Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/00732

 

Ж.Сайнбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 281 дүгээр шийдвэр,        

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 66 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ж.Сайнбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Өнөрбаярт холбогдох,

6.479.360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч  нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Өнөрбаяр удаа дараа надаас мөнгө зээлж аваад гэрээ ёсоор хүүг өгч байгаад 2015 оны 04 дүгээр сараас хойш хүүг болон үндсэн мөнгөө өгөлгүй өдийг хүрч байна. Тэрээр 2015 оны 01 дүгээр сарын 15-наас 2015 оны 02 дугаар сарын 18-ны хооронд тус тусдаа 3 удаа бичгийн гэрээгээр зээл авсан. Гэрээний дагуу зээлийг дүгнэж, хүү алдангийг тооцоход эхний зээл 3 104 200 төгрөг, 2 дахь зээл 2 121 600 төгрөг, 3 дахь зээл 1 253 560 төгрөг буюу нийт 6 479 360 төгрөг болсон байна.Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 5 791 560 төгрөг шаардаж байна. Ц.Өнөрбаяр надаас 2013 оноос эхлэн мөнгө зээлж байсан ба мөнгөө төлж байсан. 2015 онд 3 удаа гэрээ байгуулж, өөрөө гарын үсэг зурж зээл авсан. Өмнөх мөнгөө төлөөд авдаг байсан ба мөнгө авсан, өгснөө зээлийн гэрээнд зурсан гарын үсгээр л батладаг, өөр баримт үйлдээгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хамгийн анх би Ж.Сайнбаяраас 2013 оны 05 дугаар сард 2 500 000 төгрөг зээлж, түүнээс хойш бага сагаар хэдэн төгрөг авч тухай бүрт хүүгийн хамт эгүүлэн төлж байсан. 2015 онд би түүнээс мөнгө зээлээгүй. Ж.Сайнбаяр нь мөнгө хүүлэх ажил эрхэлдэг учраас үндсэн мөнгийг авч дуусах хүртлээ хүүг тооцож авч ирсэн. Тэгээд 2015 оны цагаан сарын дараа намайг гэртээ дуудаад урьдчилан бэлдсэн 3 зээлийн гэрээн дээр чиний өмнө нь зээлсэн мөнгөний үлдэгдэл гэж гарын үсэг зуруулсан. Чиний өмнө зээлсэн мөнгийг зөндөө өсгөж өгсөн, хүүгээ хасаж тооцооч гэхэд тэр уурлаж загнан, бөөн юм болохоор нь аргагүйн эрхэнд гэрээнд гарын үсэг зурж байсан. Тухайн үед бол би нэг ч төгрөг аваагүй. Тийм учраас Ж.Сайнбаярын нэхэж байгаа 6 479 360 төгрөгийг төлөхгүй. Тухайн үед гэрээн дээр хүү алданги гэж бичсэн ямар ч тоог олж хараагүй. Сүүлд нөхөж бичсэн байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 281 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул Ж.Сайнбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төрийн санд төлсөн 118.800 төгрөгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 66 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 281 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нэхэмжлэгч Сайнбаяр нь хариуцагч Өнөрбаярт 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1.4 сая төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 1.2 сая төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 700 000 төгрөгийг тус тус зээлийн гэрээ байгуулан тодорхой хугацаатай, хүүтэйгээр зээлүүлсэн.Зээлдэгчид мөнгөний хэрэгцээ гарсан. Зээлдүүлэгч түүнд мөнгийг бэлнээр олгосон. Дээрх зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4, 283 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангаж, хуулийн дагуу хийгдсэн байхад “...талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу мөнгө шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй”, “...Иргэний хуулийн 282.1, 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү, алданги шаардах эрхгүй...” гэж шүүхийн магадлалд хийсвэрээр буюу нотлох баримтад тулгуурлалгүй, үндэслэл муутай дүгнэжээ.Зохигчид зээлийн гэрээг хариуцагч Өнөрбаярын ярьж байгаа шиг Сайнбаярын гэрт, урьдчилан бэлдсэн зээлийн гэрээний цаасан дээр хийгээгүй. Зохигчид зээлийн гэрээг Сайнбаярын албан ажлын өрөөнд бичгийн хэлбэрээр хийсэн. Дээрх нөхцөл байдлыг гэрчлэх баримт нь Өнөрбаярын мэдүүлэгт дурдагдсан “...зээлийн хүүг бууруулаач” гэж хэлж байсан нь юм.Сайнбаяр нь хариуцагчид зээл олгохдоо түүнийг хүчилж албадаагүй. Тэдгээр нь зөвхөн харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээг байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 189.1-д заасантай тохирч байгаа бөгөөд гэрээний эрх чөлөөг хангах зарчмыг хэрэгжүүлсэн. Хариуцагч Өнөрбаяр нь нэхэмжлэгч Сайнбаяртай зээлийн гэрээ байгуулснаа үгүйсгэдэггүй.Нэхэмжлэгч Сайнбаяр нь хариуцагч Өнөрбаяртай гурван ч удаа зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээнүүдэд дурдсан мөнгөнүүдийг бэлнээр өгсөн. Энэ нь “Зээл өгөгч гэрээнд заасан мөнгийг зээл авагчид шилжүүлэн өгснөөр энэхүү гэрээ байгуулсанд тооцно” гэсэн зохигч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн 9 дэх заалттай тохирч, нийцэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 196.1.2, 282.4-т заасан шаардлагуудыг хангасан.Нэхэмжлэгч Сайнбаяр нь хариуцагч Өнөрбаярт өгөх ёстой мөнгөнөөс 500 000 төгрөг дутахаар хамт ажиллаж нэг өрөөнд байсан Долгормаагаас зээлж авч, гүйцээж өгсөн байдаг. Нэхэмжлэгч Сайнбаяр шүүх хуралдаанд “иргэн Долгормааг гэрчээр оролцуулахаас татгалзсан” гэж шүүхийн магадлалд бичсэнийг худал боллоо гэж үзэж байна. Нэхэмжлэгч гэрчийг шүүх хуралдаанд оролцуулахаас татгалзаагүй. Харин ч хүсч байсан. Гэрч хуралдаанд оролцохоор 2-3 удаа ирэхэд шүүх хуралдаан хойшлогдсон.Сүүлчийн хуралдааны үед хотод ээжийнх нь эгчийн бие муудсан тул аргагүй эрхэнд явсан. Нэхэмжлэгч Сайнбаяр нь хариуцагч Өнөрбаяр бид нарын хоорондох урьд нь буюу 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө өгч авч байсан зээлийн асуудал бүрэн цэгцлэгдсэн гэдэг.Хариуцагч Өнөрбаяр нь нэхэмжлэгч Сайнбаяртай 2015 оны 1, 2 дугаар саруудад зээлийн гэрээнүүд байгуулан тодорхой хугацаатай, хүүтэйгээр мөнгө зээлж авчихаад 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд зээлээ төлөөд явж байсан баримт хэрэгт хавсаргагдсан. Тухайлбал, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 174 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 18 600 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 140 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 232 640 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 78 400 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 144 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 46 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 198 400 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 87 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 148 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 192 000 төгрөг, нийт 1 459 040 төгрөг болж байна. Хариуцагч Өнөрбаяр 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зээлийн үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан дээрх баримтаар тогтоогдож байна.Нэхэмжлэгч Сайнбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 5 791 560 төгрөг нэхэмжилсэн. Дээрх мөнгөнөөс хариуцагч Өнөрбаярын зээлийн үүргээ биелүүлж байсан хугацааны буюу 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд төлөгдсөн нийт 1 459 040 төгрөгийг хасч тооцох боломжтой. Ингээд нийт 4 332 520 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.Зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй тохиолдолд гэрээний талууд харилцан тохиролцож мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх ёстой. Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч “мөнгийг шилжүүлээгүй” гэж дээр дурдсан үндэслэлээр анхан шатны болон давж заалдах шатны шүүх дүгнээд байна. Энэ нь Иргэний хуулийн 196.1.1-д заасан “Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол” гэсэн зохицуулалтад хамаарч байна. Өөрөөр хэлбэл, бичгээр байгуулсан зээлийн гэрээнд хамаарахгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээнүүд Иргэний хуулийн 189.1, 196.1.2, 281, 282.1, 282.3, 282.4, 283 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг бүрэн хангаж хийгдсэн.Иймд нэхэмжпэгчийн хариуцагч Ц.Өнөрбаярт холбогдуулан зээл, зээлийн хүү алданги нийт 5 791 560 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг багасгаж бууруулан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд зээлийн үүргээ биелүүлж, нийт 1 459 040 төгрөг төлснийг хасч тооцон, үлдэгдэл болох бүгд 4 332 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

                                                                                     ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Сайнбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Ц.Өнөрбаяраас 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлдүүлсэн 1 400 000 төгрөг, зээлийн хүү, алданги 3 104 200 төгрөг, 1 дүгээр сарын 30-ны өдөр зээлдүүлсэн 1 200 000 төгрөг, зээлийн хүү, алданги 2 121 600 төгрөг, 2 дугаар сарын 18-ны өдөр зээлдүүлсэн 700 000 төгрөг, зээлийн хүү, алданги 1 253 560 төгрөг бүгд 6 478 360 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 5 791 560 төгрөг болгон өөрчилжээ. Хариуцагч Ц.Өнөрбаяр 2015 онд нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваагүй, үүнээс өмнө зээлсэн мөнгөний тооцоогоор гэрээнд гарын үсэг зуруулсан гэж  нэхэмжлэлийн шаардлагыг татгалзжээ. 

Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 01 дүгээр сарын 30-ны өдөр, 02 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч эдгээр гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчид 3 300 000 төгрөгийг бэлнээр, эсхүл дансаар шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Ж.Сайнбаяр зээлийн гэрээний дагуу хариуцагч Ц.Өнөрбаярт 3 300 000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдоогүй тул түүнд уг гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэжээ. 

2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний ар талд “2 сарын 15-д 260 000 төгрөг нэмж авав” гэсэн бичвэрийн дор зурсан гарын үсэг хариуцагч Ц.Өнөрбаярын гарын үсэгтэй тохирохгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ \хх-ийн 104 дүгээр тал\.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан шаардлага, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй ба шүүх нотлогдоогүй шаардлагыг хангах боломжгүй болно.

Нэхэмжлэгч Ж.Сайнбаяр нь Ц.Долгорсүрэнгээс \Долгормаа\ гэрчийн мэдүүлэг авах талаар шүүхэд хүсэлт гаргасан \хх-ийн 66 дугаар тал\ боловч 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд уг хүсэлтээсээ татгалзсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ \хх-ийн 134 дүгээр тал\.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаалгахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 281 дүгээр шийдвэр, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 66 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН