Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/05383

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** /регистрийн дугаар ***/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоотод бүртгэлтэй, одоо *** тоотод түр оршин суух, ***/регистрийн дугаар***/-ид холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 27,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ***,

Хариуцагч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.******* нь 4 жилийн өмнө буюу 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр надад дээр ирээд ахдаа мөнгө байвал 10 хувийн хүүтэй зээлээч гээд гуйж ирсэн. Ингээд Б.******* нь Петро транс ХХК-ийн захирал хийж байсан тул нягтлантай нь уулзахад 10 хувийн хүүтэй зээлдэнэ ч гэж юу байхав гэхээр нь 5 хувийн хүүтэй 20,000,000 төгрөгийг зээлэхээр тохирч, өгсөн ба энэ хүн замаас нь авч, өөрөө төлөхөөр болсон. Б.******* нь зээлийн хүүнээс тодорхой хэсгийг төлсөн ба бид харилцан тохирч 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 25,000,000 төгрөгийг хүүгүй, 5 сарын хугацаатайгаар 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл зээлүүлж, гэрээнд гарын үсэг зуруулж, нотариатаар батлуулсан боловч тохирсон хугацаандаа зээлээ төлөөгүй байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор заасан. Б.******* нь үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй, 36,000,000 төгрөгийг хүүнд төлсөн нь худлаа, 11-12 сая орчим л төгрөг хүүд төлсөн. 2019 онд бол 20,000,000 төгрөгийг хариуцагчид өгөхдөө зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй.

Иймд сүүлд байгуулсан гэрээний дагуу үндсэн зээл 25,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 27,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.******* нь иргэн Б.*******аас анх 4 жилийн өмнө 20,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж, 3 жилийн хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгийн хүү ба нийт 36,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн 20,000,000 төгрөгийг төлж чадахгүй, сүүлдээ тохиролцож /байнга нэхээд/ 2023 оны 01 дүгээр сарын 05-нд 25,000,000 төгрөг авснаар гэрээ хийж, хугацаа тохиролцсон боловч би төлж чадаагүй. Би мөнгө зээлсэн нь үнэн боловч нилээд хүү төлсөн байдлыг харгалзан үзэж, төлөх мөнгийг тодорхой хувиар багасгах боломж хүсч байна. Б.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулахдаа үндсэн зээл 20,000,000 төгрөг, энэ жилийн хүүд 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг гэж байгуулсан. 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан өдөр бодитоор мөнгө өгөөгүй, өмнөх зээлийн үргэлжлэл байсан. Хүүг төлөхдөө дансаар болон бэлнээр өгдөг байсан ба хүү өгч байсныг гэрчлэх гэрчүүд байгаа боловч бүгдийг нь бол гэрчлэхгүй юм. Хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, Б.******* болон Б.******* нарын иргэний үнэмлэхийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагчаас хариу тайлбар ирүүлсэн, өөр бичгийн баримт ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******ид холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 27,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2019 оны 7 дугаар сард 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан ба уг зээлийн хүүд 36,000,000 төгрөг төлсөн, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ нь өмнөх зээлийг баталгаажуулж байгуулсан, бодитоор зээл олгогдоогүй, үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөгийг бол төлөөгүй байгаа маргаж байна.

3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4а. Зохигчдын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 25,000,000 төгрөгийг хүүгүйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор, 5 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан байх боловч энэ өдөр бодитоор зээл олгогдоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар Б.******* нь Б.*******ид 25,000,000 төгрөгийг бодитоор олгоогүй тул дээрх гэрээг байгуулсанд тооцох үндэслэлгүй юм.

5. Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй байхаар талууд амаар тохирч, Б.******* нь Б.*******ид 20,000,000 төгрөгийг зээлүүлж, хэдийгээр хүү тохирсон гэрээг бичгээр байгуулаагүй боловч Б.******* нь зээлийн хүүг төлж, үндсэн зээлийг төлөөгүй, энэхүү зээлийн харилцааны үргэлжлэл болгож 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж зааснаар зохигчдын хооронд 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ амаар байгуулагдсанд тооцох үндэслэлтэй байна.

6. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан байх боловч зохигчид 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өмнөх зээлийн гэрээний үргэлжлэл гэсэн агуулгаар 25,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан нь мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.

7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар нэхэмжлэгч нь өмнөх 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний дагуу хүү авах эрхгүй байх боловч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хариуцагч нь сарын 5 хувийн хүүг хүлээн зөвшөөрч хүү төлж байсныг талуудын тохиролцоо, үүнийг буруутгах үндэслэлгүй байна.

8. Хариуцагч нь 36,000,000 төгрөгийг хүүд төлсөн гэж байгаа боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, баримтаар тогтоогдоогүй, нөгөөтэйгүүр хүү төлж байсныг гэрчлэх гэрчүүд байгаа гэх боловч бүх төлсөн төлбөрийг гэрчлэхгүй, тодорхой мөнгө өгч байсныг гэрчилнэ гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна. Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хариуцагчийг хүүд 11-12 сая орчим төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна.

9. Хариуцагч Б.******* нь 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлж авсан 20,000,000 төгрөгийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг гаргуулах үндэслэлгүй, харин уг гэрээ нь өмнөх зээлийн харилцааг баталгаажуулж байгуулсан, хариуцагч нь үндсэн зээл 20,000,000 төгрөгийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байх тул зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******оос зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 7,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 257,950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ