Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2023/05502

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** байранд байрлах, *** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоотод байрлах, *** /регистрийн дугаар ***/-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг засварлах зардал 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* дүүргийн Засаг даргын Тамгын газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК нь ******* дүүргийн Ахмадын сувиллын гадна тохижилтын ажлыг түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй тендерт оролцож 446,274,870 төгрөгөөр уг ажлыг гүйцэтгэхээр шалгарч ХО/75 дугаартай гэрээ байгуулсан. Захиалагчийн зүгээс ажил эхлүүлэх зөвшөөрлийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09/1831 дугаар албан бичгээр өгсөн. Гүйцэтгэгч 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 121 дүгээр албан бичгээр ажил бүрэн дууссан тухай мэдэгдэж дүүргийн ажлын хэсэг 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлын талбайд ажиллан үүргийг даалгаврын биелэлтээр 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22/48 дугаар комиссын дүгнэлтээр хүлээн авсан бөгөөд ******* ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 120 дугаар албан бичгээр дээрх ажилд 1 жилийн хугацаатай чанарын баталгаа гаргаж өгсөн. Гэтэл гэрээний дагуу гүйцэтгэсэн гадна цахилгаан хангамжийн шугам удаа дараа гэмтэл гарч ******* ОНӨААТҮГ хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна. Уг цахилгаан хангамжийн шугамд удаа дараа гарсан гэмтлийн шалтгаан нөхцөлийг тодруулж, дүгнэлт гаргуулахаар захиалагчийн зүгээс 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11/514 дүгээр албан бичгээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-д хандсан бөгөөд тус байгууллагаас 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/688 албан бичгээр цахилгааны ажлыг гүйцэтгэгч кабелийн шугамын угсралтын ажлыг технологийн дагуу хийгээгүйгээс удаа дараа тасралт гарах шалтгаан нөхцөл үүссэн тул цахилгааны шугамыг гүйцэтгэгч байгууллагаар солиулах арга хэмжээ авах талаар мэдэгдсэн. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, мөн ******* ОНӨААТҮГ-ын гадна тохижилтын ажил гүйцэтгэх ХО/75 дугаар гэрээнд гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн аливаа инженерийн хийц, материал, хийсэн ажилд гологдол, дутагдал илэрсэн тохиолдолд гүйцэтгэгч тухайн гологдол доголдлыг арилгах түүнийг солих, засварлах үүрэгтэй байхаар заасан. ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 03/613 дугаар албан бичгээр ******* ХХК-д доголдлыг арилгах хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн ч гүйцэтгэгч байгууллага заасан хугацаанд хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд ******* ОНӨААТҮГ-ын гадна цахилгаан хангамжийн шугамыг дахин шинээр солих, засварлах зардал 60,000,000 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч ******* ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага нь ******* дүургийн Засаг даргын Тамгын газраас зарласан тус дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд баригдсан Эко ахмадын сувиллын гадна тохижилт, гадна цахилгааны ажлыг хо-75 гэрээ байгуулан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хийж эхэлсэн ба дэлхий нийтийг хамарсан цар тахалт корона вирус монгол улсад бүртгэгдэн хөл хорио тогтоох 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл шаргуу ажиллан гадна тохижилтын ажлыг 90 хувийн гүйцэтгэлтэй зогсоож гүйцэтгэлээ авсан болно. 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хөл хорио цуцлагдаж гадна цахилгааны зураг 6 дугаар сард батлагдан гадна цахилгааны ажлыг эхлэн бараа материалаа захиалсан боловч монгол улсын хил гааль зогсонги байдалд орсоноос шалтгаалан 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр материалаа хүлээн аван ажлаа гүйцэтгэж 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр улсын комисс ажилласан болно. Бид Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК болон ******* дүүргээс өгсөн ажлын тоо хэмжээ үүрэг даалгаврыг батлагдсан зургийн дагуу чанартай сайн хийж гүйцэтгэсэн. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өгсөн техникийн нөхцөл нь дэд станц КТПН байнаа гэж тусгасан атлаа АТП болгох чиглэл өгсөн. Манай байгууллага үүнээс шалтгаалан 250,000,000 төгрөгөө захиалагч байгууллагаас авч чадахгүй 1 жил өнгөрсөн бөгөөд банк бус санхүүгийн байгууллагын хүү төлбөрт сар бүр 8,500,000 төгрөг төлж байхаар заргалдаад төрийн байгууллагаас мөнгө олж чадахгүйгээс хойш хурдан хийгээд мөнгөө авч салах нь бидний хувьд амар байсан. /250,000,000*3,5%/. Тус өөрчлөлтийн ажилд компаниас 80 гаруй сая төгрөг зарцуулсан. Бид ажлаа батлагдсан зураг төсвийн дагуу гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд та бүхэн мэргэжлийн байгууллагаар үнэн мөнийг тогтоолгож өгнө үү гэв.

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэл, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/688 дугаартай албан бичиг, ******* дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний 03/613 дугаартай албан бичиг, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11/514 дугаартай албан бичиг, хо/87 болон хо75 дугаартай ******* дүүргийн түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Ахмадын сувиллын гадна тохижилтын ажлын хугацаа сунгасан гэрээ, ******* дүүргийн Засаг даргын тамгын газар техник хяналтын ажлын хэсгийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/05 дугаартай тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаартай тэмдэглэл, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* дүүргийн Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Ахмадын сувиллын гадна тохижилтын ажлын гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22/48 дугаартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ахмадын сувиллын гадна тохижилтын ажлыг хүлээн авах комиссын дүгнэлт, ******* ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 79/2022 дугаартай албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 192/2020 дугаартай албан бичиг, ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09/1831 дугаартай албан бичиг, ******* ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 120 дугаартай албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 123 дугаартай албан бичиг, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Цах-097/2022 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Улаанбаатар хот ******* дүүрэг 8 дугаар хороо Жаргалантын ам Ахмадын сувиллын гадна тохижилт, гадна цахилгааны ажлын гүйцэтгэлийн төсөв, ХУД-н 8 дугаар хороон дахь Ахмадын сувиллын гадна цахилгааны шугамын угсралтын ажлын төсөв-ийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбарыг тус тус хариуцагч нь шүүхэд ирүүлж, бичгийн нотлох баримт ирүүлээгүй байна.

4. Шүүхийн бүрдүүлсэн баримт: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/1872 дугаартай албан бичгээр 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Гэмтлийн шалтгааныг судалсан акт №03/2022, Ээлжинд хийсэн ажлын агуулга, ээлж хүлээлцсэн гарын үсэг-ийн баримт, Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1742/2021 дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, УБД0002396 дугаартай тохирлын гэрчилгээ, зургуудыг тус тус бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* ОНӨААТҮГ-ын гадна цахилгаан хангамжийн шугамыг дахин шинээр солих, засварлах зардал 60,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1а. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ХУД-н 8 дугаар хороон дахь Ахмадын сувиллын гадна цахилгааны шугамын угсралтын ажлын төсөв-ийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 58,206,352 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

2. Хариуцагч ******* ХХК нь гэрээний дагуу ажлыг чанартай сайн хийсэн гэдэг үнэлгээгээр улсын комисст хүлээлгэн өгсөн, баталгаат хугацаанд ямар нэгэн гэмтэл гаргасан тохиолдолд засварлах үүрэгтэй, харин кабель шугамыг бүтнээр нь засварлах үндэслэлгүй, гарсан гэмтлийг засварлаад дуусч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4а. ******* дүүргийн Засаг даргын Тамгын газар болон ******* ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хо/75 дугаартай ******* дүүргийн Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Ахмадын сувиллын гадна тохижилтын ажлын гэрээ-г байгуулж, захиалагч нь ажлын гүйцэтгэлийн 446,274,870 төгрөгийг дүүргийн 2020 оны төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр, гүйцэтгэгч нь батлагдсан техникийн тодорхойлолт, зураг төсөв, ажлын тоо хэмжээнд заасан нэр төрлийн дагуу гүйцэтгэж, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эхэлж, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээг талууд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хо/87 дугаартай гэрээгээр 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хо/75 дугаартай гэрээгээр 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус тус сунгажээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

4б. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан бөгөөд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22/48 дугаартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ахмадын сувиллын гадна тохижилтын ажлыг хүлээн авах комиссын дүгнэлт-ээр ******* ХХК нь ажлыг батлагдсан зураг төсөв болон гүйцэтгэлийн төсвийн дагуу бүрэн хийж гүйцэтгэж дуусгасан гэж үзэж, захиалагч нь гэрээний дагуу гүйцэтгэгчээс ажлын үр дүнг хүлээн авсан болох нь энэхүү дүгнэлт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

4в. ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11/514 дугаартай Дүгнэлт гаргуулах тухай албан бичгээр ... Дээрх цахилгаан хангамжийн зориулалттай барилга байгууламжийг улсын комисс 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Цах-097/2022 дүгнэлтээр хүлээн авч, мөн оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шинээр баригдсан шугам тоноглолыг түгээх сүлжээнд холбох зөвшөөрлийг танай байгууллага өгсөн байна. Гэтэл дээрх цахилгаан дамжуулах шугам нь ашиглалтад орсноос хойш өнөөдрийн байдлаар 4 удаа гэмтэл гарч цахилгаан тасалдаж, цаашид ******* хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж манай байгууллага өнөөдрийг хүртэл хохирол хүлээсээр байна. ... уг цахилгаан хангамжийн шугам техникийн нөхцөл, зургийн дагуу хийгдсэн эсэх, мөн гэмтэл гарч байгаа шалтгаан нөхцлийг тодруулж тодорхой дүгнэлтийг яаралтай гаргаж өгнө үү гэжээ.

4г. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/688 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичигт ******* дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд байрлах ******* нь 35кВ-ын Зуунмод-А цахилгаан дамжуулах агаарын шугамаас тэжээгддэг бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тус сувиллын гадна цахилгаан хангамжийн дэд өртөөний гүйдэл дамжуулах шин хоорондын зай хэмжээ хэт ойртсоноос 35кВ-ын хүчний кабель шугам нь гэмтэж тасарсан байна. Тухайн үед УБЦТС ТӨХК-иас техникийн мэргэжлийн комисс ажиллаж гэмтлийн шалтгааныг судлан, дүгнэлт гаргаж биелэлтийг хангуулан ажилласан болно. Мөн угсралтын ажлын гүйцэтгэгч компани нь кабель шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ технологийн дагуу хийгээгүйгээс удаа дараа тасралт гарах нөхцөл байдал үүссэн байна. Иймд гүйцэтгэгч байгууллагадаа хандан кабель шугамыг солиулах арга хэмжээг авч ажиллуулна уу гэжээ.

4д. ******* ХХК-ийг дээрх гэрээний дагуу ажил гүйцэтгэж байх хугацаанд 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Цах-097/2022 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-ээр Өндөр төвөгшилтэй ангиллын 35 кВ-ын 100м цахилгаан дамжуулах агаарын шугам, 630м цахилгаан дамжуулах кабель шугам 35/0.4 кВ-ын 250 кВА чадал бүхий иж бүрдмэл дэд өртөө /КТПН/ цахилгаан хангамжийн зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргаж ******* дүүргийн 8 дугаар хороо Ахмадын сувиллын барилгын гадна цахилгаан хангамжийн ажлын дүгнэлтийн баталгаажуулалт хийжээ.

Улмаар Ахмадын сувиллын гадна цахилгаан хангамжид 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэмтэл гарч, 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Гэмтлийн шалтгааныг судалсан акт №03/2022 үйлдэгдсэн байна.

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч ******* дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажлыг хүлээн авсан боловч хариуцагч ******* ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлд доголдол гарсан, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гүйцэтгэгч байгууллагадаа хандан кабель шугамыг солиулах арга хэмжээг авч ажиллахыг мэдэгдсэний дагуу 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 03/613 дугаартай мэдэгдлийг ******* ХХК-д хүргүүлсэн байна.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хуулийн хугацаанд гомдлын шаардлагаа гаргажээ.

5. ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажилтай холбоотой доголдол гарсан болох нь дээрх баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ гэж, мөн зүйлийн 352.2.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх-ээр захиалагч буюу нэхэмжлэгч ******* дүүргийн Засаг даргын Тамгын газар нь ажлын доголдолтой холбоотой асуудлаар шаардлага гаргах эрхтэй байна.

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ******* ОНӨААТҮГ-ын гадна цахилгаан хангамжийн шугамыг дахин шинээр солих, засварлах зардал 60,000,000 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжилсэн ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт төсөвчин Л.Баасангаравын 2023 онд гаргасан ХУД-н 8 дугаар хороон дахь Ахмадын сувиллын гадна цахилгааны шугамын угсралтын ажлын төсөв-ийг үндэслэн нэхэмжлэлийн шарадлагаа 58,206,352 төгрөг болгон багасгасан.

6а. Дээрх ажлын төсвөөс үзвэл ажиллах хүчний зардал 5,502,580 төгрөг, материалын зардал 33,571,344 төгрөг, тээврийн зардал 1,523,099 төгрөг, машин ашиглалтын зардал 914,825 төгрөг, барилгын удирдлага, зохион байгуулалтын зардал /86,5 хувь/ 2,431,735 төгрөг, ашиг /15 хувь/ 6,591,537 төгрөг, НӨАТ /10 хувь/ 5,053,512 төгрөг, нормчлалын сан 0,18 хувь 90,963 төгрөг, захиалагчийн техник хяналтын зардал 1,010,702 төгрөг, зураг төсөл зохиогчийн хяналтын зардал 505,351 төгрөг, магадлашгүй ажил 2 хувь 1,010,702 төгрөг, нийт 58,206,352 төгрөгийн төсөв гарна гэжээ.

Ийнхүү нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргийн хүрээнд шүүхэд ирүүлсэн дээрх төсвийг үндэслэлгүй гарсан, хэт өндөр үнэлгээтэй гарсан зэргээр хариуцагч талаас марган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаагүй байна.

7. Хариуцагч ******* ХХК нь кабель шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ технологийн дагуу хийгээгүйгээс удаа дараа тасралт гарах нөхцөл байдал үүссэн гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас үзсэн, харин хариуцагч нь гүйцэтгэсэн ажлаа технологийн дагуу хийсэн болон доголдлыг арилгасан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү өөрийн тайлбар, татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд мэргэжлийн байгууллагыг оролцуулах, дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлтийг нь тодорхой бус байна гэж үзсэн, энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэг дуусч байх үе шатанд гаргасан, мөн л ямар учраас оролцуулах, дүгнэлт гаргуулах зэрэг нь тодорхой бус байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдөх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 448,982 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 58,206,352 /тавин найман сая хоёр зуун зургаан мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдөхийг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 448,982 /дөрвөн зуун дөчин найман мянга есөн зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ