| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2024/00378/И |
| Дугаар | 134/ШШ2024/00048 |
| Огноо | 2024-02-01 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 134/ШШ2024/00048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах, Н д х-ийг төлөөлж О.Б
Хариуцагч: “Т ч к”, утас:
Нэхэмжлэлийн шаардлага: Н д х шимтгэлийн өр 2,181,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н д х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. “Т ч к” ХХК нь Н д х бүртгэлтэй бөгөөд 2021 оны 05 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр үүсгэсэн. 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 2,181,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй.
| Сар | 2021 он | 2022 он | 2022 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар |
| 1 | - | 112,500 |
2,181,000 |
| 2 | - | 112,500 | |
| 3 | - | 112,500 | |
| 4 | - | 112,500 | |
| 5 | 34,500 | 112,500 | |
| 6 | 121,500 | 112,500 | |
| 7 | 112,500 | 112,500 | |
| 8 | 112,500 | 112,500 | |
| 9 | 112,500 | 112,500 | |
| 10 | 112,500 | 112,500 | |
| 11 | 112,500 | 112,500 | |
| 12 | 112,500 | 112,500 | |
|
| 831,000 | 1,350,000 |
Дээрх байгууллагын удирдах албан тушаалтантай удаа дараа холбогдож, шимтгэлийн өр барагдуулахыг шаардаж, банк дахь зарлагын гүйлгээг хаасан боловч одоог хүртэл төлөөгүй байна.
Иймд, “Т ч к” ХХК-иас шимтгэлийн өр 2,181,000 төгрөгийг гаргуулж, Н д с “Х б” ХК-ийн тоот дансанд шилжүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч “Т ч к” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Нэхэмжлэл гаргагчийн “Н д х” гэсэн оноосон нэртэй хуулийн этгээд Улсын бүртгэлийн мэдээлийн санд байхгүй байх тул нэхэмжлэл гаргагчийг хэргийн оролцогчийн иргэний эрх зүйн чадвар байхгүй гэж үзэн нэхэмжлэлийн бүх шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Иймд, тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нотлох баримт: http://opendata.burtgel,gov.mn/les /Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл/ Хайлтыг “Н д х” гэсэн байдлаар оруулж хайсан болно.
Үндэслэл: Иргэний хууль. 25 дугаар зүйл. Хуулийн этгээд. 25.1-д Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.
Иргэний хууль. 2 дугаар бүлэг. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид. Хуулийн этгээд. 26 дугаар зүйлийн 26.1.-д Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль. 3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ. 3.1.-д Хуулийн этгээдийн төрөл, хэлбэрээс үл хамааран иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болохтой холбогдон үүсэх харилцааг энэ хуулиар зохицуулна. Иргэний хууль. 27 дугаар зүйл. Хуулийн этгээдийн нэр, 27.1.-д Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна. 27.4.-д Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглоно. Энэ заалтыг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг энэ хуулийн 497 дугаар зүйлд заасан журмын дагуу арилгана.
Улсын бүртгэлийн ерөнхий хууль. 12 дугаар зүйл. Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээлэл өгөх, 12.1.-д Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаарлалттайгаар буюу энэ хуулиар тогтоосон шаардлага хангасан этгээдэд өгнө. 12.2.-д Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн дараах мэдээлэл нээлттэй байна. 12.2.3.-д Хуулийн этгээдийн нэр, хаяг, регистрийн дугаар, төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, улсын бүртгэлд бүртгэсэн огноо, үүсгэн байгуулагчийн нэр, тэдгээрийн тоо, хувьцаа эзэмшигчийн нэр, эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгчийн нэр, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан эсэх, хэлбэр, оноосон нэр өөрчлөгдсөн, татан буугдсан талаарх мэдээлэл.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйл. Хэргийн оролцогчийн иргэний эрх зүйн чадвар. 23.1.-д Хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээх чадвар /иргэний эрх зүйн чадвар/-ыг бүх оролцогч тэгш эдэлнэ.
62 дугаар зүйл. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр. 62.1.2.-д нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар. 65 дугаар зүйл. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах. 65.1.-д Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана: 65.1.11.-д энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал гэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. 2018 оны 03 дугаар сараас эхлэн "Т ч к” ХХК нь нийгмийн даатгалд ажил олгогчоор бүртгүүлж, даатгуулагчийн тайлан хийж эхэлсэн байгаа. Үүнээс хойш "Т ч к” ХХК нь тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлж ирсэн. 2021 оны 12 дугаар сарын байдлаар 2,181,000 төгрөгийн шимтгэлийн өртэй. Дээрх өрийг барагдуулахгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. "Т ч к” ХХК -ийн төлөөлөгч Л.Ц утсаар болон цахимаар байнга холбогдож нийгмийн даатгалын шимтгэлээ барагдуулахыг шаарддаг. Мөн компанийн дансыг 2021 оны 12 дугаар сарын 15-нд битүүмжилсэн. 2023 оны 12 дугаар сард Л.Ц рүү нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өрийг барагдуулахаар хуваарь гаргаж, гэрээ байгуулж, ажиллах хүсэлт явуулсан боловч хариу ирээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. "Т ч к” ХХК нь ковидын үед 2020 оны 04 дүгээр сарын 09-ний нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, Ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль гарсантай холбоотой аж ахуйн байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулах, ажил олгогчийг байнгын цалинтай байлгах зорилгоор ажилгүйдлийн даатгалын сангаас 3 сарын хугацаанд ажилтан бүрд нь дэмжлэг олгосон. "Т ч к” ХХК -ийн хувьд 04, 05 дугаар сард 200,000 төгрөг, нийт 600,000 төгрөгийн дэмжлэг авсан. 2020-2021 оны нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хэмжээнд чөлөөлөгдсөн. Нийгмийн даатгалын хэлтэс нь 2023.07.07-ны өдрийн Улсын Их хурлын чуулганаар Нийгмийн даатгалын тухай хуулийг хэлэлцэн баталж, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь “газар” байна гэсний дагуу “газар” болсон улсын бүртгэлийн гэрчилгээг хэрэгт өгсөн. Нэхэмжлэлээ он гарахаас өмнө өгсөн болохоор хэлтсийн гэрчилгээ байгаа. 2023 онд хэрэгжиж байсан хуульд нийгмийн даатгалын улсын байцаагч нь үл маргах журмаар дансыг нь битүүмжилнэ гэсэн заалт байдаг. Үүний дагуу Т б дахь харилцахын дансыг нь улсын байцаагчийн мэдэгдлийн дагуу барьсан гэв.
4. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н д х улсын ахлах байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай” 14 дүгээр мэдэгдэл, "Т ч к” ХХК 2022 оны 12 дугаар сарын тайлан, "Т ч к” ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н д газрын улсын бүртгэлийн гэрчилгээ, Э м, н д х нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018 оны 03 дугаар сарын тайлан, "Т ч к” ХХК д ажиллаж буй даатгуулагчдын 2018 оны 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хүснэгт, 2020 оны 05, 06 дугаар сарын аж ахуй нэгжид олгосон дэмжлэгийн тайлан, "Т ч к” ХХК -ийн 2018-2022 оны гүйлгээний жагсаалтын хүснэгт,
5. Хариуцагчаас: Хариу тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хүсэлт зэргийг тус тус гаргаж өгсөн.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н д х нь хариуцагч "Т ч к” ХХК -д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2,181,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2018 оны 03 дугаар сараас эхлэн "Т ч к” ХХК нь нийгмийн даатгалд ажил олгогчоор бүртгүүлж, даатгуулагчийн тайлан хийж эхэлсэн бөгөөд 2021 оны 05 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийн өр хуримтлагдаж, 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн 2,181,000 төгрөгийн өртэй тул гаргуулна гэжээ.
3. Хариуцагч нь “... Нэхэмжлэгч нь “Н д х” гэсэн оноосон нэртэй хуулийн этгээд Улсын бүртгэлийн мэдээлийн санд байхгүй тул хэргийн оролцогчийн иргэний эрх зүйн чадваргүй, ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11.-д “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй...” байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж үгүйсгэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
2018 оны 03 дугаар сараас эхлэн "Т ч к” ХХК нь нийгмийн даатгалд ажил олгогчоор бүртгүүлж, даатгуулагчийн тайлан хийж эхэлсэн ба үүнээс хойш тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлж иржээ.
2021 оны 05 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийн өр хуримтлагдаж, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2,181,000 төгрөгийн өртэй болсон байна.
5. Талуудын маргааны зүйл нь хариуцагч байгууллага нь Н д газарт бүртгэлтэй учраас нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлнө гэж, ... хариуцагчаас: энэхүү нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11.-д “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, нэхэмжлэл гаргагч нь хэргийн оролцогчийн иргэний эрх зүйн чадваргүй гэж тус тус маргана.
Харин нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй эсэх, өр 2,181,000 төгрөг нэхэмжилсэн тооцооллын талаар маргаагүй.
6. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар “Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн” нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах журамтай.
7. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ тогтоосон хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх”,
Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлнө” гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд "Т ч к” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тухайн сард нь багтааж нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хуульд заасан үүрэгтэй байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
8. Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
9. Хуульд зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч “"Т ч к” ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 49,846 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д /1994 он/ заасныг баримтлан хариуцагч "Т ч к” ХХК -иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2,181,000 төгрөгийг гаргуулж, Н д газарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч "Т ч к” ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 49,846 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА