халдахаар довтолгоон эхлүүлснээс үүдэн тус хэрэг болсон байдаг. Тус халдлага болсон нь шүүгдэгчийн шанаан тус газар авагдсан зөөлөн эдийн гэмтлээр илэрдэг. Энэхүү шалтгааны улмаас хохирогчийн хувийн байдлыг тогтоох буюу хохирогч өмнө гэмт хэрэгт холбогдож байсан эсэх тухай, холбогдож байсан бол ямар хэрэгг холбогдож байсан тухай лавлагаа авах шаардлагатай. Чухамхүү тус нотлох баримтаар хохирогч шүүгдэгч рүү халдлага эхлүүлэх хүн мөн үү, яагаад шүүгдэгч рүү халдлага эхлүүлсэн, яагаад гудамжинд зөрөөд өнгөрч байгаа хүнийг учир шалтгаангүйгээр цохьсон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заагдсан нотолбол зохих, шалгах шаардлагатай нөхцөл байдлуудыг тогтоох боломжтой. Ийнхүү хохирогчийн хувийн байдлыг бүрэн тогтоож, энэхүү эрүүгийн гэмт хэрэг хохирогчийн шүүгдэгчид хүч хэрэглэн, эрүүл мэнд, амь биед нь халдахаар заналхийлсэн хууль бус, зүй бус халдлагаас өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалахаар үйлдэгдсэн эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой юм. Гэвч дээрх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоох, өөрийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээх буюу гэмт хэргийн зүйлчлэлийг зөв сонгон хэрэглэхэд шаардлагатай цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн зүйлчлэхэд ач холбогдолтой нотлох баримтгүйгээр шүүхээс тус хэргийг шийдвэрлэсэн нь Үндсэн хуулиар олгогдсон “шударга шүүхээр шүүлгэх” эрхийг зөрчиж, дордуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан нөхцөл байдлууд бий болсон байтал шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээгүй. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар оногдуулах хорих ялыг багасгах боломжтой байсан. Гэвч шүүхээс шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч ялын зүйлчлэл дээр маргасан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлоо бүрэн барагдуулаагүй гэдэг байдлаар дүгнэсэн. Шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч нь хохирогчийн нүүрэн тус газарт цохьсон гэдэг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, харин цохих шалтгаан нөхцөл нь өөр байсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт байр сууриа илэрхийлсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх зохицуулалт нь тулгаж байгаа ялыг хүлээн зөвшөөрөх ойлголт биш бөгөөд өөрийн үйлдлээс хүний амь нас хохирсон гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрснөөр илэрхийлэгдэх зохицуулалт байна. Үүнийг шүүхээс буруугаар дүгнэж тулгасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нэг хэлбэр гэдэг байдлаар дүгнэж ерөнхий ангийн дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэсэн нь буруу байна.

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй. Хохирогчийн зүгээс шаардсан мөнгө нь тухайн хэрэгт хохирол гэж тооцогдсон мөнгөнөөс их байсан ба шүүхээс 5.608.524 төгрөгийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж дүгнэсэн. Гэтэл энэхүү мөнгийг бүрэн барагдуулсан байх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирлын хэмжээг бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдэхдээ гэм буруугийн холимог хэлбэртэй энэхүү хэрэгт эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж хүнийг санаатай алсан хэргээр зүйлчилсэн байдаг. Хэрэв шүүгдэгч нь хохирогчийн амь насыг хороох зорилго, санаатай байсан бол түүнийг газар унасны дараа эмнэлэг орох уу, явж чадах уу гэж асуухгүй, харин ч сэдэл, санаагаа гүйцэлдүүлж түүнийг тэр газартаа хөнөөх байсан. Гэвч шүүгдэгч нь хохирогчийг харахад эрүүл, зүгээр байгааг үзээд түүнийг орхин явсан байдаг. Шүүхээс энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй эрүүгийн хуулийн гэм бурууг төсөөтэй хэрэглэсэнд гомдолтой байна.

Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн тухайд, хохирогчийн амь насыг хороох санаа зорилго агуулаагүй хэдий ч хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэрийг агуулсан байх тул шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг “хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчилж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Гэмт хэргийн болсон нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч нь хохирогчийг санаатай алах гэмт хэргийг туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан ба гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзахаас өмнө хийсэн үйлдэл нь түүний биед хүнд гэмтэл учруулсан байдаг. Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг бүрэн тогтоовол Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр гомдол гаргаж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Амархүү хэлсэн саналдаа: “Нотлох баримт хангалттай цуглаагүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... Хохирогч өөр этгээдтэй маргалдаж, гэмтэл авсан байх магадлалтай. Үүнийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж тогтоох боломжтой байсан. Хохирогч орц руугаа орж байгаа нь камерын бичлэгээр тогтоогддог. Уг СД бичлэгийг нотлох баримтаар баримтжуулаагүй. Олон нийтийн цагдааг гэрчээр асуусан... Гэрчийн мэдүүлгээр хохирогч гэртээ өдрийн 15:08 цагт орсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчийг 18 цагийн орчим гэртээ орж ирсэн гэж хэлдэг. Талийгаачийг орцонд орохоос 22 минутын өмнө хэн нэг нь орсон, эсхүл түүний араас өөр хэн нэгэн орсон талаар шалгаж тогтоогоогүй. Шүүгдэгчийн буруутай үйлдлээс болж хохирогч нас барсан гэж үзэх боломжгүй. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн амь насыг аврах боломжгүй гэмтэл учирсан гэж дүгнэсэн. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хувийн байдлыг тодорхойлоогүй. Шүүгдэгч халдлагын эсрэг үйлдэл хийсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй. Шүүгдэгч хохирогчийн нүүр рүү өшиглөснөөс хойш 12 цагийн дараа нас барсан байдаг. Шүүгдэгч хохирогчийг өшиглөснөө хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгчид хохирогчийг алах санаа зорилго байгаагүй” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаачийг 15 цагийн орчимд гэртээ орж ирэхдээ хүнд зодуулсан байдалтай байсан гэж хэлдэг.  Талийгаачтай хамт архи уусан н.Нямбаяр нь “намайг гарч ирэхэд хажууд нь шүүгдэгчийг байсан, талийгаач газар унасан байдалтай байсан” гэж хэлдэг. Талийгаачийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой болох нь  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Ш-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.Ш-ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 14-15 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах 1 дүгээр цэцэрлэгийн хашааны зүүн урд хэсэгт У.Идэрболдтой маргалдаж, улмаар зууралдан хохирогчийг газарт унаад өндийх үед түүний нүүрэн тус газарт нь өшиглөж хойшоо савж унагаан гавлын ясны баруун чамархай, суурь ясыг хамарсан хагас саран хэлбэрийн хугарал бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Б.Ш-ын үйлдсэн хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Ш-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчид оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Ш.Наранбаяр, Т.Алтангадас, А.Батбаяр, Д.Баянмөнх, Б.Мөнгөншагай нарын мэдүүлгүүд болон шинжээчийн 6 тоот дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Ш-ын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Ш нь амь хохирогч У.Идэрболдын толгойн тус газарт нь өшиглөж, амь насанд аюултай хүнд гэмтлийг учруулснаас болж хохирогч нас барсан болох нь хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуулыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Б.Шоос өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх, эсхүл хэргийг прокурорт буцааж, дахин шалгуулах талаар шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ш-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН