Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 165

 

“Ц О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:              Х.Батсүрэн

Шүүгчид:                             Б.Мөнхтуяа

                                              Д.Мөнхтуяа

                                              Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                   П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамж, 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 161 дүгээр захирамжийн Н.Б-т холбогдох хэсэг, Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/257 дугаар захирамжийн “О в” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай

Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0098 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гуравдагч этгээд О.Д, түүний өмгөөлөгч Л.Г нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч “Ц О” ХХК-ийн захирал Д.Э-н гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.3.3 дахь хэсэгт заасны тус тус баримтлан нэхэмжлэгчийн Ховд аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 161 дугаар захирамжийн Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/257 дугаар захирамжийн “О в” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0098 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч “Ц О” ХХК-ийн захирал Д.Э-н гомдлын агуулгад: Ховд аймгийн Засаг дарга 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 309 дүгээр захирамж гаргаж “Ц О” ХХК-ны 201700122 тоот газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40.1.2, 40.1.3, 40.1.5 дахь заалтыг үндэслэсэн байдаг. Ховд аймаг дахь захиргааны хэргийн шүүхээс дээрх захирамжид дурдсан хуулийн заалт бүрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг гаргаж шүүхэд ирүүлэхийг хариуцагчаас шаардсаны хариуд хариуцагчаас ирүүлсэн албан тоотод “309 дүгээр захирамжийн үндэслэл болсон материалыг гаргаж хүргүүлэв” гэж бичсэн мөртлөө ямар нэг нотлох, уншиж үзэх материал, баримт байхгүй байдаг. Тийм ч учраас өмнө хуралдсан Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 309 дүгээр захирамжийг үндэслэх нотлох баримт байхгүй тул хүчингүй болгосон шийдвэр гаргасан. Түүнээс хойших хугацаанд ч хариуцагчаас ямар нэг нотлох баримт гаргаж ирүүлээгүй, гаргаж ирүүлэх ч материал байхгүй. Шүүхээс ямар, ямар нотлох баримт байсан, үгүйг нотолж шийдвэр гаргах байтал гаргах шийдвэртээ зориулан хэрэгт авагдсан материалуудыг мушгин гуйвуулж тайлбарлаж, бодит байдал дээр үндэслэл болгосон ямар ч баримт байхгүй болох нь тогтоогдож байхад хууль зүйн үндэслэлгүйгээр, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж, шийдвэрлэсэн бөгөөд энэхүү агуулгаар давж заалдах шатны шүүхэд мөн гомдол гаргасан боловч энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

4. Анхан шатны шүүхээс “нэхэмжлэгчийн сургууль байгуулах зөвшөөрөл бүрэн утгаараа хэрэгжээгүй, хэлбэрийн төдий байсан болох нь нотлогдож байх бөгөөд Газрын төлбөрийн тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн гэх нь үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчид өөрийн эзэмшил газар дээрээ сургууль байгуулах зөвшөөрлийг Ховд аймгийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 177 дугаар захирамжаар олгосон байх бөгөөд “Ц О” ХХК нь 2003 оны 9 дүгээр сар хүртэл буюу эхний 3 улирлын төлбөрийг бүрэн төлсөн болох нь нотлогддог. Ийнхүү сургууль байгуулах зөвшөөрөл олгосны дагуу нэхэмжлэгч “Ц О” ХХК нь Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5-д заасны дагуу газрын төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтээ харьяалах татварын хэлтэст хүргүүлсэн “Ц О” ХХК-ний 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 88 тоот баримт хэрэгт авагдсан байдаг. Мөн хуулийн дагуу газрын төлбөр ногдуулалтаас чөлөөлөгдсөн болох нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар нотлогдоно.

5. Нэхэмжлэгч “Ц О” ХХК-ийн байгуулсан “П” нэртэй дунд сургууль нь байгуулагдсанаас хойш удаан ажиллаагүй боловч, тус сургууль татан буугдаагүй, сургууль байгуулах зөвшөөрөл нь одоо ч хүчингүй болоогүй, 2003 оны үеийн 40 гаруй сая төгрөгөөр засварласан сургуулийн байранд “Ц О” ХХК өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, Д өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа учраас төлбөрийг Д төлнө, төлбөр нь 201700122 тоот гэрээ бүхий газрын төлбөрт бүртгэгдэх нь зүй ёсны хэрэг, тийм ч учраас төлбөр тооцоо хариуцсан төрийн захиргааны байгууллага нь төлбөрийг хүлээж аваад 2009 оны 8 дугаар сарын 25-ны 2/396 тоотоор тодорхойлсон нотлох баримт байгаа болно.

6. Тэгэхээр хариуцагч тухайн 2007 оны 12 дугаар сарын 27-нд “Ц О” ХХК-ний хууль ёсны эзэмшлийн 2.180 га газрыг 30 жилийн хугацаанд эзэмших эрхийг хүчингүй болгосон 309 дүгээр захирамжийнхаа үндэслэлийг нотолж чадахгүй байхад, анхан шатны шүүх хариуцагчийн өмнөөс хавтаст хэрэгт байхгүй, хийсвэр үндэслэлийг гаргаж, нэхэмжлэгчид тулгаж мушгин гуйвуулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүх, шүүгчийн ёс зүйд байж боломгүй алдаа гаргасан байхад давж заалдах шатны шүүх хянаж залруулах үүргээ гүйцэтгэсэнгүй.

7. “Ц О” ХХК нь өөрийн байгуулсан П сургуулийн газрын төлбөрөөс чөлөөлөгдөх нотлох баримтын шаардлага хангасан материалыг шүүхэд гаргаж өгсөөр байхад, нотлох баримтын шаардлагаас хальсан асуудалд, үзэж хараагүй байж хэлбэрийн төдий байсан гэж анхан шатны шүүх дүгнэх боломжгүй юм. П сургууль ямар хугацаанд, ямар үнэ өртгөөр боссон, хэчнээн сурагч багш нар ямар хугацаанд ажилласан, ямар учир шалтгааны улмаас үйл ажиллагаагаа түр зогсоосныг 2003 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дээд шүүхийн хяналтын шатны 13 тоот тогтоол бүхий иргэн н.Б-н газрын давхцлыг шийдсэн хавтаст хэргээс үзэх боломжтой ч энэ нь газартай холбоотой нотлох баримтын шаардлагаас дэндүү хальсан асуудал гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

8. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс “газар эзэмшигч нь газрын төлбөрийг төлөх ёстой, мөн газрыг бусдад ашиглуулах тохиолдолд газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулахаар зохицуулсны дагуу зөвшөөрөл аваагүй” талаар тус тус дүгнэсэн нь мөн л хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй. Хэрэгт авагдсан баримтууд хэргийн оролцогчдын тайлбараар 2005 оноос гуравдагч этгээд “О в” ХХК буюу тус компанийн захирал О.Д ашиглаж, “И б” нэртэй зах байгуулан ажиллуулж байсан болох нь тогтоогддог бөгөөд гэрээ, мөнгө шилжүүлсэн баримтууд, мөн уг газрыг хаан банкны барьцаанд тавихыг зөвшөөрсөн талаарх “Ц О” ХХК-ийн албан бичиг, газрыг барьцаанд тавих эрхийг олгосон итгэмжлэл зэргээр гуравдагч этгээд газрыг ашиглаж байсан нь тогтоогдож байх тул Иргэний хуульд зааснаар барьцаанд тавьж, эзэмшиж, ашиглаж байгаа этгээд уг эд хөрөнгийн холбогдох зардлыг төлөх үүргийг хүлээснийг харуулж байна.Тиймээс шаардлагатай газрын төлбөрийг төлөх үүргийг гэрээний дагуу бус хуулийн дагуу хүлээсэн болохыг харж болохоор байна.

9. Маргаж байгаа газар дээрх сургуулийн чиглэлийг О.Д зах байгуулж өөрчилсөнтэй холбоотойгоор 201700122 дугаар гэрээ гэрчилгээтэй газар, газрын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл өөрчлөгдөж дуусгавар болох учраас “Ц О” ХХК нь өөрийн эзэмшлийн 2,1280 га газрын хагас болох өөрт үлдэх хэсгийн төлбөр 170.000 төгрөгийг 2005 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төлж энэ өдрөөс цаашид дээрх газрын нийт төлбөрийг, худалдах, худалдан авах гэрээ эцсийн байдлаар хийгдэж, хүлээсэн үүргээ биелүүлж, хагас газрыг шилжүүлэх хүртэл газрын төлбөрийг хариуцаж төлж байх үүргийг О.Д хүлээсэн байдаг.

10. Энэ тохиролцоог нотлох “Ц О” ХХК-аас иргэн О.Д-д газар шилжүүлэх 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хэлцэл, “Ц О” ХХК-ийн 201700122 тоот газрын гэрчилгээ 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр О.Д-н ХААН банкны барьцаанд байсныг нотлох ХААН банкны тамга тэмдэглээ бүхий гэрчилгээний хуулбар, “Ц О” ХХК-ийн 2007 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16 тоот хавсралт зургийн хамт, ХААН банкны Ховд аймаг дахь салбарт барилгыг хагас газрын хамт О.Д-н зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн тухай тодорхойлолт зэрэг байсан шүүхийн шаардлага хангасан эдгээр нотлох баримтыг, давхардсан нотлох баримтыг хэргээс хасах шүүгчийн захирамж гаргаж хавтаст хэрэгт байхгүй болгож хассан байдаг эдгээр баримтыг хэргийн ард ч хавсаргаагүй байдаг.

11. Дээрх нотлох баримтуудыг хавтаст хэргээс авсан нь бодит байдал, яриа хэлцлийг бүрхэгдүүлэх боломжтой болсны дараа гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Г “Ц О” ХХК нь 2005 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрээ хийснээс хойш ямар нэг газрын төлбөр төлөөгүй нь үл хөдлөх хөрөнгөө худалдаад явчихсан гэж бусдыг гүтгэж, хууль бус аргаар өмгөөлөл хийх боломжтой болсон гэж үзэх үндэстэй. Нэгэнт гэрээний асуудал гарч буй учраас товч тодруулга хийх шаардлагатай гэж үзэж байна. 2005 оны 5 дугаар сарын 08-ны өдөр О.Д, “Ц О” ХХК-ийн хооронд хийсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэж байдаггүй юм. Энэ яриад байгаа 2005 оны 5 дугаар сарын 08-ний гэрээ гэгч зүйл нь шүүхийн шатанд 2012 онд Ховд аймаг дахь улсын бүртгэлийн хувийн хэрэг дотроос гарч ирсэн ганц хувь гэрээ юм. Энэ гэрээний өөр хувь Д бид хоёрын хэнд нь ч байдаггүй. Байх ч боломжгүй, яагаад гэвэл бид хамтдаа нотариат дээр очиж гэрээ хэлцэл хийгээгүй учраас. Энэ нэг хувь гэрээ нь худал ярьж биднээр гарын үсэг зуруулж авсан маягтыг ашигласан байдаг. Нотариатын үйлдэл хууль зөрчсөн болохыг эрүүгийн журмаар шалгаад, шүүхээр буруутайг тогтоож хохирлыг нотариатаар гаргуулсан байдаг. Гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд өгөх авах сэдэл байсан гэдэг утгаар хүчин төгөлдөр гэж шүүх үзсэн. Бидний хооронд төлбөрийн тооцоо хийсэн, хөрөнгийг хүлээлцсэн ямар нэгэн акт баримт байдаггүй гэдгийг юм. Энэ талаар О.Д Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 25-ны 129 дугаар хурлын тэмдэглэлд “Байхгүй” гэж үнэнээ мэдүүлсэн байдаг.

12. “О В” ХХК нь хууль ёсны газар эзэмшигч биш газар эзэмших гэрээ, гэрчилгээ ч байхгүй. “О В"  ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 08-ны 19 тоотоороо Аймгийн газрын харилцаа хот байгуулалтын газарт газрын гэрчилгээ гаргуулах хүсэлтээ гаргасан байдаг тийм ч учраас газрын төлбөр тооцоогоо хариуцаж буй төлбөр тооцоо хариуцсан төрийн захиргааны байгууллага нь төлбөрийг хүлээж аваад 2009 оны 8 дугаар сарын 25-ны 2/396 тоотоор тодорхойлсон нотлох баримт байгаа болно.

13. Маргаан бүхий захиргааны актын тухайд хариуцагч өөрийн гаргасан захиргааны актыг хууль бус, нотлох баримтгүйгээр гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байхад энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэлгүй, хэт нэг талыг баримталсан гэж үзэхээр байна. Түүнчлэн захиргааны актад түүнийг гаргах болсон бодит нөхцөл байдлыг зааж, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг нарийн тусгаж байж, иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах нь эрх зүйт төрийн хууль тогтоомжид нийцсэн захиргааны акт болох учиртай байхад анхан шатны шүүхээс түүнийг нь зөвтгөж, дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан, нэхэмжлэгчийг хохироосон шийдвэр болсон.

14. Монгол Улсын Дээд шүүхийн 2005 оны 13 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “Ц О” ХХК-ийн газартай гуравдагч этгээд Н.Б-т давхцуулан газар эзэмшүүлсэн гэдэг үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн газартай гуравдагч этгээд нарын газрууд бүрэн давхцалтай гэдэг нь тогтоогдсон, газрыг чөлөөлөхийг гуравдагч этгээдэд даалгасан байдаг.

15. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

17. Маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хоёр урьдчилсан нөхцлийг заасан буюу нэгдүгээрт, захиргааны акт хууль бус байх, хоёрдугаарт, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд нэхэмжлэлийг хангах байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь газар эзэмшигчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны акт хуульд нийцсэн байна.

18. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2001 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн газар эзэмших гэрчилгээний дагуу 21280 мкв газрыг эзэмшиж байсан, уг газар дээр байрлах 3780 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2005 оны 5 дугаар сарын 8-ны өдөр гуравдагч этгээд “О В” ХХК-ийн захирал О.Д-д худалдсан болох нь Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 54 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2016/00714 дүгээр тогтоолоор тогтоогдсон байна. Ийнхүү газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгийг худалдснаас хойш нэхэмжлэгч хуулийн этгээд нь газар эзэмшигчийн хувьд газраа өөрийн эзэмшилд байлгах, ашиглах үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогджээ.

19. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмшигч нь газрыг үр ашигтай, зохистой ашиглах үүрэгтэй байхаас гадна гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших, ашиглах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшдэг атлаа уг зориулалтаар газраа ашиглаагүй буруутай байна. Нэхэмжлэгчээс “газар дээрх обьектоо зарсан болохоос газрыг хуулийн дагуу шилжүүлээгүй, үлдэх 10640 газраа эзэмших эрхтэй” гэх агуулгаар маргаж байгаа боловч маргаан бүхий газарт байрлах үл хөдлөх хөрөнгийг 2005 онд гуравдагч этгээдэд худалдснаас хойш үлдэх газраа тусгаарлаж, хашаалаагүй, газрын хэмжээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй, газрын кадастрын зураг хийлгэж, мэдээллийн санд бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, үлдэх газрыг ямар зориулалтаар, яаж ашиглаж байсан болох нь тодорхойгүй байна.

20. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 зааснаар газар эзэмших гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэх үүрэгтэй, давж заалдах шатны шүүхийн “нэхэмжлэгчээс газар эзэмшигчийн хувьд уг газрыг өөрийн мэдэлд байлгаж, газар эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй” тухай дүгнэлт үндэслэлтэй болжээ. Учир нь 2005 онд эзэмшил газарт байрлах үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдснаас шалтгаалан Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий 21280 мкв газрыг бүхэлд нь эзэмших эрх нэхэмжлэгчийн эрх дуусгавар болсон, үл хөдлөх хөрөнгө эзэмшигчийн мэдэлд үл хөдлөх хөрөнгө байрлах газрын хэсэг нь шилжих үр дагавар үүссэн байхад холбогдох хуулийн дагуу газрыг шилжүүлээгүй, нөгөө талаар өөрт үлдсэн газраа ашиглаагүй үйл баримт тогтоогдсон байна.

21. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт зааснаар газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах эрхтэй ба нэхэмжлэгч ийнхүү эрхээ эдлэхдээ захиргааны байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр гуравдагч этгээдэд газар ашиглуулсан буруутай байна. Нэхэмжлэгчээс “гуравдагч этгээдэд газраа түрээслүүлсэн” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлж, захиргааны байгууллагаас зөвшөөрөл аваагүй учраас нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хоорондын тохиролцоог хууль ёсны гэж үзэх, улмаар нэхэмжлэгчид хуулийн дагуу хамгаалагдах шаардах эрх үүссэн гэж үзэхгүй.

22. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох байна. Маргаан бүхий газрын төлбөрийг 2003 онд нэхэмжлэгч төлж байсан, харин 2005 оноос хойш гуравдагч этгээд төлж байсан болох нь Жаргалант сумын газрын даамал Д.Ө-ын тодорхойлолт[1], мэдүүлэг[2], нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон байна. Гэвч, газар эзэмших гэрээний биелэлтийг жил бүр дүгнэх ажиллагаа хийж байгаагүйгээс ямар хэмжээний газрыг хэн ашиглаж байсан, газрын төлбөрийг хэзээ төлөх байсан, газрын төлбөр улирал бүр  төлөгдөгдөөгүй шалтгаан тодорхойгүй, энэ нь нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алины үүрэг тул нэхэмжлэгчийн “маргаан бүхий 309 дүгээр захирамжийн үндэслэл тодорхойгүй, нотлох баримт байхгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

23. Нэхэмжлэгчийн “ Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2/396 дүгээр албан бичигт[3] “2005-2007 оны газрын төлбөрийг нэхэмжлэгч он онд хийж барагдуулсан” тухай нотолсон байхад шүүх уг баримтыг үнэлээгүй” тухай гомдол үндэслэлгүй, нэхэмжлэгчийн “...2005 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс ... цаашид газрын нийт төлбөрийг Даваадорж төлөх хүлээсэн” тухай гомдолтой агуулгын хувьд зөрчилтэй, “маргаан бүхий газрын төлбөр бүрэн төлөгдсөн болохыг анхаараагүй” гэж маргаж байх боловч газар эзэмших гэрээний биелэлтийг жил бүр дүгнээгүйгээс, газрын төлбөрийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, хэдий хэмжээний газрын төлбөрийг төлсөн талаар гэрээний талууд тооцоо нийлээгүй байх тул нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж дүгнэх боломжгүй.

24. Ховд аймгийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 177 дугаар захирамжаар “П” дунд сургууль байгуулахыг зөвшөөрсөн, үүсгэн байгуулагч нь нэхэмжлэгч хуулийн этгээд байсан ба нэхэмжлэгчийн “сургууль байгуулах зөвшөөрөл олгосны дагуу газрын төлбөрөөс чөлөөлөгдсөн” гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.2, 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших, ашиглах үүрэгтэй ба нэхэмжлэгчийн тухайд газар эзэмших зориулалтыг “боловсролын байгууллагын ашиглаж байгаа” газрын зориулалт болгож өөрчлүүлээгүй, эрх бүхий байгууллагад газрын зориулалт өөрчлүүлэх хүсэлт гаргаж, гэрээ байгуулаагүй, 2007 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших гэрээ[4] байгуулж байсан байх тул газрын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл үүсээгүй байна.

25. “Монгол Улсын Дээд шүүхийн 2005 оны 13 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “Ц О” ХХК-ийн газартай гуравдагч этгээд Н.Б-т давхцуулан газар эзэмшүүлсэн, нэхэмжлэгчийн газартай гуравдагч этгээд нарын газрууд бүрэн давхцалтай гэдэг нь тогтоогдсон, газрыг чөлөөлөхийг гуравдагч этгээдэд даалгасан байдаг” тухай гомдолд дурдсан шүүхийн шийдвэрүүд нь энэхүү маргаанд шууд хамааралгүй, маргааны үйл баримт өөр буюу Засаг даргын 2003 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 154 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлд холбогдох дүгнэлтүүд байх бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрүүдээс хойш хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, нэхэмжлэгч нь газар эзэмшигчийн хувьд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй болох нь дээр дурдснаар тогтоогдсон тул дээрх гомдол үндэслэлгүй.

26. Анхан шатны шүүхээс хавтаст хэргийг буруу дугаарласан, 1 дэх хавтаст хэрэг 250 хуудас биш, 256 хуудастай байгааг тэмдэглэж цаашид анхаарч ажиллахыг дурдаж шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0098 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                      Х.БАТСҮРЭН  

ШҮҮГЧ                                                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 


[1] 1 дэх хавтаст хэргийн 255 дахь тал

[2] 2 дахь хавтаст хэргийн 164 дүгээр тал

[3] 3 дахь хавтаст хэргийн 184 дүгээр тал

[4] 3 дахь хавтаст хэргийн 183 дугаар тал